sonin.mn
Олны сайн мэдэх хуучин нэрээр бол “Монос” дээд сургууль буюу өргөжин, шинэчлэгдсэн Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль 11 дэхь удаагийн төгсөлтийн баяраа хийлээ. “Улаанбаатар” чуулгын танхимд болсон эрдмийн баярын үеэр эм зүйчийн тангараг өргөх болон төгсөгчдөд мэргэжлийн диплом, энгэрийн тэмдэг гардуулах ёслолын үйл ажиллагаа болсон юм. Энэ жил Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийг Эм зүйч мэргэжлээр нийт 112 оюутан төгсөж буй бөгөөд оюутнуудын дийлэнхи нь хэдийн ажлын байраа олсон бөгөөд олон залуус “Ирэх долоо хоногоос шууд ажилдаа орно” хэмээн бахархан өгүүлж байлаа. 
 
Ёслолын ажиллагаанд “Монос” группийн Ерөнхийлөгч, тус сургуулийн үүсгэн байгуулагч, Төрийн шагналт, Академич, Эм зүйн ухааны доктор, профессор Л.Хүрэлбаатар, Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн захирал, Эм зүйн ухааны доктор, профессор Л.Цэрэндулам, Академич, Эм зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Дүнгэрдорж, “Монос” группийн гүйцэтгэх захирал Х.Ананд, Эм судлалын хүрээлэнгийн захирал, Төрийн шагналт, академич, Хүний гавъяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Л.Лхагва нарын тэргүүтэй холбогдох хүмүүс оролцож, төгсөгчдөд диплом энгэрийн тэмдэг гардуулав. Энэ үеэр нийт төгсөгчдөд хандан Академич, Шинжлэх ухааны доктор, профессор Д.Дүнгэрдорж, Эм судлалын хүрээлэнгийн захирал, Төрийн шагналт, академич, Хүний гавъяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Л.Лхагва нар үг хэлсэн юм. Академич Л.Лхагва: “ Амьдралын их далайд та нар минь гарлаа. Эзэмшсэн эрдмээ зүтгэлээр тордвол хөл алдахгүй сайхан амьдрахын сацуу эх орондоо их үйлсийг бүтээх ч хувь тохионо шүү” хэмээгээд мэргэжлийн үнэтэй зөвлөгөө, сургааль хайрлалаа. Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн 11 удаагийн төгсөлтийн нийт төгсөгчид, Монголын Эм Зүйн салбарын шинэхэн мэргэжилтэнүүддээ баярын мэнд хүргэж, үйлс, бүтээлийн их амжилтыг хүсэн ерөөе.