sonin.mn
УИХ-ын чуулганы хуралд үг хэлэхдээ босч зогсдогоо төрдөө хүндэтгэлтэй хандаж байгаагийн илрэл гэж тайлбарладаг С.Ганбаатарын үгийг өнөөдөр яг хэлсэн утгаар нь хүлээж авах боломжгүй болж байна.
 
Учир нь тэрээр Монгол Улсыг хууран мэхэлж, төрийн түшээ болсон байж таарч байна. АНУ-д банкинд ажиллаж байсан нь худлаа, сургуулиа төгсч чадаагүй гэдгээ “Ийгл”-ийн ярилцлагад орохдоо ил тод хэллээ. Муу нуухаар сайн илчил гэдэг болж байгаа юм уу даа гэж гэгээтэй талаас нь харах гэж оролдох гээд ч болохгүй байна.
 
Ингэж муугаа нууж байсан нөхөр маань өөрийгөө хосгүй өндөр боловсролтой, гадаадад сургууль төгссөн лут мэргэжилтэн гэж худдаа ярьсаар байгаад сонгогч түмний саналыг авсан болж таарч байна.
 
УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн материалыг шалгаж байна энэ тэр гээд сүржигнээд байдаг. С.Ганбаатар юугаа үзүүлж харуулаад Сонгуулийн ерөнхий хороог аргалсан байж таарах уу. Их сургуулийн дипломгүй хүн магистр хамгаалж, улмаар докторантурт сураад байгаа гэхчлэн үнэхээр шог хийгээд эмгэнэлтэй асуулт олон гарч байна даа.
 
Монголд өнөөдөр буруу замаар, хуурч мэхэлж, хулгайлж, дээрэмдэж яваа нь баяжаад, дэвжээд, албан тушаал ахиад байдаг гажиг бөгөөд эмгэнэлтэй жүжиг тогтчихоод байгаагийн илрэл нь эхлээд “фэнгшү” байснаа одоо хиншүү С.Ганбаатар болчихоод байгаа ХҮН гэдэг намын шинэ даргын энэ үйлдэл батлан харууллаа.
 
Намынх нь нүүр царай болох дарга нь худалч, хууран мэхлэгч гэдгээ ил тод зарлачихаар Хөдөлмөрийн үндэсний нам одоо яаж “шинэ залуу, элдэв муу муухай зүйлд хутгалдаагүй хүмүүсээр эгнээгээ бүрдүүлж байгаагаараа онцлог” гэж өөрсдийгөө магтана даа. Бас энэ нам руу итгэж найдаж орсон бизнесмэнүүд “Дүрэмгүй тоглодог” хулхи улстөрчийн тарыг таниад яаж харамссан бол.
 
“Хуурсаар хуурсаар худалч, хумсалсаар хумсалсаар хулгайч” гэж монгол ардын зүйр үг бий. Ухаант дээдэс маань буруу зүйлийг давтан хийгээд байхаар юунд хүрч болохыг энэ үгээрээ сануулсан хэрэг. Хиншүү С.Ганбаатар ямар ч байсан хуурсаар хуурсаар яваад төрийн түшээгийн суудалд сууж. Харин одоо түүнд цааш явах газар байна гэжүү.
 
Улстөрчийн дүрд тоглож байгаа алиа салбадайнуудын жүжгийг алга ташиж балиашиглахаа болих цаг болж ээ, монгол түмэн минь.
 
С.Ганбаатар намтартаа төгссөн сургууль. мэргэжлийн талаар ингэж бичжээ.
 
-1988 онд Баянхонгор аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
 
1989 - 1991 онд МУИС-ийн Германы инженерийн бэлтгэл
 
1991 - 1993 онд Монгол Улсын Политехникийн Их Сургууль
 
1993 - 1996 онд ЗХУ-ын Новосибирьскт геодези, цахилгаан техник, уул уурхайн дээд сургууль
 
1996 - 1998 онд Хамерсмит вест Лондон коллеж 2009 - 2010 онд Хөдөлмөрийн дээд сургууль эдийн засгийн ухааны магистр
 
Эрдмийн зэрэг, цол: Докторант”. Энэ бол Монгол Улсын Их Хурлын албан ёстой вэб сайт болох www.parliament.mn дээр байгаа намтар нь шүү.
 
Мөн түүний намтарт иргэний хөдөлгөөнд нэгдэж, гудамжинд гарч ирэхээсээ өмнө хийж байсан ажлаа “ 1997-2000 онд Английн Сала Женерал банкинд дадлагын менежер,
 
2001 - 2002 онд ХААН банкинд тусгай активын газрын захирал
 
2002 - 2003 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуульд багш
 
2003 - 2005 онд Удирдлагын академид багш” хийж байсан гэж бичжээ. Хүн өерийнхөө гэмийн хамгийн багыг л илчилж байгаа биз гээд бодохоор түүний бичсэн энэ намтраас өөр ямар “но” гарч ирэх бол.
 
 
Н.Эрдэнэ
Эх сурвалж: "Улаанбаатарын сонин"