sonin.mn
Монгол түмэн үндэсний их баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэж, өнгөрүүллээ. Энэ жилийн тухайд нэг аймаг, 36 сумын тэгш ой тохиож байгаа. Тиймээс долдугаар сар гаргаад л эхэлсэн наадмууд одоо ид дундаа үргэлжилж байна. Улсын наадам дамнуулсан урт амралт ч дуусаагүй бололтой, зарим газарт. Гэхдээ энд аймаг, сумын наадмыг дурьдах гэсэнгүй. Саяхан болсон Баянгол дүүргийн наадмыг онцлон дурьдмаар санагдлаа. 
 
Учир нь улсын их баяр наадмаа тэмдэглэчихээд байхад нэг дүүргийн ойг тэмдэглэх гэж нүсэр наадам зохион байгуулсанд байгаа юм. Бүр улсын наадмын дайтай зохион байгуулсан гэх энэ наадамд 128 хүчит бөх барилдаж, азарга, их нас, соёолон насны шандаст хурдан хүлгүүд уралдаж, эрхий мэргэн харваачид цэц мэргэнээ сорьсон нь олны анхаарлыг татсан юм. 
 
Мөн энэ үеэр “Дээлтэй монгол” наадмыг хүртэл зохион байгуулж, “Шилдэг хос дээлтэй хос”-ыг шалгаруулсан гэнэ билээ. Бас дугаар ангийн цэрэг эрс тулааны гайхамшигт үзүүлбэрийг наадамчин баянголчуудад үзүүлсэн гээд бараг л үндэсний их баяр наадам шиг нүсэр болсон юм.
 
Бас нэг асуудал нь монголчууд хэзээнээс жалга довны үзэл гаргалаа гэж их ярих болсон. Гэтэл нийслэлчүүдийг хүртэл ийм байдлаар хуваах шинж үзэгдээд өнгөрлөө, энэ дүүрэгт. Зөвхөн баянголчууд оролцох ёстой хэмээн урилга тараасан энэ нүсэр наадмын зардал мөнгө ч ямар их гарсан нь тодорхой. Зарим хүмүүс твиттер хуудсаараа дамжуулан гомдлоо илэрхийлсэн нь ч харагдсан. 
 
Тухайлбал, нэг жиргээч “Хэдхэн төгрөгийн цалинтай ажилчдынхаа гурван өдрийн цалингаар шүү. Хандив ч гэх шиг. Хандив гэдэг чинь сайн дурынх байдаг ш дээ” хэмээн жиргэсэн байсан юм. Албан бус эх сурвалжийн хэлснээр Баянгол дүүргийнхэн наадмаа тэмдэглэхийн тулд тус дүүргийн төрийн албан хаагчдын гурван өдрийн цалинг хандив нэрээр татсан сурагтай.
 
Энэ нь эдийн засаг хүнд байхад нэг ч гэсэн хүний хэдэн өдрийн хоолоо залгуулах мөнгө гэдэг нь хэнд ч тодорхой. Уг нь хандив гэдэг сайн дурын үндсэн дээр цугладаг зүйл. Гэтэл ингэж хүчээр хандив татсан нь асуудал үүсгэх талтай хэмээн учир мэдэх хүмүүс ярьж байна. Бас болоогүй дүүргийнхээ өнгө төрхийг өөрчилж, шинийг бүтдэгээгүй байж нүсэр наадам хийж байгаа нь тус дүүргийн иргэдийг бухимдуулаад амжжээ.
 
Учир нь тус дүүргийн нутаг дэвсгэрт автомашины зогсоол байхгүйн улмаас нэгдүгээр эгнээг тэр чигт нь зогсоол болгон хувиргасан нь хэн хүний нүдэнд ил бий. Мөн жуулчдын анхаарлыг татдаг гол цэг болох Гандангийн дэнж өнөөдөр бохир, хогондоо бүрэн дарагдаад байгааг өдөр өнжихгүй шахам л ярьж, бичиж байна. Зарим хүн тоггүй, усгүй байж ой тэмдэглэлээ гэх асуудлыг ч жиргээд амжиж. 
 
Бүр тус дүүргээс УИХ-д сонгогдсон С.Эрдэнэ гишүүний сонгуулийн шоу боллоо ч гэж ярьж, жиргэж байна, цаагуур чинь. Тэгэхээр улсын их баяр наадмын дараа нэг дүүргийн ойг ингэж нүсэр тэмдэг хэрэг байсан уу, үгүй юу. Цаашдаа дүүрэг бүр ойгоо тэмдэглэх нь мэдээж. 
 
Гэхдээ энэ буруу жишгийг дагаад ой тэмдэглэх болгондоо наадам хийнэ гээд байвал эдийн засгийн хямрал нүүрлээд байгаа энэ үед хэцүү л байна шүү. Манайхан наадаж цэнгэх дуртай улс болохоор ой тэмдэглэнэ гээд наадам хийгээд байж мэдэх л хүмүүс шүү.
 
Э.ТУУЛ
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин