sonin.mn
Сонгуулийн 25 жилийн ойн өдөр. Эрээн мяраан, эрээвэр хураавраар дүүргэсэн танхимд үг хэлцгээнэ. Ихэвчлэн ардчилсан хөрөнгөтнүүд, олигархууд, бялуу хүртэгчид, завсар зайгаар нь хэний ч адил дээлтэй монгол хэд хэдийг алаглуулан суулгажээ. Монголыг үзчихье гэсэн харь нутгийнхан бүр олон суулгажээ.
 
Танайх шилдэг ардчилсан улс шүү гэж хөөргөх үүрэгтэй биз. Шударга нэгэн нь ирээд “Дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас дор” гэж нүүрэн дээр нь хэлчихээд явчихсан.  
 
“Бүх ард түмнээрээ хэлэлцүүлээд” гэдэг үг их сонсогдоно. 90 онд байгаагүй, яаж бүх ард түмнээр хэлэлцсэнийг мэдэхгүй тул орхиё. Харин “бүх ард түмний шудрага сонголтоор Төр засгаа байгуулсан” гэдэгт эргэлзэе, миний эргэн тойронд хэн ч та нарыг сонгоогүй.
 
Өнөөдөр “Ардчилсан сонгуулийн буянаар гадаанаа машинтай, гартаа гар утастай, гадаад паспорттой ...” гэж бүр их ярьж байна. Жинхэнэ тархины тураал гэж энэ.
 
Ардчиллын А үсэггүй урд хөршид бүгд л гар утастай, ганган гоё машин манайхаас олон, улс нь бүр баяжаад дэлхийг санхүүжүүлж байна. Манайх барилга хот байгуулалтын туршлага судална гэж Сингапур явж шүтэн биширснээ ТВ-ээр ярьж явахын оронд урд хөршөө харчих хэрэгтэй.
 
Улаанбаатарыг цэцэрлэгжүүлье гэж Хонг Конг явдаг шиг. Тэр Сингапур, энэ Хонг Конгод хэзээ ч ардчилал байгаагүй учраас ингэж өндөр хөгжсөн юм гэдгийг олж хардаггүй улс. Хаа нэгтээ сайхан юм харагдвал ардчиллын буян гэдэг тархины вирустай, тэр нь их халдвартай. Барилга барих, цэцэг тарихыг тэндээс судалж явдаг ардчиллагчид.         
 
Ардчилсан тогтолцоонд сонгууль шудрага байдаггүй. Эрх мэдэл, эд хөрөнгөөс ямагт хамааралтай. Сонгуулийн хар машинтай шудрага сонгууль угаас үгүй ба бүхний буруу “авилгал” гэх боловч авилгал өөрөө ардчиллын мөн чанар тул хэзээ ч арилашгүй байх бөлгөө.
 
Английн алдарт Бернард Шоу хэлснээр “Ардчилал гэдэг бол хариуцлаггүй олонхийн саналаар худалдагдсан цөөхүүлийг сонгож тавих хэрэгсэл” болсон буюу улс үндэстнийхээ өмнө хүлээсэн үүргээ уландаа гишгэгч нар хамгийн олноороо эрх мэдэлд очиж болдог шилдэг механизм бол 25 жилийн өмнө суулгасан ардчилсан сонгууль билээ.
 
 
Эмч, уулчин Л.Баярсайхан