sonin.mn
Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны санаачилгаар Монгол Улсын 21 аймагт хэрэгжиж буй “Залуус бид хамтдаа” 1000 залуучуудын чуулга уулзалтыг Ховд, Баян-Өлгий аймагт амжилттай зохион байгуулсан. Тус чуулга уулзалт энэ удаа долдугаар сарын 31-нээс наймдугаар сарын 2-ны хооронд Архангай аймгийн Батцэнгэл сумын Хунгийн тохойд амжилттай болж өндөрлөлөө. 
 
Чуулга уулзалтад МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, НАМЗХ-ны Ерөнхийлөгч, Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн тэргүүтэй хүмүүс оролцсон юм.
 
Чуулга уулзалтад 19 сум, 99 багийн нийт 1200 гаруй залуу оролцсон бөгөөд хөтөлбөрийн хүрээнд сургалт, илтгэл, үндэсний бөхийн барилдаан, урлаг спортын уралдаан тэмцээн болж залуучууд идэвх, санаачилгатай оролцов.
 
Чуулга уулзалтын хүрээнд багуудын дунд зохион байгуулсан олс таталт, буухиа, воллейбол зэрэг спорт, урлагийн уралдаан тэмцээн нь залуусын авьяас, авхаалж самбаа, эв нэгдэл, ур чадвар, зохион байгуулалтын өндөр чадварыг сорилоо. Тэмцээн уралдааны нийлбэр дүнгээр Эрдэнэбулган сумын баг амжилттай оролцон тэргүүн байрт шалгарч цомын эзэд болсон юм. 
 
Үндэсний бөхийн барилдаанд аймаг, сум, цэргийн цолтой нийт 128 бөх хүчээ сорьсон нь сумын наадамтай дүйцэхүйц өргөн цар хүрээтэй болж, Батцэнгэл сумын харьяат аймгийн заан Ж.Дагва-Очир түрүүлж, тус сумын харьяат сумын заан Э.Даваажаргал үзүүрлэв. Мөн ажил хөдөлмөр, амжилт бүтээлээрээ бусдыгаа манлайлан ажиллаж буй залуус салбар яамдын болон НАМЗХ-ны шагналаар шагнагдсан юм.
 
Энэхүү арга хэмжээ нь залуусын үзэл бодлоо илэрхийлэх, эрх чөлөө, эвлэлдэн нэгдэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, нийгэмд тулгарч буй зарим асуудлын талаар санал бодлоо илэрхийлж, хамтдаа хөгжиж чадсан үр дүнтэй уулзалт боллоо.