sonin.mn
Түүхэн хүмүүсийн үгийг гуйвуулж олныг төрөгдүүлэх нь ардчиллагчдын үндсэн арга барил. Саяхан манай их юм уншдаг бизнес, улс төрийн нэг нөхөр: “Антон Чехов - Төөрсөн хүмүүс өнгөрснөө шүтэж, өнөөдрөө үзэн ядаж, ирээдүйгээсээ айна” гэжээ.
 
Л.Толстой, А.Чехов.. гээд 10 жилд уншдаг байсан бол энэ үг хаанаас гаралтайг төвөггүй санах байх. Өнөөдөр ингэж эвлүүлж хэлснээр, хүмүүс энийг нь хүлээн авч тайлбарласнаар бол биш юм. Чехов эмчийн ажлаа хийж байсан шудрага хүн байсан тул угаас сонирхол татдаг.
 
Тэрээр харин “Анагаах бол миний хууль ёсны эхнэр, уран зохиол бол хууль бус эхнэр” гэж хэлсэн байдаг. Өвдөж зовсон хүмүүст дандаа тусалдаг, баячуудаас мөнгө цуглуулж хөдөө тосгонд эмнэлэг ажиллуулж, өөрөө ч сүрьегийн халдвар авч эдгэршгүй өвдсөн нь нас баралтанд хүргэсэн.  
 
А.Чехов хувьсгалч байгаагүй ч цаг үеийн шудрага бус байдал, нударган баячууд, хөрөнгөтний дарангуйллыг шүүмжлэгч гуманист, идеалист байсан юм. Ялангуяа, тэр үеийн сэхээтнүүдийг шүүмжилдэг:
 
“Би сэхээтнүүдэд итгэдэгүй, дүр эсгэсэн, хуурамч, хүмүүжилгүй, залхуу, шаналж гомдоллож байхад нь ч итгэдэггүй, тэдний хавчигчид тэдэн дотроос нь л гардаг.Бүх сэхээтнүүд буруутай, бүгд, ноёнтон минь. Одоохондоо оюутнууд байхдаа бүгд үнэнч, сайн хүмүүс, Орос орны ирээдүй, гэтэл ажил дээр гараад том хүн болохоороо Орос орны ирээдүйн хамт утаа болон замхарч, эцэст нь хувийн эдлэнтэй эмч нар, цаддаггүй төрийн түшээд, хулгайч инженерүүд болдог.”
 
А.Чехов мөнгө, албан тушаал, нэр хүнд, эрх мэдэл бол хувь хүнийг боолчлох гадаад хэлбэр төдий зүйл ба жинхэнэ хэрэгсэл бол айдас гэдэг байсан. Яг энэ санааг 1898 онд хэвлэгдсэн “Человек в футляре” зохиолдоо гаргасан юм.
 
Гол дүр гимназийн багш Беликов. Цэлмэг өдөр ч усны углааштай, нарны халхтай, байнга хар нүдний шилтэй  “Ямар нэг юм болчих вий” гэж ярьж явдаг хөгийн амьтан боловч гимнази, хотыг бүхэлд нь айдсаар дагуулдаг нэгэн. Беликов хуучныг магтаж, орчин үедээ дургуйцлээ илэрхийлдэг, байнгын сэрэмж болгоомжтой, хамгаалалттай байдаг онцлогтой. Монголоор “Хуй дахь хүн” гэж орчуулсан байх. Орондоо орохдоо толгойгоо битүүлж хучдаг. Тэгж явсаар өвдөөд үхэхэд авс түүний жинхэнэ хуй хамгаалалт болдог.
 
Зохиолын сүүлд гол санаа гарна: “Бид ч гэсэн бөгчим, давчуу хотод амьдарч, хэрэггүй баахан юм бичиж, хөзөр тоглож суугаа нь хуй биш гэж үү?” Хуй дахь амьдрал бол ердөө оршин тогтнох арга юм. Чехов өөрийн бүтээлээр үргэлж бүрэн дүүрэн, утгатай, идэвхтэй амьдрахын төлөө санааг илэрхийлж байсны нэг.  
 
Зохиолд бодит нөхцөл байдлын өмнөх айдас хүнийг өөртөө хуй хамгаалалт босгож өөрийгөө хорьдог тухай ба энэ нь нийгэм улс төрийн агуулгатай болох нь илт харагддаг. Үнэндээ А.Чехов тухайн үеийн Александр 3-р хааны дараахь оросын сэхээтэн ангийн онцлог болон Орос орныг бүхэлд нь товч, тодорхой шүүмжилж харуулсан гэдэг.
 
Ингэж юмыг ултай нь өргөнөөр олж харвал гөлийсөн, хувиа хичээсэн, жаахан нэр төрд хүрсэн бол түүндээ хуйлагдсан, нуугдсан, эх оронч биш, худлаа Дүлзэн царайлсан өнөөгийн Монголын сэхээтнүүд Монгол оронд бүхэлд нь харин ч хамаатай харагдах байх.
 
Др. Антон Чехов
 
Др. Антон Чехов
 
 
Эмч, уулчин Л.Баярсайхан