sonin.mn
Кино бол хүнийг ухааруулах, сэтгэлийг хувиргах бусад урлагаас илүү хүчирхэг хамгийн гайхамшигт урлаг.
 
Францын Париж хотод 1895 онд ах дүү Льюмер анх дэлгэцэнд хөдөлгөөнт дүрс үзүүлснээс хойш 120 жил, Монгол Улсын Ардын Сайд нарын Зөвлөлийн 1935 оны 35 дугаар тогтоолоор кино үйлдвэр байгуулагдаж 1936 онд Майн 47 жилийн ойн баярыг Улаанбаатар хотод хэрхэн тэмдэглэсэн тухай дуугүй кино бүтээснээс хойш 80 жил болж байгаа түүхэн ойн жилд Монголын Үндэсний Кино Академиас зохион байгуулдаг “Академи авардс” кино наадам ач холбогдлоор өргөн хүрээтэй боллоо.
 
Сүүлийн таван жил дараалан кино наадам зохиож жилээс жилд ахин хүрээгээ тэлж, киночдын уран бүтээлд үнэлэлт өгөх, судалгаа хийх өргөн боломжийг нээсэн үр дүнтэй наадам болж байгааг тэмдэглэх хэрэгтэй. Кино наадамд оролцож буй уран бүтээлээс ямар ахиц гарч, ямар алдаа доголдол дагаж байгааг мэдэж, цаашид уран бүтээлчид ямар зорилго тавьж, уран сайхны эрэл хайгуул хийх чиг баримжааг олж харах ач тустай.
 
“Академи авардс” кино наадмыг зохион байгуулагчид улам туршлагажиж, зохион байгуулах хэлбэр, үр дүнг сайжруулах талаар шинэчлэл хийх, наадмын нэр хүндийг өргөх чармайлт харагдаж байлаа.
 
“Хүн хөнжлийнхөө хэрээр хөлөө жийдэг” гэгчээр хөрөнгө мөнгөндөө хавчигдаж, санасандаа хүртэл зохион байгуулж, кино сонирхогч хүн бүгдийн баяр болгож чадахгүй байна гэж Үндэсний кино Акадеийн тэргүүн Цогтбаяр хэлж байсан нь үнэн. Одоо цагт хөрөнгө хангалттай бол юуг ч яаж ч хийх өргөн боломжтой гэдгийг хүн бүгд мэднэ.
 
Энэ кино наадмыг киноны уран бүтээлчдийн баяр болгож, өргөн хүрээтэй хийхэд Төрийн оролцоо, хандивлагч байгууллагын дэмжлэг тэдний цар хүрээнээс шалтгаалах нь ойлгомжтой. Монголын кино уран бүтээлчид жилдээ 25-40 кино бүтээдэг гэж бодоход “Кино академи авардс-15” наадамд уран сайхны 14 кино оролцож түрүүчийн наадмаас цөөрсөн нь чамлалттай санагдсан. Үзэгчид судлаач, шүүмжлэгчдийн талархлыг хүлээж байсан зарим дуулиантай кино оролцсонгүй.
 
Ер нь кино наадамд заавал байр шагнал хүртэхийн төлөө оролцох нь гол биш. Уран бүтээлч өөрийнхөө зиндааг таньж мэдэх, бусдын ололт амжилтаас сурах, дүн шинжилгээ хийж дараачийн бүтээлийн санаа, чиг баримжааг олох нь чухал. Зарим уран бүтээлчид гайхалтай кино хийсэн гэж өөртөө үнэлгээ өгч, кино наадмаас “байнд ч үгүй, банзанд ч үгүй” хоцрохоор наадам зохион байгуулагчдыг муулж, залуу шүүгч нарыг амных нь салиа арилаагүй гэх, ахмадыг болохоор зөнөглөж хоцрогдсон хөгшид орчин үеийн бүтээлийг ойлгосонгүй хэмээн гоморхох уран бүтээлчид нэлээд байдаг. Тэд цуу үг тарааж аман сурталчилгаагаар кино наадамд итгэх итгэлийг алдагуулахыг хичээж, заримдаа сонин хэвлэлээр өөрийгөө дөвийлгөж, бусдыг муулж доромжлох явуургүй үйлдэл хийдэг.
 
Уран бүтээлч бидэнд “алхах мөрөө урагшаа харж, алхсан мөрөө гэдэргээ харж” явах нь нэн чухал. “Академи авардс-15” наадам “Шангри-Ла” зочид буудалд болж, 18 төрөлд уран сайхны 14, баримтат 4, богино хэмжээний 5 кино өрсөлдсөн. “Чамлахаар чанга атга” гэгчээр наадам өндөр хэмжээнд болж хүн бүрийн онгод буцалж, жавхаа гялалзсан, сэтгэлийн нар төөнөж, баярын магнай тэнийсэн үл мартагдах уран бүтээлийн сайхан цэнгүүн болсон.
 
“Академи авардс-15” амжилттай болсон ч наадамд оролцсон кинонуудыг харахад Монгол киноны онцлог шинж, үндэсний хэлбэр, уран сайхны өвөрмөц шийдэл алдагдсан байна. Киноны сэдэв өс хонзон, дээрэм тонуул, мөнгө олох хуйвалдаан, бүтэлгүй хайр, гэр бүлийн хүчирхийлэл, золгүй явдалтай сэдвүүд зонхилж, кино болгонд зодоон, машины осол, сэтгэлийн зовлон, гунирхал давамгайлж байлаа. Жинхэнэ монгол амьдралыг харуулж, нийгэмд тулгарч байгаа олон асуудлын талаар хөндсөн кино байсангүй. 
 
Ер нь манай залуу уран бүтээлчид гадаадын киноноос сэдэвлэж, дууриаж хийхээс монгол хөрсөнд юу болж буйг сонирхохгүй байгаа нь харамсалтай. Жишээ нь, хүн төрөлхтний түгээмэл сэдвийн нэг хайр сэтгэлийг тунгааж бодож, монголчууд хайрыг хэрхэн үнэлж байв, бусад үндэстнээс хайр сэтгэлд хандах хандлага ялгаатай юу, одоо нийгэмд уламжлалт хайр сэтгэлийн давуу талыг яаж харуулах нь зөв болох уу гэж бодмоор.
 
Гэтэл хамгийн хялбараар “хайртай” гэж шууд хэлээд л озолзох юм. Энэ ёс хаана давамгайлдаг билээ гээд бодох зүйл их байна. Уран бүтээлчид зөвхөн ашигтай ажиллаж мөнгө олохыг урьтал болгож, олон түмний хүсэл эрмэлзэл, тэдний нийгэмд харьцах харьцаа, аз жаргалтай амьдрахад юу чухал болохыг ухааруулж, үндэстний тусгаар тогтнол, эх оронч ухагдахууныг суулгаж өгөх хүндтэй үүргийг биелүүлэх талаар даанч бодохгүй болсон нь монголчуудад аюул нөмрөх нөхцлийг бүрэлдүүлж байна гэсэн үг.
 
Кино зохиолын хэлэх санаа ядуугаас гадна зохиолчийн хүслээр үйл явдлыг өөрчилж, цаг хугацааг дур зоргоороо шийдэж байгаа нь үлгэрийн юм шиг сэтгэгдэл төрүүлж, итгэл үнэмшлийг алдагдуулж байна. Осолд орсон хүн гэнэт эрүүл саруул болох, хүн хутгалж алчихаад ямар ч шалтгаангүй өршөөгдөж шоронгоос гарах, үхтлээ зодуулчихаад нүд хөхөрч, хацар шалбарсан төдий байх зэрэг дур зоргын үйл явдал зөндөө.
 
Кино болгонд тодорхой шалтгаангүй архи уух, тамхи татах, цус нөжөө асгартал зодоон хийх нь шилжилтийн насньг залууст муугаар нөлөөлж, киноны дүрийг дууриаж, амьдралд хэрэгжүүлэхийг шохоорход хүргэж байна.
 
Уран бүтээлийн амин сүнсийг атгаж буй найруулагчид ард түмний зүрх сэтгэлийг чагнаж, амьдралыг олон талаас тунгаан бодож, харь орны бүтээлийг шууд дууриалгүй, монголын өвөрмөц соёлд нийцүүлж шинэ хэлбэрийн, шинэ агуулгын, үндэсний онцлог шинжтэй, уран сайхны шинэ чиг зорилготой эрэл хайгуул хийх цаг болсон нь “Академи авардс-15” кино наадмаас харагдсан. Залуу уран бүтээлчид маань голдуу хотод төрж өссөн, эрх танхим орчин нөхцөлд хүмүүжсэн, орчин үеийн техникийн хөгжлийг дагаж, харь орны хэвшилд хэтэрхий автсан учраас үндэсний ёс заншил, уламжлалт соёлыг мэдэхгүй монголоо алдаж байгаа нь харагдсан.
 
Нэг жишээ хэлэхэд монгол хүний ихэд цээрэлдэг гэрийн хоёр баганын дундуур аягатай цай өгч чөлөөтэй явах, дээлээ элгэн дээгүүр бүсэлсэн байхыг хараад харамсал төрж байсан. Кинонд ялихгүй зүйл, бодоогүй юм гэж байх ёсгүй гэдгийг санаж няхуур нямбай бодож ажиллах нь чухал. Зураг авах газрыг үйл явдалтай зохицуулж утга агуулгын илэрхийлэл болгож сонгох учиртай байтал, сонин чамин харагдах талаас бодож цаад учир утгыг бодохгүй сонгосноос гадаад хэл үсгээр бичсэн хаяг рекламаар дүүрсэн, орчин үеийн хэлбэр загвартай барилгууд сүндэрлэж, монголд болж буй үйл явдал гэж танигдахгүй.
 
Ер нь монголын өвөрмөц уран барилгын хэлбэртэй байгууламж тун ховордлоо. Энэ талаар бодохгүй бол Улаанбаатар хотын онцлог шинж алдагдсан шүү дээ. Киноны дүрийн хувцсан дээр хүртэл гадаадын янз бүрийн зураг, бичиг байгааг анзаарах хэрэгтэй. Нэг эмэгтэйн өмссөн цамцан дээр “seks” гэсэн бичигтэй байх нь дүрийг тодруулах гэсэн юм уу гэж бодохоор тийм биш юм аа. Сэтгэлтэй залуудаа үнэн хайртай, даруухан эмэгтэйн дүр байх жишээтэй. Иймэрхүү уран бүтээлдээ хайнга хандсан, лавлаж сайн бодоогүй зүйл их байна. 
 
Кинонд дандаа гоё дэгжин хувцстай, дээдсийн тансаг тавилгатай, хамгийн чинээлэг орон байртай, баян амьдралтай хүмүүсийг харуулсан байх юм. Монголчуудын бодит амьдрал ямар байгаа билээ. Тэдний бодит амьдралын олон ээдрээтэй асуудлыг харуулахгүй байгаагийн учир юу вэ?
 
Уран бүтээлчид цөм сайхан амьдралтай болчихоод ард олны амьдралыг өөрсдийн зиндаанд бодож ойлгоод байгаа бол амьдрал судалж бүтээл хийх болжээ. Жирийн хүмүүс, ажилчин, малчин залуусын амьдралыг харуулсан кино нүдний гэм болсон. Үүнээс үүдэж бодит амьдралтай, бодит дүртэй, монголын нийгмийг харуулсан кино ховор, үзэгчдийн түр зуурын сонирхлыг татах хийсвэр сэтгэлгээний кино хийх болсноос үзэгчид кинонд итгэлгүй болж цаг нөгцөөхийн тулд арга буюу үзэж байгаа хүмүүс бий.
 
Кинонд монгол хүн гэж танигдах дүр цөөхөн болжээ. Нүүр царай, төрх байдал, ааш зан жүжиглэх хэлбэр өөр хоорондоо төстэй ялгаж салгахааргүй адил болсон санагдлаа. Нүүр хувиргагч бол дүрийн гаднах төрх байдлыг тодруулах уран бүтээлч. Нүүр хувиргагч, дүрд нь тохируулж үс гэзэг, сахал самбайг янзлах гэхээр муухай гээд зарим жүжигчид зөвшөөрдөггүй гэнэ. Тэд өөрсдөө гоо сайханд орж янзлуулаад ирдэг.
 
Нүүр хувиргагч зарим үед жүжигчний саналыг дагаж, орчин үеийн гоо сайхны хэлбэр маягт оруулж, үс гэзэг, нүд сормуусын засал хийж, солонгосын киноны дүрүүдтэй яг адил болгох болжээ. Хамгийн хачирхалтай нь монгол жүжигчдийн ялангуяа эмэгтэй жүжигчдийн үйл хөдлөл, ааш зан гадаад киноны дууриамал хуулбар болж байна. Залуу жүжигчдийн тоглолтод баярлахдаа дэвхцэж цовхчиж орилох, мөр мөр лүүгээ алгадах, алга алгаа хавсаргах, уурлаж гомдохдоо барьсан юмаа чулуудах, хацрыг нь алгадах, эрчүүд нь шууд гар зөрүүлж, зодооны гайхамшгийг харуулах зэрэг үйл хөдлөл хийх нь нийтлэг шинжтэй.
 
“Академи авардс-15” кино наадмаас ажиглагдсан нэг зүйл бол зураачгүй кино нэлээд харагдаж байна. Ер нь киноны үйл явдал, бодит байр байшин, баар ресторанд болж, тайз барьж мөнгө зарахаас зайлсхийдэг болсонтой холбоотойгоор кино зураач хэрэггүй гэж үздэг болжээ. Гэхдээ кино зураач план бүрийн зохиомжийг урьдчилан бодож зураглал хийх /раскадровка/ нэгж зургийн /кадр/ тэнцвэртэй байдал, алслал гаргах, зохиомол байршил нөхцлийг бүрдүүлэх, дүрийн хувцаслалт, нүүр хувиргалтын шийдэлд гол үүргийг гүйцэтгэх учиртай.
 
Сайн зураачтай ажиллах нь дүрийн төрх байдлыг тодотгох, цаг үеийг тодорхойлох, дүрсний уран сайхны шийдлийг оновчтой шийдвэрлэхэд хамгийн чухал үүрэгтэй гэдгийг бодох хэрэгтэй. Кино наадамд ирсэн бүтээлээс харахад зураглаачийн ажил харьцангуй сайн байсан. Зураглаачийн техник ажиллагаа, гэрэл сүүдрийн зураглал, зохиомж, уран сайхны шийдэл, шинэ эрэл хайгуул, бүтээлч эрмэлзлэлииг илэрхийлсэнд байв.
 
Гэхдээ зарим нэг зураглаач зөвхөн өөрийн ур чадварыг гаргаж, гайхуулах гэсэн тоглолт ажиглагдаж байлаа. Камерын өвөрмөц сонин хөдөлгөөн, гэрлийн сайхан зураглал, содон зохиомжоор харуулахыг урьтал болгож, киноны үйл явдлын утга санааг тодруулах, зурагалачийн техник дүрслэлээр илэрхийлэх шинэ арга сэдэх, жүжигчний дотоод сэтгэлийг камерын хөдөлгөөн, гэрэл сүүдэр, зохиомжоор тодорхойлох ухаалаг шийдэл гаргах талаар цаашид улам сайн ажилламаар санагдсан.
 
Мөн хөгжимгүйгээр киног төсөөлөхөд хэцүү. Киноны үйл явдал, агуулгын драмыг гаргах, айзам оруулах, жүжигчний дотоод сэтгэлийн бодрол, зөрчлийг илэрхийлэх, дүрсийг амьдруулахад хөгжмийн өгүүлэмж ая чухал ач холбогдолтой. Кинонд голдуу цөөхүүл эсвэл цахим даралт хөгжим ашиглах болжээ. Бодит найрал хөгжмийн тоглолт нь киноны агуулгыг илэрхийлэх өргөн цар хүрээтэй, хөгжмийн зохиолчийн ур чадварыг шалгах шалгуур болдог.
 
Зарим хөгжмийн зохиолчид зөвхөн дүрсний айзам гаргах төдий чимэглэл хэлбэртэй хандаж хялбарчилж байна. Зохиолын утгыг тодруулах, нэвтрэн гарах аягүй, үйл явдлын хэсэг бүрт тааруулж чимээ хөгжим маягтай ноотгүй бичсэн нь ажиглагдаж байсан. Тайз засаж зураг авахгүй, бодит байгууламжинд зураг авахыг чухалчилж, цахилгаан даралтад хөгжмөөр бичих болсон шалтгаан нь хөрөнгө мөнгө хангалтгүй байгаатай холбоотой.
 
Сайн кино бүтээхэд хангалттай хөрөнгө байх ёстой гэдэгт анхаарч соёлын бүтээл үйлдвэрлэж байгаа талаас төр хууль тогтоомж гаргаж зохицуулалт хийх цаг болсон. “Академи авардс-15” кино наадмаас “Аав” уран сайхны кино шилдгийн шилдэг болж найруулагч Г.Эрдэнэбилэг, зураглаач О.Базаррагчаа голд дүрд тоглосон жүжигчин Ц.Цэрэнболд, зохиолыг бичсэн М.Энхдалай шилдэг уран бүтээлчээр тодорсон.
 
“Аав” кинонд эцэг хүний үүрэг хариуцлага, амьдралын бодит асуудлыг хөндөж үзэгчдийг ухааруулах эерэг санааг агуулж, уран сайхны шийдлийг төвлөрүүлж чадсан нь уран бүтээлчдийн амжилт байсан. Кино наадмын талаар цаашид юунд анхаарах тухай санал хэлэхэд, дараа жилийн “Академи авардс-16” кино наадам болох тухай сурталчилгааг олон сарын өмнөөс хийж, түрүүчийн кино наадамд шилдгээр шалгарсан уран бүтээлчидтэй уулзалт зохиох, наадамд зориулсан бага хурал хийж ололт амжилт алдаа дутагдлын тухай дүн шинжилгээ гаргах, шилдгийн шилдэг бүтээл болон оролцсон киногоор эмхэтгэл хийх, шилдгээр тодорсон уран бүтээлчдэд мөнгөн шагналтай болгох кино наадамд өрсөлдсөн шилдэг киног кинотеатрт дахин гаргаж, үзэгчдэд үзүүлж шүүгчид зөв шүүж тунгаасан эсэхийг ил тод хэлэлцэх гээд олон ажил зохиомоор байна.
 
Үндэсний сэтгэлгээнд тохирсон кино бүтээлийг дэмжих бодлогыг баримтлах монголын тусгаар тогтнолыг баталгаажуулахын тулд харь орны ёс зүйд харш этгээд гайхшралын кино болон дээрмийн бүлэглэлийн тэмцэл, цус нөж нялагдсан зодоон, янаглал, хүчирхийллийг улаан цайн харуулсан киног дэлгэцэнд гаргахыг хориглож, хяналт тогтоох цаг болжээ.
 
Ардчиллыг эрхэмлэдэг улс орнууд хүртэл үзэл бодол, хүмүүжилд харш Америкийн киног дэлгэцэнд гаргахыг хориглосон байдаг учир утгыг бодож тодорхой арга хэмжээ авах ёстой.
 
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн санаачилсан “Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль”-ийн төслийг санаачилж, кино театр, үзвэрийн цэгүүдээр сар тутам түгээх, кинонд үндэсний киноны эзлэх хувь 40-өөс доошгүй байна. Радио телевизийн нэвтрүүлэгт уран сайхны болон олон ангит киноны 50-иас доошгүй нь үндэсний кино байна” гэсэн заалт оруулж батлуулсан нь Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангаж, үндэсний соёл заншлыг танин мэдэх чухал ач холбогдолтой боловч монголын хууль гурав хоног гэгчээр биелэлт нь харагдахгүй л байна.
 
Кино уран бүтээлчдийн зорилго бол кино хууль, төрийн бодлоготой болж, өнөөдрийн нийгмийн амьдралд оршиж буй хүндрэл бэрхшээл, ард олны бор амьдралыг бодит үнэнээр харуулж, тэдний хайр сэтгэл, зовлон жаргалыг олон янзын өнцгөөр үзүүлмээр санагдах юм.
 
Нэг хэв загварын гоё тансаг амьдралд умбаж, сэтгэлийн зовлонг осол гэмтлээр хаацайлж учир утгын уялдаа холбоогүй чөлөөт сэтгэгдлээр зохиомол амьдралаар тоглож наргихаа больж, бодсоноо хэлэх шиг хэлж, туурвих шиг туурвиж монгол уран бүтээлчдийн авъяас ухаан ямар байгааг харуулахын төлөө сэтгэл гаргаж, оюунаа шавхах цаг болжээ.
 
Уран бүтээлчид өнгөрсөн түүх, өнөөгийн амьдралаар ирээдүйг харах цонх нээж оюун ухааныг хөгжүүлэх бүтээл туурвих бүх боломжийг ашиглах нь зөв хэмээн бодож сууна даа.
 
Сайн үйлс дэлгэрэн цэцэглэх болтугай.
 
УГЗ, Кино найруулагч Х.Дамдин