sonin.mn
Хамгийн баян улсад хамгийн ядуу иргэдтэй 25 жил өнгөрөв. Байгаа баялгаа зараад, зараад улам их өрөнд ордог хөгжлийн замыг “зөв” гэдэг жинхэнэ хий мөрөөдөл юм. “Нам” нэртэй бүлэглэл ард иргэдийг хий мөрөөдөлд байлгасаар байна. Тусгаар байдлаа алдахдаа тулж ирэв.“Бурхан гуйсан ч бүү өг” газар шороогоо олон арван жилээр гадаадад түрээслэж зараад эхлэв үү. Хий мөрөөдөлд ч хязгаар бий. Энийг реализм гэнэ.
 
        Реализм бол сүүлийн 25 жил Монгол улсад "нам" эрх мэдэл барьж байгаа явдал болно. Ардчилал гэдэг шидэт технологийн хүчээр эрх мэдэл, албан тушаалд гараад намын нөхөд, анги, ах дүү, садан, найз нөхдийн хамтаар шудрага бусаар ихэд баяжин хүчирхэгжсэн “бүлэглэл”юм. Гэмт этгээдүүд.
 
        Ард түмний засаглал гэж амлах боловч улс орныг удирдах хэрэгт ард иргэдийн оролцоо ямар ч утгаар байхгүй нь харин реализм. Ядуу, завгүй, хэрүүлтэй, хагаралтай, өвчтэй, өлбөрч үхчихгүй хэмжээнд байлгана. Өлсгөөд ходоодны сонгууль хийлгэнэ. Үүнийгээ эрх чөлөө, ардчилал гэнэ. Ийнхүү иргэд аль нэгэн намыг сонгосоор 25 жил болов. Маш урт хугацаа. 
 
        Нам угаас эдийн засгийн ашиг сонирхлоор нэгддэг. Намдаа итгэсээр мөрөөдөл дундаа хорвоог дуусгах хэсэг бий. Тэд үгүй бол нам үгүй. Намын удирдлага бол мэргэжлийн тархи угаагчид, луйварчид юм. Хонины арьс нөмөрсөн цөөврүүд болох энэ бүлэглэл хэр өөрсдийн төлөө зүтгэхээс гадна улс орны төлөө зүтгэхээс бүх юм хамаараад байгаад учир оршино.
 
Хэрэв тэдэнд улс орныг хөгжүүлэх идэвх сонирхол хангалтгүй бол улсын бүх боломж үрэгдсээр, улам өрөнд орсоор дараагийн нам нэртэй бүлэглэл Төрийг залгамжилна. Үргэлжлүүлэн самарна. Цаашид ч тэгнэ. Үүнийгээ хууль ёсны ардчилсан засаглал шилжих явдал гэнэ.
 
Ямар ч сайн "нам", ямар ч сайн засгийн газар гараад нэмэргүй. Ардчиллын тоглоомын дүрэм нь тэр. Гэхдээ бүлэглэл хэт шунаж, өрсөлдөн жийлцэж, иргэд хий мөрөөдлөөсөө салах аваас, мөн энэ засаг төрийг солих сонирхолтой гадны хүч оролцвол “хувьсгал” болж өрнөх байх. Тэд тэнэг биш, тэрэнд бас хүргэхгүй.   
 
  Үнэндээ ард иргэд бол эрх баригч бүлэглэл нь хэр эх оронч, хүмүүнлэг, шудрага вэ гэдгийн золиос болов. Тэгэхээр илүү эх оронч, улс үндэстнээ бодох тэр бүлэглэлийг сонгох боломж иргэдэд ер нь байна уу гэдэг асуулт төрөөд удаж байна.
 
        Түүхийн бүхий л хуудсыг үзэхэд нам нэртэй бүлэглэлээс илүү их эх оронч, зөвхөн өөрсдийн төлөө биш, үр хүүхдийнхээ төлөө, ирээдүйд ямар улс оронд амьдрахыг нь боддог, ард иргэдээ боддог, улс үндэстнийхээ бүрэн бүтэн, тусгаар байдлыг чухам боддог “бүлэглэл” бол удам дамжсан ХААНТ ЗАСАГЛАЛ байжээ.
 
Ийм учир олон хаант улсад юуны өмнө хааныг унагаж, залгамж улбааг устгаж, улмаар ардчилал оруулж мөлжих боломжийг нээсэн байдаг. Тэгээд нам нэртэй бүлэглэлийг Төрийн эрхэнд гаргаж, ойрхон сольдог онцлогтой. Яагаад заавал 4 жил? Худалдаж авахад амар аж.
 
  Гэхдээ өнөөгийн цаг төрхийн онцлогт эх орон, ард иргэддээ үнэнч Хэмжээлшгүй эрхэт Эзэн хааныг гадны хүчин эрүүл саруул байлгахгүй тул “парламентийн засаглал” тогтнохоос аргагүйд хүрсэн болно. Ийнхүү одоогоор дэлхий дээр 30 гаруй Эзэн хаант улс байгаа боловч бүгд парламентийн засаглалтай байна.
 
Эдгээр улсын иргэдийн амьдрал ахуй бүгд хөгжингүй ижил тэгш сайн байна. Япон, Англи, Испан, Швед, Норвег ... гээд үргэлжлээд байж болно. Тэнд хаан, хатан зүгээр нэг ард түмний нуруун дээр суусан бэлэг тэмдэг үү? Үгүй. Улс үндэстний амин асуудлыг тэд л шийддэг. Монгол яагаад ингэж болохгүй гэж? Эдгээрээс урт, баян язгуур уламжлалтай Эзэн хаант улс байсан бус уу?
 
  Эдгээр орнуудад ямар ч нам солигдсон хязгаарлагдмал эрхтэй ч Эзэн хаан байж л байдаг. Эзэн хаан өөрөө улс орон, ард иргэдийн гол дархлаа нь болдог. Эзэн хаан аль нэг бүлэглэлийн эдийн засгийн туйлшрал, улс орны эрх ашгийг хөсөрдүүлэх явдлаас сэргийлдэг.
 
        Тэгээд нам нэртэй бүлэглэлүүд хуулийн хүрээндээ өрсөлдөг. Ямар ч нам ялсан дангаараа, парламентийн гишүүн бус мэргэжлийн иргэдээр ЗГ-ыг байгуулаад ажиллах ёстой юм. Гол нь ямар ч бүлэглэл, ямар ч эрх мэдэлд гарсан ард иргэдийн дархлаа болсон Эзэн хааны дээр байх ёсгүй.
 
Улс төрийн тэмцэлд хамааралгүй бүх цэрэг, хүчний байгууллага Эзэн хаант захирагдаж шудрага ёс, амгалан тайван байдлыг сахиж байвал зохино. Тайландын хаан шиг, болохгүй бол цэргийн дэглэм тогтоогоод ЗГ-ыг сольчихдог. Эзэн хаан бол ард түмний бахархал байж бизнес, хууль тогтоох үйл хэрэгт оролцохгүй байна. Хаан ямар ч намд хамаарахгүй. Зөвхөн улс үндэстнийхээ язгуур эрх ашгийн манаанд зогсоно.
 
         Эзэн хаан Монголын ард түмний түүхэн гавьяа, агуу баян уламжлал, нэр хүндэд тохирсон хангамж, тэтгэмжтэй байх нь чухал. Эзэн хаанаа хайрлан хүндэлж Монголын ард түмэн эвлэлдэн нэгдэх болно. Их эзэн Чингис хааны үр удам Монгол улсад байгаа гэдэгт итгэлтэй байна. Монголчууд бид ардчиллагчдын ухуулдгаар ойгоос гарсан зэрлэгүүд биш юм.
 
Монголчууд бид орчлон ертөнцийг төвхнүүлсэн Их гүрний үр сад юм. Энэ мэдээлэл бидний ясанд бий. Ингэвээс Монгол Улс, монголчууд хүчтэй, хөгжилтэй болох тул гадны эрх ашгийг хамгаалагчид, намын далбаанд амь зогоогчид, хүрэн цөстнүүд юу гэж хэлэх нь тодорхой.
 
        Ардчилсан 25 жилийн дотор 14 Ерөнхий сайдыг оймс шиг сольсон энэ их ши жүжиг, хий мөрөөдлийн цагт иргэн би ингээд нэг мөрөөдөхөд болохгүй юм алга. Хаашаа явж, ямар улсыг бүтээж байгаагаа ч мэдэхгүй ашгийн төлөө тэмцэлдэх намуудын 25 жил өнгөрөөд эзэн хаант улсын мөрөөдөл хэзээ нэгэн цагт биелж бас болно. Бусдаас ихийг хулгайлсан хөрөнгөтэй хүнийг шүтэх биш, бусдынхаа төлөө ихийг зориулсан эх оронч нэгнээ шүтдэг цаг ирж болно. 
 
        Ардчилсан биш, коммунист биш, капиталист биш, нам нэртэй бүлэглэлийн Монгол улсын иргэн гэж явсан дор, баян цатгалан биш ч гэсэн ЭЗЭН ХААНТ МОНГОЛ УЛСЫН ИРГЭН гэж явбал нэр төр, бахархалын хэрэг юм.
 
        "ЭЗЭН ХААН МАНДТУГАЙ! ЭХ ОРОН МАНДТУГАЙ!" Ядахдаа хэний төлөө, юуны төлөө амьдрал чинь өнгөрөв гэдэг нь тодорхой байх болно. Монгол сэрнэ.
 

 

 

 
Эмч, уулчин Л.Баярсайхан