sonin.mn
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэжээ. Энэ талаар тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга Ш.Түвдэндорж нар мэдээлэл хийлээ.
УИХ-ын ээлжит бус чуулганаар Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Өршөөлийн хууль, Галт зэвсгийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Дээрх хуулийн төслүүдийг АН-ын гишүүд 100 хувь дэмжих болно хэмээн тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.
 
Тэрбээр, Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх асуудал хуулийн дагуу явж байгаа. Ерөнхий сайд өнгөрсөн баасан гарагт уг асуудлыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөх тухай мэдээлэл хийсэн. Энэ зөвшилцөл дууссаны дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх боломж бүрдэнэ. Тэгэхээр энэ удаагийн ээлжит бус чуулганы өмнө зөвшилцөж амжихгүй байх магадлалтай. Тэгвэл дахин ээлжит бус хуралдаан зарлах байх.
 
Ерөнхий сайд АН-ын даргад албан бичиг хүргүүлсэн. Уг албан бичигт АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо (ҮЗХ)-ны хуралдааныг зохион байгуулахыг хүссэн. Одоогоор Улс төрийн намуудын тухай хууль гараагүй байгаа тул энэ асуудлыг АН-ын дүрмээр шийднэ” гэв.
 
Бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж, “Манай намын дүрэмд АН-ын дарга ҮЗХ-ны хурлыг зарлан хуралдуулах шийдвэр гаргадаг. Одоогоор бол намын дарга ҮЗХ-ын хурал зохион байгуулах тухай ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна. МАН-ын 6 сайдыг солих асуудлыг УИХ-ын гишүүд өргөн барьсан бол шууд чуулганы хуралдаанаар хэлэлцэх ёстой. Гэхдээ Ерөнхий сайд өргөн барьж байгаа тул заавал Ерөнхийлөгчтэй зөвшилцөх хуультай юм. Үүнтэй холбоотойгоор төр тогтворгүй болох асуудал үүсч мэднэ. Өөрөөр хэлбэл зарим нэгэн УИХ-ын гишүүд Засгийн газрыг бүхлээр нь огцруулах хуулийн төсөл өргөн барих магадлалтай байна. Үүнээс сэргийлэхийн тулд манай бүлгээс Засгийн газрыг огцруулах асуудлыг дэмжсэн АН-ын гишүүнийг 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдүүлэхгүй гэсэн шийдвэр гаргаад байна” гэлээ.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг