sonin.mn
Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн гуайн алдарт “Зугаацахаар мордсон нь” тууль 
Гангар гунгар дуугарсаар галуу шувуу нислээ
Ган халуунаас зайлж сэрүүн уулыг зорьжээ. 
Газрын холоос гарч усны уртыг замнасан
Галуу шувууг харсаар нэг юм бодогдлоо хэмээн эхэлдэг.
 
Тэгвэл өнөөдрийн Монголын улстөрчид зав л гарвал, заримдаа ажлаа тасалж байгаад ч хамаагүй гадаад их далайг гаталж, галуу шувууны жигүүр цуцах алсад зугаацахаар морддог.
 
Зунжин зугаацсан эрхмүүд өвөл болонгуут “Улаанбаатарын утаанаас зугтъя” хэмээгээд хөгшин Европ, Хайнань арал, халуун орны далайн эрэг бараадан ар араасаа цувралдан нисдэг нь хэвшил болсон.
 
Өчигдөр л гэхэд УИХ дахь нам эвслийн бүлгүүдийн хурал ирц нь бүрдэхгүй сандарцгааж байна лээ. Тэгтэл хэргийн учир нь сайд, эрхэм гишүүд тэргүүтэй олон улстөрчид хилийн дээс алхаж “Зугаацахаар мордсон” сураг дуулдав. Хэд хэдэн сайд, эрхэм гишүүд хөгшин Европ, АНУ, Азийн баруудад ажлын айлчлал хийнгээ алжаал ядаргаагаа гаргаж яваа аж.
 
УИХ-ын эрхэм гишүүд, сайд нараас дутахгүй гэсэн шиг хотын дарга, улсын баатар маань ч “Зугаацахаар мордож” амралт, ажлыг хослуулж аваа бололтой. Учир нь түүний үлгэрт гардаг шиг аргамаг хүлгийн зоон дээр жинхэнэ утгаараа зугаацаж яваа энэ зураг цахим ертөнцөд “од” болсоор хэд хонов. Энэ зургийн дор “Манай дээдсүүд ч амарч жаргаж чаддаг улс юм.
 
Зугаацаж дууссан бол хотоо олигтойхон хөгжүүл. Улаанбаатар биш утаанбаатар болчихоод байхад Үүл дарга морин аялал хийж явна. Эхнэрээ эрхлүүлсэн хотын захирагч” гээд олон комент хөвөрнө. Ямартай ч Улаанбаатарын утаанаас дайжсан сайд, дарга нар маань аятай сайхан л зугаацаж яваа аж.
 
Сая гурван зуун мянган хүнтэй Улаанбаатар хотын иргэдээс ядаж л хэдэн сайд, дарга нар нь багширсан хар утаанаас хол, амар жаргалтай зугаацаж, уушиг зүрхээ эрүүлжүүлж яваа нь аштай юу даа, хөөрхийс. 
 
Эх сурвалж: "Өглөөний сонин"