sonin.mn
Тээврийн салбар 90 жилийн ойн босгон дээр амжилттай ажиллажээ
 
Завхан аймгийн Автотээврийн төв нь 2014 онд орлогын төлөвлөгөөг 127 хувь, 2015 оны эхний хагас жилийн байдлаар 109,1 хувиар давуулан биелүүлсэн амжилттайгаар Монгол улсад тээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойгоо угтлаа.
 
Завхан аймгийн Автотээврийн төв нь Төрийн өмчит үйлдвэрийн газар бөгөөд аймгийн хэмжээнд тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх, тээврийн хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн, номер дугаар олгох, мэдээллийн нэгдсэн сан бий болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
 
Өдгөө өөрсдийн чиг үүргээ өргөжүүлэн 2015 оны 02 сарын 9-ны өдрийн Засгийн газрын шийдвэрээр Тээвэр авто замын газрын чиг үүрэг болох Улс хот хооронд, орон нутгийн нийтийн зорчигч болон ачаа тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээг зохицуулах, зохион байгуулах үүргийг хүлээн ажиллаж байна.
 
Энэ сарын 31, ирэх сарын нэгний өдрүүдэд Завханы авто тээврийн салбарынхан, тээвэрчид 90 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлнэ.
 
Завхан баруун бүсдээ машин техникээрээ тэргүүлж байна
 
Завхан аймгийн хэмжээнд 12300 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.  Энэ нь нийт өрхийн 60,9 хувь буюу 10 өрх тутмын зургаа нь тээврийн хэрэгсэлтэй гэсэн үг юм. Үүнээс малчин өрхийн 58,9 хувь нь авто машинтай 63,7 хувь нь мотоцикльтэй байгаа нь баруун бүсийн түвшинөөс 5,1 хувиар дээгүүр үзүүлэлттэй байгаа юм.
 
Сүүлийн таван жилийн судалгаагаар жилд дундажаар 500-800 тээврийн хэрэгсэл нэмэгдэж, нийт зорчигч тээврийн 98 хувь нь автотээврийн хэрэгслээр, ачаа тээвэрлэлт 100 хувь нь автотээврээр гүйцэтгэгдэж байна. 
 
Техникийн хяналтын үзлэгт хамрагдалт 50 хувьтай байна
 
Завхан аймгийн Автотээврийн төв аймгийн Засаг даргын А/51 тоот Захирамжийн дагуу 23 суманд техникийн хяналтын үзлэгийг хийж дуусаад байна.  Өнөөдрийн байдлаар Завханд 12530 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас мотоцикль 1766, чиргүүл-73, механизм-20 байна.
 
Энэ сарын байдлаар 9500 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамруулж 107975000 төгрөгийн орлогыг төвлөрүүлэн ажиллажээ. Эхний зургаан сараас харахад орлогын төлөвлөгөө өссөн дүнгээр 101 хувиар биелэгдсэн байна. Харин нийт тээврийн хэрэгслийн 53,7 хувь нь техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байна.
 
Хагас жилийн байдлаар 9000-аад зорчигч үйлчлүүлжээ
 
Завхан аймагт 2014 онд 9355 зорчигч Улаанбаатар явж, 7359 зорчигч Улаанбаатараас Улиастай зорчсон байна. Харин 2015 оны эхний хагас жилийн байдлаар 5062 зорчигч Улиастайгаас Улаанбаатар, 3455 зорчигч Улаанбаатараас Улиастай чиглэлд зорчсон байна.
 
Аймгийн Автотээврийн төвөөс сум хооронд буюу найман сумд шуудан холбоо үйлчилгээг үзүүлдэг байна. Эхний хагас жилийн байдлаар сум хооронд 208 зорчигч явж 156 зорчигч Улиастайд сумдаас ирсэн байна. 2015 онд зорчигч тээврийн үйлчилгээнээс 41 сая төгрөгний орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
 
Б.Мягмарсүрэн
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг