sonin.mn
Дубайд очоод том гэрээ хийчихээд ирдэг хүн байдаг болохоор Давосоос юутай ирэв гэж Ерөнхийлөгчөөс чих тавьцгааж байлаа.
 
Мөнгө цаас муутай байгаа улсад хөрөнгө оруулах дэлхийн том компани, банк байна уу гэж салбарын хүмүүс ч хүлээж байв. Тэгвэл Швейцарийн Давос хот ороод өнгөрсөн даваа гаригт ирсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ганзаганд юу байна вэ.
 
Төрийн тэргүүн жил бүрийн нэгдүгээр сард Швейцарийн Давос хотыг зорьдог. Тус хотод Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт болдог бөгөөд энэ жилийнх 46 дахь нь юм. Энэ нь дэлхийн эдийн засгийн тухайн үеийн нөхцөл байдлын талаар ярилцаж, түүнийг сайжруулах гарц хайдаг уулзалт юм.
 
Энэ үеэр Төрийн тэргүүн ба түүний багийн­хан улсынхаа хөгжлийн зорилгыг танилцуулахаар “Монголын үдэш” арга хэмжээг Давост зохион байгуулаад иржээ. Урлаг соёлынхон үндэсний хувцасаа өмссөн, уламжлалт хөгжмийн зэмсгээ гадаадынхтай хоршуулж тоглон, бүсгүйчүүдийн хамтлаг дуулж бүжиглэсэн гэнэ.
 
“Монголын үдэш” арга хэмжээг зохион байгуулахад гадаадын өндөр дээд хэмжээний зочдыг урьсан тухай нэрс жагсаажээ. Үүнд Монголоос нэлээд мөнгө зарсан, тэр мөнгийг нь нэгэн банкнаас төлсөн гэх. Хамгийн гол нь очиж дуулж, бүжиглэсний хариу юу юм бэ гэдэг л чухал. 2014 онд л гэхэд Давосын чуулганы үеэр ийм арга хэмжээ зохион байгуулаад одоогийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын хүмүүс оччихсон олны дунд бүжиглэж, Со гавъяатаас эхлээд урлагийнхан үзүүлж өгч байсандаг.  
 
Үүний хариуд хөрөнгө оруулагч, хандивлагч, хамтран ажиллагсад, Монголыг зорих жуулчин илүү олон болох ёстой. Манайхыг чиглэсэн мөнгөний урсгал, жуулчны тоо мэдэгдэхүйц нэмэгдсэнээр л үр дүн нь гарна. Ингэхийн тулд л хамтлаг, дуучдаа Давос руу дагуулаад явдаг, тэнд бөөн зардал гаргаад ирдэг биз дээ. Гэвч сүүлийн хэдэн жилд дандаа хоосон ирлээ шүү, Ерөнхийлөгч өө. Хариу нь хаана байна вэ.
 
М.Ган
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин