sonin.mn
Элэг хэмээх эрхтэн хүний хамгийн нандин эрхтэн төдийгүй элэг эмтэрч, сэмэрдэг ч бүтэн болох увидастай зүрх, сэтгэлтэй холбогдсон сонор эрхтэн гэдгийг онцолж байна.
 
Элэг зүрхнээс уяатай
 
Энхрий Монгол нутаг минь гэсэн шүлгийн утга ямар агуу болохыг хожуу ч болов ухаарсан гэдгээ элэг нэгт монголчууддаа  сонордуулахыг зорьсон юм. Харин энэ бадаг шүлгийн гүн утга санааг мэдэх хүн олон байгааг би үгүйсгэхгүй. Харин ойлгож, мэдрээгүй яваа хүмүүс ч байгаа.
 
Өнөөдөр монголчууд гурван сая хүн амтай. Энэ нь Бээжин хотын нэг дүүрэгт л аж төрж байгаа хүн амтай дүйцнэ. Тиймээ, бид үнэхээр цөөхүүлээ. Харин бид төрөлхөөс заяасан содон мэдрэмж, оюун сэтгэлгээгээтэй өвөрмөц үндэстэн, тиймээс  ч бид бусдаас ялгагддаг.
 
Төв Азийн цээжинд мөнхөд орших  Монгол Улсын иргэд Ази тивдээ коммунист тогтолцоотой улс орнуудаас ардчиллын анхны алтан хараацай болж чадсан Их эзэн Чингис хааны үр сад гэдгээрээ онцгой ард түмэн. Харин өвөг дээдсээс бидний бие, сэтгэл, яс, цусанд хуралдсан дотоод их хүчийг сарниулах нэг л аюул байгааг бид мартах учиргүй.
 
Энэ бол элэгний А, В, С вирус. Харин үүний эсрэг зогсох хүч бидэнд заяасан нь гайхмаар. Үүнийг нотлох ганц жишээг энэ удаа таны сонорт хүргэхийг хичээсэн юм.
 
Жилдээ ганц тохиох ээлжийн амралтаараа Монгол эх орныхоо байгалийн үзэсгэлэнт болон түүхийн дурсгалт газраар явах сонирхолдоо хөтлөгдөн эхнэр бид хоёр эх орноороо аялахаар шийдсэн юм. 2014 оны зун багийн найзаа эхнэрийнх нь хамт бид дөрвүүл аяллын баг бүрдүүлж Төв, Өвөрхангай, Баянхонгор, Архангай, Булганы нутгаар явах маршрут төлөвлөгөө гарган замд гарлаа.
 
Бид Хархорин, Найман нуур, Хорго зэрэг эх орныхоо түүхт болон үзэсгэлэнт газраар 15 хоног аялж, дурсамж дүүрэн амраад ирсэн юм. Энэ аяллын талаар яривал их л сонин бий.
 
Харин энэ тухай бус Булган аймгийн төвд очсон айлынхаа эрүүл энх, аз жаргалтай энгийн аж амьдрал, хүсэл тэмүүллийн тухай өгүүлэхийг хүсч байна. Багийн найз маань, хотоос гарахдаа л хэдүүлээ Булганы төвд нэг айлд заавал очино шүү гэж хэлж байсан юм.
 
Энэ айлын гэрийн эзэн нь Намхайн Байгаль, эхнэр нь Отгон. Тэд биднийг ирнэ гэдгийг эртнээс мэдсэн болохоор баяр хөөртэй угтан авлаа. Булганы төвөөс холгүйхэн орших зусланд нь очиж, хорхог идэж, айраг ууж, дуу хуур болж сайхан танилцлаа. Байгаль ах сайхан дуулдаг, дуу хуурт их дуртай гэдэг нь илт мэдрэгдсэн. Харин эхнэр нь наргианч, хөгжөөнтэй, авхаалжтай ажилтай эмэгтэй байв.