sonin.mn
Зуны адаг сарын шинийн 9-ний өдөр буюу өнгөрсөн бямба гаригийн билэгт сайн өдөр Дашчойлин хийдэд цам гаргах ёслол боллоо. Үүнийг манайхан цам харайх бүжиг ч гэж нэрлэдэг. Зуны сүүл сарын 6-наас Чахар цамын хурал ном өргөн дэлгэр хурж, 9-ний өдөр нь Хүрээ цам гарах энэ зан үйл 1800-аад оны эхнээс манай оронд нэвтэрчээ. 
 
Анх шашны тэргүүн, оройн дээд Богд хааныхаа лагшин тунгалаг, ухаан саруул байхын өлзий дэмбэрлийг бэлгэдэж, хүрээ хийдийн зон олон эвтэй найртай, эрүүл энх суухын ерөөлийг дэвшүүлж, цам гарах зан үйлийг хийдэг байж. Энэ нь даншиг наадмын дараа буюу олон аймгийн эрхтэн дархтнууд Богд хаанд татвар барьсантай зэрэгцүүлэн үйлддэг томоохон зан үйл байсан гэнэ. 
 
1930-аад оны үеийн их хэлмэгдүүлэлтийн цагаар дээрх зан үйлийг зогсоож, хүрээ хийд ч хаалгаа барьсан билээ. Харин ардчиллын салхи сэвэлзсэн 1990-ээд оны эхэн үед “Монгол цам” хэмээх баримтат киног хийснээр тухайн үед амьд сэрүүн байсан олон лам хувраг хүрээ цамын талаар бат ноттой баримт материалыг өвлүүлэн үлдээж, зарим нь гар бие оролцсоноор Хүрээ цам дахин сэргэх нөхцөл бүрджээ. 
 
Улмаар 2003 онд Дашчойлин хийдэд анх удаа Хүрээ цам гарсан байна. Энэ хийд нь нийслэл хүрээний шашин номын гол төв нь байсан бөгөөд Энэтхэгийн их лам Бакула ренбүүчи Зүүн хүрээг Дашчойлин хэмээн нэрийдэж, 1990 онд бид сэргээн засварлаж нээсэн гэж тус хүрээний тамгын лам Ц.Алтанхүү тайлбарлаж байлаа.
 
Цам гаргах ёслол нь өдгөө Энэтхэг, Бутан, Түвд, Балба зэрэг бурхан шашинтай оронд өргөн хүрээтэй болдог боловч өөр өөрийн онцлог, дэг жаягтай байдаг аж. Манай улсын хувьд одоогоор Амарбаясгалант, Дашчойлин хийдэд л цам гарах ёслолыг үйлддэг бөгөөд эдгээр нь хоорондоо бас ялгаатай байдаг тухай Ц.Алтанхүү лам ярьж байлаа. 
 
Ерөнхийдөө цам гарах зан үйл нь эх болсон хамаг амьтны тусын тулд, байгаль дэлхийн амар амгалан, дайн дажингүй байж хүний гурван муу хор буюу уур, мунхаг, шуналыг дарахын төлөө хийдэг ёслол юм.
 
Дашчойлин хийдээс зохион байгуулсан энэ жилийн цам гарах ёслолд өмнөх жилүүдийг бодвол нэлээд сайн бэлтгэсэн нь орчин тойрны байдлаас илт мэдэгдэж байлаа. Юуны өмнө хүрээ хийдийн хашаан доторх талбайг нэлэнхүйд нь бетон тоосгоор шахаж, ойр орчмыг моджуулж цэцэрлэгжүүлсэн нь нэн таатай байв. 
 
Мөн Хүрээ цам үзэхээр ирсэн хүмүүст зориулж өндөрлөгөөтэй 5-6 эгнээ суудал зассан нь сүсэгтэн олны талархлыг хүлээж байсан юм. “Олон түмний буян байна даа. Энэ зэргийн юм хийлгүй яахав” гэж Зүүн хүрээ Дашчойлин хийдийн тэргүүн хамба лам Ч.Дамбажав гуай даруухан өгүүлнэ билээ. 
 
Морин цаг өнгөрч, үдийн нар төөнөвч хааяахан үүлний цаагуур орж, зөөлөн салхи сэвэлзэх нь Хүрээ цам үзэж сонирхохын хамт сэтгэлээ ариусгахаар цугласан олонд тааламжтай сайхан байгаа нь илт.
 
Цам харайх ёслолын өмнө хоёр лам гарч ирж, ариун уст бумбаар цам гарах талбайг ариусгадаг бөгөөд энэ нь үзсэн бүхний сэтгэл ариусч, нэгэн насны буян
заяаг дээшлүүлэхийн эхлэл болдог гэнэ. Түүний дараа нийслэлийг тойрсон дөрвөн уулын сахиус, лус савдгууд болон дөрвөн зүг найман зовхисыг хамгаалан сахигч туг хийморийг залах нь иргэдийнхээ амгалан тайван байдлыг хадгалахын бэлгэдэл болдог аж. 
 
Тэдгээрийн араас Хүрээ цамын гол цөм болох 21 шанага, Чойжоо, Гомбо, Лхам, Намсрай, Жамсрай зэрэг бурхад гарч, биеийг гайхуулах, толгойгоо сэгсрэх, ийш тийш эргүүлэх, харайж цовхчих, дэвслэх, хэмнэлтэйгээр алхах зэрэг нь өөрийн өвөрмөц онцлогтой. Энэ нь хөдөлгөөний эрч хүчээр инээж баясах, хилэгнэж догшрох, авран нигүүлсэх, даран тонилгох гэх мэтийн сэтгэл хөдлөлийн илэрхийлэл болох бөгөөд үүн дээр тус тусын баг, өмсгөл зүүлт нь сүр хүчийг үзүүлэхийн сацуу улам сонирхолтой харагдуулах юм. 
 
Тэдний дотроос хурсан олны хайр хүндэтгэлийг хүлээсэн нь Цагаан өвгөн байлаа. Тэрбээр эерэг сайхан уур амьсгал бий болгож, Энх-Амгалан хааны эрх таван жаалтай эрхлэн наадаж, олон түмэнд өөрийн хишгийг тарааснаар урт насалж, удаан жаргах бэлгэдлийг түмэнд хүргэж байсан юм. 
 
Тэдний дотор Хүрээ цам гарах ёслолыг гадаадын жуулчид ихээр сонирхон үзэж байлаа. ОХУ-ын Буриад улсаас ирсэн жуулчин бүсгүй Цэрмаева, манайд буддын сүм хийд цөөнгүй байдаг ч энэ цам гарах ёслол шиг зан үйлийг хийдэггүй. Надад маш сонирхолтой сайхан байлаа. Ялангуяа урт цагаан сахалтай өвгөн их таалагдсан гэж сэтгэгдлээ хуваалцлаа. 
 
Харин Голландын жуулчин Жаннат Рой анх удаа ийм зан үйлийг нүдээр үзэж, маш олон зураг авснаа аяллынхаа хамгийн том олз гэж бодож байгаагаа нуусангүй.
 
Дашрамд сонирхуулахад, Хүрээ цамыг сэргээж, хувцас хэрэгсэл тэргүүтнийг бүрдүүлэхэд тус хийдийн лам, 108 насны сүүдэр зэрэгцсэн Ц.Дашдорж агсан үнэтэй хувь нэмэр оруулсан гэнэ билээ. Мөн Хүрээ цамд оролцон цам харайх лам нарыг тусгайлан бэлтгэж, 1-2 сар сургуулилт хийлгэдэг бөгөөд “Хээрийн цам” нэртэйгээр олны хөлөөс зайдуу газарт байрлуулдаг юм байна.
 
Ийнхүү бурхад цам харайж дууссаны дараа хамаг муу хор, хорлолыг шингээсэн сорын идээг галд өргөснөөр ёслол өндөрлөсөн. Энэ нь Хүрээ (нийслэл)-ний ард иргэд олноороо өвчин зовлон, хэрүүл тэмцэл, муу хэл амгүйгээр эрүүл энх, эвтэй найртай байхын бэлгэдэл болж байгаа хэрэг юм.
 
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин