sonin.mn

Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Зангадтай ярилцлаа. Өсч, төрсөн нутагтаа жилд заавал очдог түүнтэй нутгийн сонин сайхан болон хүүхэд насны дурсамжаас нь хуваалцсанаа хүргэе. 

 

-Та сүүлийн үед ойр ойрхон нутаг руугаа явдаг болжээ. “Тунгалаг Буянт”-аа үгүйлээд замд гараад байна уу?

 

-Би Ховд аймгийн Буянт сумын уугуул. Энэ намар манай сумын 90 жилийн ой болж, би баяртаа оролцоод ирсэн. Эх орны маань дөрвөн зүг найман зовхист улс орон хөгжиж, хийж бүтээх эрмэлзэл дүүрэн байгааг хараад сэтгэл тэнүүн явлаа. Улс орон дэд бүтцийн асуудлаа шийдэж байгааг замын турш харлаа. Зам дагаж хөгжил гэдэг болохоор алс нутгийн дэд бүтцийг шийдээд өгвөл хөгжих боломжтой юм байна.

 

Хүн амын хөгжлийн төвшин хуучин цагийг бодвол өөрчлөгдсөн байна. Би 1951 онд Ардын хувьсгалын 30 жилийн ойгоор арван хэдхэн насандаа Ховд аймгийн жүжигчид, сайн дурын уран сайханчидтай Улаанбаатарт анх ирж, хотын соёлтой танилцаж байв. Түм түжигнэж, бум бужигнасан олон хүн төвлөрсөн газрыг үзээгүй хөдөөний хүүхдийн хувьд нийслэлийн аж байдал их сонирхолтой байсан санагдана.

 

-Хотын соёлтой анх танилцаж байгаа хүүхдэд бүх зүйл л шинэ харагдсан байх. Тэр дундаас сэтгэлд хоногшсон, сонирхож байсан зүйл бий юү?

 

-Мах комбинатын хоёр давхар байшин их тод хараг- даж байсан. Нэгдүгээр сургууль, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, тухайн үеийн Элдэв-Очирын нэрэмжит Хүүхдийн кино театр буюу одоогийн Хөрөнгийн бирж, Гадаад хэргийн яам, Улсын багшийн дээд сургуулийн байшин гэсэн хэдхэн барилга нийслэлд ирэхэд их өндөр, сүрлэг санагдаж байсан даа. Ер нь тэр үед тоймтой хэдхэн байшин байлаа шүү дээ.

 

Ямар сайндаа тэр олон давхар барилгын дээд давхарт нь яаж ордог юм бол гэж бодож байсан юм даг. Тэр үед Яармагийн талбайд Улсын баяр наадам болдог байв. Наадмыг улсын баяр наадам, цэргийн баяр гэж олон янзаар нэрлэнэ.

 

Хятад дэлгүүр, гуанз гэсэн ахуйн үйлчилгээний газрууд ихэвчлэн хувийнх байсан. Сонирхолтой нь, морин тэрэг одоогийн таксины үүрэг гүйцэтгэдэг байлаа шүү дээ. Наадмын үеэр хотын бүх албан байгууллага үзэсгэлэн- гээ гаргана. Тэнд бас циркийн байртай бөгөөд нийслэл болон хөдөө орон нутгаас ирсэн уран бүтээлчид ард түмэнд тоглолтоо хүргэдэг байсан.

 

-Алс хязгаараас ганцаараа ирээд учраа олохгүй байх үе тохиолдсон уу?

 

-Төрсөн ахтайгаа ирсэн болохоор тийм зүйл болоогүй. Хүүхэд болсон хойно олон зүйл хараад сатаарах үе байсан. Ялангуяа янз бүрийн хэлбэртэй чихэр гоё харагддаг байж билээ. Ховдын театрыг 1950 онд байгуулсан. Үүнээс нэг жилийн дараа театрынхан, сайн дурын уран сайханчидтайгаа Ардын хувьсгалын 30 жилийн ойд оролцохоор ирсэн.

 

Үүнээс өмнө Дорнод аймгийн Хөгжимт драмын театр 1948 онд байгуулагдсан. Ховдын театр олон ястан, үндэстэнтэй их баялаг учраас тэр бүхий л уламжлал соёлоо тоглолтдоо тусгахыг хичээсэн. Одоо бодоход 1951 оноос Шар дэлгүүр л үлдэж дээ. Одоогийн “25 суваг” телевизийн цаахан талд бий. Тэнд өмнө нь үсчин, зурагчин, будгийн газар зэрэг хувийн үйлчилгээний газрууд байлаа.

 

Одоогийн Драмын театр буюу Залуучуудын ордон 1954 онд Монголын ард түмний хөрөнгөөр боссон байшин юм шүү дээ. Би хүртэл сурагч байхдаа 45 мөнгө хандивлаж байв. Тэр үед одоотой харьцуулахад хүн цөөхөн. Үндэстнийхээ хувцсыг их өмсдөг байсан ч соёлжоод улам л өнгөлөг сайхан болсон. Ер нь 1956 оноос хот олон барилгаар өнгө нэмсэн. 40, 50 мянгат баригдаад, төмөр зам ч ороод ирэхээр хүн төвлөрч, 1960-аад оноос хурдтай хөгжиж эхэлсэн.

 

-Түүний дараа хэдэн онд Улаанбаатарт ирсэн бэ?

 

-61 жилийн өмнө Ховд аймгийн соёлын өдөрлөгийн нээлт одоогийн Дуурь бүжгийн эрдмийн театрын өмнөх талбайд болсон юм. Би соёлын өдөрлөгт оролцохоор найм- дугаар ангид байхдаа дахин Улаанбаатарт ирсэн. Дөрвөн жилийн дараа хотод ирэхэд барилгын тоо олшроод, Сүхбаатарын талбайн хэмжээ том болчихсон юм шиг харагдсан. Засгийн газрын ордон гэж өргөтгөлгүй, дөрвөн давхар урт цагаан байшин байсан даа.

 

Одоогийн хотын захиргаа “Алтай” нэртэй зочид буудал байв. Тэнд бид байрлаж, Дуурь бүжгийн эрдмийн театрын оронд байсан Улсын хөгжимт драмын театр руу явдаг байсан. Түүний дараа 1955 онд би хотод ирж суурьшсан. Тэр жилийн дэлхийн залуучууд оюутны их наадамд оролцохоор ирээд, дараа жил нь сур- гуульд сурахаар явсан.

 

-Хөгжлийн явцад орхигдоод байгаа зүйлсийн нэг нь соёл урлагийн нэгдсэн бодлого юм. Таныг урлагийн байгууллагад анх ажиллах үед соёл урлагийн байгууллагын байдал ямар байсан бэ?

 

-1970-аад оны үед соён гэгээрүүлэх ажил хүчтэй өрнөж байсан. Мэргэжлийн урлагийн байгууллагууд тодорхой төлөвлөгөөтэй, түүнийхээ дагуу бүх сумаар аялж тоглолт хийдэг байв. Хаана хүн амьдарч байна, тэнд урлаг соёлынхон хүрч үйлчилдэг байлаа. Өнөөдөр тэр ажлыг хийхээ больжээ. Түүнээс гадна орхигдоод байгаа зүйл дотор нэг чухал зүйл бий. Намар болохоор залуус хөдөө явж улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулан хадлан тэжээл бэлтгэх, тариа ногоо хураахад гар бие оролцдог байлаа.

 

Тэр ариун хөдөлмөрийн шимээр залуус хүссэн мэргэжлээ олж, зарим нь амьдралаа зохиодог байсан юм. Гэтэл тэр ажил одоо дутагдаад байна. Тэр үед тариа будаагаа Төв цэнгэлдэхийн гадна талбайд байрлуулж, эскпортод гаргадаг. Бид цөөхүүлээ байсан ч ажиллаж болоод л байсан. Харин одоо олуулаа тэр үеийнх шиг хөдөлмөрлөвөлямарихажлын ард гарах бол.

 

Ийм учраас би залуу үеийнхэнд өнөөдрийн хөл нь майжиг болсон бөгтөр өвгөн, нүүрэнд нь үрчлээ суусан энэ хөгшчүүдийн нуруун дээр Монгол Улсын хөгжлийг тулж ирсэн юм шүү. Тиймээс автобусанд ороход нь тохойноос нь дэм болж өргөж оруулаад суудал тавиад өгчихөж бай. Ахмад үеийнхнийгээ хүндэлж бай гэж захидаг юм.

 

-Нар ээсэн намрын өдөр таны “Алтан намар” дууг сонсохоор өөрийн эрхгүй бодолд автдаг гэж олон хүн ярихыг сонссон. Үнэхээр ч таны дуулсан энэ дууг мэдэхгүй монгол хүн цөөхөн байх?

 

-Дуу болгон түүхтэй байдаг. Монголын яруу найрагч, хөгжмийн зохиолч, уран бүтээлчид бурхнаас заяасан авьяастай агуу хүмүүс байдаг юм шүү дээ. Тиймээс эх орныхоо бүтээн байгуулалтын төлөө олон сайхан бүтээл хийсэн. Улирал бүхэн сайхан. Би хавар төрсөн болохоор энэ улирал надад сайхан санагддаг. Уран бүтээл маань цэцэглэдэг болохоор намар бас сайхан санагддаг юм.

 

1982 онд Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос “Алтан намар” нэртэй Монголын хөгжмийн урлагийн наадмыг Д.Сүхбаатарын талбайд анх санаачлан зохион байгуулсан. Тэр үед МАН-ын Төв хорооны тогтоол гараад “Алтан намар” наадмыг зохион байгуулах хороог байгуулж байсан юм. Монголын хөгжмийн зохиолчид тэр онд ямар бүтээл хийснээ ард түмэндээ тайлагнах зорилгоор зохион байгуулсан наадам юм л даа. Тэгээд 1983 онд энэ наадмыг нээж, хаадагсүлддуутайболъё гээд хөгжмийн зохиолчдын дунд нэргүй уралдаан зохион байгуулсан.

 

Улмаар Л.Мөрдорж, Н.Жанцанноров, Г.Алтанхуяг нарын гурван дуу шалгарснаас “Алтан намар” үлдсэн юм билээ. 1983 оны аравдугаар сарын 1-нд циркэд “Алтан намар” наадмын нээлт болоход би анх энэ “Алтан намар” дууг дуулсан даа. Одоо дуугаа сонсоод “Энэ дууг анх дуулж байхдаа залуухан байж дээ” гэж бодогддог юм.

 

-Хүнд бодол ухаарал хайрласан, мартагддаггүй дуу олон бий. Гэтэл сүүлийн үед гарч байгаа уран бүтээлийн ийм “амьд” чанар үгүй болчихжээ. Энэ нь танд ч гэсэн мэдрэгдэж байгаа байх?

 

-Би Монголын дуулаачийн урлагтороод 60 гаруйжилболж байна. Энэ хооронд манай олон сайхан яруу найрагч, хөгжмийн зохиолчтой хамт ажиллаж, амьдарчээ. Одоо миний үеийнхэн ховордсон байна. Би чинь “танихгүй” хүмүүсийн дунд амьдарч байна шүү дээ. Танил хэд маань бурхны оронд заларчээ. Тэднийгээ санана, үгүйлнэ, дурсана. Бас сэтгэлдээ зурдаг юм.

 

Тэд уран бүтээлдээ сэтгэлээ зориулдаг байсан учраас одоо хүртэл хуучрахгүй байна. С.Гончигсумлаа, Ж.Бадраа гуай “Жаргаах зүрхэн” бүтээлээ хийхдээ хамтдаа зөвлөж, сэтгэлээсээ шижир бүтээл хийсэн. Тэгээд тэр бүтээлүүд нь мөнхөд үлдэж байгаа юм. Гэтэл сүүлийн үеийн уран бүтээлчид мөнгөний тө- лөө ажиллаад байна. Уран бүтээлийг мөнгөөр хэмжиж болохгүй. Чин зүрхнээс ургасан уран бүтээлийг сэтгэлээрээ хэмжинэ үү гэхээс өөр зүйлтэй зүйрлэж болохгүй юм шүү дээ.

 

-Таны урлагт зүтгэсэн он жил, хүч хөдөлмөрийг тань төр засаг, ард түмэн өндрөөр үнэллээ. Олон жилийн хөдөлмөрийг үнэлсэн тэмдгийг энгэртээ зүүлгэж байх мөчид ямар сэтгэгдэл төрж байв даа?

 

-Аав ээж, төрсөн нутаг хамгийн түрүүнд санагддаг юм билээ. Тэр үед “Би ийм хүндтэй шагнал хүртэх зүйл хийсэн юм байх даа” гэж бодоод ханцуйдаа залбирч явлаа. Бас интернэтээр намайг яаж баалах бол гэж эмээж байсан боловч надад тийм шүүмж ирээгүй. Энэ нь миний уран бүтээлдээ хариуцлагатай ханддаг байсантай холбоотой болов уу гэж бодсон. Мөн олон түмэн намайг хайрлаж хүндэтгэж байгаагийн илрэл гэж бодоод баярлаж байлаа.

 

-Хүн нас явах тусам нутаг амьтай болдог гэдэг. Танд нутагтаа амьдрах бодол бий юү?

 

-Хүн нутгаа санадаг гэдэг үнэн үг шүү. Би сүүлийн жилүүдэд нутаг руугаа явчихаад байгаа. Нутагтаа очно, тоглож өссөн газраа харна. Гэтэл багын дурсамжаа хуучилъя гэхээр үе тэнгийнхэн маань цөөрчихжээ. Тэгэхээр ер нь хүн ганцаардах байдал руу орчихдог юм уу даа. Тийм болохоор нутагтай очоод амьдаръя гэсэн бодол үгүй болчихсон байна. Өндөр наслах сайхан ч үеийнхэн маань цөөрчихөөр сэтгэл хоосроод байх юм даа.  

 

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин