sonin.mn
Үндсэн хуулийг Цэцийг улс төрийн байгууллага болгохоор санаархаж байгаатай хуульчид санал нэгдэв. Өөрөөр хэлбэл, өдгөө манай улсад улстөржөөгүй салбар гэж үгүй болсон бөгөөд улс төрөөс ангид ганцхан байгууллага байсныг хуулиар далайлган хүчийг нь сулруулж, утсан хүүхэлдэйгээ болгох гэж байна, Үүний тулд төрийн эргэлт хийх нь хэмээн хуулийн салбарынхан дуу нэгтэйгээр хэлж байна. 
 
Тиймээс ч тэд өөрсдийн эрх хэмжээний хүрээнд хууль дээдлэх зарчмыг мөрдлөг болгон ажиллахыг хүссэн уриалга гаргаж, УИХ-д хүргүүллээ. Уг уриалгад "УИХ-аас Үндсэн хуулийн 65.4-ийг зөрчиж, Цэцийн дарга, нэр бүхий гишүүдийг хууль бусаар эгүүлэн татах гэж буйтай холбогдуулан хуульчид бидний эүгээс энэхүү уриалгыг сонордуулж байна. Үндсэн хуулийг баталсан 1992 оноос эдүгээ хүртэл УИХ болон Цэцийн хооронд үл ойлголцол гарч байсан ч тухай бүрт Үндсэн хууль болон бусад хуулийн дагуу шийдсээр ирсэн.
 
Учир нь Үндсэн хуулиар эдгээр байгууллагын эрх хэмжээг тодорхой зааж өгсөн бөгөөд үүнийг нэг мөр ойлгохуйцаар зохицуулсан байдаг. Гэтэл Цэцийг институц гэдгээр нь бус ямарваа нэг хувь хүн гэж харах, түүнд улс төрийн ашиг сонирхлоор хандах нь Үндсэн хуулийн үзэл баримтлалыг ноцтой зөрчинө. Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийн манаач. Түүнийг чандлан сахиулах баталгаа юм. 
 
Цэцийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх баталгаа нь гагцхүү Үндсэн хууль билээ. Гэтэл Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн эрх зүйн байдлыг тогтоосон, Үндсэн хуулийн заалтуудыг өргөтгөсөн нэмэлтийг ердийн хуулиар оруулж, үүний үндэслэлээр Цэцийн гишүүдийг эгүүлэн татах гэж байгаа нь Үндсэн хуульчлагдсан институцийг буюу төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй, төр ба ард түмний хоорондын дээд гэрээг цуцалж, дарангуйлал тогтоох гэсэн ноцтой үйлдэл гэж бид үзэж байна. 
 
Цэцийн шийдвэр УИХ-ын таалалд нийцэх ёсгүй, албагүй. Гэтэл Цэц хараат бусаар ажиллаж УИХ-ын Үндсэн хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгож байгаа тул энэ институтийг улс төрийн байгууллага болгохоор санаархаж байгааг хэрхэвч зөвтгөх аргагүй юм. Иймийн тул Цэцийн шийдвэр гараагүй байхад Улсын Дээд шүүхийн саналыг зохих ёсоор авалгүйгээр Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг эгүүлэн татах хууль бус шийдвэрийг бүү гаргаач хэмээн уриалж байна. Үндсэн хуулиа сахигтун" гэжээ. 
 
“Эв монгол хөдөлгөөн"-өөс өчигдөр УИХ болон Цэцийн хооронд үүсээд буй маргааны талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд дээрх уриалгыг гаргалаа. Уг хэлэлцүүлэгт их, дээд сургуулийн хуулийн багш нар болон мэргэшсэн хуульчид өөрсдийн хүслээр ирж оролцсон юм.
 
 Харин тэд нэг зүйл дээр санал нэгдэж байсан нь Цэцийн гишүүнийг Тамгын газрын даргын хүсэлтээр чөлөөлөхийг дэмжсэн нь олон хууль зөрчсөн үйлдэл болсон бөгөөд УИХ дарангуйллын шинжтэй шийдвэр гаргаж байгааг хэлэн хүн цөөнгүй байлаа. Түүнчлэн Цэц бол хэн ч халдашгүй байгууллага биш бөгөөд гишүүдийг бүгдийг нь ч чөлөөлж болно. Гагцхүү энэ процесс нь хуулийн хүрээнд байх учиртайг онцолж байв. Хэлэлцүүлгийн үеэр хуульчид ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.
 
Б ЭНХБАЯР: ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛИАС ГАДУУР БУЛААЖ АВАХ ГЭСЭН НОЦТОЙ ҮЙЛДЭЛ.
 
Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуульд заасан, байгуулагдахаас нь эхлээд эгүүлэн татах хүртэлх асуудлыг Үндсэн хуульд биччихсэн байгууллага. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиар хамгаалагдсан, Үндсэн хуулийг манаж байх ёстой газар. Харин УИХ хууль гаргахдаа Үндсэн хууль зөрчсөн асуудал байвал гагцхүү Цэц тэр шийдвэрийг хүчингүй болгодог. Хуулийг хүчингүй болгох эрхтэй ганцхан этгээд нь Үндсэн хуулийн Цэц шүү дээ. 
 
Тиймээс Цэцээр оролдож байгаа, гишүүдийг эгүүлэн татах гэж, өөрийнхөө таалалд нийцүүлэх гэж байгаа нь ерөөсөө Үндсэн хуульд халдаж буй, цаад утгаараа Үндсэн хуульчлагдсан төрийн институцийг төрийн эрх мэдлийг хуулиас гадуур булааж авах гэсэн гэмт хэргийн шинжтэй ноцтой үйлдэл. Тиймээс иргэд үүнд сайн сонор сэрэмж, анхааралтай хандах ёстой. Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг эгүүлэн татуулах асуудлыг Үндсэн хуульд өөрт нь бичсэн байдаг. Хуульд биш шүү. 
 
Тухайлбал, Үндсэн хуулийн 65.4-т Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр анх илгээсэн байгууллагынх нь саналыг үндэслэж УИХ хууль зөрчсөн нь тогтоогдвол эгүүлэн татаж болно гэсэн байгаа. Ийм олон нөхцөлтэй, шаардлага нь өндөр асуудлыг аль нэг албан тушаалтан тэр тусмаа хууль тогтоогч биш ажлын албаны нэг дарга "Хууль зөрчсөн байна" гэж албан бичгээр тогтоогсод, эгүүлэн татах гэж байгаа нь шууд Үндсэн хуулийн эсрэг ажиллагаа. Энэ хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл. 
 
Түүнчлэн Улсын Дээд шүүхийн бичгийг гайхаж байгаа. Тийм бөөрөнхий, тодорхойгүй, яаж ч ойлгож болохоор бичиг байна лээ, Цэцийн дарга нэг өөрөөр харин УИХ дээр бас нэг өөрөөр тайлбарлаж байгаа. Төрийн дээд институцууд хоорондоо ийм утгагүй байдлаар харилцаж, өнөөдрийн байдалд хүргээд байгаа нь Дээд шүүх хүртэл асуудалтай байгаагийн илрэл.
 
Ц.МОНГОЛ: ЦЭЦИЙН ШИЙДВЭР УИХ-Д ТААЛАГДАХ АЛБАГҮЙ
 
Манай улсад анархи маягийн ардчилал хүчээ авч байна. Учир нь төрийн эрх мэдэл бүхий УИХ, Засгийн газрын гишүүн буюу хэсэг бүлэг хүн төрийн нэрийн өмнөөс бүх асуудлыг шийддэг болж. Хүссэнийг нь гүйцэлдүүлэхгүй бол зарим институцийг байхгүй болгодог ч жишиг рүү орж байна. 2012 онд шүүхийн шинэчлэлийг хийсэн. Ингэхдээ ард түмний үнэт баялаг, Үндсэн хуулиа хүндэтгээгүй. 
 
Харин ч Шүүхийн тухай хуулийг гаргахдаа гаднын хуулиас хуулчихсан. Гэтэл одоогийн байдлаар 24 удаа Үндсэн хууль зөрчсөнийг тогтоочихоод байна. Ингэж хууль зөрчсөн гол субьект нь Х.Тэмүүжин гэдэг хүн. Энэ хүн хуулийн байгууллагыг ингэж самарснаас гадна Үндсэн хууль руу нулимсан. Ерөөсөө Үндсэн хуулийг дураараа зөрчөөд “Энэ чинь болохгүй байна" гэхээр өөрсдөө очиж тэнд суух гэж байна.
 
Цэцийг өөрийнхөө хүсэл зоргоор ажиллуулдаг байгууллага болгох гэж байна шүү дээ. Ингэж олон хууль зөрчсөн хүн /Х.Тэмүүжин/ дахиад Цэцийн тухай хуулийг өөрчлөх санал гаргаж, хууль батлуулсан. Тэгэхээр энэ бол хувь хүндээ биш ерөөсөө төрийн эрх мэдэл бүхий албан тушаалтнууд төрийн хуулийг яаж ч зөрчиж, гаргаж болдог юм байна, сэтгэл санаанд нь нийцээгүй төрийн институцүүдийг татан буулгаж хүртэл болдог юм байна. Энэ бүхний тодорхойлолт нь анархизм. 
 
Дураараа аашлах явдал гэсэн үг. Цэцийн даргыг огцруулах гээд байгааг би хувьдаа хууль зөрчсөн асуудал гэж харж байгаа. Цэцээс УИХ руу бичиг явуулсан нь байх ёстой л хүсэлт. Энд хууль зөрчсөн зүйл байхгүй. Нөгөө талаас УИХ-ын дарга З.Энхболдтой холбоотой маргаан Цэцэд үүсэнгүүт даргыг нь чөлөөлөх асуудлыг УИХ гаргаж ирж байгаа нь ойлгомжгүй байгаа юм. Уггаа Цэцийн шийдвэр УИХ-д таалагдах албагүй шүү дээ. УИХ бол Цэцийн шийдвэрийг хүлээн аваад хэрэгжүүлэх л ёстой байгууллага.
 
О.АЛТАНГЭРЭЛ: ЦЭЦИЙН ГИШҮҮНИЙГ ЧӨЛӨӨЛӨХ ПРОЦЕССИЙГ ХУУЛИЙН ХҮРЭЭНД ЯВУУЛАХ ЁСТОЙ
 
“Цэцийн даргыг байтугай, Цэцийн бүх гишүүнийг ч чөлөөлж болно. Хуулиараа энэ боломж нь нээлттэй. Гагцхүү энэ процесс нь хуульд нийцэх. УИХ нь ард түмний мандатыг авчихаад дараа нь хуулиа гишгээд байж болохгүй. Сонин юм дуулдаж байгаа, Эвслийн бүлэг нь Үндсэн хуулийн Цэцэд нэг гишүүн томилуулах юм гэнэ л ээ гэж. Цэц хэн нэг албан тушаалыг хуваарилж авдаг газар биш. Цэц бол Сонгуулийн ерөнхий хороо, Улсын Дээд Шүүхийн өрөнхий шүүгч, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчиж үү гэдгийг хянадаг ганц газар. 
 
Энд тэрний хүн, энэний хүн гэдэг ойлголт байхгүй. Манайхан институцийг хүнээр төлөөлүүлж ойлгодог буруу жишиг тогтлоо. Хүндээ асуудал нь биш. Нөгөө талдаа Үндсэн хуулийн Цэц нь хууль зөрчсөн эсэхийг УИХ тогтоодоггүй. Гагцхүү шүүх л хууль зөрчсөн эсэхийг тогтоодог. Улсын Дээд шүүхээс ирүүлсэн бичигт “Та ингэж асуужээ, энэ талаар саналгүй байна" гэсэн тайлбар л бий. Гэтэл Улсын Дээд шүүхийн бүх гишүүний хурлаар энэ асуудлыг хэлэлцэж, дараа нь Үндсэн хуулийн Цэцээр хэлэлцэх ёстой байсан.
 
С.ЦЭНД:ХУУЛЬЧДЫГ ГАЙХШРАЛД ОРУУЛСАН ҮЙЛ ЯВДАП БОЛЛОО
 
Үндсэн хуулийн Цэцийн даргыг эгүүлэн татах асуудлыг ярьж байна. Миний хувьд Үндсэн хуулийн Цэц ямар нэгэн улс төрийн байгууллага биш. Гэтэл хууль тогтоогчид болон нам эвслүүдээс ард түмний эрхийг хамгаалдаг хамгийн чухал байгууллагыг улстөржүүлэх гэсэн увайгүй бодлого явж байна. Үүнтэй холбогдуулан Үндсэн хуулийн Цэцийн даргыг эргүүлэн татах асуудлыг хөндлөө. Тухайн албан тушаалтныг эгүүлэн татах хууль, журмын дагуу явуулах ёстой. 
 
Энэ нь тухайн гишүүний дэвшүүлсэн субьектээс нь хамаарч шүүхийн бүх гишүүнээрээ хэлэлцэж байж эцэслэх журамтай. Үүний дараа Үндсэн хуулийн Цэц хэлэлцэж, асуудлыг УИХ-д оруулж ирэх үүрэгтэй байдаг. Уг нь хуулийн жаягаараа ийм байх ёстой. Гэтэл тодорхой улстөрчид, бүлэглэлийн санаачилгаар энэхүү асуудлыг хөндөж байгаа нь өрөөсгөл юм. Өөрөөр хэлбэл, энэ нь маш эмзэглэсэн, хуульчдыг гайхшралд оруулсан үйл явдал болоод байна. 
 
Тиймээс бид буюу хуульчид өөрсдийн итгэл үнэмшлээрээ нэгдэж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлгийн үр дүнд хууль тогтоох дээд байгууллагад уриалга гаргаж байна. Нөгөөтэйгүүр хууль, эрх зүйн ногоотой шөлийг нь ууж, номын дууг нь сонссон хуульчид энэхүү эрх зүйт төрийг байгуулах үйл ажиллагаандаа төр, засаг ухралт хийж байна гэх дүгнэлтэд хүрэхэд хүргээд байна. Хуульчид бид энэхүү асуудлыг хуулийн хүрээнд, эрх зүйн дагуу шийдвэрлэх хэрэггэй л гэж бодож байна. Хамгийн гол нь шинжлэх ухааныг огоорох, үл ойшоох маягаар үзэл бодлоо тулгадаг байдлыг таслан зогсоох цаг нь болсон. 
 
 
Д.МИЕЭГОМБО: ЦЭЦИЙН БҮРЭН ЭРХТ БАЙДЛЫН БАТАЛГААГ АПДАГДУУЛЖ БАЙНА
 
-Үндсэн хуулийн Цэц Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Улсын Дээд шүүхээс хараат бусаар үйл ажиллагаа явуулах ёстой. Баталгаа нь Үндсэн хууль. Гэтэл УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүйгээр ердийн хууль буюу Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд байгаа Цэцийн статусыг өөрчлөөд явж байгаа процесс нь Цэцийн бүрэн эрхт байдлын баталгааг алдагдуулсан. 
 
УИХ Үндсэн хуульд заасан хэм, хэмжээг өөрсдийнхөө дураар өргөтгөөгүй бол ийм асуудал үүсэхгүй байсан. Гэхдээ УИХ-аас баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн хувь заяаг шийдвэрлээгүй байхад Үндсэн хуулийн Цэц уг асуудалтай холбоотойгоор байр сууриа илэрхийлсэн нь буруутай байж болох талтай.
 
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин