sonin.mn
 
Монгол улсыг модтой зүйрлэвэл услах ус, бордох бордоо нь залуус юм. Яг “одоо” бус “ирэх” цагт услана. Өдөр бүр бус өнжөөд нэг услана. Амьдрал ийм маягаар л хөврөн зогсолтгүй өөрчлөлт, шинэчлэлт, хөдөлгөөний үр дүнд энэ нийгэм оршин тогтнодог юм.
 
Эргэх цагийн урсгалд ар араасаа эрэг лүү түрэгдэх далайн давалгаа мэт шинэ үеийн залуус ээлж дарааллан гарч ирсээр байна. Тэд бол улс орны маань ирээдүй. Тэдний хүсэл мөрөөдөл, тэдний үйл хэрэг Монгол улсын ирээдүйг бүтээх учраас улсын маань хувь заяа залуучуудаас л шалтгаална.
 
Саяхан манай нэг алдартай эдийн засагч: “Бидний үеийнхэн өөрчлөлт шинэчлэлийг нэхэж байсан 1990 онд ардчилсан хувьсгалыг өрнүүлсэн, гэтэл одоо дахин тэрхүү нөхцөл байдал бий болохын цагт залуучууд хаана байна аа?” гэх утгатай үгсийг хэлж цахим ертөнцийг шуугиулаад авсан. Тиймээ тэд хаана байна вэ?
 
Өнөөгийн байдлаар зөвхөн нийслэл Улаанбаатар хотод л гэхэд бүртгэлтэй болон бүртгэлгүй 130 гаруй мянган оюутан, 40 гаруй мянган ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид байна. Мөн нийслэл хотод хөдөө орон нутгаас их, дээд сургууль, коллежид ирж суралцагчдын тоо 60 орчим мянгад хүрсэн бөгөөд энэ тоо жилээс жилд нэмэгдэх хандлагатай болж байна.. 
 
Хэсэг оюутан залуусын дунд “Та чөлөөт цагаараа юу хийдэг вэ?” гэх судалгааг явуулахад ихэнх хувь нь ном унших, спортоор хичээллэх, хувь хүний хөгжилд анхаарах гэх мэт хариултуудыг сонгосон байсан. Үүнээс үзэхэд Монголын ирээдүйн боловсон хүчин оюунлаг, сэхээлэг басхүү эрүүл чийрэг бие бялдартай болж байна. “Монголчууд жаран насандаа ухаарч, жаран нэг хүрээд нүд аньдаг” гэх яриа бий.
 
Монголчуудын дундаж наслалт 60 байсан цаг саяхан. Тэгвэл өнөөгийн залуус “30 насандаа ухаарч 80 нас хүрээд хорвоогийн мөнх бусыг үзнээ бид” гэж ам бардам хэлэх болжээ. Залуус нийгмийн бүх хүрээнд эерэг өөрчлөлтийг авчирч байна. Одоогийн байдлаар Монголчуудын дундаж наслалт 68,3 байна. Энэ нь 2004 оноос 3, 2006 оноос 2, 2008 оноос нэг насаар уртассан  гэсэн үг. 
 
Залуус маань эрдэм номдоо шамдахын хажуугаар бие бялдар, эрүүл мэнддээ онцгой анхаарч байгаагийн нэг жишээ нь Монголын залуучуудын холбоо, “New Image” клуб, Монголын Авто замчин залуучуудын холбоо, Монголын дугуйн холбоо, Монголын триатлоны холбоо зэрэг байгууллагуудын хамтран хэрэгжүүлж буй “Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөл юм.
 
Мэдээж автомашины түгжрэлийн асуудал онц ноцтойгоор яригдах болсон энэ цаг үед унадаг дугуйгаар зорчих нь цагийг хэмнэх болон эрүүл мэндэд тустай байдлаараа давуу боловч энэ нь адуун сүрэг дунд модон морьтой туучаад орох мэт осолтой алхам билээ. Ийм учраас төслийн эхэн үед унадаг дугуйгаар автозамын хөдөлгөөнд оролцогчидын тоо бага байсан байна. 
 
Монголын залуучуудын эрх ашгийг хамгаалах, дэмжих зорилгоор тэдгээрийн оюун ухаан, сэтгэлгээ, бие бялдрыг хөгжүүлэх, бие даасан, шударга, аз жаргалтай амьдрах боломжоор хангах эрхэм зорилготой: Монголын залуучуудын холбооны, удирдлага хамтын ажиллагааны газрын дарга Б.Эрдэнэбаттай ярилцах зуур “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн хэрэгжилтэнд саад учирсан эсэхийг лавлахад: “Иргэдийн оролцоо сул байсан. Тийм учраас бид унадаг дугуйн парад зохион байгуулж, сошиал мэдээллийн ертөнцийг ашиглан мэдээллийг олон нийтэд түргэн, шуурхайгаар хүргэх арга хэмжээ авсан ба УИХ-д дугуйн зам барих төсөл өргөн барьсан” гэв.
 
Ингээд Нийслэлийн ИТХ-аар баталсан “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд гурван жилийн дотор 186,7 км унадаг дугуйн зам, 99 унадаг дугуйн зогсоол шинээр барихаар тусгажээ .
 
“Унадаг дугуйтай Улаанбаатар төсөл нь Улаанбаатар төдийгүй Архангай, Баянхонгор, Орхон аймгуудад хэрэгжиж, олон олон хүмүүсийг автомашинаас татгалзаж, дугуйг сонгох сэдлийг бий болгосон байна. 
 
Харсан үзсэнээ өөлөх, хийсэн нэгнээ шүүмжлэх эрхийг өөрсдөдөө олгосон хэт ардчилсан хүмүүсийн “одоогийн залуус мөс муутай болсон”, “энэ залуучууд зугаа цэнгэлээс өөрийг мэддэггүй улс” гэх мэт үгсийг үл хайхран, залуучууд шинийг эрэлхийлж, өөрчлөлт шинэчлэлт сайн сайхны төлөө зогсолтгүй урагшилсаар л... Түүнийг анзаарах, үл анзаарах нь уншигч эрхэм таны сонголт буй за!
 
 

 Баттулгын Чандмань