sonin.mn
Дуучин Д.Оюунтүлхүүр эх орондоо иржээ. Түүнийг явахаас нь өмнө “Утасны анд” холбогдож цөөн хором ярилцлаа.
 
-“Утасны анд” байна. Сайн явж ирэв үү?
 
-Сайн явж ирлээ. Эх орондоо ирээд сэтгэл сайхан байна.
 
-Японд тоглолт хийсэн гэсэн үү?
 
-Японы хотуудаар ая­лан тоглолтод оролцчихоод ирлээ. Одоо л жаахан амсхийж, амрах зав гарч байна.
 
-Та эх орондоо суурьших бодолгүй юм уу?
 
-Хэдийгээр би Японд ажиллаж, амьдарч байгаа ч сэтгэл минь үргэлж эх оронтойгоо хамт байдаг. Нэг ч удаа мартаж, үл ойшоож байсангүй. Гэхдээ Японд ч ялгаагүй миний ажил, урлагийн замнал бий. Тиймээс аль болох цаг заваа зохицуулаад ажиллаж, амьдрахыг хүсч байна.
 
-Нүүдлийн шувуу шиг амьдрал хэцүү биш үү?
 
-Таны хэлдгээр яг л нүүдлийн шувуу шиг амьдарч байна. Энэ амьдралдаа дасчихаж дээ. Гэхдээ хүнд юугаар ч сольж болдоггүй эрхэм зүйл нь эх орон байдгийг би дэндүү их мэдэрсэн. Төрсөн нутагтаа ирэхээр өөрийн эрхгүй сэтгэл цэлмээд, уужрах шиг болдог.
 
-Япон хөгжилтэй орон. Бидэнд тэдний соёлоос сурах зүйл их байгаа байх?
 
-Япончууд үндэсний уламжлал, ёсоо дээдэлдэг ард түмэн. Энэ зан ча­на­рыг нь л манайхан сурах хэрэгтэй. Түүнээс уламжлалт соёлоороо мон­голчууд илүү. Бидэнд дэлхийд дуурсагдах уртын дуу, морин хуур, хөөмий гээд бахархах, гайхуулах, сур­­талчлах урлаг олон бий.
 
-“Ээжийн бүүвэйн дуу”-г та гайхалтай дуулсан. Эх хүнээс л тийм сайхан аялгуу ундардаг байх?
 
-Өөрөө эх хүн учир илүү мэдэрч дуулсан байх. Энэ дуу өөрөө сайхан үг, аялгуутай, монгол түмний сонсох дуртай дуу. Би ч ялгаагүй багаасаа сонсч, дагаж аялдаг байлаа. Харин өөрийн урын сандаа оруулсандаа баяртай байгаа.
 
-Та гэр бүлдээ хэр цаг, зав гаргадаг вэ?
 
-Хүний амьдралын утга учир, аз жаргал нь элэг бүтэн гэр бүл. Тиймээс би бүхий л цаг хором бүхнээ тэдэндээ зориулахыг хүсдэг. Эргээд бодоход харамсахгүйн тулд, сайхан дурсамжийг өөртөө болон гэр бүлийнхэндээ үлдээх хэрэгтэй. Хүн дурсамжаараа хөглөгдөж амьдардаг, түүнээс эрч хүч, урам зориг авдаг сэтгэлийн амьтан юм.
 
-Амьдралаас та юуг илүү хүсдэг вэ. Нэр алдар, хөрөнгө мөнгө гээд л..?
 
-Хайртай гэр бүлийнхэнтэйгээ, элэг бүтэн, эрүүл энх байх нь миний хувьд дээдийн аз жаргал. Амьдралаас өөр юу хүсэх юм. Хэдийгээр мөнх амьдрал байхгүй ч хайртай хүмүүстэй минь олон жил хамт байлгаж өгвөл хүн болж төрсний гавьяа юм болов уу.  
 
Ч.ГАНТУЛГА
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин