sonin.mn
 
Нийгэм нэг тогтолцооноос үндсээрээ өөр тогтолцоонд шилжинэ гэдэг бол өргөн цар хүрээтэй, ихээхэн цаг хугацаа шаардсан, тун ээдрээ төвөгтэй, зөрчил тэмцэлтэй, нийгмийн нарийн нийлмэл цогц үзэгдэл билээ. Энэ үзэгдэл нь нийгэм чанарын хувьд нэг байдлаас огт өөр байдалд, хөгжлийн нэг түвшнээс өөр шинэ дээд түвшинд шилжиж буй процесс юм. Тэр утгаараа хувьсгал байдаг. 
 
"Нийгмийн тогтолцоог ухамсар зорилготойгоор бүхэл бүтнээр нь эргэлт буцалтгүй хувирган хувьсгахыг нийгмийн их өөрчлөлт” гэдэг. Аль ч улс оронд болоод тив дэлхийд өмнө нь хэвшиж тогтоод чамгүй олон үеийг элээчихсэн, цагтаа хөгжил дэвшил авчирч, үр шимээ өгч байсан хуучин тогтолцоо өөрийн үзэл суртал, улстөр, нийгэм, эдийн засгийн бааз суурьтай, эш ёс, эрх зүй, үнэт зүйлсийн өөрийн үнэлэмжтэй байдаг. 
 
Хамгийн адармаатай нь уг тогтолцоонд хэдэн үеэрээ төрж өсөөд, хүмүүжиж боловсрон, идээшиж дассан хүмүүсийн нийгмийн сэтгэл зүй, сэтгэлгээ нь бат нот хэвшчихсэн, ихээхэн царцанги болсон байдаг явдал юм. 
 
Хүн төрөлхтний бодит хэрэгцээн дээр тулгуурлаж, түүний ухаант үйл ажиллагаагаар дамжин өрнөдөг нийгмийн хөгжил дэвшил нийгмийн зохион байгуулалтын оршин буй тогтолцоотойгоо аргагүй зөрчилдөж, хэрэгцээ шаардлагад нь нийцэхээ больсон, цаашдын ирээдүйд чөдөр тушаа болсон нэг ёсондоо мухардалд орсон хуучин тогтолцоог үндэс сууриар нь халж өөрчлөн, эрэлт шаардлагад нь тохирсон цоо шинэ тогтолцоо бий болгохыг зүй ёсоор шаардсан тийм үе түүхэнд гарч ирдэг.
 
Энэ түүхэн шаардлагыг бодитойгоор хэрэгжүүлэх нь тун амаргүй. Бодит шаардлагыг цаг үед нь зөв ухаарч, энэ эрсдэлтэй үйлдлийг зориглон санаачлагч нийгмийн тэргүүний дэвшилтэт хэсэг нийгмийн зохих социаль давхаргад тулгуурлан засгийн эрх авч, эрх мэдлийг гартаа оруулснаар энэ үйл ажиллагаа эхэлдэг.
 
Гэхдээ шийдвэрлэх ач холбогдолтой ч гэсэн засаг авч, эрх мэдлийг гартаа оруулах яахав ээ, тохироо нь бүрдсэн байвал нэг далайлтаар хийж болдог л зүйл. Монгол орны хувьд энэ нь 1921 оны ардын хувьсгал, 1990 оны ардчилсан хувьсгалаар хийсэн ажил. Гагцхүү энэ хувьсгалаар эхэлсэн процессыг эцэст нь хүргэж, шинэ тогтолцоог бүрэн төгс ялуулахад түмэн бэрхшээлтэй тулгардаг. 
 
Хамгийн хүнд нь хуучин тогтолцоог үзэл суртал, улс төр, нийгэм, эдийн засаг, оюун санаа, сэтгэлгээний хувьд бүрэн устгаж, шинэ тогтолцоог үүсгэн бүрэлдүүлж, бүрэн утгаар нь зохих бат бааз суурьтайгаар бататган хөгжүүлэх л байдаг. Үүнтэй холбогдоод л шилжилтийн онцлогууд гарч ирдэг. Монголын нийгмийн шилжилт, түүний онцлогуудыг хоёр том хүрээнд авч үзэх учиртай. Энд нэгд, өмнө нь болсон шилжилттэй харьцуулан гаргах, хоёрт, постсоциалист бусад орны шилжилттэй жишиж илрүүлэх явдал юм.
 
Монгол орон XX зуунд хоёр том шилжилт хийсэн. Тэр нь эрс тэс хоёр өөр тогтолцооны шилжилт байлаа. Нэг дэх нь 1921 оны хувьсгалаар эхэлсэн хувийн өмчийн бааз суурь дээр тулгуурласан нийгмийн тогтолцооноос нийгмийн (улсын) өмч дээр тулгуурласан тогтолцоонд шилжсэн шилжилт байв. Энэ шилжилт 1959 онд нэгдэлжих хөдөлгөөн ялснаар гол утгаараа дуусгавар болсон. 
 
Уг шилжилт бараг 40 жил үргэлжилсэн. Эл хугацаанд үзэл суртлын хүрээнд шашны үзэл суртлыг марксист-ленинист үзэл суртлаар сольсон. Үүний тулд уг үзэл суртлыг тээгч лам нарыг устгасан, өөрөөр сэтгэгчдийг цээрлүүлсэн. Нэг ёсондоо бие махбодын хэлмэгдүүлэлт болсон. Улс төрийн хүрээнд хэмжээт эрхт хаант төрөөс нэг намын ноёрхол бүхий хэлбэрийн төдий ардчилалтай гадны улсын хараат хүнд суртлын аппарат бүхий “Социалист төр”-д шилжсэн.
 
Эдийн засгийн хүрээнд хувийн өмчийг устгаж, улсын өмчийн өвч ноёрхлыг тогтоосон. Хар, шар феодалуудын хөрөнгийг хураасан, гадаадын капиталыг шахан зайлуулсан, жижиг хөрөнгөтөн гэгддэг малчдын хувийн мал хөрөнгийг нийгэмчлэн хамтын буюу хэний ч биш улс хоршооллын болгосон. Нийгмийн социал хүрээнд хар, шар феодалууд, жижиг хөрөнгөтнүүд гэгчийг устгасан (нөгөө ангийн эвлэршгүй тэмцлийн тухай марксист-ленинист номлолын гайгаар). 
 
Өөрөөр хэлбэл, хувийн өмчтөнүүдийг устгахыг нь устгаж, хязгаарлахыг нь хязгаарлаж, хавчихыг нь хавчиж, тийм социал давхарга гарч ирэхийг хааж, шинэ ажилчин анги, хоршоолсон ард, хөдөлмөрийн сэхээтний анги давхарга гэгчийг төрүүлсэн. Оюун санаа, ёс суртахуун, сэтгэлгээний хүрээнд хувийн өмчийг үзэн ядах, нийгэм, хамт олонч үзэл, ёс суртахууныг өвч төлөвшүүлэхийн төлөө бүхнийг хийсэн.
 
Монголын нийгэм бүхэлдээ улс хоршооллын өмч ноёрхох болсноор 20-иод жил улс орон маань аж үйлдвэржилт, газар тариалан, эрүүл мэнд, соёл боловсрол, хүн ам зүйн хувьд, нэг үгээр, соёл иргэншлийн тухайд чамгүй хөгжил дэвшилд хүрсэн. Товчоор хэлбэл, социалист нийгэм гэгч нь өөрийн нөөц хүч, боломжоо байж болох л хэмжээнд “дээд зэргээр” харуулсан тэр үе байв. 
 
Гэвч угаасаа ардчилалгүй, хүний үндсэн эрх хөсөр хаягдсан, эдийн засгийн хөгжлийн “дотоод шаталтат хөдөлгүүр” үгүй, хүнд сурталт улс төрийн тогтолцоо ноёрхсон уг нийгэм хүн төрөлхтний хөгжлийн нийтлэг гольдролоос хазайж, зожигрон хөндийрч, хөгжлийн зогсонги байдалд орж, дэлхийн хөгжлөөс хоцрох болсон. Энэ үед хүссэн хүсээгүй тогтолцоог үндсээр нь солих шаардлага гарсан. Олон улсын орчин ч тэр зүгт эргэлт буцалтгүй шилжсэн байв. Энэ бодит шаардлагын улмаас Монгол оронд ардчилсан хувьсгал ялж, манай улс ардчилал, зах зээлийн тогтолцоонд шилжих эхлэл тавигдсан. 
 
Өөрөөр хэлбэл, манай Монгол улсад нийгэм (улсын)-ийн өмчид тулгуурласан социалист гэгч тогтолцооноос хувийн өмчид суурилсан зах зээлийн тогтолцоонд шилжих нийгмийн үлэмж том шилжилт эхэлсэн. Нийгмийн нэг байгууламж нөгөө байгууламжаар солигдож байгаа хэрэг. Нийгмийн амьдралыг бүхэлд нь хамарсан энэ шилжилт хэрхэн, яаж, ямар онцлогтойгоор явагдаж буйг ерөнхий хүрээнд нь товчхон хураангуйлан авч үзье.
 
Тогтолцооны шилжилтийн эхлэлийн шанг төрийн эрх мэдлийн шилжилт татдаг. Тэгвэл эндээс Монголын нийгмийн шилжилтийн онцлог тодорч эхэлнэ. Монгол улс ардчилал, зах зээлийн тогтолцоонд шилжих шийдвэрлэх эхлэлийн цэг болсон ардчилсан хувьсгал өөрийн онцлогтой байв. Энэ хувьсгал тайван замаар болсон нь түүний гол онцлог юм. Уг хувьсгал ЗХУ-д 1984 оноос эхэлсэн өөрчлөн байгуулалтын уур амьсгал, нөлөөгөөр болон Зүүн Европын орнуудад өрнөсөн хувьсгалт үйл явцуудаар бэлтгэгдсэн. 
 
Нөгөө талаар өөрчлөн байгуулалтыг улс орондоо тууштай явуулж чадаагүй тухайн үеийн намын удирдлагын үлбэгэр, бэргэсэн бодлого, үйл ажиллагаа олон түмний хүлээлтийг цөхрөлд оруулж, ардчилсан үзэлтэй залуусыг жагсаал цуглаан зохион байгуулах, улс төрийн өлсгөлөн зарлах зэргээр шат дараатай өрнүүлсэн тэмцлийг мянга, мянган иргэд хөдөлмөрчид дэмжихэд хүргэсэн.
 
МУИС, Монголын Барилгын зургийн институт, “Орчлон” клуб зэрэг газруудад өөр хоорондоо салангид тусгай байгуулагдаж байсан ардчилсан үзэлтэй залуусыг нэгдсэн зохион байгуулалтад ороход 1989 оны 11 дүгээр сарын сүүлчээр (Намын Төв Хорооны тухайн жилийн ажлын төлөвлөгөөнд ороогүй байсан) залуу уран бүтээлчдийн улсын зөвлөгөөн шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн бөгөөд энэ үеэс л ардчилсан хувьсгалын зохион байгуулалт бүтэц, механизмууд үүсч бүрэлдэн улс орныг бүхэлд нь хамарч амжилтад хүрсэн.
 
Ардчилсан хувьсгалын нэг томоохон тохироо нь эрх баригч намын дээд удирдлага дахь зөрчил юм. Тэр үед улс орны хөгжлийн цаашдын хувь заяа, нийгэм төрийн удирдлагын тогтолцоог шинэчлэх, эдийн засаг, нийгмийн бодлогын үр өгөөж зэрэг асуудлаар эрх баригч намын Улс Төрийн дээд удирдлага үндсэндээ гурав хуваагдчихаад байсан. 
 
Нэг талд НТХ-ын хэлтсийн эрхлэгчид, аймаг, хотын намын хороодын нэгдүгээр нарийн бичгийн дарга нар, нөгөө талд нь яамдын сайд, тусгай газрын дарга нар, дунд нь Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргыг тойрсон цөөн хэсэг болчихоод байсан түүхтэй. Нэг ёсондоо, нам төрийн дээд удирдлага улс орныг хуучнаараа удирдаж чадахаа больчихсон, засаглалын хямралын элемент үүсчихээд байсан хэрэг. 
 
Үүнийг Улс Төрийн Товчоог огцруулсан НТХ-ны Улс Төрийн Товчооны гишүүн, Төв Хорооны нарийн бичгийн дарга Ц.Намсрайн “Улс төрийн товчоогоор дэнчин тавьчихаад хуучин албан тушаалдаа үлдэхийг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн үг нотолдог. Ийм нөхцөлд Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнх 1990 оны гуравдугаар сарын 9-нд Монголын ард түмэнд хандан радио, телевизээр үг хэлэхдээ Намын Төв Хорооны улс төрийн Товчоо бүрэлдэхүүнээрээ огцрох тухай зарласан нь аргагүйн эрхэнд гаргасан ухаалаг шийдвэр байсан бөгөөд энэ нь Монголд ардчилсан хувьсгал тайван замаар ялах үндсэн баталгаа болж өгсөн юм. 
 
Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын ийм шийдвэр гаргахад тухайн үеийн нөхцөл байдлаас гадна ардчилсан хөдөлгөөнийг далдаас удирдан чиглүүлж, биечлэн зааж зааварлаж байсан нэр бүхий зарим хүн тухайн үед Монголын засаг төрд ихээхэн нөлөөтэй албан тушаал хаших болж, ардчиллын залуучуудтай засгийн газрын нэрийн өмнөөс хэлэлцээ хийж, нам төрийн дээд удирдлагыг мэдээллээр хангаж байсан нь өөрийн зохих үүргээ гүйцэтгэсэн билээ. Энэ бүхний үр дүнд Монголын ардчилсан хувьсгал тайван замаар ялсан түүхтэй. 
 
Засгийн эрх мэдэл ардчилсан хүчний гарт шилжих үйл явц үүний дараагаар богино хугацаанд эрчимтэй өрнөсөн. МАХН-ын онц их хурал, Ардын Их Хурлын чуулган хуралдаж, Үндсэн Хуулиас намын удирдан чиглүүлэх үүргийг хасч, нам төвтэй төрийн тогтолцооноос төр төвтэй тогтолцоонд шилжиж, шинэ сонгууль явуулж, олон намын төлөөлөлтэй Ардын Их Хурал болон байнгын ажиллагаатай парламент болох Улсын бага хурал байгуулагдав. Шинэ үндсэн хуулийн төсөл боловсруулах ажил эхлэв. 
 
Шилжилтийн засгийн газар байгуулагдаж, тэр нь МАХН-ын нэртэй хэдий ч үндсэндээ ардчиллын зүтгэлтнүүдийн гарт оров. Төрийн тоталитар тогтолцооноос ардчилсан тогтолцоонд шилжиж буй нь тэр. Ардчилсан хувьсгалын улс төрийн зорилго үндсэндээ биелэгдэв. Одоо түүнийг хууль эрх зүйн баталгаатай болгох нь гол болов. Шинэ засаг төрийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тавих, ардчилал, зах зээлийн харилцаанд шилжих хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх ажиллагаа Монгол орны хувьд өвөрмөц байдлаар өрнөв. 
 
Намын Төв Хороо, түүний Улс Төрийн Товчооны тогтоол шийдвэрүүд нийгмийн харилцааг зохицуулах үндсэн эх сурвалж болж, төрийн эрх барих байгууллага болох Ардын Их Хурал, түүний тэргүүлэгчдийн шийдвэр түүнийг нь хуульчлан баталгаажуулдаг тэр эрх зүйн тоталитар тогтолцооноос жинхэнэ ардчилсан сонгуулиар байгуулагдсан олон намын төлөөлөл бүхий байнгын ажиллагаатай хууль тогтоох дээд байгуулага парламентын тогтолцоонд шилжих ажиллагаа ийнхүү эхлэв. Намын шийдвэр бус төрийн хууль тогтоомж нийгмийн харилцааг зохицуулах үндсэн гол эх сурвалж болох болов. Эрх зүйт төрийн эхлэл тавигдаж байгаа нь тэр.
 
ХОЁР ШАТТАЙ ШИЛЖИЛТ
 
Шинэ эрх зүйн тогтолцоонд шилжих үйл ажиллагаа Монгол оронд хоёр үе шаттайгаар хэрэгжив. Үүнд: ардчилал, зах зээлийн харилцааны суурь хууль болох шинэ Үндсэн хуулийг батлан мөрдөж эхлэхээс өмнөх, Үндсэн хууль батлагдсаны дараах гэсэн ийм хоёр үе шаттай байв. Эхний үе шат нь Улсын бага хурлын үйл ажиллагаатай шууд холбоотой юм. “Монгол Улс ард иргэдээсээ үүсэл бүхий төртэй байх бололцоогоо анх удаа бүрдүүлж, 1990-ээс 1992 онд нийгмийн байгуулал, улс төрийн тогтолцоо эдийн засгийн төдийгүй, үндсэн хуулийн шилжилтийн үеэ туулж өнгөрүүлсэн юм. Энэ шилжилтийн үеийн парламент ёсны төлөвшилд Улсын Бага Хурал онцгой байр суурийг эзэлнэ”
 
1990 оны есдүгээр сарын 03-ны өдөр БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатуудын анхдугаар чуулганаар байгуулагдсан Улсын Бага Хурал есдүгээр сарын 13-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд таван удаагийн чуулганаар (1990 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр, 1991 оны гуравдугаар сарын 19-ний өдөр, 1991 оны есдүгээр сарын 25-ны өдөр, 1992 оны гуравдугаар сарын 09-ний өдрөөс тус тус хуралдсан) (1990-1992) нийт 61 хууль, 149 тогтоол хэлэлцэн баталсны дотор Аж ахуйн нэгжийн тухай, Өмч хувьчлалын тухай, Боловсролын тухай, Албан татварын тухай, Ерөнхийлөгчийн тухай, Засгийн газрын тухай, Хөдөлмөрийн тухай, Гаалийн тухай, Банкны тухай, Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай, Монгол улсын иргэний үүргийн болон цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай, Үндсэн Хуулийн цэцийн тухай зэрэг нийгмийн шинэ тогтолцооны үндсийг тавихад чухал ач холбогдолтой хуулиуд баталжээ. 
 
Шинэ хууль эрх зүй бүрэлдэн тогтох эхний үе шатны онцлог нь нэгд, нийгмийн шинэ байгуулалд шилжих хууль эрх зүйн тулгын чулууг богино хугацаанд ямартай ч зөв тавьсанд оршино. “Монгол Улсын хувьд... УБХ парламентат ёсод шилжих замыг туулсан, байнгын ажиллагаатай парламентын түүхийн анхны шанг татсан юм". 
 
Гэхдээ хоёрт, шинэ хууль тогтоогчдын бүрэлдэхүүн нь өөрөө хуучин, шинэ намын харьяаллын хувьд ч, эрх зүйн сэтгэлгээний хувьд ч эрээвэр, хураавар байсан учир шинэ хууль журмыг боловсруулж батлахад сонгосон тогтолцооны сонгодог утгыг бүрхэгдүүлсэн, завсрын, хагас дутуу шинжтэй алхмууд хийгдэж байлаа.
 
Гуравт, хэдийгээр ерөнхий үзэл баримтлал нь зөв ч гэсэн монгол орны онцлогийг тэр бүр нарийн харгалзаагүй, гадны хууль тогтоомжийг яаран хуулбарлаж, бэлэнчилсэн дуураймал тийм хандлага хүчтэй байв. Тухайлбал гадаадын зарим хуулийн зүйл заалтыг тэр чигээр нь хуулан авч хэрэглэсэн нь цөөнгүй. “Монголын шинэчлэл (тэрчлэн хууль эрх зүйн-Ч.Д) эхлэхдээ эрх баригчид нь дуураймал, барууны зааврыг дагасан, сэтгэл хөдлөлд автсан, өөрийн онцлогоо бага харгалзсан шинжтэй байв”
 
Өөр нэг онцлог нь манай хууль эрх зүйн шинэ тогтолцоонд дэлхийн эрх зүйн том бүл-нийтийн эрх зүй болон иргэнлэг эрх зүйг зүй ёсны конвергенцээр нь бус нэлээд тохиолдолд механикаар авч хэрэглэн, тэр нь Монгол орны өвөрмөц онцлог хөрсөнд тэр бүр нарийн сууж өгөлгүй, зарим сөрөг үр дагавар үүсгэж байсанд оршино.
 
Энд олон жишээ баримт дурьдалгүйгээр ганцхан зүйлийг цохон тэмдэглэхэд 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 18-д гадны хуулийн жишгээр Монгол Улсын иргэд "... түр буюу байнга оршин суух газраа сонгох... эрхтэй” гээд нэг сая 500 мянга гаруй хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, 21 аймагтай, хоёр сая  700 мянга гаруйхан хүн амтай тархай бутархай улс орныхоо өвөрмөц онцлогийг огт харгалзахгүй суурь хуульдаа тусгачихсан чинь нийслэл Улаанбаатар хотод хүн амын тал шахуу хувь буюу нэг сая гаруй хүн оршин суух болж, үүнээс үүдээд монголын хүн амын удмын санд болон эдийн засагт ихээхэн хор хохирол учруулж буй хотын хорт утаанаас өгсүүлээд нутаг газар эзгүйрэх хүртэлх үлэмж уршигт үр дагаварт хүргэсэн билээ. Хуулийн нэг үг ч ямар уршиг тарьж мэдэхийг энэ жишээ бэлхнээ харуулж байна. Энэ мэтчилэнгээр гаднаас хуулбарлан дуурайж гаргасан хууль тогтоомж манай нийгмийн эрх зүйн шилжилт, шинэчлэлд сөргөөр туссан тал бий.
 
Шинэ тулгар төрийн үйл ажиллагааг хууль зүйн үндэстэй болгохын тулд яарахаас ч өөр аргагүй л байсан байх.Нөгөө талаас улс орон шилжиж буй нийгэм манай хувьд цоо шинэ, түүний харилцааг зохицуулдаг хууль эрх зүйн практик туршлага, тэр талын мэргэшсэн хуульчид, улс төрчид байхгүй байв.Тийм учраас гадны хуулийг хуулбарлахаас өөр аргагүйд хүрсэн тал бий байх. Үүнээс болоод зарим хуулийн заалтуудын эцсийн үр дагавар санаснаас шал өөр эргэж, Монгол орны хөрсөнд огт бууж өгөхгүй, гажуудал үүсгэсэн байдал ч гарч байв. 
 
Дөрөвт, нэгэнт хууль эрх зүйн энэ талын өөрийн практик туршлагагүй, мэргэшсэн хууль эрх зүйн боловсон хүчин дутмаг байсан учир гадны зөвлөхүүдийн нөлөө их байв. Социализмыг байгуулах гэж оролдсон үед ч мөн л тийм болсон. Шинэ Үндсэн хуулийг 1992 онд батлан гаргаснаар Монголын эрх зүйн шилжилтийн цоо шинэ үе эхэлсэн. 
 
“1992 оноос УИХ хууль тогтоох эрх мэдлийг дангаар хадгалах, ард түмний төлөөлөгчдийн байгууллага болж Монгол оронд парламентат ёсны хөгжлийн төлөвшлийн дараагийн шатыг эхлүүлсэн билээ’’. Шинэ нийгмийн суурь эх хуулийн дагуу нийгмийн үндсэн харилцааг зохицуулагч тулгуур хуулиудыг боловсруулах нүсэр ажил өрнөсөн. Энэ үе бол монголын өнөөгийн нийгмийн хууль эрх зүйн үндэс бүхэлдээ цогцоороо бүрэлдэж, улам төгөлдөржих болсон үе юм.
 
Энэ үеийн онцлог нь ямар ч болов нийгмийн амьдралын бүх салбарын харилцааны хууль эрх зүйн үндсийг бүрдүүлсэн явдал юм. Үүний тулд асар олон тооны хууль тогтоомж гаргасан. Тэр нь дутуу дулимаг боловсрогдон, дараа нь нэмэлт өөрчлөлт оруулах чамгүй их ажил гарсан тал бий. Хуулийн олон заалтууд бие биетэйгээ авцалдаагүй, нэг нэгнийгээ үгүйсгэсэн, эсхүл давхардсан тийм зүйл багагүй ажиглагдаж байв. 
 
Нэг үгээр илэрхийлэхэд хууль тогтоомжийн актуудын цогц байдал, уялдаа холбоо сул, улс орныхоо онцлогийг тэр бүр тусгаж чадаагүй байсан. Энэ бол өсөлтийн эмгэг бэрхшээл юм. Монгол улсын эрх зүйн тогтолцооны шилжилт, шинэчлэлд гарсан нэг томоохон эерэг онцлог өөрчлөлт бол Монгол Улсын төр, эрх зүйн түүхэн уламжлалд хандах хандлагад эргэлт гарсан явдал юм. Төрт ёсны 2000 гаруй жилийн түүхтэй орон өөрийн хууль, эрх зүйн уламжлалдаа ийнхүү зохих ёсоор хандах болсон нь Монголын эрх зүйн сэтгэлгээнд эрс өөрчлөлт орж, Монголын хууль эрх зүйн өөрийн соёл, тогтолцоо бүрэлдэхэд томоохон алхам болох боллоо.
 
Шинэ нийгмийн тогтолцоог үүсгэн төлөвшүүлж, түүнийг цаашид улам төгс төгөлдөр болгоход хууль, эрх зүйн орчин онцгой ач холбогдолтой билээ. Чухамхүү үүнээс нийгмийн амьдралын бусад бүх салбарын шилжилтийн процессд үүний онцлог болон бэрхшээлүүд тодорхойлогдож байна. Үүнийг одоо улс төрийн шилжилтийн хүрээнд зэрвэсхэн авч үзье. Хуулиар төрийн эрх барих дээд байгууллага нь Улсын Их Хурал гээд заачихсан. 
 
Төрийн дээд эрх мэдэл үндсэндээ ард түмний чөлөөт сонгуулиар байгуулагдсан Улсын ИхХуралд хадгалагдаж байна. 1992 оноос хойш таван удаагийн сонгууль болж, ард иргэд сонголтоо хийж,   Их Хурлаа байгууллаа. Гагцхүү Их хурал хууль тогтоож байна. Энэ бүхэн хэлбэрийн хувьд парламентын засаглалтай, ард түмэн төрөө сонгуулиар байгуулдаг, төрийн эрх мэдлийн хуваарилалтыг тогтоосон, Ерөнхийлөгч ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч гэдгийг хуульчилсан, шүүх хараат бус болсон, олон намын тогтолцоо бүрдсэн гээд улс төрийн шилжилт үндсэндээ хийгджээ.
 
Харин энэ шилжилт жинхэнэ утгаараа, агуулгын хувьд бүрэн хийгдсэн үү гэвэл хараахан тийм биш байна. Бүгд л хагас дутуу шинжтэй байна. Тухайлбал, хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал зохих байрандаа тавигдаагүй, холилдсон шинжтэй байна. Улсын Их Хурлын олон гишүүн Засгийн газрын гишүүн болчихоод гүйцэтгэх засаглал нь хяналтаас гарчихдгаас үүнийг харж болно. 
 
Шүүх эрх мэдэлд Ерөнхийлөгч нөлөөлөх тал илэрдэг. Сонгуулийн Тогтолцоо нь зүгшрээгүй, будлиантай болдог, сонгогчдын саналыг худалдан авдаг гажуудал оршсоор байна. Түүний горыг ард түмэн эдэлж, иргэний улс төрийн чөлөөт сонголтын эрх зөрчигдсөөр байна. Хамгийн хорлонтой нь Монгол орны хувьд олон намын тогтолцоо, түүний төлөвшил, төрд гүйцэтгэж буй үүрэг нь ардчилал болон ард түмний төр барих эрхэд шууд харшлах болсонд оршиж байна. 
 
Ялангуяа сонгуульд ялсан намын удирдлага намын болоод өөрсдийн эрх ашгаа улс орныхоос дээгүүр тавьдаг зохисгүй үйл ажиллагаа манай улс төрийн шилжилтэд хортой нөлөө үзүүлж байна. Нам төвтэй төрөөс төр төвтэй засаглалд шилжих ёстой байтал эргээд нам төвтэй төрдөө орчихсон явдал юм. Намын Удирдах Зөвлөл (МАХН, хожим МАН), Үндэсний зөвлөлдөх хараа (МоАН) гэх мэт (хуучнаар бол Улс төрийн товчоо) тухайн намын удирдах байгууллага нь ард түмний сонгосон төрөөс дээгүүр эрх мэдэлтэй болчихдог нь нууц биш билээ. Тэр нь бүр улаан цагаандаа гарсан гээч. Түүнийг 2000 оны Үндсэн хуульд хийсэн нэмэлт, өөрчлөлт тод харуулдаг.
 
Үргэлжлэл бий.
 
Доктор, профессор Ч.ДАВААДАШ