sonin.mn
Улаанбаатар хотын иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ “U money” нэртэй ухаалаг карт ашиглахаар болсон. Тус картыг иргэд 3600 төгрөгөөр худалдан авах бөгөөд түүнийгээ карт борлуулах цэгээр 500-90.000 төгрөгөөр цэнэглүүлэн хэрэглэх юм. Нийслэлийн хэмжээнд 540 автобусны буудал байдаг гэсэн судалгаа бий. Тиймээс дунджаар 240 ширхэг “U money” карт цэнэглэх, борлуулах цэг байрлуулан иргэдэд үйлчилж байгаа юм байна.
 
Картыг ашиглаж эхэлсэн боловч гэж иргэдийн дунд энэ талаарх мэдээлэл хомс байна. Бид иргэдэд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор тус төслийг хэрэгжүүлэгч “Улаанбаатар смарт карт” ХХК-нийн маркетингийн менежер Ц.Түвшинжаргалаас тодрууллаа.
 
-Одоогийн байдлаар ямар төрлийн картууд худалдаанд гараад байна.
-Эхний үед гурван төрлийн карт гаргаж байгаа. Карт бүр нь бүртгэлийн хувьд хоёр өөр байна. Эхнийх нь хөнгөлөлттэй зорчигчдын буюу бүртгэлтэй карт. Тэр картаа хаясан тохиолдолд сэргээж, картан дах үлдэгдлийг Хэрэглэгчийн төвөөр дамжуулан шинээр олгоно. Харин нөгөө нь энгийн зорчигчид ашиглах бүртгэлгүй карт байгаа. Харин энэ картыг иргэд цахим түрүүвч гэж ойлгох хэрэгтэй.
 
- Иргэд картаа хэр худалдан авч байна вэ?
-Нийтийн тээврээр зорчдог 500000-800000 гаруй иргэн байгаа гэсэн судалгаа байдаг. Харин өнөөдрийн байдлаар нийтдээ 150 мянган карт хэрэглэгч худалдан авсан байна. 
 
-Төлбөрийн картаа хаяж үрэгдүүлэх, гэмтээх тохиолдолд дахин худалдаж авах уу?
-Анх худалдаж авсан карт нь гурван сарын баталгаатай байна. Энэ хугацаанд эзэмшигчээс хамаарахгүйгээр картыг ашиглах боломжгүй болсон байвал үнэ төлбөргүй шинээр олгож, үлдэгдэл мөнгийг нь бүрэн шилжүүлж өгнө. Харин картаа хугалж нугалах ч юм уу механик гэмтэлд оруулсан бол зорчигчдын төвд хандаж, шинэ карт худалдан аваад үлдэгдэл мөнгөө шилжүүлж авах боломжтой.
 
-Гэмтэл авсан картанд хэдэн төгрөгийн үлдэгдэл байсныг яаж мэдэх вэ?
-Бүх карт өөр өөрийн сериал дугаартай учраас хэдэн төгрөгөөр хэзээ цэнэглэж, хэчнээн нь үлдсэн байсан тухай мэдээлэл нь хадгалагдсан байх болно. Тиймээс санаа зоволтгүй.
 
-Хөнгөлөлттэй зорчигдын картыг хаанаас авах вэ? Одоо бол өндөр настнууд халамжаас, оюутнууд холбооноос гэх мэт өөр өөр газраас авч байгаа шүү дээ.
-Ерөнхийдөө өмнө авч байсан газруудаасаа авна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настнууд амьдарч байгаа хорооныхоо Нийгмийн халамжийн газраас, оюутнууд Монголын оюутны холбооноос, цагдаа нар харьяа байгууллагаасаа авна. Харин картаа хаясан үрэгдүүлсэн тохиолдолд шууд Хэрэглэгчийн төвд хандана. Эдгээрээс бусад энгийн зорчигчид болон хүүхдүүд карт цэнэглэх, борлуулах цэгээс худалдан авах боломжтой.
 
- Ухаалаг картаа цэнэглэхэд хэдэн төгрөгний төлбөр төлөх вэ?
-Карт бүр адилхан цэнэглэгдэнэ. Гэхдээ иргэд картаа хэдэн төгрөгөөр цэнэглэх нь иргэдийн хувьд өөр өөр байж болно. Тиймээс одоогийн байдлаар 500-10000 төгрөгөөр цэнэглэхэд 50 төгрөгний шимтгэл,10000-50000 төгрөгний картанд 100 төгрөгний шимтгэл, 50000-90000 төгрөгийн картаар цэнэглэсэн тохиолдолд 200 төгрөгний шимтгэл төлнө.
 
-Картны үлдэгдэлээ яаж шалгах вэ?
- Автобусанд суух бүрт 500 төгрөг хасагдах бөгөөд үлдэгдэл нь цахим төхөөрөмж дээр шууд гарч ирнэ. Яг л АТМ гэсэн үг.
 
Хөнгөлөлттэй картыг дамжуулж ашиглах боломжгүй бол энгийнхийг болно
 
-Иргэд картаа хаясан, хулгайд алдсан тохиолдолд яах вэ?
-Энэ тохиолдолд хоёр янзын сонголт байгаа. Бүртгэлтэй /Хөнгөлөлтэй/ картыг хаясан тохиолдолд тухайн иргэн манай Хэрэглэгчийн төвд хүсэлт гаргах ёстой. Хэрэглэгчийн гаргасан хүсэлтийн дагуу манай төвөөс картыг шалгаж үзэн, хүчингүй болгоод шинээр олгох юм. Харин энгийн карт буюу иргэд шууд худалдан авч байгаа картыг хаяж, үрэгдүүлсэн тохиолдолд түрүүвчтэй мөнгөө хаяхтай адил юм. Тиймээс дахин худалдаж авна.
 
-Хэрэв иргэдийн дунд нэг хүний картыг өөр нэг хүн хэрэглэсэн тохиолдол гарвал яаж мэдэх вэ?
- Хөнгөлөлтэй зорчих картыг дамжуулж ашиглах боломжгүй. Учир нь карт бүр ард талдаа дугаартай байгаа.Тиймээс дамжуулж ашигласан тохиолдолд картыг хураан авч, Захиргааны арга хэмжээ авах ёстой. Харин энгийн зорчигчийн картыг дамжуулж ашиглаж болно. Мөн нэг картаар хэдэн хүний төлбөрийг төлөөд зорчих бүрэн боломжтой.
 
-Одоо бүгд урд хаалгаар суугаад хойгуур буудаг болох нь. Буухдаа картаа заавал уншуулах ёстой юу?
-Тийм. Хойд хаалганы төхөөрөмжинд картаа уншуулаарай гэж хүсч байгаа юм. Учир нь зорчигчдоо шинэ дадалд сургахаас гадна тэр мэдээллийг бид ашиглаж, зорчигчдын хөдөлгөөний мэдээллийг цуглуулж, нийтийн тээврийн салбарын мэдээллийн бааз суурийг бодитой болгоход тус дөхөм болно. Тухайлбал, хаана хамгийн их ачаалалтай, аль чиглэлд хүн их зорчиж байна гэх мэт мэдээллүүд цугларах юм. Харин арын хаалганы төхөөрөмжид картаа уншуулснаар таны үлдэгдэл мэдээллийг дахин өгөх бөгөөд энд нэг ч төгрөг унахгүй гэдгийг анхааруулъя.
 
-Нэг автобуснаас нөгөө рүү дамжихад хөнгөлөлттэй байна гэсэн яриа иргэдийн дунд тараад байгаа. Үнэхээр хөнгөлөлт үзүүлэх юм уу?
- Олон улсын жишигт ийм хөнгөлөлт байдаг боловч манайд одоохондоо хэрэгжих боломжгүй байгаа учир хөнгөлөлт үзүүлэх үгүй нь тодорхойгүй байгаа.Одоогоор дамжин суултын хөнгөлөлтийн талаар холбогдох албан байгууллагуудын саналыг хэлэлцэж, судалж байна.
 
Нэг оюутны нөхөн олговорт хэдэн төгрөг ногддог вэ, тэр хэмжээний л мөнгөтэй картыг олгоно
 
-Төлбөрийн шинэ систем нэвтэрснээр мөнгө хураагч нар ажилгүй болох юм биш үү?
-Цахим картаар төлбөрөө хийхэд тодорхой хэмжээний зааварчилгаа зөвлөгөө хэрэгтэй болно. Үүнийг мөнгө хураагч нар гүйцэтгэх бөгөөд нэг хэсэгтээ хяналт, мэдээллийн ажилтнаар ажиллана. Тэд мэдээлэл зөвлөгөө өгөх, хяналт тавихаас гадна зорчигчийн бичиг баримтыг ч шалгах эрхтэй байх болно. Төсөл хэрэгжээд зорчигчид маань үйлчилгээний дадалд хэвшээд ирэх үед нийслэл болон холбогдох байгууллага тэдний ажлын байрыг зохицуулах байх.
 
-Оюутан сурагчдыг өдөрт гурван удаа л зорчих эрхтэй байхаар карт олгох яриа гараад байгаа. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?
-Дээр дурдсан зорилтот бүлгийн хүмүүсийг нийтийн тээврээр зорчиход нь хөнгөлөлт эдлүүлж, төсвөөс зорчигч тээврийн компаниудад нөхөн олговор олгодог хуультай. Тэр нөхөн олговор нэг хүнд хэдэн төгрөг ногддог юм бэ, тэр хэмжээний л мөнгөтэй картыг дээрх хүмүүст олгож таарах байх. Түүгээрээ тэр оюутан, тухайн албан хаагч хэдэн удаа зорчиж, хэд хоногт дуусгахыг өөрсдөө л мэдэх хэрэг. Магадгүй, хэмнэлттэй байхыг ч үгүйсгэхгүй шүү дээ.
 
-Оюутнуудын картыг хэзээ олгох бол, яаж цэнэглэх вэ?
- Оюутнуудын картыг ирэх сарын 15-наас тараах эхлэхээр төлөвлөж байна. Харин цэнэглэлтийн хувьд сар бүр идэвхждэг карт байна. Сар бүрийн нэгний өдөр картаа Монголын Оюутны Холбоо  /МОХ/-нд очиж цэнэглүүлэх юм. Энэ нь яг л гар утасны ярианы хураамжаа төлдөгтэй адил.
 
-Ярилцлагынхаа төгсгөлд таны зүгээс зорчигчдодоо хандаж хэлэх зүйл юу байна вэ?
-Нийтийн тээврийн үйлчилгээний цахим төлбөрийн систем нь олон улсад туршиж хэрэгжүүлээд цаг хугацаа хэмнэх, зардлыг багасгах үр дүнтэй болох нь нэгэнт батлагдчихсан юм. Манай нөхцөлд эхний удаад нэг хэсэгтээ хүндрэл бэрхшээлтэй байж магадгүй. Гэхдээ эцсийн дүндээ хурдан шуурхай, соёлтой үйлчлүүлдэг болохын төлөө хийж байгаа алхам гэдгийг ойлгож, ухамсартай боловсон зорчиж, тайван тэвчээртэй байхыг л хүсэх байна даа.
 
-Баярлалаа.
 
О.Буянхишиг
 
Гэрэл зургийг Н.Батбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг