sonin.mn
 
Эзэн Чингисийн алтан ургийн сүүлчийн хатан тэнгэрт халив. Буянтай сайхан бууралтай хэдэнтээ уулзан үлгэр домог мэт хууч яриаг нь сонсох завшаан өчүүхэн надад олдсон билээ. Хараагийн Баатар ван Наваан-Юндэн гуайн гэргий Намсрайн Лхамсүрэн хэмээх тэр эрхэм хүмүүн, энэрэлтэй сайхан ижий бурхны орныг зорьжээ. Үлэмжийн сайхан хорвоод үйлс бүтээл, үг сургаал, үр удмаа үлдээгээд одсон ачлалт буурлын тухай дурсамж сөхөн үгийн зул өргөе.
 
Арваад жилийн өмнө нутгийн эрхэм ах, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, зураач Ж.Саруулбуян “Монголын сүүлчийн ноёны хатантай уулзуулъя" гэсээр намайг Баатар ван Наваан-Юндэн гуайн гэрийн босгоор алхуулсан билээ. 
 
Олны сайн мэдэх “Соёл эрдэнэ”, “Баян Монгол", “Үхэрчин хүү” зэрэг гайхамшигтай дууны шүлгийг бичсэн зохиолч, яруу найрагч, “Монгол-Орос толь”, “Орос-Монгол толь”, “Монгол хэлний товч тайлбар толь” сэлтийг бүтээлцсэн эрдэмт гүүш, эх орноо төлөөлөн хилийн чинадад ажилласан нэрт дипломатч Содномдаржаагийн Наваан-Юндэн 50 мянгат хэмээн нэрлэдэг ягаан байруудын нэгэнд эгэл даруухан аж төрж байжээ.
 
 
 
Жаал Ноёны гэрт ардын намынхан уулздаг байв 
 
Энэ эгэлхэн айлыг Монголын сүүлчийн хошуу ноёных гэсэн нь учиртай. С.Наваан- Юндэн гуай Чингис хааны угсаа, Автай сайн хааны алтан ургийн хүн бөгөөд үе залгамжилсан хошуу ноёны цол хэргэмийг өвлөсөн сурвалжит язгууртан байжээ. Түүнийг тавхан настайд нь Хараагийн Баатар вангийн хошууны ноёноор өргөмжилсөн байна. 
 
Уг хошуунд эдүгээгийн Төв аймгийн Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Ерөө, Хараа, Шаамар сум, Зүүнхараа болон Дархан-Уул аймаг харьяалагдаж байв. Балчирхан ноёноо хошуу нутгийн зон олон нь Жаал ноён хэмээн өхөөрдөн нэрлэх бөгөөд түшмэд нь ээлж ээлжээр ирж албан ажлыг нь залгуулдаг, хиа нар нь ноёноо эрхлүүлж тоглуулах үүрэг хүлээдэг байсан гэнэ.
 
Жаал ноён Хүрээнд өргөө гэртэй байж. Хүрээн дэх энэхүү өргөөндөө Жаал ноёнтон хойт эцэг Ойдовын хамт байдаг байв. Тэднийхээр Хүрээний хувьсгалт нууц бүлгэмийн гишүүд болох Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Д.Лосол, Д.Догсом нар байнга ирж уулзацгаадаг байсан нь үнэхээр сонирхолтой түүх. 
 
Тухайн үед арваадхан настай байсан хошуу ноён Наваан-Юндэн хүү хувьсгалчдын уулзалтын үеэр гэр, хашааны гадуур хараа тавьж, гамин цэргүүдийн янз байдлыг тандах үүрэг хүлээдэг байжээ. Мөн тэднийх Д.Догсом хурцынхтай хамар хашаа тул хувьсгалт нууц бүлгэмийнхэн Наваан-Юндэнгээр Догсомыг дуудуулдаг байсан гэнэ. Тэр ч байтугай Орос улсаас тусламж гуйх бичгийн эхийг тэдний гэрт анх зохиосон байна.
 
Хараагийн баатар ван, Жаал ноён хэмээн өргөмжлөгдөн алдаршсан бяцхан хүү ийм л эгэл бус амьдралыг туулсаар 1921 оны хувьсгалтай золгожээ. Ингээд тэр үеийн хошуу ноёдоос хамгийн түрүүнд хэргэм зэргээсээ татгалзжээ. Цол, хэргэмээсээ сайн дураар татгалзахдаа шинэ төрөө дэмжиж, төр, түмнийхээ төлөө зүтгэнэ хэмээн хэлж байжээ. Энэ тухайгаа С.Наваан-Юндэн гуай хожим нь гэргийдээ ярьж байсан гэнэ. 
 
Арван хоёрхон настай хүүхэд хэдий ч төр, улсынхаа төлөө зүтгэнэ гэх хэрсүүхэн бодлыг тээж явсан нь энэ ажээ. Ингээд Жаал ноён Ардын засгийн анхны сургуулийн сурагч болж, эрдэм номд шамджээ. Түүнтэй хамт хожмын ардын зураач, төрийн шагналт Л.Намхайцэрэн, геологи, минералогийн ухааны доктор Ж.Дүгэрсүрэн нар хамт сурч байсан гэдэг. 
 
1926 онд их зохиолч Д.Нацагдорж, Д.Намдаг зэрэг гуч гаруй залуу Германд сурахаар одсоны нэг нь С.Наваан-Юндэн байв. Тэднийг 1929 онд эх орон руу нь эргүүлэн татсан гэдэг. С.Наваан-Юндэн Германд сурч байхдаа анхны хань Хаалайтайгаа учирчээ. 
 
Тэнд сурахаар очсон монгол хүүхдүүдийг герман айлуудад суулгасан гэдэг. Хаалайн амьдарч байсан герман айлын эзэд монгол бүсгүйн үзэсгэлэн гоог бишрэн өөрсдийн үйлдвэртээ “Хаалай” нэртэй шоколад үйлдвэрлэж байсан тухай сонирхолтой баримтыг С.Наваан-Юндэн гуай нэгэн дурсамждаа бичсэн байдаг. Мөн тэрбээр өөрийн амьдралын тухай өгүүлсэн “Соёл-Эрдэнэ" тууждаа Хаалай бүсгүйг Сарангоо гэдэг нэртэйгээр дүрсэлсэн юм.
 
Тэрбээр Германаас дуудагдан ирээд гурван жил болсны дараа ОХУ-ын Омскийн анагаах ухааны дээд сургуульд суралцахаар явжээ. Гэвч 1938 онд төгсөх курст суралцаж байхад нь дуудан ирүүлж, Германы Тагнуул хэмээх ял тулган баривчилж, 20 жилийн ял оноосон байна.
 
Түүнийг мөрдөнд байцаагдан тамлуулж байх үед хайртай эхнэр Хаалай нь сэтгэл мэдрэлийн өвчин тусч цэл залуугаараа насан эцэслэжээ. С.Наваан-Юндэн гуай шоронд байхдаа эрдэмтэн зохиолч Б.Ринчен, эрдэмтэн Б.Банзрагч нартай хамтран большевик намын түүхийг орчуулж байсан гэдэг. Түүнийг шоронд хориод зогсохгүй төрсөн эгч Цогт-Очирыг ажлаас нь халж хөдөө нутаг заан суулгаж, төрсөн дүү Догоосүрэнгийнх нь бүх хөрөнгийн хураажээ. Мөн төрсөн дүү Чинбатыг нь баривчлан буудан хороосон байна. Аймшигт хэлмэгдүүлэлт ийнхүү Баатар вангийнхныг дайрчээ.
 
Хараагийн Баатар Ван халхын сайхан Юндэнгийн дүрийг бүтээжээ 
 
С.Наваан-Юндэн гуай арван хоёр жил зургаан сар шоронд суусны эцэст 1950 онд суллажээ. Гэхдээ хоёр жилийн тэнсэн ялтайгаар. Хэлмэгдүүлэлтийн үед ах дүү, хамаатан садных нь хөрөнгө хогшлыг хурааж, хөдөө гадаа нутаг заасан тул түүнд яваад очих айл байсангүй. Шоронд хамт байсан, дотнын анд Банзрагчийндаа очжээ. 
 
Дүүгээ суллагдсаныг сонссон эгч Цогт-Очир нь хөдөөнөөс ирж хуучин танилын хувиар Н.Лхамсүрэн гуайн аавынд буужээ. С.Наваан-Юндэн гуай ч эгчтэйгээ уулзахаар тэднийхээр ирдэг болж.  Олон жил шоронд суусан, хүүхэд багахан насандаа хошуу ноён явсан гэх эр дунд насны, төлөв сайхан эр Улсын их сургуулийн анагаахын факультетын оюутан бүсгүйд сонин содон харагджээ.
 
"Миний аав Их сургуулийн орлогч захирлаар ажиллаж байсан гавьяат багш Ж.Намсрай гэж хүн байлаа. Манайх Зүүн хүрээ буюу одоогийн Дашчойлон хийдийн хавьд, хуучин циркийн зүүн урдхан хашаа байшинтай байсан. Манай хүн хаанаас нь ч харсан их сайхан төлөв, зүс царай сайхантай хүн байсан. Манайхаар эгчтэйгээ уулзах гэж ирнэ. Тэгээд л танилцаж, дотноссон. Нэг л сайхан хүн санагддаг байлаа. Омскт анагаахын чиглэлээр сурч байсан тул миний хичээлд тусалж, мэдэхгүй, чадахгүй зүйлийг хэлж өгнө. Өвгөн маань нэг удаа эгчдээ хэлж л дээ. Энэ охинтой суувал яасан юм гэж. Тэгсэн эгч нь "Энэ чинь хүүхэд шүү дээ" гэсэн гэдэг. Аргагүй шүү дээ, би тэгэхэд хорин хэдтэй, манай өвгөн 43-тай байсан юм чинь. Нас хол зөрүү гэх мэт тийм зүйлийг бид хайхраагүй. Хүний хувь заяа, ногдсон тавилан юм даа. Хоёр сэтгэл нийлээд л нэг гэрт орсон" хэмээн Н.Лхамсүрэн гуай нэгэнтээ өгүүлсэн юм
 
Тэрбээр ханийнхаа угсаа гарлаас эхлээд амьдралынх нь түүх намтар, уран бүтээл гээд алив бүхнийг нэгд нэггүй ярина. Яриа хөөрөө цэцэн цэлмэг, ухаан санаа тун саруул буурал байсан сан. Он сар, хүмүүсийн нэр ус зэргийг тун сайн хэлнэ. Хааяа зарим хүний нэрийг санахгүй болохоороо дүү Цэндийгээ дуудаж асууна. Ийнхүү бид Монголын түүхэнд тод мөрөө үлдээсэн бичгийн хүний сонин содон намтрын хуудсыг сөхөн хэдэнтээ хуучилсан билээ. 
 
Очих бүрт Н.Лхамсүрэн гуай их л баярлаж, хэрдээ л хөл болно, Эгчийнх нь охин Цэнд түүнд нүд, чих болдог ганц хүн нь. Хөгшний чих нэлээд хатуу болсон тул тэрбээр бидэнд хэлмэрчийн үүрэг гүйцэтгэнэ. Н.Лхамсүрэн гуай "Хөөе, Цэнд ээ, хүүхдүүдэд тавгийн идээ тавьсан уу. Талх, масло авчир" гээд л "хэлмэрчдээ" үүрэгддэг сэн. С.Наваан-Юндэн гуайтай ханилсан тухайгаа тэрбээр зургаан жилийн тэртээ ийн хуучилж байсан юм.
 
 
 
-Орон шоронгоос гарсан хүнтэй суух гэлээ гэж аав тань дургүйцээгүй юү?
 
-Үгүй үгүй. Харин ч дэмжиж байсан. Аав манай хүнд их сайн. Төв аймгийн ойролцоо зусландаа гарч, бид хоёрт тусад нь гэр барьж өгөн, манай хүнийг тэнхрүүлж, амрааж байлаа. Намайг багад ээж минь бурхан болсон тул аав бид хоёр хоёулхнаа амьдардаг байсан. Тиймээс бид хоёрыг нийлэхэд аав минь тусдаа гэр барин амьдрах болсон. 
 
Ингээд л би аавынхаа голомтон дээр айл болсон доо. Бид хоёр хүүхэдтэй болоогүй. Тиймээс айлаас охин өргөж авсан. Ингээд л элэг бүтэн, элбэг дэлбэг, сайн сайхан амьдарсан. Ханийнхаа хүчээр л би гэдэг хүн өдий зэрэгтэй, үр ачийнхаа сайн сайхныг үзэж, жаргаж сууна даа.
 
-Хоёр жилийн тэнсэнтэй суллагдсан гэлээ. Ажил төрөл ороход ямар нэг хавчлага, дарамт байв уу?
 
-Тэнсэнгийн хугацаагаа дуустал хоёр жил ажилгүй явсан. Тэгээд Шинжлэх ухааны хүрээлэнд ажилд орсон. Орос-Монгол толь гээд олон толь бичиг бүтээж, олон ч ном бичсэн. Тэр бүхнийг нь би сайн хэлж мэдэхгүй. Анзаардаггүй байж дээ. Шинжлэх ухааны хүрээлэнд Я.Цэвэл гуай авч ажиллуулсан гэдэг юм. Дараа нь Гадаад худалдааны яаманд ажилласан. Тэнд их ажил хийсэн дээ. Дарга нарыг гадаад явахад байнга дагаж явна. Орчуулга хийнэ. Нойр хоолгүй л явдаг байсан. 
 
Гэртээ орж ирээд л шөнө дөл болтол юмаа бичээд сууна. Өглөө эрт босоод л алга болно. Энэ төрийг их дэмжиж зүтгэсэн хүн. Төрдөө ч ажиллаж, бас уран бүтээлээ ч хийж явсан. Германы ЭСЯ-нд томилогдон хоёр жил ажиллаад дараа нь Унгарт Швейцарийг хариуцсан дипломат алба хашиж, нэг жил болсон. Гэтэл тэндээсээ хэлмэгдээд эргэж ирсэн.
 
-Яагаад хэлмэгдсэн юм бэ?
 
-Унгарт Жамсран гэж хүн ажиллаж байсан юм, Тэр хүн их буруу ажил хийж улсад хохирол учруулсан юм шиг билээ. Тэрийг нь манай өвгөн Гадаад худалдааны яамандаа бичээд өгсөн. Тэгсэн чинь буруу хэрэг хийсэн хүндээ арга хэмжээ авахгүй, манай хүнийг дуудаад аваад ирсэн. 
 
Тэгээд энд ирээд Германы Элчин сайдын яаманд олон жил орчуулагч хийсэн. Дараа нь МУИС-д герман хэлний багшаар ажилласан. Улсынхаа төлөө ёстой л бүхнээ зориулж зүтгэсэн хүн дээ. Төр, засгаас яв гэсэн газарт нь явж, суу гэсэн газарт нь сууж байсан. Дээр нь шүлэг зохиол их бичдэг, ном эрдмийн л хүн байсан.
 
-С.Наваан-Юндэн гуай Төв театрт ажиллаж байсан гэдэг байх аа?
 
-Тийм. Их Нацагдоржтой хамт Төв театрт ажиллаж байсан. “Учиртай гурван толгой" дуурийн Юндэнгийн дүрд тоглож байсан. Мөн Ши.Аюушийн “Харц Дамдин, хатан Долгор" жүжгийн Дамдины дүрд, дэлхийн сонгодог жүжиг Лопе де Вегагийн “Хонины булаг”-ийн гол дүрд тоглож байсан. Ер нь урлагийн их авьяастай хүн. Их сайхан дуулдаг, хуур татдаг. Мэдэхгүй дуу гэж байхгүй дээ. Бас залуудаа шаггүй барилддаг байсан гэнэ лээ.
 
-Хошуу ноён байсны хувьд хуучин цагийн сурвалжит хүмүүжил,орчин үеийн боловсролыг хослуулсан хүн байсан гэж намтарт нь бичсэн байдаг юм билээ. Харин өрхийн тэргүүн, эцэг хүний хувьд нь та илүү сайн мэдэх биз ээ? 
 
-Манай хүн олон таван үггүй, зовлон жаргал аль алиныг нь яриад байдаггүй хүн байлаа. Ар гэрийнхээ гол ноён нурууг л дааж явдаг, түүнээс биш жижиг сажиг ажилд оролцдоггүй байсан. Би ч ханиараа гэрийн ажил хийлгэж байгаагүй. Өглөө эрт босно. Цайгаа уучихаад биеийн тамир хийнэ. Оройжин юм бичнэ. Хүүхдэд их хайртай. Хэдэн зээгээ их эрхлүүлнэ. Тэднийгээ эрдэм боловсролтой болоход их анхаарсан. Бүгдийг нь хоёроос доошгүй гадаад хэлтэй болгосон доо. 
 
Түүний хүчинд зээ нар маань бүгд сайн явна. Бид хоёрын ганц охин Хонгорзул маань орос, герман хэлтэй, орчуулагч хүн. Том зээ Оюундарийгаа өвгөн бид хоёр өргөж авсан юм. Тиймээс Наваан-Юндэнгийн гэж овоглодог. Оюундарь маань англи, орос хэлтэй. Удаахь охид Билгүүндарь, Чимгүүндарь хоёроос доошгүй гадаад хэлтэй. Тэд маань бүгд тусдаа гарцгаагаад охин бид хоёр л үлдээд байна даа.
 
-Нутаг усандаа хэр олон очиж байсан бэ?
 
-1957 онд очиж байсан. “Орос-Монгол толь” нь хэвлэгдэж, уг бүтээлийнхээ шагнал гэж 15 мянган төгрөг авсан юм. Түүгээрээ Монголд анх орж ирсэн таван “Шкода"-ны нэгийг авч унаад охин бид гурав Түнхэлд дүүгийнд нь очсон. Нутгийнхан нь Жаал ноён ирлээ гээд л ихэд хүндэтгэн хадаг барин ирж золгоцгоож, мөргөж залбирч байсан. Сүүлдээ тэр үеийн үзэл суртлаас болгоомжлоод яаран хот буцаж байлаа. 
 
Манай өвгөн машин, техникт их дуртай хүн байсан. Ямар сайндаа анх машин авч унаад зээ Оюундарийгаа кабинаасаа салгахгүй авч явна. Нэг удаа охиноо эрхлүүлж яваад замаа харалгүй хад мөргөж байх вэ дээ. Анх гэр бүл болоод удаагүй байхад “Хашаагаа зараад мотоцикл авч унъя. Ааваас асуугаач” гэлээ. Аав ч тэг, тэг л гэсэн. Тэгээд л мотоцикл авч унаад л хоёулаа сундалдаад давхидаг байлаа. Сайхан л байж дээ, Гуч гаруй жил ханилж, сайхан амьдарсан. Хань минь бие эрүүл, чийрэг хүн байсан. Ганцхан зүрх муутай. Түүнээсээ болоод л өөд болсон доо, хөөрхий минь. 
 
 
Баатар вангийн хатантай ийн хөөрөлдөж байжээ. Н.Лхамсүрэн гуай ханийнхаа удам судар, үүх түүх түүх, туурвил бүтээлийг маш нямбайлан цуглуулж, хадгалсан хүн. Гэрэл зургийн цомгууд нь тэр чигээрээ түүх. Тэрбээр энэ бүхэндээ амь шигээ хайртай байв. Зээ нараа барагтай бол хүргэхгүй. Арга ч үгүй биз ээ. Алтан ургийн угсаа залгамжилсан ноён, ардын засгийн анхны сурагч, баруунд сурсан оюутнуудын түүчээ, зохиолч, яруу найрагч, орчуулагч С.Наваан-Юндэн хэмээх эгэлгүй хүний түүх намтар, туурвил бүтээл арвин байх нь дамжиггүй. Туулсан амьдрал нь ч тэр чигээрээ сонирхолтой, содон үйл явдлаар дүүрэн.
 
Тэрбээр таван настайдаа хошуу ноёноор өргөмжлөгдсөнийхөө дараа хүрээнд ирж Сайн ноён хан Намнансүрэнд шавь орж байж. XX зууны манлай уртын дуучин Ж.Дорждагвын санал болгосноор “Соёл эрдэнэ" дуугаа зохиосон бол алдарт дуучин Магсар хурцын Дугаржав “Үхэрчин хүү“ дууных нь эхний мөрийг хэлж өгснөөр энэ сайхан дуу бүтсэн түүхтэй ажээ. 
 
М.Дугаржав гуай энэ дууны эхний мөрийг С.Наваан-Юндэн гуайд хэлж өгөхдөө дэргэдээ байсан алдарт лимбэчин Цэрэндоржийг харж шууд шүлэглэн, нэг иймэрхүү үгтэй дуу баймаар байна хэмээсэн гэдэг. Хожим хоёул хилсээр шоронд хоригдсон бөгөөд XX зууны Монголын алдарт дууч М.Дугаржав С.Наваан-Юндэн гуайн гар дээр өөд болжээ. С.Наваан-Юндэн гуайг шоронд хоригдож байхад “Баян Монгол”, "Соёл эрдэнэ", “Үхэрчин хүү” зэрэг дууг нь радиогоор нэвтрүүлэхийг хоригложээ. 
 
Ц.Дамдинсүрэн гуай Маршал Х.Чойбалсанг "Энэ дуунууд ард түмэнд хэрэгтэй” гэж ятгаснаар ардын дуу хэмээн зарлан нэвтрүүлэхээр болж байсан гэдэг. Хэцүү бэрх, хатуу ширүүн бүхэнд тэр сөхөрч байсангүй. Арван хоёрхон настай хүү хошуу ноёны зэрэг хэргэмээсээ татгалзан шинэ засаг, төрийнхөө төлөө зүтгэнэ хэмээж байсан энэ үгэндээ С.Наваан-Юндэн гуай насан турш үнэнч явжээ,
 
Түүний гэргий Н.Лхамсүрэн хэмээх эгэлхэн буурал ханийгаа өөд болсон өдрөөс л ном бүтээлийг нь эмхэлж цэгцлэх, хэвлэж нийтлэх ажлыг эхлүүлсэн гэдэг, Тэрбээр Баатар ван С.Наваан-Юндэнгийн намтар түүхийг нь эмхтгэн ном болгон хэвлүүлж, Сэлэнгийн Зүүн хараагийн сургуулийг түүний нэрэмжит болгуулж, хөшөөг нь босгосон юм. 
 
Үүгээр зогсохгүй Баатар вангийн нэрэмжит сургууль дээр музейг нь байгуулсан билээ. Тэр бүхний ачаар эзэн Чингисийн алтан ургийн Жаал ноён буюу Хараагийн Баатар ван Наваан-Юндэнгийн өндөр дээд язгуур угсаа, бахархам амьдрал, тэмцлийнх нь намтар түүх, яндашгүй арвин уран бүтээлийг нь эдүгээ хийгээд ирээдүй хойч маань уншиж судлан, таньж мэдэх боломжийг нээсэн юм.
 
Ийнхүү бичгийн их хүний бийрийг үл хатаан, бүтээл туурвил, үйл хэргээрээ дахин амьдрах хосгүй тавиланг нь тэгшилсэн Намсрайн Лхамсүрэн гэж үнэнч хань, элбэрэлт ижий, ухаант сайхан эмэгтэй, Хан Хэнтий нутгийн эгэлхэн буурал байлаа. Ум сайн амгалан болтугай.
 
Г.Сонинбаяр
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин