sonin.mn
1992 оны Үндсэн хууль бол манай Эх орны тусгаар тогтнол, ардчилал, төрт ёсны баталгаа мөн. Энэ хуулийг батлахад тухайн үеийн сонгуулийн насны 1 сая 200 мянган хүнээс 900 мянга гаруй нь оролцож хэлэлцсэн нь Монголын түүхэнд урьд өмнө хэзээ ч гарч байгаагүй үндэсний зөвшилцөл юм. 
 
Өнгөрсөн хугацаанд нам, улс төрчдийн дур зоргоор авирлалт, бусармаг явдлыг хязгаарлахад голлох үүрэг гүйцэтгэж ирсэн Үндсэн хуулийг өөрчлөхөөр өнөөдөр хэдхэн улстөрчид, бүлэглэлүүд хуйвалдан нэгдэж, төслийг УИХ-д өргөн барихаар зэхэж буй нь ард түмний итгэлийг нэгэнт алдсан эдгээр хүмүүс өөрсдийнхөө эрх мэдлийг өргөжүүлэх, цаашид хэвээр хадгалах зорилгоор хуйвалдаж байна уу гэсэн хардлагыг төрүүлж байна. 
 
2000 онд Үндсэн хуулийн цэцээр хориг тавьсан төслийг хүчээр баталж, Үндсэн хуульд оруулсан дордуулсан долоон өөрчлөлтийн балагийн үр дагаварыг бид өнөөдөр ч хүртсээр байна. Сэм хуйвалдаж, ард түмнийг үл ойшоосон энэхүү явдлын хор уршгийг бүх монголчуудаараа үүрч явна. 
 
Асуудал хуулинд биш, түүнийг дагаж мөрдөхгүйд оршин байна. Эрх мэдэл булаацалдаж, хувийн эрх ашгаа улсын эрх ашгаас дээгүүр тавьдаг улс төрчид байгаа цагт хууль мөрдөгдөхгүй, нийт монголчуудын эрх ашиг хамгаалагдахгүй. 
 
Иймийн тул Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар үндэсний хэмжээний хэлэлцүүлэг явуулж, зөвшилцөлд хүрсний үндсэн дээр хийхийг Хөдөлмөрийн Үндэсний Намын зүгээс хууль тогтоогчдод хандан шаардаж байна. 
 
ХҮН 
 
2015 оны 6 дугаар сарын 26 Улаанбаатар хот