sonin.mn
Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Туул тосгон буюу бидний хэлж заншснаар Био, Шувуун фабрикийн 2 б, 4б, 7б хэсгийн оршин суугчид элс хайрга зөөж буй хүнд даацын автомашинуудыг багийн нутаг дэвсгэрээр явуулахгүй байх тухай Нийслэлийн ИТХ-ын шийдвэр гаргуулж, замаа хаагаад 30 хонож байна. ИТХ-ын шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд нутгийн иргэд ээлжлэн өдөр шөнөгүй зам дээр жижүүрлэж байна. Энэ бүсэд 100 гаруй компани түгээмэл тархацтай ашигт малтмал бүхий барилгын түүхий эд болох элс хайрга олборлодог байна. Үүнээс болж ихээхэн шороо тоос босдог бөгөөд тоосжилтоос болж иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөл алдагдахад хүрчээ. Иргэдийн хүсэлтийн дагуу газар дээр нь очиж сурвалжиллаа. 
 
Тэдний хүсч байгаа хамгийн зүйл нь гэр хороолол дундуур явдаг хоёр км замыг хатуу хучилттай болгож өгөх хүсэлт. Энэ хүсэлтээ Элс хайрга үйлдвэрлэгчдийн холбоонд өнгөрсөн оны зургаадугаар сард гаргажээ. Хариуд нь тус холбоо 50 метр сайжруулсан зам тавьсан болж оршин суугчдыг хуурчээ. Тиймээс тэд шаардлагаа дахин дахин тавьж, замаа хаасан байна. 
Туул тосгоныхон жилийн гурван улиралд битүү тоосон дунд амьдарч байна. Үүнээс болж, харшил, астматай хүн олширсон гэнэ. Саяхан төрсөн хүүхэд уушги нь цоорхой төрсөн төрсөн тухай ч ярьж байна. Улаанбаатарчуудын хүнсний ногооны 30 хувийг дангаараа хангадаг Биогийхонд тоосжилт, ундны усны бохирдол дээд цэгтээ хүрчээ. Хүмүүс амьдарч байгаа нөхцөл байдлынхаа талаар ингэж ярьж байна. 
 
ЗАМ ТАВИНА ГЭЖ ТУУЗ ХАЙЧИЛЖ, АМЛАЛТ АВЧ БАЙСАН Ч  ЯГ Л ХЭВЭЭРЭЭ 
 
Иргэн Д.Буян-Өлзий: -Энэ замаар хайрга, дайрга ачсан том оврын машинууд тоос татуулж, өдөр шөнөгүй дуут дохио хангинуулж бидний ая тухтай амьдрах нөхцөлийг алдагдуулсаар хэдэн жил болж байна. Өнгөрсөн жилийн өдийд зам тавина гэж тууз хайчилж, баяр хийж, амлалт авч байсан өнөө жил яг л хэвээрээ. Манай хороонд 134 өрхийн 4000 гаруй хүн амьдардаг. Тэдний олонх нь тэтгэврийн насанд хүрээгүй ажилгүй иргэд болоод өндөр настан. Бид хэдэн үнээ сааж, гахай тахиа тэжээж, ногоо тарьж амьжиргаагаа залгуулдаг. Гэтэл шороо тоосноос болоод амьдрахад хэцүү болж байна. Мал бэлчээр байхгүй. Хаврын ажил ид эхэлсэн энэ үед энд зам сахиад зогсож байх хэцүү ч эрүүл мэнд, аятай таатай нөхцөлд амьдрах нь чухал болоод байна. 
 
СҮҮЛИЙН ҮЕД НОГООНЫ АМТ ЧАНАР МУУДСАН 
 
7б хэсгийн иргэн Ж.Үүрийнжин: -Улаанбаатарчуудын ундны усны ундарга болсон Туул гол бохирдож хүн мал ундаалах боломжгүй болсон. Элс хайрга олборлоход 30-40 метр ухдаг. Гүний усны ундарга 35 метр ухаад гарч ирдэг. Гэтэл нөхөн сэргээлт хийх нэрийдлээр хот руу элс хайрга ачсан машин буцахдаа хог ачиж ирээд нөгөө ухсан нүх рүү хийдэг. Энэ нь усны ундарга бохирдож байгаагийн илрэл. Бид улаанбаатарынхны угаадас ууж байна гэхэд хилсдэхгүй. Тоосжилт олон хүндрэл үүсгэдэг. Угаагаад тавьсан хувцас шороо болсон байдаг. Гэр оронд агаар оруулах ямар ч боломжгүй. Битүү вакумжуулсан юм шиг байдалд байдаг. Сүүлийн үед ногооны амт чанар муудсан. Тоосноос болоод ургахгүй байна. Улаанбаатарын бүтээн байгуулалтад хэрэгтэй гээд л хайрга дайрга ачаад байдаг. Гэтэл бид тоосноос нь болоод эрүүл мэнд, амь насаараа хохирох ёстой юу. Хоёр км зам тавиад өг гэж л хүсч байгаа юм шүү дээ. 
 
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫНХАНТАЙ ХУЙВАЛДСАН, ШАЛГАЛТ ИРЭХЭЭР УСАЛСАН ДҮР ҮЗҮҮЛДЭГ 
 
Иргэн Б.Дашдорж: -Элс хайрга олборлосон карьерын онгорхой нүх рүү гурван ч хүн, 11 мал унаж үхсэн. Мал бэлчээрлэх талбайгүй болсон. Сүүлийн үед карьерийн компаниуд айлын хашаа худалдаж аваад шууд ухаж эхэлдэг болсон. Өөрөөр хэлбэл, нэг л өглөө хажуу айлын маань хашаанд ухаж эхлэх болоод байна. Тухайлбал, “Боржгины тал” компани өнгөрсөн жил айлын ногооны хашаа худалдаж аваад энэ өвөлжингөө ухсан. Одоо хайрга дайргаа угааж гаргадаг болсон. Нэг тонныг нь 600 мянган төгрөгөөр борлуулдаг гэсэн. Нийт 29,32 га газартай. Түүний 22 га талбай нь Хан-Уул дүүргийнх үлдсэн 9,2 га талбай нь Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт харьяалагддаг. Газар нутгийн харьяаллыг тодорхой болгохгүй бол маргаан их гардаг. Алтанбулагийн зөвшөөрөлтэй газар нь ухаад дууссан. Одоо Хан-Уул дүүргийн зөвшөөрөлтэй газраа ухаж байна. Энэ газар нь өндөр хүчдлийн шугамтай давхцсан. Угаах үйлдвэр нь маш их цахилгаан хэрэглэдэг. Цахилгаан хэлбэлзснээс болж олон айлын телевиз шатсан. Манайх гэхэд гурван телевиз шатсан. Эдний зөвшөөрлийг цуцлахыг бид бас шаардаж байгаа. Олборлолт хийдэг компаниуд гүний усыг маш ихээр хэрэглэж байна. Мэргэжлийн хяналтын газрынхантай хуйвалдсан. Шалгалт ирэхээр усалсан дүр үзүүлдэг. Баг, сум, дүүрэг, нийслэл гээд шат шатны байгууллагуудад албан бичиг хүсэлтээ өгөөд байна. Цагдаагийн газар, ОБЕГ-т хүртэл хандсан. Нийслэлийн ИТХ, Засаг дарга С.Бат-Үүл нараар зам хаах тушаал шийдвэр гаргуулж чадлаа.Сар болж байхад хэн ч ирж уулзсангүй. Одоо Засгийн газар, хууль тогтоох байгууллагад цаашлаад шүүхэд хандах үлдээд байна. 
 
ГҮНИЙ УСНЫ ТҮВШИН ДООШИЛЖ БОХИРДОЖ БАЙНА 
 
Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны ИТХ-ын хурлын дарга Д.Энхтайван: -Бид иргэдийнхээ хүсэлтээр зам тавиулах талаар сүүлийн жил гаруйн хугацаанд шат шатны байгууллагуудад хандаж, хэлэлцүүлэг хийж гарц хайж байна. Нааштай зүйл олон байна. Нисэхээс Шувуун фафрик хүртэл 30 тэрбумын замыг тавиулж чадсан. Мөн түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл олголтыг журамлуулах зарим газар цуцлуулах хүсэлт шаардлагуудыг холбогдох дээд байгууллагуудад бичгээр өгсөн. Дөрөвдүгээр сарын 24-нд зам хаах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Хүнд даацын автомашин шинэ тавьсан замыг эвдрэлд оруулж байгаа болохоор замыг хаагаад байна. Гэр хороолол дундуур явсан шороон замыг хатуу хучилттай болгох талаар компаниудтай ярилцаж байна. Сууршлын энэ бүсэд Нийслэлийн хүнсний ногоо болон эмийн том компаниуд болох “Багро”, “Монос групп” ногоо болон эмийн ургамлаа тариалдаг. Тоосжилтыг зогсоохгүй бол хүнсний ногоо болон эмийн ургамлын ургалтад муугаар нөлөөлж нийслэлчүүд чанар муутай ногоо хэрэглэх магадлалтай. Гүний усны төвшин доошилж бохирдож байна. Тиймээс энэ асуудлыг яаралтай нэг талд нь шийдэхгүй бол байдал хүндрэхээр байна. Иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчин алдагдсан. 
 
СУУЛТ ХИЙГЭЭД САР БОЛЖ БАЙНА 
 
Туулын ус бохирдоод мал уухаа больсон аж. Тус хорооны 2б хэсгийнхэн мөн суулт зарлаад сар гаруй болж байна. Эцэг өвгөдөөс өвлөж ирсэн энэ нутгаа элс хайрга ухдаг шанаганд нь орж сууж байгаад ч болсон амин зуулга болсон үлдсэн ганц газраа авч үлдэнэ гэж хөгшид нь ярьж байна. “Цогт тайж” киноны зургийг авч байсан байгалийн Баянбүрд болсон газар аж. Урдуураа Мөргүй хэмээх хайрхан уултай. Араараа Туул гол дундуураа мөнхийн хүйтэн, өвөл ч хөлддөггүй рашаан булагтай газар аж. Шувуун фафрик, биогийнхны малаа бэлчээдэг ганц газар. Харин мөнхөд урсаж байдаг энэ хүйтэн булаг нь тэдний амьдралын эх булаг. Хэрэв энд олборлолт явуулж эхэлбэл нутгийн иргэдийн ширүүн тэмцэлтэй тулгарч мэдэхээр байдал үүсчээ. Хэсгийн ахлагч Ю.Эрдэнэчимэг хэлэхдээ “Манай хороонд 61 өрхийн 2000 гаруй хүн амьдардаг. 673 үхэр, хоньтой. Амьжиргааны эх үүсвэр нь мал аж ахуй. 2009 онд УИХ-ын гишүүн асан н. Ганхуяг олборлолтын зөвшөөрөлтэй гэж ирээд шонгоо хатгахад манай иргэдийн ширүүн тэмцэлтэй тулгарч орхиж явсан удаатай. Харин тэрхүү зөвшөөрлийг нь “Ар Бөхөг” хэмээх компани солонгосчуудаас худалдаж авсан байна гэдгийг мэдсэн. Иргэдийн эсэргүүцэлтэй тулгардаг болохоор зөвшөөрлөө зардаг байх. Тиймээс энэ зөвшөөрлийг цуцлах хэрэгтэй” хэмээн ярьж байна. 
 
Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны 2б хэсгийн иргэд амин зуулга болсон үлдсэн газраа алдахгүй төлөө ажил амьдрал, нойр хоолоо хасч жижүүрлэн хүүхэд багачуудаас эхлээд 80 настай буурлууд хүртэл тэмцэлд нэгджээ. Мөн тус хорооны өндөр настангууд УИХ-д сонгогдсон Лу.Болдыг иргэдтэйгээ ирж уулзахыг хүсч хүлээж байгаагаа хэвлэлийн хуудсаар дамжуулан уламжилж байгаагаа хэлж байсан билээ. 
  
 
Ц.БАЯР
 
Эх сурвалж: