sonin.mn
Нийслэл орчмын Туул голын цутгалангууд ширгээд дуусч байна. Өглөө 6-8 цагийн хооронд 3-4-р хороолол, үдээс хойш хойш хотын төвийнхөн гэх маягаар  нийслэлчүүд бид өнөөгийн Замын-Үүдийнхэн шиг ундны усаа цагийн хуваариар ашиглах цаг тун удахгүй нь бололтой.
 
Чингэлтэйн гол гэж яггүй том гол Чингэлтэйн амнаас Сэлбэ голд 60-аад оныг хүртэл цутгаж байсан ба уг голыг боож, “Ногоон нуурыг” үүсгэн одоогийн  Зуун айлын  хавьцаа ногоо тарьдаг байсан хятадууд ашиглаж байсныг түүх гэрчилнэ. Одоо Чингэлтэйн гол маань дуунд л мөнхрөн үлджээ. 
 
   Шар хадны техникийн захын цаахнуур урсдаг Улиастайн гол минь хатан Туулаа хүрэлгүй тасарчээ. Бэлхийн амны дагуу урсаж, бидний умбаж шумбаж тоглодог байсан зүүн Сэлбийн гол маань бас л хуурай сайр болон үлдэж, Гачууртын суурингийн хавьцаах Хуандай, Дээндийн голууд бүр бараа сураггүй болсон байна. Одоо Туул гол руу маань цутгадаг Шарга морьтын  амны хажуугаар урсах баруун Сэлбэ гол маань амьсгал хураах цаг тун удахгүй нь ээ. Баянбулаг, Майхан толгой гээд тэр хавийн горхи булгууд нэгэнт ширгэж, домогт хатан Дондогдуламын аршаан хүртэл нэгэнт нүд аньжээ.
 
   2012 онд Зуун модны аршаан түүний орчмын намгархаг 20 га газрыг эзэмшүүлэхээр нийслэлийн дарга нар “Чингис травел” гэгч компанид захирамж гарган олгожээ. Зуун модны аршаан булаг бол өвөл зунгүй тэр хавийн хүн малыг ундаалдаг хотын иргэдийн амралт зугаалгын газар, зүүн Сэлбэ голын хамгийн том цутгалан. Энэ газрыг хамгаалахаар хотын төсвөөс хэдэн саяыг хаясан юм бүү мэд өнгөрсөн 2015 оны зунжин булгийн эхэнд цемент шавар зуурч тохижилт хийн сүржигнэцгээв.
 
Үүнээс болж аршаан усаа харамгүй  хүртээдэг байсан тэр булаг маань өнгөрсөн намар нүд аньж ойр орчмын хүн малыг өвөлжин усгүй хатаав. Үргэлжлүүлэн уг газрыг худалдан авсан “Донж хаус”  гэгч компани булгийн доорхи намган дээр  энэ өвөл 20 гаруй хаус барьж, тэр орчны намгийн хөрсийг нь хусан хуулж аршаан булгийн маань амьсгааг боов. Үр дүнд нь хажуугийн жижиг булгууд  бүгд ширгэж, ой мод нь хувхайран хатаж эхлэв. Зүрх уулнаас эхтэй эдгээр аршаан бол амьд ус бөгөөд цаанаа эзэнтэй, сүнстэй гэдгийг нутгийн уугуул иргэд баталдаг юм билээ.
 
Намаг, намгархаг газруудаа харж хамгаалахаар үүрэг авч, олон улсын “Рамсарын конвенцид” Монгол улс  нэгдэн орсон цаг саяхан. Энэ намган дээр жил болгон алсын халуун дулаан орноос зорин ирж, ангаахай дэгдээхэйнүүдээ дагуулан умбаж шумбаж ганганалддаг байсан усны шувууд ч дайжлаа. Намгийн хөрсийг хуулах нь хүнээр бол амьдаар нь өвчиж байгаатай адил. Булаг шандын эхэнд байдаг намаг бол машины зай хураагуур буюу аккумулятор л гэсэн үг. Намгийг нь ухаж төнхөөд нурааж орхивол машин асдаггүйтэй адил та усгүй ангаж үхнэ.
 
   Нэмж зарим баримт дурьдваас одоогоос таван жилийн өмнө 2011 онд Сэлбийн голыг өвөл зунгүй устай байлгах мундаг том төсөл хэрэгжүүлэхээр БОНХЯ-наас тэрбум гаруй төгрөг аван голын эхийг нь ухаж төнхсөн компани өнөөдөр сураг ажиг тасарчээ. Дээр нь Сү.Батболд хэмээх эрхэм ерөнхий сайд байхдаа Сэлбэ голыг хотынхны нүдэн дээр мяралзуулна хэмээн сонгуулийн өмнө амлаж, таван тэрбум гаруй төгрөг төсвөөс авч голын голдирлыг энд тэндгүй ухсан боловч бас л бүтэлгүйтсэн. Сэлбэ голыг ийнхүү улсын төсвийн тэрбум тэрбум төгрөгөөр ширгээж буй хариуцлагыг хэн өнөөдөр үүрэх вэ?
 
   Хатан Туулын маань хамгийн том цутгаланг ширгээж, сая сая хүн малаа усгүй болгох дээрх шийдвэрээ нэн даруй цуцлахгүй бол төрд дахин сонгогдохоос чинь өмнө түмэн олон чинь тарвага болж мэдэх нь байна шүү Үүл даргаа.
 
 Ж.Сүрэн  2016-4-24