sonin.mn
Муудсан харилцаа холбоог дахин сэргээж болох аргуудын дундаас хамгийн үр нөлөөтэй нь хэн нэг нь түрүүлж уучлал гуйх. Эхэлж уучлал гуйх нь хялбар байдаггүй. Уучлал гуйх дадал зуршлыг хэвшүүлье гэвэл эхлээд түүгээр дамжуулж бидний олж болох зүйл юу болохыг мэдэх хэрэгтэй.
 
“Уучлал гуйх” гэдэг утгатай “ароlogy” гэдэг нь грек үг болох “ароlogia” гэдэг үгнээс үүсэлтэй ба энэ нь “аро” буюу “салах” буюу “logos” буюу “үг” гэсэн хоёр үг нийлж үүссэн үг тул “нүглээсээ салахын төлөөх үг” гэдэг утгыг агуулж байдаг. Уучлал гуйснаар дамжуулан олж болох зүйлүүдийн нэг нь уучлал гуйлт нь нүглийн мэдрэмжийг арилгаж өгдөг.
 
Уучлал гуйх нь хоёр хүний харилцааг илүү гүн бат болгож өгдөг. Таарамж сайтай хосыг харахад тэд жижиг сажиг зүйл дээр ч гэсэн, цаашлаад өөрийнх нь буруу эсэх тодорхой биш байхад ч гэсэн уучлаарай гэж хэлдэг. Тэд уучлал гуйн эвлэрэх явцдаа илүү ойр дотно болдог гэж нэгэн дуугаар баталдаг юм. “Бороо орсны дараа газар хатуурдаг” гэдэг үг энэ тохиолдолд ч үйлчилнэ.
 
Хэд хоногийн өмнө машинаа жолоодон эхнэртэйгээ хамт гэрийнхээ ойролцоо явж байлаа. Харуй бүрий болж байсны дээр бороо хүртэл орж байсан болохоор хойноос ирсэн автобусыг харж амжилгүй эгнээгээ солив. Тэр агшинд араас автобусны тоормоз гишгэх дууны хамт сигналын дуу хагиналаа. Надаас хамаагүй залуу харагдах жолооч нь миний машиныг гүйцэн түрүүлж, машинаа зогсоосны дараа дөхөн ирээд нүдээ эргэлдүүлэн ийн хашгирав. “Үхэх чинь дутуу юу" Би шууд уучлал гуйсан билээ. “Үнэхээр уучлаарай. Харж амжилгүй эгнээгээ сольчихлоо”. Тэгмэгц тэрээр шууд эргэн явж одов. Хэрвээ би шууд уучлал гуйлгүйгээр бүдүүлэг зан гаргасан бол томоохон хэрэг мандах байсан байх.
 
Амьтан судлаач Дэсмунд Морис, сармагчингууд ялагдлаа хүлээн зөвшөөрсөн байдал гаргаж буй нэгэн рүүгээ довтлохоо больдгийг ажигласан байна. Хүний тохиолдолд ч гэсэн буруугаа хүлээн зөвшөөрч, бууж өгсөн харилцагч руугаа эцсийг хүртэл довтлох хэцүү. Хариу авах явдлыг арилгах нөлөөг харгалзаж үзээд ч болохноо эргэлзэлгүй шууд уучлал гуйх хэрэгтэй.
 
Жинхэнээсээ уучлал гуйхад хүлээн зөвшөөрөх, уучлал гуйлт, нөхөн төлбөр гэсэн гурван элемент багтдаг.
 
Нэгдүгээрт, өөрийнхөө үйлдсэн гэм бурууг ба харилцагчид учирсан хохирол сэтгэлийн шархыг хүлээн зөвшөөрнө.
Хоёрдугаарт, харилцагч чинь ойлгож чадахуйц байдлаар чин сэтгэлээсээ уучлал гуйна.
Гуравдугаарт, оюун санааны ч бай материаллаг ч бай таарч тохирох төлөөсийг нь төлнө.
 
УУЧЛАЛ ГУЙХ ҮР ДҮНТЭЙ АРГА
 
Цаг хугацааг алдалгүйгээр аль болох хурдан уучлал гуй: Аль болох хурдан уучлал гуйсан нь дээр. Гэвч харилцагч чинь түүнийг хүлээн авч чадахгүй хэмжээнд бухимдсан байвал хэсэг хугацаа өнгөрсөний дараа уучлал гуйсан нь дээр.
 
Алдаа, буруу үйлээ хариуцлагатайгаар хүлээн зөвшөөрч: Уучлал гуйхдаа өөрийн алдаа дутагдал болон хариуцлагыг нухацтайгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Аргагүй байдалд ороод уучлал гуйх юмуу тайлбар тавихаа урьтал болгох нь муу нөлөөтэй байдаг.
 
Болзол тавилгүйгээр уучлал гуй: Зөвхөн миний буруу биш гэх юмуу харилцагчаа уучлал гуйвал би ч гэсэн уучлал гуйна гэсэн болзол тавих нь мөн л үр дүнгүй байдаг. Уучлал гуйхдаа болзол тавих хэрггүй.
 
Харилцагчийнхаа сэтгэл хөдлөлтэй адилхан сэтгэл хөдлөлтэй бай: Зөвхөн “уучлаарай” гэж хэлэхээс илүүтэйгээр харилцагчийнхаа байр сууринаас түүний амссан тааламжгүй сэтгэл хөдлөлийг хангалттай ойлгож илэрхийлэх үед үр нөлөө нь их байдаг.
 
Дахин алдаа гаргахаас сэргийлнэ гэж амла: Уучлал гуйлтыг чинь ойлгоосой гэж хүсвэл өөрийн буруугаа хүлээн зөвшөөрөх төдийгүй дахин алдаа гаргахаас сэргийлнэ гэж амлаж байж илүү үр нөлөөтэй байх болно.
 
Ойрын хүнээсээ эхэлж, жижиг сажиг зүйлээр уучлал гуй: Уучлал гуйх дадал зуршилтай болъё гэвэл ойр дотны хүмүүсээсээ эхэлж уучлал гуйх хэрэгтэй. Тэгээд томоохон алдаа дутагдал төдийгүй жижиг сажиг алдаа гаргах үедээ ч гэсэн заавал уучлал гуйх зуршилтай болох хэрэгтэй.
 
Доктор И Мин Кю
Эх сурвалж: "Соёмбо" сонин