sonin.mn
НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Монгол Улс төрийн өмчийн 10 аж ахуй нэгж болон хамгийн том нүүрсний ордынхоо хувьцааг эдийн засгаа сэргээж, гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд энэ болон ирэх онд борлуулахаар төлөвлөж байна.
 
Монголын хөрөнгийн биржийн /МХБ/ гүйцэтгэх захирал Д.Ангарын мэдэгдсэнээр, тус улсын Засгийн газар цахилгаан станцууд болон бусад аж ахуйн нэгжийн хувьцаагаа худалдахаар төлөвлөжээ.
 
Дөрвөн тэрбум долларын өртөг бүхий “Тавантолгой” орд дахь хувьцааг ч худалдахаар санал болгоно гэж тэрбээр Лондон хотод өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт “Bloomberg” телевизэд ярилцлага өгөхдөө хэлсэн юм.
 
БНХАУ болон ОХУ-ын хооронд оршдог Монгол улс 1.3 триллион доллароор үнэлэгдэх байгалийн баялгаа ашиглахын тулд гадаадын хөрөнгө оруулагчдыг татахыг оролдож байна.
 
Олон улсын зах зээлд түүхий эдийн ханш унасан болон гадаадын хөрөнгө оруулагчидтай үүссэн маргааны улмаас гурван сая хүн амтай тус улсын эдийн засгийн өсөлт 2014 онд 7.8 хувь болж суларсан. Энэ нь 2010 оноос хойш тус улсын эдийн засаг анх удаа нэг оронтой тоогоор өссөн үзүүлэлт юм.
 
Мөн монгол төгрөгийн ханш сүүлийн 24 сард 35 хувиар суларснаас гадна 2012 онд 4.5 тэрбум доллароор хэмжигдэж байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн онд 400 сая доллар болж буурсан билээ.
 
Зах зээлийн цуглаан
 
Монголын “Тавантолгой” нүүрсний ордын төслийн хэрэгжүүлэх гэрээг хоёр сарын дотор байгуулж магадгүй гэж “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр ярилцлага өгөхдөө хэлж байсан юм.
 
Баасан гарагт Д.Ангарын мэдэгдсэнээр, ирэх 2-3 жилд тус ордын хувьцааны 20-30 хувийг Лондон болон Хонконгийн хөрөнгийн биржид олон улсын хөрөнгө оруулагчдад санал болгож магадгүй.
 
Мөн МХБ-ийн хувьцааны 66 хувийг хувьчилж магадгүй гэж тус биржийн гүйцэтгэх захирал хэлсэн юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг