sonin.mn
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хурлаар Ч.Сайханбилэгийн Засгийн газарт ажиллах сайд нарыг тодруулах ёстой байсан юм. МҮАН-ын дарга М.Энхсайхан, УИХ дахь МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ нарын өгүүлж буйгаар тус эвсэл 3 сайдын квот санал болгосныг хүлээн зөвшөөрчээ. Ингэхдээ шадар сайдын албан тушаалыг авах нь тодорхой бөгөөд үлдсэн хоёр сайдын хувьд АН-ын өгснийг нь л авах бололтой. Иймээс АН-аас хэн сайд болох нь асуудлын гол  болж буй аж. АН-ын гурван сайдлын суудлыг МҮДН, МоАХ, Шонхор гэсэн гурван фракцидаа хувиарласан бөгөөд чухам аль яам авах вэ гэдэг нь маргаантай байсан юм. Тэгвэл эх сурвалжуудын өгүүлж буйгаар АН-аас  Зам тээврийн  сайдад  УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийг,  Сангийн сайдад УИХ-ын гишүүн Н.Батбаярыг, Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн сайдад Г.Баярсайханыг тус тус нэр дэвшүүлэхээр болсон байна. Гэхдээ энэ нь УИХ дахь АН-ын бүлгийн л нэгдсэн шийдэл. Одоо УИХ-ын дарга болон МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар зөвшилцөж чадвал тэдний нэрийг албан ёсоор сайдад өргөн мэдүүлэх бололтой. 
 
Э.Мягмар