sonin.mn
Ингэж асуух шалтгаан бий. МАН хаа явна? 2012 оны сонгуулиас хойш “Бидэнд эрх мэдэл алга, биднийг эрх баригчид хавчин гадуурхаж байна” гэсэн мэдэгдлүүдийг завсаргүй хийсээр ирсэн МАН 2014 оны арваннэгдүгээр сард Ч.Сайханбилэгийн МАН хаачив?
 
Засгийн газарт зургаан сайдын квоттойгоор морилж байв. Дотооддоо ихээхэн зөрчилтэй, сөрөн байж засагт хамтарлаа гэсэн РR-тайгаар есөн сар засагт “ажиллаад” гарлаа. Өдгөө тэдний сайд нарын орны хүмүүс томилогдох гэж байна.
 
Хамтрах үедээ МАН-ын дарга М.Энхболд "... Засагт хамтарч ажиллах талаар ирсэн саналыг бид улс орныхоо эрх ашгийг, намынхаас дээгүүр тавьж дэмжих шийдвэр гаргалаа” гэж байв.
 
Харин дараа нь АН-ын гүйцэтгэх зөвлөл тэднийг Зөвшилцлийн гэрээгээ ноцтой зөрчсөн гээд хамтрах гэрээг цуцалсан юм. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, АН-ын генсек Л.Эрхэмбаяр нарын хэлснээр МАН хамтарч байхдаа “хаяагаа хадраад” эхэлжээ. 
 
Он гарсны дараа орон нутгаар “Бид хамтдаа”аяныг зохион байгуулсан. Энэ нь үнэн хэрэгтээ АН-ыг муулах, хамтарсан засгийн алдааг АН-д тохоох аян байсан гэж байгаа. Мөн сонгуулийн “хөл”-өө бэлдэх даалгавартай засагт орсон сайд нар нь халаа, сэлгээг баруун солгойгүй хийж ганц, хоёрхон сарын дотор 500 төрийн албан хаагчийг гудамжинд гаргаж өөрийнхөө намын харьяалалтай хүмүүсийг ажилд авсан гэх. Энэ мэтчилэн гэрээг цуцлах түмэн шалтгаан байна гэдгийг АН-ын шат шатны дарга нар мэдэгдсээр МАН-ыг “төрхөмд” нь буцаасан.
 
МАН уг нь засагт хамтрахдаа л удахгүй гарахаа мэдэж байсан. Тиймээс ч засгаас гарах бэлтгэл болгож “Бид хамтдаа” аянаа тийм зоригтой зохион байгуулсан. Харин хэзээ вэ гэдэг дээр харилцан тохиролцож чадаагүйн улмаас ингэж хөөгдсөн гэдэг.
 
2012 оны сонгуулийн өмнөхөн Сү.Батболдын Засгийн газарт Тэргүүн шадар сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг намынхнаа аваад засгийг орхиж байлаа. Ерөнхий сайд Сү.Батболд “Унаж яваад морио гэдэг шиг энэ хүртэл явчихаад...” гэсэн үгээр үдэж байв. Үнэндээ АН тэр үед гарах л байсан. Харин МАН мэдсээр, харсаар байгаад л ийн алдаж байв. 
 
Түүн шиг сая МАН гарна гэж нэгэнт шийдчихээд, харин засагт орсон сайд нар нь “..Одоо жаахан байж байгаад, хэдхэн хоноод...” гэсээр ийм дээрээ тулсан гэж ярьж байна. Сайдын суудлаас салах амархан биш гэлцэнэ. Намын дарга М.Энхболдынхоо “... Засгаас гараад” гэдэг командыг сонсолгүй тун шившигтэйгээр хөөгдөж ирсэн У.Хүрэлсүх нараа МАН-ынхан туйлын тааламжгүй угтсан гэнэ лээ.
 
Нэгэнт ийм болсон хойно муу юманд сайн тал байдгийг бодож засгаас хөөгдсөнөө “чулуу” болгохоор хөдөлцгөөжээ. Ээлжит чуулган завсарлаж, ээлжит бусаар МАН-ыг гаргах асуудлыг ярихтай зэрэгцэн МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны “1000 залуусын чуулга уулзалт”-ыг Монгол даяар бүсчилж байгаад л хийгээд эхэлсэн. Энэ нь үргэлжилж байгаа.
 
Өнгөрсөн амралтын өдрүүдэд НАМЭХ нь Төвийн бүсийн чуулга уулзалт гээчийг бас зохион байгуулж байна. Олон хүний хоол унаа, том том жийпнүүдийн бензин түлш гээд зардал ямархан гарах нь тодорхой. Харин засагт хамтарсан хэдэн сард овоо бяр суусан бололтой. Монгол орныг нэлд нь хамарсан том гом үйл ажиллагаа, цугларалтыг ажрахгүй зохиож байна. Энэ арга хэмжээнүүдийн зорилго тодорхой. 
 
Хөөрхийсийг засагт хамтраад өдөр шөнөгүй үхтлээ ажиллаж байхад нь, Тавантолгой, Оюутолгойтоос мөнгө босгох гээд, болж өгвөл ард түмэндээ шууд авч өгөхөөр ярьж байхад нь хөөгөөд явуулчихсан гэж ярина. Ингэх шалтгаан бий. Сонгууль тун ойртсон. Даваагүй даваа дандаа догдлуулдаг. МАН ирэх сонгуулийг чимээлэн ийн хөдөөлж явна. 
 
Хэдэн сарын өмнө төв талбай дээрээс энхийн цагаан тагтаа нисгэж зогссон МАН өнөөдөр хөдөө талаар иймэрхүү “бор шувуу” хөөргөж явна. Харин орхиод явсан яаманд нь орлого ихээр төвлөрөх болсон гэх ард бидэнд таатай, Ардын намынханд “муухай” мэдээ дуулдсан шүү.
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: