sonin.mn
Монгол Улсын Ерөнхий сайд асан Ш.Гунгаадоржтой ярилцлаа. 
 
-Та сайхан зусч байна уу? 
 
-Сайхан зусч байна. 
 
-Та их завгүй байдаг юм байна. Ямар ажил хийж байна вэ? 
 
-Өөрөө өөртөө л ажиллаж байна гэх үү дээ. Хүмүүст зөвлөнө, энд тэндээс зөвлөгөө авна. Засгийн газар, Хөдөлмөрийн яаманд нэг өрөө гаргаж өгсөн. Тэнд сууна, ажил мундахгүй юм аа. 
 
-Энэ зун зарим нутгаар гантай байна. Гантай жилийн өвөл зуд болдог, ялангуяа ирэх жил бичин жилийн зуд болно гэж хэн хүнгүй ярих болло. Таныг газар тариалан, мал аж ахуйн салбарын “нэвтэрхий толь” гэхэд буруудахгүй. Тиймээс ган, зудаас хохирол багатай гарахын тулд ямар арга хэмжээ авах ёстой талаар ярилцах гэсэн юм. 
 
-Ер нь 2014-2015 он их сонин жил болж байна. Өвөл дулаан, хавар тохьгүй, ихэнх аймагт зун нь гангийн байдалтай байлаа. Ирэх өвөл хатуухан болно гэдэг дохиог зургадугаар сараас өгөөд эхэлчихсэн. Хөдөө аж ахуй гэдэг хэдэн малчин, газар тариаланчдын асуудал биш. Байгалийн бэрхшээлтэй ийм үед төр засаг нь шийдэмгий арга хэмжээг цаг алдалгүй яаралтай авч, хэрэгжүүлэх шаардлагатай. Гэтэл цаг их алдаж байна. Улс орны эдийн засаг ямар байгаа билээ. Эдийн засагт гол нөлөө үзүүлдэг хөдөө аж ахуйн салбар ган зудын байдалд орох нөхцөл бүрдлээ. Үүнд хот, хөдөө гэлтгүй анхаарах ёстой. Хадлан, тариа авдаг гол бүс нутгаар гантай байлаа. Наадмаас хойш бороо орж байгаа боловч ган одоо ч сайн тайлагдаагүй байна. Орон нутгийн тал хувь нь ганд нэрвэгдэнэ гэдэг өвөл хүнд болно гэдгийг хэлж байгаа юм. Бичин жилтэй, жилгүй ийм нөхцөлд ган, зуд болдог. Гэхдээ энэ жил бичин жилийн зудын давтамж таарч байна. Ийм үед бэлтгэл, зохион байгуулалттай арга хэмжээг яаралтай авч байж хохирол бага амсана. 
 
-Ямар бэлтгэл, зохион байгуулалттай арга хэмжээ авах хэрэгтэй вэ? 
 
-Энэ намар ургац муу ургах нь тодорхой болчихлоо. Зарим газар наадмын дараа бороо орж, ган тайлагдлаа гэхэд амьсгаа авч байх шиг байна. Ингэж болохгүй. Ган тайлагдлаа гэдэг байгалийн ногоо сэргэж, ургана. Тариа бол өөр. Тариа ургах хөгжлийн тодорхой үе шаттай. Гол хөгжил нь гангийн үед таарсан учраас нэг үрээс гурав дөрвөн иш гарч ургадаг цаг нь өнгөрчихсөн гэсэн үг. Одоо их сайндаа ганц иш, хэдэн толгойтой тариа гарвал гарна. Тэгэхээр энэ жилийн тарианд найдаж болохгүй гэдэг нь баталгаатай болчихсон. 
 
-Ургац авахгүй гэсэн үг үү? 
 
-Ургац муу авна. Санасан хэмжээнд хүртэл авч чадахгүй Төлөвлөсөн ургацын 50 хувийг авч чадах болов уу, яах бол Гэхдээ одоо маш яаралтай судалгаа хийх хэрэгтэй байна Гангийн байдлыг тодорхойлж тарианы ургалт ямар байгааг судлах хэрэгтэй. Наймдугаар сар гарах гэж байгаа энэ үед тарианы “зураг” ерөнхийдөө гарчихсан байгаа. Тэгэхээр энэ жил ямар хэмжээний ургац авах нь тодорхой болсон. Засгийн газар орон нутагтай хамтраад энэ судалгааг хийгээд цаашдаа ямар арга хэмжээ авахаа төлөвлөх хэрэгтэй. Дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах хэмжээний ургац гарахгүй. Тэгэхээр хэдэн хувийг нь гаднаас авах юм, тэр болгоныг урьдчилан тооцоолж болно.
 
-Намар ургацаа хураасны дараа биш, өнөөдөр тарианыхаа болцыг тодорхойлж авах ургацын хэмжээгээ мэдээд урьдчилж төлөвлөгөө боловсруулах ёстой гэж та хэлж байна уу? 
 
-Тийм. Гурилын хэрэгцээний хэчнээн хувийг өөрсдөө хангаж чадах вэ. Хэдийг нь гаднаас зөөхийг тодорхой болгох хэрэгтэй. ОХУ, Казахстанаас гурил авах байх. Казахстанд ургац гайгүй байгаа гэсэн. ОХУ-ын наад талын нутгуудад байдал сайнгүй байгаа гэнэ лээ. Тэгэхээр хаанаас авах, тариагаар нь авах уу. Гурил авах уу гэдгийг ч тодорхойлох хэрэгтэй. Гурилаас гадна үрийн асуудал байна. Ирэх хавар тариагаа тарьж л таарна. Тэгэхээр үр, малын тэжээлээ яахыг одоо тооцоолчихсон байх ёстой. Одоо аймаг, сумын дарга нарт үүрэг, даалгавар өгчихөөд суугаад байх нөхцөл байдал биш. Энэ жил онцгой жил боллоо гэдгийг харж, анхаарах ёстой. Цаг алдаж байна гэдгийг би дахин дахин хэлье. Найр наадам хэсээд тариа, будаа, өвлийн талаар бодох сэхээгүй явах шиг байна. Засгийн газраас эхлээд аймаг, сумын дарга нар өнөөдөр амарч суух цаг биш. Бүгд ажилдаа орох хэрэгтэй. Зохион байгуулалтад орох ёстой. Миний бодлоор Засгийн газар ойрын үед өөрсдөө газар дээр нь очиж үзээд, аймгийн дарга нартайгаа өртгөтгөсөн хуралдаан хийж нөхцөл байдлаа дүгнэж, төлөвлөгөөний дагуу үүрэг чиглэл өгөх хэрэгтэй. Засгийн газар нэгдсэн удирдлагаар хангаж, ард түмэндээ ч нөхцөл байдлыг дуулгах ёстой. Гэтэл Засгийн газар, аймаг орон нутаг их ажин түжин байх шиг байна Бас нэг анхаарах юм байна. Гантай жилийн тарианы онцлог байдаг юм. Наймдугаар сард бороо орж, тариа ургалаа гэхэд одоо ургасан доороос нь подгон гэж ногоон тариа ургадаг. Тэр ногоон тариаг малын тэжээлд л ашиглахаас гурил болохгүй. Тэгэхээр тэр ногоон тариаг хураана гэдгийг одооноос тооцоолж, боож пресслэхээс эхлээд машин техникээ бэлтгэх хэрэгтэй. Ер нь их л назгай байна даа. Хадлан тэжээлийн асуудал байна. Одоо ургах ногоо мал идэж тарга хүч авах хэмжээний байхаас, хадлан авахад даацтай нэмэр болохгүй. Тэгэхээр хадлангаа яах вэ. Тиймээс улсын хэмжээнд байгаа тэжээлийн үйлдвэрүүдийг түүхий эдээр хангах, тэжээл бэлтгэхэд анхаармаар байна. Малчид ч говь, хээр тал гэлтгүй хонхор, хотгор газрын өвсийг түүх хэрэгтэй. Ийм үед гар тэжээл маш чухал. Говьд хадлан байхгүй гээд сууж болохгүй. Ёстой л хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхөж байж байгалийн бэрхшээлийг хохирол багатай давах цаг ирлээ гэж бодоод байна. 50-60 сая малтай боллоо гэж хөөрцөглөж болохгүй нэг зуданд л хиарчихна. Тиймээс намар цагийн гайгүй дээр мал сүргийнхээ чанарт анхаарч, тоо толгойг нь багасгахад буруудахгүй.Тэгээд үлдсэн малаа тэжээх хадлан, тэжээлээ базаах хэрэгтэй. 
 
-Малтай газрынхан л гэхээс хотын бид яах вэ гэж суурин газрынхан бодож байх шиг байна. Зуд хотынхонд ч нөлөөлөх байх, тийм үү? 
 
-Хотынхны иддэг гурил, мах, ногоо хөдөө аж ахуйгаас л гарна шүү дээ. Будаа тариа ургахгүй, мах, төмс ногоо бүгд хомс болно гэсэн үг. Тэгэхээр хотынхон ч өвлийн бэлтгэлээ хангах хэрэгтэй. Хөдөөд аюул боллоо гэхэд бид яах вэ гэдэг бэлтгэл хүн бүрт байх хэрэгтэй. Биднийг хүнсээр хангадаг хөдөөд байгалийн аюул тулгарахад бид яаж туслах вэ гэдгийг нийслэлийн удирдлагаас эхлээд иргэн бүр бодож байх л ёстой. 
 
-Хөдөө аж ахуйн бирж энэ үед яаж ажиллах хэрэгтэй гэж та үзэж байна вэ? 
 
-Хэвийн үед будаа, тариаг Хөдөө аж, ахуйн биржээр дамжуулж байгааг би зөв гэж боддог. Гэхдээ энэ жил шиг ургац муу нөхцөлд бирж яах вэ гэж үйл ажиллагаагаа зохицуулах л хэрэгтэй. Бирж байгуулаад хоёр жил болж байгаа учраас ийм нөхцөлтэй тулгараагүй. Тэгэхээр хаа, хаанаа бодох ёстой. 
 
-Өмнө нь тохиолдож байсан зуднаар хэр хохирол амсч байсан юм бол 
 
-1944 оноос эхлээд 12-13 жилийн давтамжтай зуд болж байсан. 1944 оных асар их хохирол амссан, бараг зургаан сая малаа алдсан байх. 1956- 1957 оны зудад гайгүй. 1967- 1968 онд бас их хохирол амссан. Үүнээс сургамж авч малын тэжээл, улсын нөөц бэлтгэдэг болж 1986-1987 оны зудыг бэлтгэл сайтай байсны хүчинд хохирол багатай давж байсан. Улсаас жил бүр зохион байгуулалтын арга хэмжээ авч, малын тэжээл хангалттай бэлтгэдэг байсан учраас барагтай зудыг давдаг болсон. Одоо тийм бааз суурь алга. 1960 аад оных шиг зуд болоход шууд л гараа өргөх” байх. 
 
-Манайхны ой санамж богино юм уу. Сүүлийн жилүүдэд байгаль дэлхий сайхан байлаа. Ургацын хувьд дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангаад бараг гадагшаа гаргадаг боллоо. Дандаа ийм байх юм шиг зуд гэдгийг бараг мартсан байна? 
 
-Ой санамж богино, их мартамхай байна. Сүүлийн долоо, найман жил ган, зуд бараг болсонгүй. Гэхдээ ингэхгүй шүү ган зуд болдгоороо болно гэж анхааруулж байна. Манайхан яг цагийг нь тулгаад яах ийхийг бодох юм. Энэ буруу. Улс малын тэжээлийн нөөцийг зудтай, зудгүй бэлтгэж байх ёстой. Өмнө нь улсын нөөц гэж агуулах дүүрсэн байдаг байлаа. Одоо нөөц ч тэжээлийн үйлдвэр ч алга Өнгөрсөн борооны араас цув нөмөрнө гэдэг шиг их хэмжээний хохирол үзэж байж ухаарах юм уу, бүү мэд. Зах зээлийн нийгэмд орон нутаг, малчид юмаа мэд гэдэг агуулгаар энэ жил хандаж болохооргүй байна. Дээр дооргүй зохион байгуулалтад орж, улсын Төв комисс ажиллах уу, Шадар сайд У.Хүрэлсүхийн удирддаг комиссоо өргөтгөөд ажиллуулах юм уу. Бэрхшээл тулсан үед яах, угтаж юу хийх талаар аж ахуй, зохион байгуулалтын арга хэмжээ авах хэрэгтэй. Засгийн газар “Бид яах вэ, хэрэгтэй бол мөнгө төгрөг байгаагаа өгье” гээд сууж болохгүй. Ерөнхийлөгч УИХ-аас эхлээд нүүрлээд байгаа аюулаас яах хохирол багатай гарах вэ гэдгийг бодох хэрэгтэй Хохирол үзнэ, энэ нь зайлшгүй Гэхдээ өөрсдөөсөө шалтгаалах зүйлийг бүгдийг хийчихээд хохирол бага амсахаар ажиллах хэрэгтэй. Өнөөдөр ийм хэмжээнд зохион байгуулаагүй, их тайван назгай байна. 
 
-Та Хөдөө аж ахуйн сайд байхдаа ингэж ажилладаг байсан уу? 
 
-Тэгэлгүй яах вэ. Тэр үед систем ч өөр байлаа. Гэхдээ систем энд хамаагүй. Хүн амьдрах хэрэгтэй, амьдралын гол эх сурвалж газар тариалан, мал аж ахуйгаа хамгаалах ёстой. Ган, зуд гэдэг тайван цагийн “дайн” гэсэн үг. Ийм дайнд хөдөөгийнхөн байлд гэж хэлчихээд Засаг нь суугаад байж таарахгүй. Зэрэг л орох хэрэгтэй. Гэхдээ удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг сайн хэрэгжүүлэх ёстой. 
 
-Малын махаа их хэмжээгээр экспортолж, гурил будаагаа авч болох юм. Тийм үү? 
 
-Махаа борлуулж, дутах гурилаа авах хэрэгтэй. Улс орон мөнгөгүй, их хэмжээний хохирлыг даах чадвар эдийн засагт алга. Тэгэхээр өндөр зохион байгуулалт, хариуцлага гэж юу байдгийг үзүүлэх хэрэгтэй. Байгалийн ган зуд гэдэг хүний хариуцлагын шалгуур юм шүү дээ. Хаана хариуцлага, зохион байгуулалт байна тэнд байгалийн аюулыг хохирол багатай давна Байгаль Засаг төр, хүнийг шалгаж байгаа юм. Өнөөдөр дээр дооргүй хариуцлага ярих юм. Хаана байна тэр хариуцлага. 
 
-Муу амлалаа. Хуучны арга барил, хоцрогдсон сэтгэхүйгээр ажиллаж байна гэж “загнуулах” вий дээ, та. 
 
-Ийм үзлийг одоо болих хэрэгтэй. Хуучин арга барилд хоцрогдсон юм бий. Гэхдээ ажлын зохион байгуулалт, тулгарсан бэрхшээлийн өмнө ажиллах, өндөр зохион байгуулалтад орох нь хоцрогдол биш шүү дээ. Ган гурав дөрвөн сар үргэлжилдэг бол зуд бараг аравдугаар сараас тавдугаар сар хүртэл үргэлжилнэ. Ийм урт хугацааг зохион байгуулалт хариуцлагын хүчээр давна. Шаардлага хариуцлага гэхээр захиргаадалтын хуучин арга гэх хандлагатай. Энэ нь үнэндээ залхуу хүний бодол, үг юм
 
...Хуучин арга барилд хоцрогдсон юм бий. Гэхдээ ажлын зохион байгуулалт, тулгарсан бэрхшээлийн өмнө ажиллах, өндөр зохион байгуулалтад орох нь хоцрогдол биш шүү дээ. Ган гурав дөрвөн сар үргэлжилдэг бол зуд бараг аравдугаар сараас тавдугаар сар хүртэл үргэлжилнэ. Ийм урт хугацааг зохион байгуулалт, хариуцлагын хүчээр давна. Шаардлага хариуцлага гэхээр захиргаадалтын хуучин арга гэх хандлагатай. Энэ нь үнэндээ залхуу хүний бодол, үг юм... 
 
М.Алтанцэцэг
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин