sonin.mn

-Аян замын тэмдэглэл-

Намрын дунд сарын хуучдаар... Шаргал  өнгө дэлхийг хучсан сайхан цаг... Хүмүүний бодол хүртэл шандууран шаргалтах шиг болох тийм л үе дээ... Аргын тооллын  9 сарын сүүлчийн өдөр. Өглөө босоход нэхий дээлээ хөдөрчихсөн өвөл жанжин хүрээд ирсэн юм шиг  байлаа. Хаашаа л харна цав цагаан. Хар юм гэж алгаа алга. Тэртээх уулс, энтээх зам харгуй,  бут сондуул,  бүр цагаан. Цасан бамбарцаг  өчүүхэн  жаахан бутыг хүртэл сүртэй нь аргагүй чимжээ. Энэ цагаан зардас болтосох гэж буй бичин жилийн  удиртгал. Зарлан дуудах нь. Цэргийн зарлан дуудах аваад  хажуу айлын сөөсгөр хүү том болсноо гэнэт ухаарч айл саахалтаар бууж давхидаг шиг юм.

Ийм л нэг  дороо тос даасан дээрээ цас дарсан өглөөг  Их Алтайн сүрлэг уулсын дунд угтсан юм. Говь-Алтай аймгийн төв Алтай хот үнэндээ бол  Алтайн уулсын сэрвээн дээр байдаг юм. Яагаад  гээч.  Нийслэлийн босго,  тотго болсон Дархан цаазат Богд Дүнжингарав уулын оргилтой мөр зэрэгцсэн тийм л өндөрт Алтай хотынхон амьдран суудаг. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарчууд Алтайд очиж гэмээнэ Богд уулынхаа орой дээр гарсантай адилхан гэж зүйрлэвэл илүү ойлгомжтой биз.

Сэтгүүлч миний бие  энэ л өндрөөс Шарга сум руу уруудлаа.  Уруудан уруудсаар Шарга сум хүрнэ.  Алтайн уулсын  олон давааны нэг бол Баарангийн даваа.  Энэ давааны орой дээрээс уруудан уруудсаар урын үер шиг Шарга суманд хүрч очно. Алдарт Шаргын говийг давааны орой дээрээс тольдоход нэг л сонин дүр  сэтгэлд бууж, нүдэнд тодорсон. Гайхалтай... Эргэн тойрон Алтайн  цувраа мөнгөн уулс хүрээлжээ. Хотгорт нь  алтан аяганы ёроол  шиг  алдарт  шаргын говь  дуниартжээ.

Ай даа гээд  амьсгаа авахад  дэндүү уужим юм. Хантайшир, Хар азарга, Хасагт гурван богд, Сутай, Дарвийн нурууд шил шилээ даран жингийн тэмээ шиг  цавцайна.  Яг л мөнгөн аяганы амсар шиг. Ийм л их уулсаар хүрээлэгдсэн Шарга сумыг алтан аяганы ёроол шиг гэж зүйрлэхээс  өөр  яах билээ дээ. Энэхүү алтан аяга шиг шаргал говьдоо Шаргачууд аж төрөн сууж, ажил амьдралаа төвхнүүлж, атан тэмээдээ ширээлүүлж, ая зангаа авсан нутаг, хүн хоёр намайж шаргалтан намрынхаа дунд сард  налайж байна.

Шаргынхан  аймагтаа  ойрхон  болохоор  үдийн цай даргих хооронд л аймгийнхаа төвд давхиад хүрдэг гэнэ.  Ховд-Алтайг холбох засмал замын ажил өдөр, шөнөгүй “буцалж” байна. Харин Алтай-Баянхонгорыг холбох зам ажин түжин оргиод нам жим. Үнээн усны цайны газруудаар том, том машин тэрэг нь орой үдэшдээ холхиж,  шатахуун тосоо хямд төсөр зардаг наймаа хүртэл бий болж. Юм, юм л  дуулдах юм даа. Ховд-Алтайн зам ашиглалтад орохоор Шарга сумынхан 20 гаруйхан км яваад л засмал дээр  гарч  давхина. Хөгжил улам урагшилна. Шаргынхан хармагаа түүцгээж байна. Тэмээ, хүн хоёр энэ  жимсэндээ “нугасгүй”. Тэмээ ч яахав зөнгөөрөө байгалийн аясаараа иддэг л биз. Хүн харин хайчлаад, хугалаад  аминчирхаж байгаа дуулдана. Ирэх он жилүүдэд ахин дахин  түүхээ бодож, эжий сэтгэл гаргаасай.

Шаргынхан аавуудын чуулган хийж, өрхийн тэргүүнүүдийнхээ ажил үйлс, алдар хүндийг дүгнэлээ. Шарга сум бол алдарт сэтгүүлч  Цэрэндоржийн Балдорж агсны төрсөн тоонот. Түүний дүү Бөхчулуун гэж  ахтайгаа  их л адилхан, нуруугаар жаахан өндөр  хүн байна.  Амьдралын хар ухаан заяасан  энэ хүн  олон жил баг, бригадын даргаар ажилласан туршлагатай нэгэн. Сумынхаа иргэдийн хурлын төлөөлөгчөөр олон  удаа сонгогдсон жинхэнэ тулгатай хүн. Радио сонсож мэдээлэл цуглуулдаг энэ сайхан хүнийг  нутаг усныхан нь хүндэлдэг юм билээ.

Шаргачууд сүүлийн найман жил  бүсгүйчүүдийн удирдлагаар хөгжиж явна. Засаг дарга, Хурлын дарга, Тамгын газрын  дарга, Хурлын нарийн бичгийн дарга нь дандаа бүсгүйчүүд. Зөөлөн сэтгэл дэвсэж, зөв үг хэлж явбал энэ бүсгүйчүүд эжий сэтгэлээр ард түмнээ залахдаа л нэг зална байх аа гэж бодогдсон.

Аймагтаа хамгийн олон тэмээтэй Монголын радиогийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит  алтан ботгоны  шагналт Н.Дашмягмар гэж сайхан тэмээчин говийнхоо шаргал өдөр шиг налайгаад аавуудын чуулганд сууж байна. Тэр хэлэхдээ, “Тэмээний ашиг шим их ээ. Харин сүүлийн жилүүдэд  ноос нь үнэгүй болоод байна.  Урамшуулал ч авч байгаа л даа. Урамшуулалтай боллоо гэсэн шиг үнэ нь  уначихсан” гэлээ.

Сайн юманд садаа их гэдэг л энэ дээ. Ингэний сүү, хоормог, ундаа,  аарц гээд олон төрлийн  бүтээгдэхүүн гардаг ч борлуулах зах зээл нь хол, тусгайлсан боловсруулах, савлах  жижиг, дунд үйлдвэр суманд байдаггүй болохоор өөрсдөөсөө цааш гарахгүй юм гэсэн.

Сумандаа ийм үйлдвэр бий болгоосой гэж хэлэх юун. Засаг даргад нь дамжуулаад  авсан. Тунгалагтамир дарга ажил болгоосой. Алтан дэвсгэртэй мөнгөн аяга шиг Шарга сум цагийн жамаар хөгжлийн тэргэнд суугаад урагшилж л байна.

Сумын  нутагт  сүүлийн жилд сүрхий олон хайгуулын лиценз олгосон ч тэд  тийм ч таатай хүлээж аваагүй гэнэ. Гэхдээ л дээдсээс шийдтэй гээд ашиглалтын лиценз өвөрлөсөн нэг компанийнхан сандаргаж, малчид нь бэлчээр усаа,  шүтэн дээдэлдэг  уул, овоогоо гээд  гацаанд орчихсон, хоёр талаасаа нэгнээ “отсон” байдалтай байгаа гэнэ.

Малын бэлчээр, малчны өвөлжөө, хаваржаан дунд нэг иймэрхүү зүйл маргаантай л хэдэн сар болж байна. Шарга гэдэг хаашаа л харна говь нутаг. Нутгаа эмжээд их уулс.  Баянбүрд ихтэй энэ говьд хадлан өвс бэлтгэдэг уламжлалт  сайхан талбайнууд бий. Энэ уламжлал нь одоо ч хэвээрээ.  Булаг, усаа түшээд хүмүүс ногоо тарьдаг.  Улсын гурван ч аварга ногоочинтой. Хадлангийн механикжсан бригад нь жилийн жилд хадлан өвс бэлтгэнэ.

“Шаргын говийн ялаа нь яасан ч олон ялаа вэ...” гэж найрал дуунд дуулдаг байсныг хүүхэд нас минь мартаагүй байна. Тэднээс энэ тухай асуувал  шумуул нь ч бараг үгүй болсон шүү гэлээ. Байгаль дэлхий өвгөрч л байгаагийн нэг  шинж буй за. Заг нь нялхраад сайхан ургаж байгаа юм байна. Сумандаа заг тариасай билээ. Өөр мод ургахад тийм ч таатай биш юм билээ. Шаргачууд алтан аягандаа мөнгөн уулсаа тольдоод эрмэг заг шигээ их нүүдлийн  хөлд  урагшилж байна даа. Алтан ёроолтой мөнгөн аяга шиг нутагтаа аж төрөн суугаа Алтайн Шаргынхан гэж...

2015 оны 10 дугаар сар 5

 

Сэтгүүл, яруу найрагч Лханаагийн Мөнхтөр