sonin.mn
Олон улсын тоймч Ш.Гантулгатай ярилцлаа.
 
-Таныхаар гадаад ертөнц дэх манай улсын нэр хүнд, нөхцөл байдал ямар байна вэ?
 
-Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх нь бусад улсад хөрөнгө оруулалт хийх нөхцлөөс шууд хамаардаг. Манай эрх баригчид үзэхдээ ардчилсан улсад гадаадын хөрөнгө оруулалт цутгаад ороод ирчихнэ гэж ухуулдаг байсан. Үнэн хэрэгтээ гадны хөрөнгө оруулагчид ашигтай эсэхийг л чухалчилна.
 
Түүнчлэн өөрийн оруулсан хөрөнгийг улс төрийн нөхцөл байдлын улмаас усанд хаясан чулуу шиг алга болох вий гэдгээс болгоомжилдог. Тэгэхээр манай улсад эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал хэр тогтвортой байна вэ гэдэг нь хөрөнгө оруулагчдын санааг зовоож байгаа юм.
 
-Тэгвэл манай улсын эдийн засгийн одоогийн нөхцөл байдал ямар байна?
 
-Манай улсын эдийн засаг тогтворгүй. Хууль тогтоомж үргэлж өөрчлөгддөг. Яагаад гэвэл, манай улс парламентийн засаглалтай. Парламент нь улстөрийн намын гишүүдээс бүрдэнэ. Намын санхүүжилтыг баян, хөрөнгөлөг этгээдүүд бүрдүүлж байгаа нь тогтворгүй байдлыг үүсгэх нэг сэжим.
 
Учир нь хөрөнгө оруулагчид өөрийн оруулсан хөрөнгийг өсгөж авахыг бодох нь зах зээлийн хууль. Тиймээс өөрсдийн эрх ашигт нийцүүлсэн олон янзын хууль гаргаж, байнга өөрчилдөг. Хэдийгээр манай улсад иргэний дайн болж байгаагүй ч хуулийн хүрээнд үргэлж дайнтай байдаг гэхэд хилсдэхгүй.
 
Африкийн улсуудаас ч илүүтэйгээр хуульдаа өөрчлөлт оруулдаг. Ийм нөхцөл байдлын улмаас гадны хөрөнгө оруулагчид үргэвэл нэг хэсэг хугацаанд эргэж ирэхгүй гэдгийг олон улсын жишгээс харж болно. Тухайлбал, ашигт малт­малын хуулийн өөрч­лөлттэй холбоотой гадны хөрөнгө оруулагчид манайхыг орхисон гэдгийг хүмүүс мэдэж байгаа.
 
Ямарваа нэгэн хуулийг баталсан л бол сайн, муу байхаас үл хамааран хатуу, чандлан мөрдөх нь чухал юм. Гадны хөрөнгө оруулагчид сайн, муу хууль гарсан эсэхийг хардаггүй юм шүү дээ. Хөрөнгө оруулагчийн тухайд мөнгөө алдалгүй өсгөхийг хичээнэ. Тэр хүнийг шунал, айдас хоёр байнга дагалддаг гэж болно.
 
Шуналынхаа улмаас хөрөнгө оруулалт хийнэ, айж байвал түү­ний­гээ татаж авдаг юм. Манай­хан хүний биоло­гийн шинж чанарыг нь тө­дий­лөн ойлгодоггүй. Дан ганц эдийн засгийн хуу­лиудыг чухалчилвал бүх зүйл болчихно гэдэг. Гэтэл үнэн хэрэгтээ мөн чана­рыг нь ойлгохгүйгээр цааш явахгүй гэсэн үг л дээ.
 
-Ерөнхийлөгчийн Уфад хийсэн уулзалтын үеэр Монгол Улсыг эдийн засгийн коридор болгох баримт бичигт гарын үсэг зурсан. Та үүнийг хэрхэн харж байгаа вэ?
 
-Уфагийн дээд хэмжээний чуулга уулзалт Хятад улс манлайлж, давамгайлж байгааг харуулсан. Өөрөөр хэлбэл, Бриксийн болон Шанхайн дээд хэмжээний уулзалтаар ерөнхийдөө ганц асуудлыг л хэлэлцсэн. Хятад Улсын дарга Си Зинь Пин -Торгоны их зам”-ын бодлого төсөл, “Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк” байгуулах асуудлыг голчлон ярьсан.
 
Хэдийгээр хоёр асуудал мэт боловч үнэн хэрэгтээ нэг л зүйл юм. Өөрөөр хэлбэл, Хятад улс Евроази тивдээ жанжлахыг хүсч байна. Ази тивийн хамгийн дорно цэгээс Европын өрнө цэгийг холбосон худалдааны бүс байгуулахыг хүсч байгаа. Энэ бүсэд манай улс багтах нь дамжиггүй. Одоогоос 2000 жилийн тэртээ “Торгоны их зам”-ыг байгуулахад манай улс чухал үүрэг гүйцэтгэсэн.
 
Энэ удаад ч мөн ялгаагүй. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан эдийн засгийн бүс гарна гэж Хятад Улсын дарга хэлж байна. Үүнтэй холбоотой эдийн засаг өсөлт болон тусгаар тогтнолын аюул манайд гарч байгаа юм.
 
-Энэ үеэр Орос, Хятад, Монгол Улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалт болсон. Энэ уулзалт ямар үр дүнтэй болсон гэж харж байна вэ?
 
-Энэ уулзалт манай улсад ашиггүй болсон. Яагаад гэвэл, Монгол, Хятад, Орос улс нийлэхээр урд хөршийн хүч илүү байдгаас бүх асуудлыг Хятадын талд ашигтайгаар шийдвэрлэдэг. 1915 онд гурван улсын гэрээ байгуулагдахад ийм үйл явдал болж байсан.
 
Түүнтэй адилхан зүйл боллоо. Одоогийн Монгол Улс оршин тогтнож байгаа шалтгаан нь Богд хааны үеэс Монголын хуучин диполматууд Хятадын эсрэг Орос, Монгол хоёр нэгдэж байсны хүч. Харин энэ гурван улс нэгдэж хэлэлцэхээр Хятад Улсын даргын зөвшөөрөлгүйгээр манай улсын нутагт юу ч хийх боломжгүй гэсэн үг.
 
Тэгэхээр энэ уулзалтын улмаас Хятадын эдийн засгийн нөхцөл байдалд манай улс илүүгээр интеграцлагдаж байна гэж ойлгож болно. Тиймээс манай улсын эдийн засаг, тусгаар тогтнол аюултай байдалд байна. Учир нь, манай эдийн засаг урд хөршөөс бүрэн хамааралтай байгаа юм.
 
Тухайлбал, ардчилал бий болсон цагаас хойш хойд хөршөөсөө холдож урд хөршдөө илүү ойртсон. Манай улсын нийт экспортын нэг орчим хувь нь Оросоос, 80 гаруй хувь нь Хятадаас хамааралтай байгаа. Тэгэхээр Хятадын эдийн засгаас манайх шууд хамааралтай гэсэн үг. Хэрэв Хятадын эдийн засаг өсвөл манай улсын ашигт малтмалын үнэ өсдөг.
 
Уг нь бид аж үйлдвэрээ хөгжүүлэх хэрэгтэй байсан. Гэвч дан ганц урд хөршөөс хамааралтай эдийн засагтай болсон юм. Үүний гол аюул нь өөрийн гэсэн бие даасан үйлдвэр байгуулахыг зөвшөөрөхгүй. Зөвхөн ашигт малтмалын хавсарга байлгахыг хичээдэг.
 
-Энэ нь манай улсын эдийн засагт маш муу хандлага авчирна гэж хэлэх гээд байна уу?
 
-Тэгэлгүй яахав. Бид томоохон хөрөнгө оруулалт болон төсөл хөтөлбөрийг Хятад Улсын даргын зөвшөөрөлгүйгээр хийх аргагүй болж байна гэсэн үг. 
 
-Энэ сарын эхээр Хятадын томоохон компани газрын тосны салбарт хөрөнгө оруулахаар болсон. Үүнийг бид яах ёстой вэ?
 
-Хятадын хөрөнгө оруулалтыг ашигтай болгохын тулд манай улсын төр засаг хүчтэй байх учиртай. Хэрэв бид хүчгүй, сул дорой байвал гадны хөрөнгө оруулагчдын хоол болно. Тиймээс манай улсын төр засаг хүчтэй, шударга байснаар хөрөнгө оруулалт орж ирэхээс гадна бид ашигтай ажиллах боломжтой юм. Мэдээж Хятадын хавсарга болчихвол ямар ч хөрөнгө оруулалт орж ирэхгүй шүү дээ.
 
-Тэгвэл бид аюултай байдалд орж байна гэж ойлгож болох уу. Уг нь эдийн засгийн боломж бүрдэх нь гэж харж байсан шүү дээ?
 
-Эдийн засгийн хувьд ашигтай байх хэдий ч бид улстөрийнхөө тусгаар тогтнолыг хадгалж үлдэхгүй бол ашиг хүртэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, бид эрх чөлөөгүй болвол хувь хүнд ногдох ашгийг эзэн хүртэнэ. Тиймээс тусгаар тогтнолоо хамгаалах ёстой.
 
Дээрх уулзалтад идэвхитэй оролцсон ч гурван улсын удирдлагуудын дээд хэмжээний уулзалтад оролцож болохгүй гэж хэлээд байгаа юм. Яагаад гэвэл, бидний оршин тогтносон учир шалтгаан нь Оростой хамтарч байсны хүч. Энгийнээр ойлговол, гурван улсын удирдлага хамтдаа уулзвал Монгол-Орос хоёр хамтарч юу ч хийж болохгүй гэсэн үг.
 
-Манай улсын гадаад өрийн талаарх таны бодол?
 
-Монгол Улсын гадаад өр нэмэгдэж байгаагийн шалтгаан нь орчин үеийн ардчиллын системтэй холбоотой. Энэ нь Гректэй адилхан гэсэн үг. Улстөрийн нам оршин тогтнохын тулд нийгмийн халамжийн том том амлалт авдаг. Сонгуулиас сонгуулийн хооронд амлалт улам томордог. Учир нь сонгуульд ялахын тулд хийж буй өрсөлдөөний үр дүн.
 
Энэ нь улс орны бүтээн байгуулалт, экспортын ашиг орлогоос давж байна. Нэг үгээр хэлвэл, ДНБ-ээс давсан төсвийг алдагдлыг нөхөхийн тулд гадаад улс орноос зээл авч байгаа юм. Грек яг энэ замаар явсан. Нэг мэдэхэд л ДНБ-ээс давсан учраас эдийн засагт дефольт үүсч Засгийн газар нь дампуурч байна.
 
Манай улсын хувьд энэ замын эрмэгт нь тулчихсан шүү дээ. Уг нь хэдхэн жилийн өмнө гадаад өрөө тэглэсэн хэмээн баярлаж байсан. Гэвч дефольтод орох магадлалтай улсуудын тоонд багтаж байгааг гадны шинжээчид хэлж байна. Манай улсын Засгийн газрыг 2015 онд нэг тэрбум ам.долларын зээл авах магадлалтай гэж бичсэн байна.
 
Тиймээс Грекийн замаар орох магадлал өндөр гэж харж байгаа юм. Учир нь Грек зургаан жилийн туршид эдийн засгийн сүйрэлд байсан. Ингэснээр эдийн засгийн буюу ДНБ-ий 4/1 нь байхгүй болчихсон юм шүү дээ. Мөн ажиллах чадвартай хүмүүсийн 4/1, 17-35 насныхны 51 хувь нь ажилгүй болсон байгаа юм.
 
Сүүлийн гурван долоо хоногийн турш ямар ч банк ажиллахгүй байгаа. Энэ мэтчилсэн ард түмнийх нь байдалд маш хүнд байна. Харин энэ нөхцөл бидэнд тулгарч байгааг ойлгох хэрэгтэй. Аливаа улсад 25 жилийн зайтай эдийн засгийн хямрал болдог.
 
-Бид яах ёстой вэ?
 
-Ийм хямралын дараа эдийн засаг өсч эхэлдэг. Өөрөөр хэлбэл, өвлийн дараа хавар болж цэцэг ногоо дэлгэрдэгтэй ижил. Тухайн улс орон үндэснийхээ валютыг чангаруулахын тулд үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ хямдарч, гадаад зах зээл дээр өрсөлдөх чадвартай болно.
 
Ингэснээр аж үйлдвэрийн салбар хөгждөг юм. Манай улсын тухайд үйлдвэрлэл биш зөвхөн ашигт малтмалын салбар хөгжсөн. Энэ нь эдийн засгийн өсөлт гарахгүй, бууралт болно гэсэн үг. Учир нь урд хөршөөс хамааралтай ашигт малтмалын үнийн өсөлт төдийлөн нөлөөлөхгүй.
 
Тэгэхээр Грек шиг нөхцөл байдалд орох магадлал өндөр гээд байгаа хэрэг. Тиймээс гадны хөрөнгө оруулалт чухал гэж байгаа боловч түүнийг Хятадаас хамааралтай ашигт малтмалын салбарт хийх нь оновчгүй. Харин аж үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулах хэрэгтэй. Гэхдээ үүний тулд хээл хахууль, авлигатай тэмцэх ёстой. Мөн боловсролын системийг сэргээх. Хууль, эрхзүйн орчныг сайжруулах, тогтворжуулах хэрэгтэй.
 
Д.Оюунчимэг 
Эх сурвалж: