sonin.mn
Чингис хаан Алтан улсад байлдан довтолсон 1211 оны цагаагчин хонин жил Хэрлэн голын хөвөөнд болсон нэг найрыг сийрүүлье. 
 
Чингисийн есөн өрлөгтэй өнчин хөвгүүний цэцэлсэн шаштирт албан тшуаал, хэргэм цол, язгуур угсаатай нь гэлгүй хэн ухаантай, хэн сэтгэлтэй, хэн хэрэгтэй тэр бүгдийг уриад хийчихсний нотолгоо нь энэ найр юм. Энэ найрыг Чингис богд Бөртгөлжин хатныг буулгаж 50 насны сүүдэр зооглосон Шаргачин хонин жил буюу 1211 онд хийсэн байна. Энэ найран дээр болсон шаштирыг Лувсанданзан гүүш 1655 онд “Алтан товч”-доо, Раашпунцаг 1775 оны “Болор эрхи” зохиолдоо, Ванчинбалын Инжинаш “Хөх судар”-таа, А.М.Позднеев, Их Нацагдорж багш, Германы В.Хайссиг зэрэг дэлхийн том эрдэмтэд ном шаштиртаа бичсэн. Нэг найрын асуудал яагаад ингэж дэлхий дахинд түгэв гэвэл их бага, доор, дээр, өнөр, өнчин баян ядуу, бүлэг, угсаа, удмын ямар ч асуудалгүйгээр хүн болгонд хүрдэг, хүн болгон ордог, хүн болгон ирдэг, хүн болгон санаснаа хэлж чаддаг байх ардчилал тэгш эрхийн язгуур онолыг Герегийн долоон мэргэнээс ч давуугаар Монголын Чингис тавьсан гэдэг үүднээс эрхэм тэнгэрлэг эдүгээ цагийн презентүүд, сайдууд, дипломатууд ямар ч хүндэтгэл зоогондоо энгийн хүнийг бараг шагайлгадаггүй явцуурч бүхий цаг дор бүүр ч чухал бөлгөө. Чингис хаан бас нэгэн суу билгүүн ажил зарлиг нь хүн төрөлхөтнийг архигүй ариун нандин байлгах гэсэн явдал энэ найраас харагдана. Өнгөц үзвэл архины тухай мэт боловч гүн гүнзгийдээ өнөөгийн дэлхий дахины ардчиллын утга учрыг хамгийн түгээмэл яруу найрагт тусгасан болох нь маргаангүй. Иймд ардчиллыг Америкаас үүдсэн гэх юм уу, хаа нэг орон гүрэнд хэн нэг хүн үүсгэн гаргасан хийсэн гэх үндэсгүй болно. Ардчиллыг зарим улсад өмчлөх маягаар цэцэрхэх нь бүр ч инээдэмтэй хэрэг болно. Бид л ардилагчид бусад нь коммунист гэвэл тун ч хөгтэй юм болно. Одоо уг найрыг үзэцгээе. Таныг 1000 жилийн өмнө болсон тэрхүү найранд урьж байна. Ухаандаа тэр найран дээр шаштирт бичснээр:
 
Чингис хаан
Хэрлэн мөрөнд 
Нутаглан бүхийд
Зуны тэргүүн сард
Түшмэддээ зарлиг болруун:
Хэдэн түмэн зүйл боловч
Өст дайсан лугаа байлдах үед 
Нөхрийн дээд
Хавт баатруудын жигүүр
Өсөх залуусын
Биеийн чимэг сүүний дээжийг
Эрхт тэнгэр дэлхийд
Өргөн тахиад
Үүнээс эхэлж
Сайтар тогтоож
Энэ Монголд
Хууль болготугай
 
Архи сархадын асуудлыг Чингис хаан анх ингэж хуульчилж зарлигдсан хааны энэ зарлигийг манай өвгөд эртэн урьдын цагаасаа архи сархадыг журамтай, эрэмбэтэй хуультай хэрэгжүүлж явсан.
Одоо мөнөөх 1200 оны найр руу эргэж оръё.
 
Эзэн богд Чингис хаанаа
Эрхэт есөн өрлөг 
Үг өчвөөс
Үүдэнд суусан өнчин хөвүүн 
Өндийж ирээд хэлэв
Ихсийн зэрэгт орсон болоосой
Сайдын зэрэгт хүрсэн болоосой гэхэд 
Эзэн богд өнчин хүүг дэргэдээ суулган духан дээр нь үнсээд
Бололгүй яах
Өчүүхэн хөвүүн юу өгуулэв чи гэв
 
Өнчин хүү хаан эзэнд толгойгоо илүүлж духан дээрээ үнсүүлсэндээ зориг орж урамшин бадраад янз янзаар харах сорих есөн өрлөгөөс огт айлгүй
 
Ойд минь үг байвч
Онож хэлэн нь бэрх буюу гэхэд
 
Эзэн Чингис тэр өнчин хөвүүнийг есөн өрлөгөөсөө илүү эрхэм дотно хараад бага зэрэг жартгайдуу сайхан алаг нүдэнд нь нулимс мэлтэсхийж:
 
Үгтэй болвоос
Үгээ хэл
Хошуутай болвоос
Холбо чи гэв
 
Өчүүхэн хүү хааны энэ үгэнд баясан тавигдаж хуучин дээлтэй жижигхэн цээжинд нь сэтгэл бэлэглэж:
 
Балай их ууваас
Өвчин биш үү
Бага зэрэг ууваас
Жаргал биш гэж үү
Бахархаж ууваас
Эргүү биш үү
Балмад их ууваас 
Галзуу биш үү гэхэд
 
Бадрангуй цагаан тэнгэрийн хөвүүн Эзэн богд Чингис есрн өрлөгийнхөө нүүрийг омог бардам нүдээр тойруулан хараад бас тэр хөвүүнийг дэргэдээ налуулан суулгаад бал мэт рашааны хишиг өгч баясгалант царайгаар үзэн өршөөж хайрлав гэж Өнчин хүүгийн цэцэлсэн шаштирч байдаг.
 
Сүхбаатар жанжин анх Оросын ар Шивээд сэм хуралдаж Ардын нам гэж тунхагласныг өөрчлөн засч улаан коммунист санаа шургуулж авч хэрэглэж бүхий цагт Чингисийн алтан ургийн тайж нарыг толгой дараалан хядаж Агданбуугийн Амартай-Петерпавловский шоронд хормой дээрээ саахар үйрүүлж идээд нарлаж суусан Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Хөшөөтийн голын Хасын цоож гуай Амар сайд бид хоёр Оросын тэр харгис шоронд олон сар суусан “Амар гуай байцаагдаж ирээд надад яаж зодуулсан нүдүүлснээ, яаж нугалуулж хугалуулснаа ярьдаг байсан. Нэг удаа байцаагдаж ирээд хэлэхдээ Оросын энэ Ежив Берия сахалт Сталин хоёр Маршал Чойбалсанд үүрэг өгч КГБ-ийн шугамаар биднийг тамлаж байна. Би улаан Оросын зарчмыг насандаа зөвшөөрөхгүй. 
 
Би Монгол Улсын ирэн байтал намайг эд шоронд суулгаж байцаах эрхгүй. Би буудуулж магадгүй. Чи гарч магадгүй. Энэ үгийг цаадуулдаа хэлээрэй” гэсэн гэжээ. А.Амар сайдын бичсэн “Монголын товч түүх” гэдэг номноос Монголоо Монголоор нь авч явах. Чингис хаанаа чин үнэнээр ойлгох бүх эрдмийг та нар олж авна. 1959 онд Цэндийн Дамдинсүрэн Чингисийн тэр найран дээр бичигдсэн шаштирыг “Энэ зохиолыг феодалын зохиол гэж болохгүй, ардын зохиол” гэж үзэх ёстой.
 
Чингисийн есөн өрлөгтэй өнчин хүү цэц булаалдаж явсан явдлыг уран сайхантайгаар үнэ бодитоор бичсэн гэжээ. Ванчинбалын Инжинаш “Хөх судар” романдаа “тэр хүний газар нутаг овог нэрийг асууваас өчүүхэн би Баяуудын арван гурван настай хөвүүн билээ. Нэр Цочи хэмээсэнд Тайцу маш таалан баясаж ёст дээл, малгай шагнан түүний нэрийг хэлж олон мэргэдийн дотор учрыг ялгав гэжээ. Энэ тухай “ Чингисийн есөн өрлөгтэй өнчин хүүгийн цэцэлсэн шаштир”-ыг судалж бичсэн эрдэмтэн тодорхой гаргасан. 
 
Энэ шаштирийн тухай дэлхий дахинд олон нам гарсан. 1900 онд Позднеев Санктпетрбургт “Монголская хрестоматия для перевоначеьного преподавания” хэмээх дээж бичигт Баарины жанжин вангийн хошууны түшмэл тайж Рааш Пунцагийн 1770-аад онд зохиосон номондоо Чингисийн тавийн сүүдрийн цагаагчин хонин жил зургадугаар оны зуны тэрүүн сард Чингис хаан түшмэдэд зарлиг болгоод элдэв цэцгээр чимсэн Хэрлэн мөрний сэрүүн зүлгэн дээр Урианхаан Зэлмэгээр зэл татуулж Зүрчидийн Чуу мэргэнээр унага бариулж долоо хоносны хойно Богд Чингис өөрөө заларч урьд эс болсон шинэ тэр засгийн тогтоож гүүний сүү шимийг тэнгэрт цацаж өргөөд үе зэргээр суун хуримлахуйд гэжээ. 
 
Нангиадын нэг эрдэмтэн 1200-аад онд Монголд иржээ. Тэр эрдэмтэн Чингисийг хаан суусны дараа нэгэнтээ ирээд Чингис хаан мандан гараад миний урд үзсэн Монгол танигдамгүй өөр болж, эр эм салж үр хүүхэд өнчрөх бараг үгүй, залуу багачууд өвгөд настай хүнээ хүндлэх нь алхам тутам айл гэрийн үүд хаалга ил задгай болж хулгай зэлгий арилчихсан адуу мал адах нь бүү хэл алдуул гүйгүүл морь харыг ч харсан үзсэн хүн эзэнд нь хүргэж өгдөг болжээ” гэжээ.
 
Энэ хэсгийг би Амар сайдын “Монголын товч түүх” номноос авлаа. Сүүлийн үед манай Монгол муу хүн нь манддаг, сайн хүн нь гунддаг болоо шив. Энийгээ л одоо цагийн цэцэн залангууд ардчилал гэдэг болоо шив. Хуцав аа гэж хэлье. Багийн дарга ч ингэж хэлж болно. Чингис бол бурхан биш өнчрөх ганцаардахын зовлон бүхнийг үзсэн. Мандах, бадрах асуудал болгоныг эдэлсэн, жирийн нэгэн жинхэнэ малчин хүн шүү. Тэмдэглэлийг бичсэн цагалбар: Чингисийн тооллын 1036 он. Дорны шар зурхайн цагалбараар их эзэн хаан Чингис Тэмүүжин нь 1206 онд Их Монгол улс тунхаглан байгуулсны барс эзэлсэн хэмээх бэлэгт сайн өдөр. Аргын буюу нарны тооллоор 2015 оны хаврын тэрүүн гуравдугаар сарын 6-н. Билгийн буюу сарны тооллоор хөхөгчин модон хонин жилийн хаврын тэргүүн шар барс сар. Их жанжин Сүхбаатарын удирдлагаар Ардын эрхэт ардчилсан чөлөөт алаг булаггүй тэгш ёст Монгол улс байгуулагдсаны түүхэн гавъяат түмнээ алдарт 94-р жилийн хавар. 
Санасан хэрэг сэтгэлээр бүтэх сайн мөрийн хөтөлбөр бүрдтүгэй.
 
 
Төрийн шагналт зохиолч Зундуйн Дорж