sonin.mn
НЬЮ-ЙОРК. /ChinaTopix/. Зэсийн хайгуул, олборлолт бол Монголын хөгжлийн гол салбаруудын нэг бөгөөд тус улсын эдийн засаг үүнээс нэлээд хамааралтай. Тус улс зэсийн нөөцөөрөө дэлхийд 12 дугаарт ордог. Говьд нь 35 сая тонн зэс байдаг гэсэн тооцоо бий.
Ийм их баялагтай ч Монгол Улс зэсийн баяжмал үйлдвэрлэдэг ердөө хоёр компанитай. Эхнийх нь, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр. Энэ бол Орос болон Монголын хамтарсан үйлдвэр. Хоёр дахь нь “Рио Тинто” группын охин компани “Туркойз Хилл Ресурс” болон Монголын Засгийн газрын хамтран үйл ажиллагааг нь явуулж буй “Оюутолгой” орд. Одоо, тус улс “Оюутолгой”-н 6.5 тэрбум долларын өртөг бүхий өргөтгөлөөр эдийн засгаа сэргээхийн тулд “Рио Тинто”-гоос тусламж хүсч байна.
 
Өргөтгөлийн гэрээний дагуу Британи-Австралийн “Рио Тинто” групп зэсийг олборлоно. Шинжээчдийн үзэж буйгаар, дэлхийн зах зээлд зэсийн нийлүүлэлт багасч байгаа нь зэсийн ханшийг өсгөх боломжтой.  Энэ бол “Рио Тинто”-гийн хувьд сайн мэдээ. Гэхдээ “Оюутолгой”-н өргөтгөл Монголд яаж нөлөөлөх вэ?
 
“Рио Тинто” болон Монголын засгийн газрын үл ойлголцлын улмаас “Оюутолгой”-н өргөтгөлийн төлөвлөгөө хоёр жил хойш тавигдсан юм. Одоогоор эдийн засгийн асуудалтай байгаа Монгол Улс мөнгө санхүүгийн байдлаа сайжруулах шинэ итгэл найдвар тээн өргөтгөлийн ажлыг эхлүүлэхээр тохиролцоонд хүрсэн билээ.
 
2010 оныг хүртэл зэс тус улсын экспортын гол бүтээгдэхүүн байсан гэдгийг энд тэмдэглэх нь чухал. Монголын хөрсөн доорх зэс үнэхээр өндөр чанартай. Гэхдээ тус улс уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай болж, уруудалтын үе рүүгээ орсон. Хөрөнгө оруулагчид Монголоос нүүрээ буруулж, нүүрсний экспорт мөн буурснаар тус улсын “данс улайх” шахсан.
 
2014 онд тус улсын гадаадын хөрөнгө оруулалт 87 хувиар буурч, 2013 онд 12.3 хувиар өссөн эдийн засаг нь уруудан 7.8-хан хувиар өссөн билээ.
 
Харин БНХАУ валютын нөөцийн түвшнийг нь хадгалах валют солилцооны хэлэлцээрээр дамжуулан Монголын төв банканд уналтад орсон эдийн засгаа аврахад нь тусалж байна.
 
“Оюутолгой” бол  дэлхийн хамгийн их зэсийн нөөцтэй ордуудын нэг. Үүний өргөтгөл нь тус улс дахь хамгийн том гадаадын хөрөнгө оруулалт бөгөөд “Рио Тинто”-той сүүлд байгуулсан хэлэлцээр шинэ болоод зогссон төслүүдийг үргэлжлүүлэх итгэл найдварын оч болж байна.
 
Монгол бол Олон улсын валютын сан болон дэлхийн бусад зээлдүүлэгчээс өрийн хямралаас гарахын тулд зээл авахаас өөр аргагүйд хүрч байсан, дэлхийн санхүүгийн хямралд хамгийн их өртсөн улсуудын нэг.
 
“Оюутолгой”-н өргөтгөлийн төлөвлөгөөг хэрэгжүүлснээр Монголыг дахин хямралд орохоос урьдчилан сэргийлнэ.
 
2011 онд Монголд зэсийн салбар сэргэснээр мөн онд эдийн засаг нь 17.5 хувиар буюу оргилдоо хүрч өссөн. Харамсалтай нь, тэр эрчээрээ цааш явж чадаагүй.
 
Их Британийн “Financial Times” сонинд “Рио Тинто”-гийн зэс болон нүүрсний салбарыг хариуцсан захирал Жан Себастьян Жак ярилцлага өгөхдөө, “Далд уурхайгаас бүтээгдэхүүн гаргаж эхлэхээс өмнө олон үе шатыг дамжих ёстой” гэжээ. Тухайлбал, техник эдийн засгийн үндэслэлийн судалгааг батлуулж, Монголын засгийн газраас шаардлагатай зөвшөөрлүүдийг авах ёстой. Түүний хэлснээр, ингэхэд мөн нэлээд хэдэн жил орж магадгүй.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг