sonin.mn
“Л.Дэндэвийн туурвисан “Монголын товч түүх” нэг сэдэвт бүтээл нь орчин цагийн Монгол улсад эх орныхоо түүхийг Монголчууд анх удаа олон ботиор хэн нэгний нөлөөгүйгээр туурвиж бичсэн анхны оролдлого юм, хэмээн доктор С.Чулуун дүгнэсэн нь бий.
 
Түүний туурвисан “Монголын товч түүх” бол Богд хаант Монгол Улсын үеийн түүхийг бичихдээ 1911-1920 оны үед болсон түүхэн үйл явдлыг биеэр үзсэн, тэр цагийн үйл явдалийг сайн мэдэхийн дээр урьдах үеийн сурвалж бичиг болон архивын албан баримт сэлтэд тулгуурлан тусгайлан судалж туурвисан нэлээд чамбай сайн зохиол юм хэмээн гадаөд, дотоодын олон эрдэмтэд нотлон өгүүлсэн байдаг. “Монголын товч түүх” ном 1934 онд бичигдсэн бөгөед Богд хаант Монгол Улсын үеийн түүх судлалыг үндэслэгчдийн нэг яах аргагүй Л.Дэндэв юм.
 
Лхамсүрэнгийн Дэндэв 1895 онд Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны нутаг, одоогийн Төв аймгийн Баян сумын Цант хэмээх газар төржээ. 1906 онд Хүрээнд манж, монгол, хятад бичгийн сургуульд суралцаж байсан бөгөөд 1911 онд Монгол оронд үндэсний эрх чөлөөний хувьсгал өрнөж ялалт байгуулснаар шинээр
 байгуулагдсан Дотоод хэргийг бүгд захирах яаманд 1917 он хүртэл бичээчээр, 1917-1919 оны хооронд эх зохиох түшмэл, бусдад мөнгө зээлдүүлэх газрын түшмэлээр хоёр жил гаран тус тус ажиллажээ.
 
Л.Дэндэвийг төрийн аливаа хэрэгт осолдуулалгүй, албанд үнэнч зүтгэснийг Монгол төрөөс үнэлэн 5 дугаар болон 3 дугаар зэргийн жинс, 1919 онд улсад туслагч гүнгийн зэрэг, хүрэн жинсээр шагнан хөхүүлсэн байна. Л.Дэндэв тэр үеийн Дотоод хэргийг бүгд захирах яаманд түшмэлийн алба гүйцэтгэхээс гадна тухайн үеийн хууль ёсны дагуу Улсын Дээд, Доод хурлын төлөөлөгчөөр орж улс орны нийгэм-эдийн засаг, улс төрийн хамааралтай аливаа асуудлыг хэлэлцэхэд гар бие оролцож байв.
 
Монгол төрийг харийн Гамин хятад цэргүүд хүч түрэмгийлэн устгасан тул Л .Дэндэв өөрийн уугуул нутаг болох Дархан чин вангийн хошуундаа очиж “мээриний занги”-ийн албанд ажиллажээ.
 
Харин удалгүй 1921 онд Монгол төр дахин сэргэсэн тул Л.Дэндэв талархан угтаж төрийн түшмэл албанд тохоон томилогдов. Тэрээр Дотоод хэргийг бүгд захирах яаманд эх зохиох түшмэлээр, 1922 оноос тус яамандаа эрхэлсэн түшмэлээр дэвшин ажиллав. Мөн энэ хугацаанд тэрээр Цэргийн сурган боловсруулах газрын даргаар давхар томилогдон ажиллаж байжээ. Энэ албан тушаалыг нягтлан шалгаваас Л.Дэндэв өнөөгийн ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн анхны дарга нарын нэг байсан нь нотлогдох буй за.
 
Л.Дэндэв 1925-1930 оны хугацаанд Шүүх яамны сайдаар ажиллажээ. 1925-1929 онд Улсын II, III, IV, V Их хурлаас түүнийг Улсын Бага хурлын гишүүнд сонгосон юм. 1930 онд Шүүх яамны сайдын албан тушаалаас халагдан 1932 оны эхэн хүртэл өөрийн хошууны нутагтаа хөдөө гарч биеэ сувилан мал маллаж байжээ.
 
Л.Дэндэв 1932 оны зунаас Шинжлэх ухааны хүрээлэнгийн орлогч даргын албан тушаалд томилогдов. 1934 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн жинхэнэ даргаар Сайд нарын зөвлөлөөс албан ёсоор томилжээ. Тэрбээр 1940 оны 5 дугаар сар хүртэл Шинжлэх ухааны хүрээлэнгийн даргаар ажиллахдаа орчин цагийн шинжлэх ухааныг Монголд хөгжүүлэх, түүний үндэс суурийг тавих, үндэсний мэргэжилтнүүдийг бэлтгэх, бичиг соёлын их өвүүдийг цуглуулах, хадгалах, хамгаалах, хэвлэн нийтлүүлэх нөр их ажпыг XX зууны Монголын түүхийн хамгийн ээдрээтэй хүнд хэцүү үед өөрийн нуруун дээр үүрч гарсан юм.
 
Цаг үеийн ороо бусгаа байдал Л.Дэндэвийг тойрч гараагүй юм. 1941 оны зун Дотоод яамнаас баривчлан хилс хэрэг тулган 25 жил хорих ялаар шийтгэж хөрөнгийг нь хураажээ. 1946 оны 7 дугаар сард хуучин хуулиар шийтгэгдсэн учир хэмээн Л.Дэндэвт 10 жилийн ял тулган эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Гэвч 1946 оны Улсын Бага Хурлын Тогтоолоор Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор түүнийг суллажээ.
 
Л.Дэндэв суллагдсаныхаа дараа ШУХ-ийн харьяа улсын архивт манж хэлний орчуулагч мэргэжилтнээр ажиллахаас гадна шинэ тутам байгуулагдаад байсан МУИС-д манж хэлний хичээл зааж, дээд боловсролтой үндэсний боловсон хүчин бэлтгэх ажилд сурсан мэдсэнээ харамгүй зориулах болжээ. Тэрбээр олон арван ном бүтээл туурвиж, мөн төдий тооны өгүүлэл, илтгэл бичихийн зэрэгцээ манж хэлнээс олон сонирхолтой орчуулга хийснээс гадна их хэмжээний хянан тохиолдуулсан орчуулга зэрэг нөр их хөдөлмөр зүтгэлийг өнөө бид мартах учиргүй билээ. Л.Дэндэвийн туурвисан “Монголын товч түүх” нь Монголын хамгийн анхны гэрэл зурагтай ном ажээ.
 
 
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин