sonin.mn

УИХ дахь “МАХН-МҮАН-ын  Шударга ёс” эвсэл өнөөдөр ИЗНН болон Иргэний хөдөлгөөний намуудыг оролцуулан “МАНАН-гийн захиалга ба Сонгуулийн хууль” сэдвээр өргөтгөсөн хурал хийлээ.

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын агуулга нь энэ сарын 22-нд Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын худалдаанаас гаргасан “Сонгуулийн тухай хуулийн пропорциональ тогтолцоотой холбоотой заалт нь Үндсэн хууль зөрчсөн“ гэх дүгнэлтийн талаар байсан юм. Уг дүгнэлтээр сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах заалтыг түдгэлзүүлж, дан мажоритар тогтолцоогоор явуулах болоод байгаа.

Харин “Шударга ёс” эвслийн бүлгийн өргөтгөсөн хурлаар Цэцийн дээрх дүгнэлтийг эрс шүүмжилж, ардчилал, шударга ёсонд заналхийлсэн, жижиг намуудыг хавчиж, шахсан, УИХ-д суудал авах боломжгүй болгосон, зөвхөн өөрсдийнхөө эрх ашигт зориулсан зохицуулалтыг захиалгаар бий болгож, Үндсэн хуулийн цэцийг гар хөл болгож байна хэмээн шүүмжлэв. Уг хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр, МҮАН-ын дарга М.Энхсайхан, ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг болон дээрх намын удирдлагууд, гишүүд төлөөлөгчид оролцов.  

Хуралдааны эхэнд “Завхруулсан хууль ба хуурамч сонгууль” сэдэвт илтгэлийг МАХН-ын ЕНБД Ж.Сүхбаатар тавьсан юм. Тэрбээр илтгэлдээ “1993 онд Итали улс сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт хийж, холимог тогтолцоонд шилжсэн. Үүнээс улбаалан бусад улс орнууд холимог тогтолцоонд шилжиж эхэлсэн. Харин үүнээсээ ухарсан нэг ч орон байхгүй. Гэтэл Монгол Улс хуучин нийгэм рүүгээ ухрах гэж байна. Хуучнаа давтана гэдэг шинэлэг зүйл хийхгүй гэсэн үг” хэмээн дурдав.

ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг “МАНАН-гийн захиалга төрийн эргэлтийн шинжийг агуулж байна” илтгэлдээ “Эрх баригч намуудын бодлого мухардалд орж, хариуцлага тооцохдоо тулж байхад Цэцтэй хуйвалдаж, өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргах гэж байна. Энэ хоёр нам бусад намуудаа түлхэж, хүний эрхийг боогдуулж, эмэгтэйчүүдийг шахаж байна. ҮХЦ-ийн гишүүн Д.Солонго яг энэ асуудлаар хоёрхон сарын өмнө “Үндсэн хууль зөрчөөгүй байна” гэсэн дүгнэлт, тайлбар гаргаж байсан. Гэтэл одоо МАН,АН-ын захиалгаар шийдвэрээсээ ухарч байна” гэв.  

Энэ мэт хуралдаанд үг хэлж, саналаа хэлсэн гишүүд Үндсэн хуулийн цэц улс төрийн захиалгаар нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаж байна гэсэн санааг олонтаа хэлж байв. Өөрөөр хэлбэл 2011 оны болон 2015 оны УИХ-ын сонгуулийн тухай хуулинд адилхан можаритар, пропоциональ тогтолцоог хослуулан явуулахаар хуульчилсан байхад Үндсэн хуулийн цэц 2012 оны тавдугаар сарын 2-нд “Үндсэн хууль зөрчөөгүй” гэж, 2016 оны дөрөвдүгээр сарын 22-нд “Үндсэн хууль зөрчсөн” гэж ялгаатай дүгнэлт гаргасан гэж байлаа. Мөн 1992, 2005, 2011 оны Сонгуулийн хуульд сонгууль явуулахаас 6 сарын дотор хууль батлах, өөрчлөлт оруулахыг хориглоно гэж зааж байсан бол 2015 оны хууль энэ заалтыг хэнд ч мэдэгдэлгүй байхгүй болгосон нь эртнээс бэлтгэсэн үйл ажиллагаа гэж шүүмжилж байв.

Мөн мажоритар болон пропорциональ тогтолцооны давуу болон сөрөг талыг харьцуулсан байлаа. Тухайлбал дан мажоритар тогтолцоогоор хөрөнгө мөнгөтэй бизнесмэнүүд, олон танил хүмүүс, бөхчүүд гэх мэт сонгогддог бол олонд танигдаагүй нийгмийн зүтгэлтнүүд, салбарын тэргүүний удирдагчид, багш, эмч, жирийн сэхээтнүүд, эрдэм боловсролтой залуус, эмэгтэйчүүд гэх мэт чухал төлөөлөл сонгогдох боломжгүй болдог гэжээ. Мөн дан можаритар сонгуулийн 20 жил улсын хэмжээний томоохон бүтээн байгуулалт, үйлдвэрүүд, төмөр зам, чөлөөт бүс, үндэсний музей зэргийг байгуулж чадаагүй бол пропорциональ тогтолцооны үед сүүлийн 40 жил хийгээгүй эрчим хүчний эх үүсвэр барьсан, цэвэр ус, дулааны олон арван км шугам тавигдсан, нийслэл хотын тохижилт, замуудын уулзваруудыг өргөтгөсөн гэж дурдсан байв.

Хурлын үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ асуудлаар байр сууриа хэлэв. Тэрбээр “Өнөөдрийн ярьж буй асуудал их чухал. Ардчилсан нийгмийн суурь зарчим бол нэг ч гэсэн иргэний санал гээгдэх ёсгүй. Олонхи нь цөөнхөө ямар ч эрх мэдэлгүй, хэн ч хэрэггүй болгодог тогтолцоог бид халсан. Гэтэл одоо буцаж орох гэж байна. Ядуу сонгогчид ухамсартай сонголт хийж чадахгүй байна. Иргэдийгээ ядууруулж, туйлдуулж байгаад саналыг нь мөнгөөр худалдан авч байна.

Ардчилалд асар их аюул занал учруулсан, ардчиллыг устгах, эв нэгдийг булшлах, хиймэл олонхийг бий болгохоор улайрч байна. Үүнийг нь Цэц улаан цайм захиалгатай дэмжиж байна. Нэг асуудлаар хоёр шийдвэр гаргахыг хориглодог. Шүүхээс хүнийг нэг бол ялтай, нэг бол ялгүй гэж шийдвэр гаргадаггүй. Энэ бол цэвэр МАНАН-гийн захиалга. Үндсэн хуулийн цэц гэмт хэрэг хийж байна. Ингэж хэлэх нь бараг зөөлдөнө. Ардчиллыг нухчин дарж, ард түмнээр сохор сонголт хийлгэж, хиймэл олонхийг бий болгох гэж байна. Үүнийг эсэргүүцэж бүх нам дуугарах ёстой. Хэрэв үүнийг өөрчилж чадахгүй бол цаашид үүрд мөнх МАНАН засгийн эрх барина. Өнөө л хуучин хэдэн хүмүүс гарч ирнэ.  

Шүүмжлэхийн зэрэгцээ гарах арга замыг мөн хэлэх ёстой юм. Үүнийг шийдвэрлэх хамгийн оновчтой арга бол холимог тогтолцоо. Илүү нарийвчилсан саналыг бид дэвшүүлнэ. Нам болгон 76 хүн нэр дэвшүүлж, жагсаалт гаргаад, сонгогч тэр жагсаалтаас намыг бус хүнийг нь сонгож дугуйлдаг болох хэрэгтэй. Үүнийг нь тухайн хүнд болон намд өгсөн санал гэж тооцох хэрэгтэй. Хэдэн сонгогчийн санал авснаар нь мөн жагсаалтад эрэмбэлж, УИХ дахь суудлыг ч үүгээр нь хувьчлан оноох хэрэгтэй. Ингэвэл нэг ч иргэний санал гээгдэхгүй” гэлээ.

Ингээд өргөтгөсөн хуралдааны төгсгөлд Хамтарсан мэдэгдэл гарсан юм. Уг мэдэгдэлд “ҮХЦ сонгууль болохоос 2 сарын өмнө сонгуулийн системийг өөрчилсөн нь төрийн эргэлт хийхийг санаархсан улс төрийн ноцтой алдаа гэмт үйлдэл хийж байна. Захиалагч МАНАН хугацаатай эрхтэйгээр засгийн эрх барихаар санаархаж үүнийгээ хуульчлах гэж байна. Тиймээс МАНАН-ын захиалгатай ҮХЦ-ийн шийдвэрийг хүлээн авахгүй байхыг нийт УИХ-ын гишүүдэд уриалж байна. МАН, АН-д ёс зүйн хариуцлага хүлээлгэх, улс төрийн хариуцлага тооцох, үндэсний хэмжээний эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэх болсныг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Н.Гантуяа

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг