sonin.mn
/Үргэлжлэл/
 
Хувьслын хүчин зүйл 
 
Энэхүү сэдвээр үргэлжлүүлэн бичиж байгаагийн учир шалтгаан нь хүн болоод мичний хоорондын хамаарлын төдий, эсвэл антропологийн шинжлэх ухааны талаар сонирхуулах төдий хэрэг биш билээ. Мичнээс хүн үүсэхэд хүргэсэн хувьслыг бий болгоод байгаа хүчин зүйл, үүнээс салаалаад гарч ирж буй мэдээллийн технологи, сэтгэл зүй, сурган хүмүүжүүлэх ухаан, угсаатны зүй гэх зэрэг нийгмийн шинжлэх ухааны олон салбарын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд  энэ сэдэв хамаатай юм. Нөгөө талаар өнөөг хүртэл явж ирсэн байгаль ертөнцийн юмс үзэгдлийг салангад авч үзэж, салгаж судалдаг өрөөсгөл хандлага, буруу ойлголтыг өөрчлөх шинэ ухагдахуун юм.   
 
Энэ утгаараа өнөөгийн нийгэмд үүсээд байгаа олон асуудлын учрыг тунгаахад ч энэ сэдэв хэрэгтэй юм. 
 
Мэдээж энэ сэдвээрээ өнөөгийн мич хүн болж чадахгүй байгаагийн учир шалтгааныг ч тайлбарлах болно. Гэхдээ тэр бүхнийг тайлбарлахын тулд эхлээд “үйлийн орны” талаархи ойлголтыг мэдэж авах хэрэгтэй юм. Тиймээс нэлээн олон үзэгдэл үйл явцыг, судалгааны олон баримт дүгнэлтийг авч үзэх хэрэгтэй болно. Тэгэхдээ жирийн олон уншигчдад ойлгомжтой байлгахын тулд шинжлэх ухааны мэргэжлийн хүрээний ойлгомжгүй элдэв нэр томъёо аль болох бага хэрэглэхийг хичээнэ гэдгээ амлая. 
 
Эхний хэсгүүдийг уншсан уншигчдын ганц нэг нь “ер нь Дарвины хувьслын онол үгүйсгэгдэж байгаа шүү дээ”, “Одоо бүр гадна байдлаар нь ангилдаг болох нь” гэх мэт эгдүүцлийн үг ч бичсэн байгаа харагдсан.  
 
Хувьслыг үгүйсгэх нь өөрөө их гэнэн ойлголт шүү дээ. Хүн төрөөд насан эцэслэх хүртлээ хувьсан өөрчлөгдсөөр байдгийг бүгд л мэднэ. Үрчгэр өвгөнийг хараад эхээс төрөхдөө ийм  байж дээ гэж бодох хүн байхгүй дээ! Наранд арьс нь түлэгдээд цагаан царайтай бүсгүй бов бор болчих нь бас л хувьсал. 
 
Тэгвэл нохой хувираад хүний дүрсийг олж болно гэж хэлэх гээд байна уу?! гэж асуух нь мэдээж. 
 
Дэлхийд амьдралын үр хөврөл анхны ганц эс бий болж, тэр нь явсаар олон зүйлийн хорхой шавьж, араатан жигүүртэн хүн гэх зэрэг олон дүрс зүйл болж салаалж салбарлан хувирч, өсөж үржиж, зарим нь устаж үгүй болсон нь хувьслын үр дүн гэхээс өөрөөр ойлгох аргагүй. 
 
Хэрэв ертөнцийн эзэн Адам Еваг бүтээсэн юм бол тэр нь хөгширч, хувирч өөрчлөгдөхгүй өнө мөнхөд байсаар л байх байлаа. Хэрэв хөгширдөг, хувирдагаар бүтээсэн юм бол бас л хувьслыг хүлээн зөвшөөрч байгаа, хувьслын эрхшээлд “Ертөнцийн эзэн” ч бууж өгч байгаа хэрэг болно. Аль ч утгаар нь аваад үзсэн хувьслын онолыг үгүйсгэх нь бодол сэтгэхүйг хориглох сэдэл гэдгээс өөрөөр ойлгогдох аргагүй юм. Гэвч мэдээж үүний цаана бүрэн тайлагдаагүй “оньсого” олон.    
 
Тиймээ жижиг хувьсал цаг мөч тутамд явагдаж, янз бүрийн үзэгдэлд илэрч харагдаж байгаа хэр нь дүрсийн хувьсал яагаад харагдахгүй мэдрэгдэхгүй байна вэ?!  
 
Үүнийг тайлбарлахын тулд өмнөх хэсэгт дурдсан “үйлийн орон” гэдэг хүчин зүйл, түүний хууль зүйг ярих хэрэгтэй болно.
 
Үүний тулд эхлээд эргэн тойрныхоо амьд ертөнцийн дүрсийн хэлбэрүүдийг аваад үзье. Жишээ нь аливаа амьтан, шавьж хорхой ч тэгш хэмт бүтэцтэй, өөрөөр хэлбэл хос эрхтэнтэй байгааг та бид төвөггүй харж болно. Байгалиасаа ганц далавчтай заяасан, тэр нь хоёр тийш холбирч годгоноод нисдэг шувуу гэж байхгүй. Эсвэл гурван далавчтай байдаггүй. 
 
Тэрчилэн зөвхөн ганц хөлтэй түүгээрээ дэгдээд байдаг, үгүй бол таван хөлтэй амьтны төрөл зүйл байхгүй. Хос далавчтай, хойд урд мөчүүд нь хосоор байх жишээтэй. Чих, хамар, нүд гэх мэтээр хосоор заяагдсан байдгийг харж болно. Тэгэхдээ тэр хос эрхтнүүд нь хоёулаа баруун юм уу эсвэл хоёулаа зүүн байдаггүй. Баруун зүүн хос байдаг. Энэ ямар хүчин зүйлээр нөхцөлдөн ийм тэгш хэмт бүтэц бий болоод байгаа хэрэг вэ?
 
 Тэгвэл энэ нь ердөө л эргэх хөдөлгөөний тойргийн хоёр тал буюу бүр тодруулж хэлбэл дэлхийн соронзон орны хүчний үйлчлэлийн хоёр талын илэрхийлэл, монголчуудын уламжлалт ойлголтоор арга билэг хос, физик ойлголтоор бол эерэг сөрөг төлөв, задлаг нийлэг харилцан үйлчлэлийн нэгдлийн илэрхийлэл билээ. Эндээс л байгалийн хүч буюу соронзон орны хүчний үйлчлэлийн нөлөөгөөр амьд ертөнцийн бүтэц үүсжээ гэдгийг төвөггүй ойлгож болно. Зөвхөн үүсээд зогсохгүй байнгын үйлчлэл дор нь оршдог. 
 
Нөгөө талаар биеийн дотоод бүтэц нь өөрийн гүйцэтгэх үүргээрээ ялгаран төрөлжиж харилцан үйлчлэл бүхий эрхтнүүдийн тогтолцоо /систем/ болон бүтсэн нь ямар үйлчлэлийн хүчээр тэгэж бүрэлдэн бий болов оо? 
 
Энэ нь ердөө л өмнө дурьдаж байсан ижил үйлийн орны таталцлын хүчний нөлөөгөөр бодгалийн эрхтэн төрөлжин ялгарч, нийлээд бүх биеийнхээ үйл ажиллагааг зохицуулах хэлхээ бүхий тогтолцоог үүсгэжээ.
 
Үүний үр дүнд хоол тэжээлийг гаднаас хүлээн авдаг, амталдаг ам, үнэрлэх эрхтэн хамар, сонсох эрхтэн чих, дамжуулдаг улаан хоолой, нарийн бүдүүн гэдэс, боловсруулдаг ходоод, цусан хангамжийг түгээгч шахуурга болсон зүрх гэх зэргээр шимдэг, шингэлдэг, урвалд оруулдаг, шүүдэг, тунгаадаг, ялгаруулдаг олон дамжлага бүхий тогтолцоо бий болжээ.
 
Өөрөөр хэлбэл бие махбодийг ингэж дотор нь төрөлжүүлэн ялгаруулж тогтолцоо үүсгэж байгаа “үйлийн орон” гэдэг нь өөрөө ч ийм тогтолцооны бүтэц бүхий “орон тор” болж бие махбодтой хамтран ажиллаж байна гэсэн үг юм. 
 
Ингэж хэлэхлээр “Чи яаж мэдэж байгаа юм бэ?, нөгөө хажууд нь лаа бариад хараад зогсож байсан юм шиг ярьдаг, бичдэг “түүхчид” шиг тэр “орныг” нь бас өнгө будагтай нь ялгаж хараад, гараараа бариад байгаа юм биш биз?!” гэж баталгаа нотолгоо шаардах хүн мэдээж гарч ирнэ. Тэгэж асуух нь ч зүй.       
 
Тэгвэл үүнийг захын жишээгээр батлаж болно. Жишээ нь айж түгшсэн үед гэдэс ходоод мушгирч хямарч байх шиг болж, эсвэл зүрхээр нь хатгуулж, цусны даралт нь ихдэж ч мэднэ. Ер нь сэтгэл тавгүй үед биед сөрөг нөлөө мэдрэгдэж, архаг хууч хөдлөхөөс эхлэн бие хямардаг. Гэтэл сэтгэлд тааламжтай үйл явдал болоход бие махбод бас л өөр мэдрэмж авдаг.
 
Өөрөөр хэлбэл сэтгэл хөдлөл нь тухайн бие эрхтний аль нэг дааврыг ялгаруулж, тэр нь бие эрхтнийг өвчлүүлэх, эсвэл сэргээх үр нөлөөг үзүүлж байдаг. Гадна орчноос хүлээн авсан мэдээлэл буюу үзсэн харсан, эсвэл сонссон, ярьсан төдийгөөр элдэв дур хүсэл өдөөгдөхөд түүний нөлөөгөөр бас л нөгөө бие махбод дахь янз бүрийн даавар /гармон/ ялгарч байдаг.
 
Энэ талаар судалдаг Эндокринологи гэх шинжлэх ухаан нэгэнт батлаж нотлосон даавар гэх биохимийн урвалуудын төрөл зүйл, дотоод шүүрлийн тогтолцоог энд тоочих нь илүүц биз ээ. Тэгээд ч биохими гэсэн нэр томъёо нь ч өөрөө био орны нөлөөгөөр химийн урвал явагдаж байна гэдгийг давхар илэрхийлж байгааг сэхээрч ойлгоход нэг их мэдлэг ухаан шаардахгүй билээ.  
 
Эндээс л “үйлийн орон” бие махбодтой хамт ажиллаж байгааг, бүр шулуухан хэлвэл “үйлийн орны” хөдөлгөөнийг дагаж бие махбод ажиллаж байгааг төвөггүй ажиглаж ухаарч болно. 
 
Жишээ нь хэрэв та шатрын хорхойтон байгаад тухайн үед шатар тоглох гэсэн дур хүслийг чинь хэн нэгэн хоригловол түүний хариу үйлдэл таны эгдүүцэл бухимдлаар илэрч магадгүй. Тэрхүү сэтгэл хөдлөлийн хэлбэр болох уур бухимдал таны биед адреналин ялгарах нөхцөл болно. Хэрэв таны уурлаж бухимдах “үйлийн орны” дадал хэвшил бага буюу уурлах эрчим сул бол дааврын ялгаралт ч бас л бага байна. Энэ мэтээр олон жишээг дурьдаж болно.   
 
Нэг зүйлийг нэмэж анхааруулахад таны сэтгэл хөдлөл буюу дадаж хэвшиж тогтсон “үйлийн орон” эерэг сөрөг хоёр өөр төлөвтэй болохыг, өөрөөр хэлбэл биед тааламжтай болон тааламжгүй гэсэн хоёр янзын үйлчлэл үзүүлдгийг дээр дурьдсан жишээнээс анзаарсан байх.  
 
Одоо өөр талаас нь баримт нотолгоо хайж үзье. 
 
Урьд жил ялааны алуурт өртөн яаж байгаад ч юм бэ цонхны завсарт наалдан хатаж хоцорсон ялааны үлдэгдэл зун нэг л мэдэхэд амь орж “шив шинэхэн ялаа” болчихоод цонхны шилний хооронд дүнгэнэн нисэж байхыг та ер нь анзаарч байсан уу?! Хараагүй бол зориуд сонирхож туршиж үзээрэй. Энэ бол ялаа нь үхсэн ч “орон” нь хадгалагдан үлдсэнийг илэрхийлж байгаа нэг жишээ юм. Ялаа бий болох цаг уурын нөхцөл нь бүрдмэгц “орныхоо” нөлөөгөөр амь орж байгаа нь тэр.  
 
Түүнчлэн ялаа гарсан зуны богинохон хугацаанд орон гэрт ялаатай байх ямар хэцүүг хэн бүхэн мэднэ дээ. Тэгээд л сонин хуйлж бариад ч юм уу эсвэл зориулалтын алуураар харагдсан ялаа болгоныг суусан газарт нь пад хийлгэн цохиж газартай нь нааж эхлэнэ. Тэглээ гээд үр дүн тун бага. Үхсэн ялаагаа хичнээн цэвэрлэж арилгаад нэмэргүй.
 
Тэгэх тусам гэсэн шиг улам их бужигнана. Хаалга цонх, ялаа орж болох бүхнээ хичнээн хааж битүүлээд ч  яаж ийгээд ороод ирчихсэн, улам их үржээд л байдаг. Харин ялааг амьдаар нь гэрээсээ гаргаад, дахин ялаа орж ирэхгүйгээр битүүлж чадвал гэртээ ялаагүй болчихно. Яагаад ялааг алах тусам ихдээд байгаагийн учир нь дээрхитэй адил. Ялаа үхсэн ч “орон” нь үлдээд, “орон”-доо татагдаж ялаа цуглаж үржээд байдаг. 
 
Ер нь нөхцөл нь бүрдэж “орон” нь үүсэхэд бөөс хуурс ч аяндаа бий болон гарч ирдэг шүү дээ. 
 
Нөхцөл нь бүрдэж, “орон” үүссэнээр янз бүрийн өвчний шинэ шинэ вирус, бактери гэх мэт нь ч аяндаа бий болон өвчин тахал дэгддэгийг хүн төрөлхтөн үзэж туулж, түүний эсрэг шинэ эм эмчилгээ, арга хэрэгслийг эрж хайсаар, олж нээж, бүтээсээр ирсэн.   
 
Тэгвэл энэ бүхнээс эргэлзсэн, лавласан хэд хэдэн асуулт урган гарч ирж болно. Тухайлбал:
1-рт Тэр цонхны завсар үхсэн ялаа “орныхоо” хүчээр буцаад сэргээд амилсан юм бол “үйлийн орон” ялааг бий болгож байна гэж үзэж болох уу?
 
2-рт Ер нь тэр “үйлийн орон”-д  ялаанаас өөр шавьж бий болж болох уу? 3-рт Хэрэв ялаа “үйлийн орныхоо” үйлчлэлээр буцаад амилж байгаа юм бол амьтан үхчихээд “үйлийн орныхоо” үйлчлэлээр буцаад сэргэдэггүйн учир юу вэ? гэх зэргээр тодруулан ойлгох гэсэн, утга санааг нарийвчлан анзаараагүйгээс үүдэлтэй асуултууд тавигдахыг буруутгах аргагүй. 
 
Тэгвэл эхний тохиолдол нь “үйлийн орон” ялааг шууд бий болгож байгаа биш “бяцарч няцарсан” дүрсийг буюу “эвдэрч” задарсан эд эсийг сэргээж   байгаа юм. 
Энэ нь хүйтний улиралд могой ичээд дулааны улиралд буцаад амь ордог үзэгдэлтэй төстэй төлөв байдал юм. 
 
Хоёр дахь асуултын хариу нь мэдээж тухайн төрөл зүйлийн “үйлийн орон” өөр төрөл зүйлийг бий болгохгүй. Гэхдээ харагдах дүрс нь өөр ч “үйлийн орон” нь ойролцоо төрөл зүйлүүд байж болно. Бие биенийхээ оршин амьдрахуйг хангаж байдаг, нэг нь байхгүй бол нөгөөх нь оршин амьдрах боломжгүй тийм уялдаат зохилдолгоо бүхий төрөл зүйлүүдийн хувьд нэг зүйлийн “үйлийн орон” нь нөгөө төрөл зүйлд адил чанартайгаар үйлчилж болно.
 
Тухайлбал эмэгчин шавьжны ялгаруулдаг үнэртэй адил үнэр ялгаруулж эрэгчин шавьжийг өөртөө “дуудан” цуглуулж, түүгээр дамжуулан тоосоо хүртээдэг ургамал шавьж хоёрт нэг ижил “үйлийн орон” үйлчилж байгаа хэрэг юм. 
 
 Гурав дахь асуултын тухайд шавьж болон амьтны биеийн бүтэц, хэмжээ харилцан адилгүй бөгөөд тэр хэмжээгээрээ амьтны “үйлийн орон” шавьжныхтай харьцуулашгүй олон янзын үйлдлийн бүрдэл бүхий, багтаамж агуулгын хувьд тэс өөр нарийн нийлмэл бүтэц, нэгдэл байна гэсэн үг. Тиймээс “үйлийн орны” үйлчлэл нь ч жиших аргагүй юм. Гэхдээ хамгийн олон давтагдсан буюу хамгийн их хуримтлагдсан “үйлийн орны” эрчим илүү байдаг тул хамгийн амархан өдөөгддөг тэр “үйлийн орон”-г ашиглан зарим тохиолдолд тухайн амьтны сааталд орсон эд эрхтэнийг сэргээх боломжтойг өмнөх хэсэгт дурьдсан “шоконд орсон хятад залууг сэргээсэн” тохиолдлын талаархи мэдээнээс харж болох билээ.   
 
Ер нь “бяцарч няцарсан” эд эсийг сэргээж байна гэдэг нь эд эсийн анхдагч нэгжийг “орон” нь бүтээж байгаа хэрэг бөгөөд генийн хромосомын түвшинд тэр үзэгдэл ажиглагддагийг генетекчид нэгэнт тогтоочихсон билээ. Эд эс нөхөн төлждөг үзэгдэл нь өөрөө үүнийг илэрхийлсээр байдаг. 
 
Дээр дурьдагдсан үгүүлэмжүүдээс дүгнээд харахад бие, эд эс бүхэн “үйлийн орон”-той хамтран ажиллаж байж амьд оршихуй болдогийг, төрөл зүйл бүхний “үйлийн орон” өөр өөр байхыг, бие, эд эс нь үгүй болоход “үйлийн орон” үлдэхийг учир шалтгааны үүднээс хүлээн зөвшөөрөх байх. 
Эндээс нөгөө “сүнс”-ний тухай ойлголт тодорхой болж байгаа юм. 
 
Ой санамж, түүний ажиллаж “механизм” зэрэг нь бас л “үйлийн орон”-той холбогдон яригдах болно. Үүнийг ... 
       
 
Үргэлжлэл бий.      
 
О.Лхагвадорж