sonin.mn
Сайхан сэтгэл, гэгээлэг нүдээр харвал адгийн муу аалз, зэвүү хүрэм могойноос ч үзэсгэлэнтэй тал олж харж болно. Гэтэл бид хамгийн үзэс­гэлэнтэй зүйлээс хүртэл өө сэвийг нь л олж харах юм. 
Хацар гоо охид, ханхар сайхан эрчүүдээсээ өө сэв олж хараад сурчихаж. Өөрөөр хэлбэл, сүүлийн үед миссийн титэм зүүсэн хүн бүр нүцгэлдэг, нүцгэн биеэ гайхуулахаас өөрийг чаддаггүй хэмээн ойлгодог болжээ. Нэгэн үе Монголын миссүүд барууны соёлд хэт автаж, задгай хувцас, нүцгэн биеэр өөрийгөө илэрхийлж байсан үе бий. Энэ үйлдлийг хүмүүс 2000 оноос хойш дэлгэрсэн гэж үздэг ч үнэн хэрэгтээ эсрэгээрээ юм. Тодруулбал, 2000 оноос өмнө Б.Шүрэнчимэгээс эхлээд Ц.Сансармаа, Д.Уянгалянхуа тэргүүтэй миссүүд нүцгэн биеэ алдаршуулсан. 
 
Харин 2004 оны Дэлхийн мисс шалгаруулах тэмцээнд монгол бүсгүй эх орноо төлөөлөн оролцож, гуравдугаар байрт шалгарснаар энэхүү эх захгүй нүцгэлэлт хамжаарлагдсан. Бүр тодорхой хэлбэл сүүлийн арван жилд “Miss Mongolia” тэмцээний тэргүүн титэм зүүсэн хийгээд эх орноо төлөөлж, олон улсын тэмцээнд оролцсон миссүүдээс гарын таван хуруунд багтах тооны бүсгүй л энгэр задгайлсан гэдгийг эргэж нэг хараарай. Учир нь, орчин үеийн ухаалаг бүсгүйчүүд өөрийн үнэ цэн, эцэг эхээс хайрласан нэр хийгээд ард түмний хайр хүндэтгэл, мисс хэмээх алдраа хайрладаг болсон. Мисс Э.Сэлэнгэ хилийн чана­­дад загвар өмсөх хуга­­цаан­­даа нүцгэн зураг ава­хуул­сан нь олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг дээ. Энэ л зарчмаар түүний цол нэгтэй нөхөд нь задгай, замбараагүйгээрээ цоллуулж эхэлсэн юм. 
 
Эх орондоо байгаа миссүүд ч зүгээр суусангүй. Барууны эрчүүд төдийгүй бүсгүйчүүдийг байлдан дагуулагч “Playboy” сэтгүүлийн монгол хувилбар гарах болсноор олон гоо бүсгүйгээр нүүр хуудсаа чим­сэн. Тэдний дунд тэргүүн мисс Б.Бадамцэцэг болон титэмгүй мисс Х.Баярмаа нар багтсан нь дээрх яриаг улам дэвэргэсэн. Гэвч тэднээс бусад нь усны хувцастай үзүүлбэрээс өө­рөөр нүцгэн биеэ олонд гайхуу­лаагүй юм шүү. Итгэхгүй бол хамгийн ховч цахим ертөнцөөс нэрээр нь шүүгээд үзээрэй. Мисс Ч.Содтуяа, Б.Гантогоо, Д.Болортуяа, Б.Гэрэлчулуун, Х.Бадамгэрэл, И.Төгсөө, Д.Долгион, Н.Ану, Ю.Балжидмаа, Г.Оюунгэрэл, О.Хулангоо, Т.Батцэцэг, Б.Бор­гол­жин, Г.Хонгорзул, С.Пагмадулам, Б.Батцэцэг, Ч.Анун, Ө.Буянхишиг, А.Сарнай. Эдний дундаас мисс Т.Батцэцэг, И.Төгсөө, Д.Долгион нар хэзээ ч нүцгэлэхгүй гэсэн амлалт хүртэл өгсөн. Д.Болортуяа, О.Хулангоо нарын хувьд өмнөх ажлаа хийж, олонд илүү харагдахгүй ч дутуу үзэгдэхгүй яваа хамгийн даруухан миссүүд. Түүнчлэн Монголын мис­сүүд ямар их авьяаслаг агаад чадварлаг болохыг та өмнө нь анзаарч байсан уу? Бид хумсын чинээ алдаа гаргахын төдийд өөнтөглөж, шүүмжилдэг хэрнээ уулын чинээ амжилт гаргахад нь магтан сайшаадаггүй нь хачирхалтай. Тиймээс ч хацар гоо охидоо өмөөрөн өмөлзмөөр санагддаг юм.
 
Манай миссүүдийн дий­лэнх нь олон улсын хэлээр бол универсаль. Өөрөөр хэлбэл тэд дуулна, бүжиглэнэ, жүжиглэнэ, зарим нь бүр уран нугарна. Мөн тэд зөвхөн Дэлхийн мисс шалгаруулах тэмцээн болон “Miss Mongolia”-гийн зүгээс олгосон олон улсын тэмцээнүүдэд л даалгавар биелүүлэх тө­дийхнөөр оролцдоггүй. Өө­рий­­гөө нээж, олон улсад эх орныхоо нэрийг гаргах боломжийг тэд хэзээ ч ал­даж байгаагүй. Монголын миссүүд дотор бүр олон улсын миссийн тэмцээний титмийн цуглуулгатай бүсгүй хүртэл хэд хэд байдаг гэдгийг та мэдэх үү. Тухайлбал, мисс И.Төгсөөгийн “Miss Friendship International-2009” болон “Манжуурын мисс-2009” тэмцээний тэргүүн байр, “Монголын гоо үзэсгэлэн дэлхийн оргилд-2010” бо­лон “Miss Global beauty Queen-2010” тэмцээний тэргүүн байр, “Miss Mongolia-2011” тэмцээний тэргүүн байр, “Miss International-2011” тэмцээний гуравдугаар байр, “Төв Азийн мисс-2012” тэмцээний “Үзэгчдийн таашаалд нийцсэн мисс” гээгээд зөвхөн олон улсын тэмцээний шагналуудыг л дурдахад нэлээд хэдэн хуудас болно. Хоёрхон жилийн өмнө олон улсын тэмцээний тайзан дээр бүдэрч уналаа хэмээн чичлүүлж байсан мисс Н.Ану ч шагнал урамшууллаараа түүний араас нэхэж яваа. Тэрбээр сүүлийн хоёр сарын дотор л гэхэд олон улсын хоёр ч тэмцээнээс дөрвөн шагнал хүртээд амжсан.
 
Түүнчлэн монгол бүсгүй­чүүд хилийн чанадад ч амжилттай ажиллаж, өрсөл­дөөнөөр дүүрэн загварын ертөнцөд цахилж яваа. Тухайлбал, 2006 онд Дэлхийн мисс шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Э.Сэлэнгэ арав гаруй жил барууны загварын ертөнцөд цахиур хагалсан. 2007 оны мисс Г.Оюунгэрэл ч мөн Хятадын загварын ертөнцөд нэр хүндтэй ажиллаж байсан. 2009 оны мисс Б.Батцэцэг Сингапур, Хонконгийн загва­рын агентлагуудын нүүр царай болж яваа. 2010 оны мисс А.Сарнай эрх чөлөөний оронд мэдлэг боловсролоо дээшлүүлж ху­вийн бизнес эрхлэхийн зэрэг­цээ үе үехэн загварын тайзнаа алхдаг. 
 
Тэгвэл Б.Гантогоо, Ч.Анун, Г.Хонгорзул, Б.Борголжин нар Монголын хамгийн оюунлаг миссүүд. Тэд хилийн чанадад дээд боловсрол эзэмшсэний зэрэгцээ монгол хүний оюуны чадамжийг олон улсын хэм­жээнд үнэлүүлж чадсан бүс­гүй­чүүд. Загварын ертөнцийг атаа жөтөө, өрсөлдөөн дуулианаар дүүрэн л гэдэг. Гэвч Монголын миссүүд хоорондоо хагаралдаж, эрээ цээргүйгээр муудалцаж, бүдүүлэг зан гаргаж байгаагүй. Сүүлийн жилүүдэд тэд нэгдэж, эх дэлхийн энх тайван хийгээд эх орныхоо хойч ирээдүй, хөгжил дэвшил, хүн ардынхаа сайн сайхны төлөө олон ажил зохион байгуулж байна. Мисс Б.Шүрэнчимэг, Б.Гантуяа, Д.Ариун­цэцэг нарын санаачил­сан “Гэгээн цацал” сайн үйлсийн аян Монголын минь ирээдүй болсон олон хүүхэд багачуудад инээд, аз жаргал бэлэглэж буй. Тэдний араас мисс Ч.Содтуяа, Д.Долгион нар ч сайн үйлсийн аянд тун ч идэвх санаачлагатай оролц­дог. 
 
Үнэндээ хүүхдэд зориул­сан хоёр дуу дуулаад “Хүүх­дийн элч” цол хүртдэг дуучдаас ч илүү зүйлийг та бидний муулаад байдаг миссүүд хийж яваа юм шүү дээ. Гэвч тэд “Би ингэлээ, тэглээ” гэж зарладаггүй, тайлагнадаггүй. Энэ бол монгол эмэгтэй хүн бүрт байх ёстой эрхэм нандин зан чанар гэдэгтэй маргах хүн гарахгүй гэдэгт итгэлтэй байна.
 
Ирэх долоодугаар сарын 10-ны өдөр Дэлхийн мисс шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох 11 дэх бүсгүй тодорно. Шинээр тодрох тэр бүсгүйг ч гэсэн өөнтөгч нүдээр бус гэрэл гэ­гээ цацарсан сэтгэлээр угтан аваарай гэж хүсье. Ур­мыг нь хугалахаар ууцыг нь хугал гэдэг. Мөн алдаж гишгэ­сэн нэгний өмнөөс амжилт­тай яваа арван хүнийг бүү хэлмэг­дүүлээч гэж гуйя. Эцэст нь хэлэхэд, монгол бүсгүйчүүд үзэсгэлэнтэй, мис­сүүд нь авьяас­, чадвартай.Тэд өдрөөс өдөрт өнгөжин гялалзаж, оюун ухаан, авьяас билгээ хурцалсаар байгаа. Мон­гол бүсгүй “Дэлхийн мисс”­-ээр тодрох цаг ойрхон байна. Барааныг харлуулж биш саарлыг гэгээрүүлж байж бид амжилтанд хамтдаа хүрнэ. 
 
Эх сурвалж: