sonin.mn
“Сэтгэл гэдэг биеийн эзэн бөгөөтөл
Сэтгэл мунхарвал бие даруй хэвтэнэ шүү”
                                                                     /Чингисийн сургаалаас/
 
Асуух гэдэг нь мэдэхгүй зүйлээ мэдэхийн тулд хийдэг үйлдэл. Асуултын тэмдэг гэдэг түүнийг илчлэхэд хэрэглэх хэлний тэмдэглэгээ...
 
Мэдэхгүй байж болно, асуухгүй байж болохгүй, чадахгүй байж болно оролдохгүй байж болохгүй гэдэг. Асуулт бүхний цаана нэг ёсны шинэ мэдээлэл байдаг. Тэрхүү шинэ мэдээлэл нь мэдэх нэгэнд хуучин байвч асууж байгаа хүний хувьд  ямагт шинэ байдаг. Энэ бол асуултын агуулга. Хүн ямар ч зүйлийг асууж болно. Тэр бүхэнд хариу олдоно. Энэ бүхний дундаас  өөрийгөө хүнээс асуух нь  их эргэлзээтэй зүйл. Эргэлзээтэй ч гэж бүр шал дэмий юм шиг санагдана. Таныг өөрөөс чинь өөр  сайн мэдэх хүн олдохгүй л бол уу...
 
Эрдэнэзуу хийдийн хамба лам Х.Баасансүрэн “Өөрийгөө өөрөөсөө асуу... гээд” мэргэч, төлөгч, сэтгэл зүйч, үзмэрч гээд л өөр хэн нэгнээс бид өөрсдийгөө асуугаад л явдаг. Яагаад бид өөрийгөө бусдаас асуудаг юм бэ? Өөрийгөө бусдаас асууна гэдэг  өөртөө итгэлгүй хүний шинж.
 
Өөрийгөө  мэдэхээ байсан үед л бусдаас өөрийгөө асуух хэрэгцээ гардаг. Өөрийгөө мэдэж эхэлснээр асуух шаардлагагүй болдог. Бусдад толгойгоо мэдүүлэгсэд боол байх л тавилантай аж. Тэдэнд хааны суудал хүртээлгүй. Үнэндээ хичнээн мэргэн, үзмэрч таныг сайн мэдэх дотны хүн чинь ч байсан таныг  өөрөөс чинь илүү мэдэх хүн гэж үгүй.
 
Тэднээс өөрийн чинь талаар юу гэж бодож явдгийг л мэдэх боломжтой болохоос  өөрийгөө хэн гэдгийг тэд нараас мэдэх боломжгүй. Бусад хүн чамайг гаднаас чинь л харж үг, үйлдлээр чинь л  дүгнэхээс биш сэтгэл рүү чинь  өнгийж чадахгүй. Өөрийгөө мэдэхийн тулд өрөөлийг биш өөрийгөө  байнга анзаарч сурах  шаардлагатай.
 
Ямар ч үед би уурлаж байна, юун дээр бухимдаад, ямар муу зуршил  чамайг дарангуйлаад  байна, юунд хэтэрхий автаж шунаад өөрийгөө зовоогоод байна гэж өөрөөсөө асуу. Чамд асуулт  байгаа бол хариулт нь чиний дотор л байгаа. Гарц нь ч чиний дотор л байгаа. Өөрийгөө өөрөөсөө асуу...” гэжээ. 
 
Тийм ээ, өөрийгөө өөрөөсөө асууж бай. Байнга биш гэхэд хааяадаа асууж бай. Их чухал шүү. Тэгээд ч монголчууд “дотор хүн” гэж ярьдаг.  Энэ бол өөрийгөө хэлж байгаа юм.  Дотор хүнтэйгээ  ярьж байж шийдэх нь ихэнхдээ зөв байдаг. Өөрийн бодол өөртөө зөв гэж бас ярина. Энэ бол  сайн бодож өөрийнхөөрөө, өөрийнхөө хэр чинээ чадал оюуны хэмжээнд чадна гэсэн баттай ойлголтод хүрснээс үүдэн хариу өгч байгаа үйлдэл юм. Дотор хүнтэйгээ хүүрнэн, хүүрнэн орчлонгийн ээдрээг тайлах, тэгээд  өөрийн гэсэн тулхтай шийдвэр гаргадаг  малчин хүний амьдралын хар ухааны энд хүрэх яагаа ч үгүй л байна даа... 
 
Дотор хүн бол хүний оюун санаа, сэтгэл зүрх юм. Түүнтэйгээ ярих нь хамгийн зөв шийдэл юм. Тэгээд ч Их  эзэн богд Чингис хаан сургахдаа “Аливаа хүмүүний биеийг эзлэх гэж бүү яар. Сэтгэлийг нь эзлэхийг яарагтун. Сэтгэлийг нь эзлэвээс бие нь хаа одох билээ.” хэмээсэн байдаг. Аливаа үйлд сэтгэлээсээ хандах гэдэг их  зөв юм.
 
Сэтгэлээсээ хийж байна гэдэг чухамдаа  дотор хүнтэйгээ хамт  хийж байна гэсэн үг  л дээ. Тийм болохоор үнэн, чанартай,  эргэж санаа зовох зүйлгүй гэсэн үг. Хүн бүхэн өөрийгөө өөрөөсөө асууж,  шийдвэр гаргадаг, бусдад ханддаг болох нь өөрөө  өөрөөрөө байгаагийн эрхэм шинж болой. Бэлчээрээ мэдвэл мал, биеэ мэдвэл хүн гэж энэ бүхний ард хийсэн дүгнэлт буюу... Өөрийгөө мэдэхийн шалгуур нь өөрийгөө өөрөөсөө байн, байн асууж байсны үр дүн юм. Хүмүүсээ, өөрийгөө өөрөөсөө асуу.
 
Таныг таниас өөр хэн ч илүү мэдэхгүй гэдэг л туйлын үнэн гэж байдаг бол тэр болюу... Бас ч  өөрийгөө бусдаас асуух нь бэлэнчлэх сэтгэлгээний үр байхыг үгүйсгэхийн аргагүй. Өөрөө эргэцүүлэн бодож танин мэдэхийн оронд бэлэн хариу олж асуудалд амар хялбар хандах, бэлэнчлэх сэтгэлгээний  үр хөврөл ч нөлөөлсөн байж болно... Олон талаас нь бодоцгооё. Өөрийгөө өөрөөсөө л асууя.
 
2015.08.18
 
Сэтгүүлч яруу найрагч Лханаагийн Мөнхтөр