sonin.mn
“Оюу толгой” ХХК аюулгүй ажиллагаа, байгаль орчны гүйцэтгэл, татвар төлөлт болон нийгэм, боловсролын чиглэлийн хөрөнгө оруулалт зэрэг ажлын үзүүлэлт бүхий шинэчилсэн тойм мэдээ буюу энэ оны II улирлын тойм мэдээгээ гаргалаа.
 
“Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй “Оюу толгойн сүүлийн тойм мэдээ нь өнгөрсөн хагас жилийн аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэл болон бусад чухал үзүүлэлтүүдийг нэгтгэсэн, өндөр хурдтай өсөн дэвжиж буй дэлхийн хэмжээний Монгол компанийн байр суурийг бататган харуулсан чухал мэдээлэл юм” гэлээ.
 
Тус компани энэ оны хоёрдугаар улиралд аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж, ноцтой осол аюулгүй ажиллан, гэмтэл бэртлийн давтамжийн үзүүлэлтээрээ Рио Тинто компанийн хэмжээнд тэргүүлэгчдийн нэг хэвээр байна.
 
Байгаль орчны гүйцэтгэл тогтвортой үргэлжилж, нэг тонн хүдэр боловсруулахад дунджаар 0.43 шоо метр ус ашигласан нь дэлхийн дундаж буюу нэг тонн хүдэр боловсруулахад 1.2 шоо метр ус ашигладаг үзүүлэлтээс нэлээд доогуур байгаа юм. Үүнээс гадна өнгөрсөн хугацаанд хэрэглэсэн усныхаа 87.5 хувийг дахин ашигласан байна.
 
“Оюу толгой” компани энэ онд 155 сая ам.долларыг татвар, хураамж болон бусад төлбөрт, 150 сая орчим ам.долларыг үндэсний худалдан авалтад, үүний дотор 30 сая ам.долларыг Өмнөговь аймгийн ханган нийлүүлэгчдэд зарцуулаад байна. Мөн 1.5 сая ам.долларыг сургалт, боловсролын хөтөлбөрт, 1.2 сая ам.долларыг Өмнөговь аймгийн тогтвортой хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулжээ.
 
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг