sonin.mn
Үнэндээ бол телевизээр гарч буй бүх контентийг сэтгүүл зүйн бүтээл гэвэл том эндүүрэл л дээ. Хэрэв тэгж туйлширвал уран сайхны кино, тэр ч бүү хэл зар сурталчилгаа ч сэтгүүл зүйн бүтээл гэж үзэх болно. Ялгаагүй сонин дээр гарч буй бүх нийтлэл сэтгүүл зүйн бүтээл биш. Жишээ нь үгийн сүлжээ, шүлэг, найраглал гэх мэт. Сэтгүүл зүйн бүтээл гэж яг юуг хэлдэг талаар тодорхойлолт байдаг эсэхийг мэдэхгүй. Харин Англи хэлний Journalism гэдэг үгтэй жиших аваас энэ нь “diurnus” буюу өдөр тутмын гэсэн утгатай Латин үгнээс гаралтай. Сонгодог утгаараа бол цаг үеийн мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэж буй тэр үйл явцыг хэлдэг талаар дурын тольноос харж болно. 
 
Энгийнээр хэлбэл сэтгүүл зүй нь цаг үеийн мэдээлэл, түүнийг хүргэж буй хэлбэр гэж ойлгож болно. Харин манайд бол сэтгүүл зүй хэмээх ойлголт илүү өргөн, юм болгоныг хамж шимж ойлгоод байдаг хандлага ажиглагддаг. 
 
 
“МТ100Э” бол энэ утгаараа сэтгүүл зүйн бүтээл бус, уран сайхны бүтээл. (Сэтгүүл зүйд Хөрөг гэдэг төрөл байдаг л даа. Гэхдээ яг үнэндээ хөргийг сайн ажиглавал уран сайхны бүтээл байдаг.) Өөрөөр хэлбэл байгаа юмыг байгаагаар нь бус илүү хүний сонирхлыг татах, илүү хүний сэтгэлийг хөдөлгөх зэрэг өөр зорилготой. Тиймээс дээрх нэвтрүүлгийг Монголын сэтгүүл зүйг гутааж байна гэх нь учир дутагдалтай. 
 
 
Харин олон нийтийн өмч болох долгионыг ашиглан олон нийтэд ялгаваргүйгээр хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан түгээж буйн хувьд ёс зүйн хэм хэмжээг үл ойшоосон гэж хэлж болно. Тухайлбал хүүхэдтэйгээ гэр бүлээрээ суугаад үзэж байхад тодорхой нэр бүхий хүнийг өөрийнх нь эзгүйд “шар сэмжилсэн”, “тэдэн хүүхэнтэй унтсан” гэх мэтээр ярих нь тухайн хүнд зогсохгүй түүний үр хүүхэд, ач гучид нь ямар үр дагавар авчрахыг таашгүй. Магадгүй өвөөгөөрөө үргэлж бахархдаг байсан ач хүү нь өвөөгөө нуудаг болвол яах вэ?
Асуудал нь сэтгүүл зүйг гутаах гутаахгүйдээ бус түүнээс ч илүү, хүний амьдралтай холбоотойд байгаа юм л даа.
 
Ц.Тамир