sonin.mn
  “Хүрээний хөөрхөн Дэнсээ юү”, “Нүд хөмсгийг чинь харъя л даа” зэрэг дуугаараа ард түмний сэтгэлд хоногшсон Монгол Улсын гавьяат жүжигчин, Хөгжим, бүжгийн коллежийн багш Х.Үнэнхүүтэй ярилцлаа.
 
-“Хүрээний хөөрхөн Дэнсээ юү-21 жил” тоглолтоо хийх гэж байна. 21 жилийн дараа яагаад тоглолтоо хийхээр болов?
 
-Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат “Орчлонгийн сайхан хүүхнүүд-20 жил” тоглолтоо 2014 онд хийсэн. Тэр тоглолтыг үзээд би “Хүрээний хөөрхөн Дэнсээ юү” дууныхаа 21 жилийн ойгоор тоглолт хийе гэж бодож байлаа. Ард түмэнд таниулсан дуутай байна гэдэг сайхан. Ардын жүжигчин А.Долгорыг “Эр хүн” дуугаар нь олон нийт хүлээн авсан. А.Долгор эгч оролцсон тоглолтдоо “Эр хүн”-ээ дуулахгүй тайзнаас буухад үзэгчдийн сэтгэл дундуур үлддэг учраас энэ дуугаа ямагт дуулдаг. Үүнтэй адил намайг хаана ч очсон монголчууд “Гавьяат аа, “Дэнсээ юү”-гээ дуулаад өгөөч” гэдэг. Тиймээс ард түмэнтэй минь холбосон “Хүрээний хөөрхөн Дэнсээ юү” дуундаа би хайртай.
 
-Нээрэн л таны уран бүтээлүүдээс “Хүрээний хөөрхөн Дэнсээ юү” дуу Х.Үнэнхүү гэдэг дуучныг таниулсан. Энэ дууны бүтсэн түүхээс хуваалцана уу?
 
-Энэ дууны үгийг Д.Баасанжав 1994 онд бичсэн юм. Би тэр үед Соёл, урлагийн их сургуулийн төгсөх курсийн оюутан байлаа. Д.Баасанжав “Дэнсээ юү” шүлгээ ардын дууны хэлбэрээр бичиж, Ц.Пүрэвхүү хөгжмийг нь их хурдан хэмнэлтэй зохиогоод надад сонсгосон. Би Ц.Пүрэвхүүгийн“Бүүвэй ээж” дууг дуулж, бичүүлсэн байсан. “Дэнсээ юү” дууг анх сонсоход нэг л хурдан хэмнэлтэй санагдсан учраас “Та хоёр Ардын жүжигчин Д.Жамьянжав багшаар дуулуулбал зүгээр биш үү” гэж байлаа. Шинэ жилээр энэ дуугаа анх дуулж, сонсогчдод хүргэсэн. Ардын дууны жаягтай учраас монголчуудад амархан хүрсэн гэж боддог. Тэр үед Монголын үндэсний олон нийтийн телевиз“Хүрээ танил” зохиомжит нэвтрүүлэг бэлтгэдэг байлаа. Тэр нэвтрүүлэгт энэ дуугаа дуулснаас хойш хүмүүс Х.Үнэнхүүгийн “Дэнсээ юү” гэсэн нэрээр олонд түгсэн дээ. Энэ дууг Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Үенч эгч, Д.Баасанжав нар дуулж, ард түмнээ дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэснийг дурдах хэрэгтэй.
 
-Таныг тухайн үед нийтийн дуу дуулж байхад багш нарын болон театрын зүгээс хориглож байсан уу?
 
-Би Дуурийн театр хэмээх их айлын гишүүн байхдаа нийтийн дуу олныг дуулсан. Тэр үед багш хориглож байгаагүй. Дуурийн ч бай зохиолын ч бай дууг үзэгчдэд хүргэх нь дуучны үүрэг шүү дээ. Би энэ сайн дуу гэж уран бүтээлийг ангилж үзээгүй.
 
-Та хэдэн онд Дуурь бүжгийн эрдмийн театрт дуучнаар орсон юм бэ?
 
-Би1995 онд Соёл, урлагийн их сургууль төгсөөд Дуурь, бүжгийн эрдмийн театрын найрал дууны ангид орсон. Жил гаруй найрал дуунд дуулж байж гоцлооч болсон доо.
 
-Ер нь Дуурийн театрын олон гоцлооч найрал дууны ангиас гараагаа эхэлсэн байдаг. Тэгэхээр ирээдүйн гоцлооч найрал дуунаас олон зүйлийг сурдаг байх даа?
 
-Дөнгөж төгссөн “шинэков” байхдаа найрал дуунд зогсдог гэж хэлэхээсээ би ичдэг байсан. Харин одоо “Ямар азаар найрал дууны ангид ажиллаж байв аа” гэж боддог. Хэрвээ би найрал дууны ангид байгаагүй бол хорын нюансыг мэдрэхгүй байсан. Шууд гоцлооч болсон дуучид тэр нюансыг мэддэггүй юм. Би Дуурийн театрын найрал дууны ангид байхдаа “Никитон”-ы“Хос хунгийн дууль” дууны хорт зогсч байлаа.
 
-Дуурийн театрт байхдаа нийт хэчнээн дүр бүтээв. Тэр дундаас аль дүрдээ илүү хайртай вэ?
 
-Би үндэсний болон сонгодог дуурийн 25 дүр бүтээсэн. Тэднээс П.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Гремин вангийн дүрдээ хайртай. Ер нь дуурьт дүр бүтээхэд насны ялгаа их нөлөөлдөг гэж боддог. Би Греминий дүрийг олон жил бүтээхдээ нэг л удаа аятайхан дуулсан гэж өөрийгөө үнэлдэг юм. Тэгэхдээ дөч гарсан хойноо дуулсан. Төгс гэж хэлэхгүй ч өөрт хамгийн дажгүй нь болсон байх гэж боддог. Үзэгчдэд миний бүтээсэн “Богема” дуурийн Каллан, “Учиртай гурван толгой”-н Балганы дүр хүрсэн байдаг.
 
-Та “Учиртай гурван толгой” дуурийн улсын уралдаанд Балганы дүрээр оролцож, шагнал хүртэж байсан байх аа?
 
-“Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүр шалгаруулах хоёрдугаар уралдаанд оюутан байхдаа оролцож, байр эзэлсэн. Эхний уралдаанд манай Ц.Түвшинтөгс гавьяат Балганы дүрд түрүүлж байсан юм. Би Дуурийн театрт олон жил Балганы дүрд дуулсан. Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулагч “Учиртай гурван толгой” дуурийг шинэчлэн тавихад би Ардын жүжигчин Ц.Пүрэвдоржтай Балганы дүрийг бүтээсэн. Л.Эрдэнэбулган найруулагч“Балган бол ноёны агь. Үндэсний дуурийн гол дүрүүдийн нэг. Чи залуу байна. Хичээж дуулаарай” гэж захиж билээ. Ц.Пүрэвдорж гуайн байгаа байдал, төрх нь Балганд л тоглохоор заяагдсан дуучин байсан даа.
 
-Дуурийн театрын үе үеийн сайхан залуучууд Балганд тоглодог гэсэн яриа байдаг юм билээ?
 
-Сайхан ч гэх нь юу юм бэ, мундаг гэвэл онох байх. Манай театрын үе үеийн дуучид хурц, даруухан, ухаантай гээд олон Балганыг бүтээсэн байдаг. Ардын жүжигчин Д.Жаргалсайхан багш их хурц Балган болдог байлаа. Харин Ц.Пүрэвдорж багш мундаг том Балган болно. Тухайн үед театрт үе үеийн Балганыг урьж дуулуулдаг байсан. Залуу дуучид тэднээс л үлгэр дууриал авдаг байлаа. Ялангуяа Ардын жүжигчин Д.Жаргалсайхан багшийг Балганд дуулахад театрын тайз доргих шиг санагддаг тийм мундаг хоолойтой хүн байсан даа.
 
-Мундаг дуучдын залгамж болохдоо тэднээс дуулах арга барил, дуучны биеэ авч явах байдал гээд олон зүйл сурсан байх даа?
 
-Театрын дэг жаяг, уран бүтээлчдийн нэгийгээ хэрхэн хүндэлдгийг ахмад үеийнхэн минь бидэнд үлгэрлэсэн. Ц.Түвшинтөгс, П.Ганбат бид гоцлол дуучны өрөөний буланд суудаг, ахмадуудынхаа өөдөөс үг сөрдөггүй байлаа. Ахмад уран бүтээлчдийн үг бол хууль шүү дээ. Ардын жүжигчин Д.Жаргалсайхан, Ц.Пүрэвдорж, Д.Жамьянжав, А.Дашпэлжээ, А.Долгор нарын сайхан уран бүтээлчдээс бид өдөр бүр үнэтэй зөвлөгөө авч, өдий зэрэгт хүрцгээсэн юм.
 
-Одоо Монголын дуурийн дуучид дэлхийн тавцанд гарлаа. Таны үед гадаадын нэр хүндтэй тэмцээнүүдэд оролцох боломж одоогийнх шиг нээлттэй байсан уу?
 
-Бидний үеийнхнээс цойлж гарч ирсэн ганц дуучин нь Пүрэвжавын Ганбат шүү дээ. Найз минь цагийг эзэлсэн дуучин, 28 насандаа Монгол Улсын гавьяат жүжигчин цолыг хүртсэн. Монголын дуурийн дуучдын өнөөдрийн амжилтын суурийг тавьсан хүн бол яах аргагүй П.Ганбат гэж боддог. Манай дуучдын дуулж үзээгүй байсан Францын олон улсын уралдаанаас мөнгөн медаль хүртэж, европчуудад“Монголд дуурийн урлаг хөгжсөн” гэдгийг баталсан хүн дээ, миний найз.
 
-Та Монголын дуурийн урлагийг дэлхийд таниулсан П.Ганбат агсантай мөр зэрэгцэн ажиллаж байсан. Энэ агуу хүний талаар дурсана уу?
 
-Манай П.Ганбат Соёл, урлагийн их сургуулийг 1996 онд төгсөөд Дуурийн театрт гоцлоочоор шууд ороход би найрал дууны ангиас гоцлооч болж дэвшиж байлаа. П.Ганбат Дуурийн театрт орсон жилдээ“Учиртай гурван толгой” дуурийн улсын уралдаанаас Юндэний дүрээрээ тэргүүн байрын шагнал авч байсан юм. Тэгээд 1997 онд баргийн дуучин оролцдоггүй М.Глинкийн нэрэмжит уралдааны шагналыг аваад, дараа жил нь Римский-Корсаков болон П.Чайковскийн уралдааны хүрэл медалийг эх орондоо анх удаа авчирсан нь өчигдөр мэт санагдаж байна. Би П.Ганбатын “Ус мөрөн олон чиг” дууг нь дуулахдаа найзыгаа үгүйлдэг л юм.
 
-Танд дуулахсан гэж битүүхэн мөрөөдөж явдаг дүр бий юү?
 
-Ж.Вердийн “Атилла” дуурийн Атилла хааны дүрийг бүтээхсэн гэж боддог. Атилла бол гарамгай баатар, Хүннүгийн удмын хаан шүү дээ. Хэрвээ энэ дүрийг бүтээвэл дуучин болсны хэрэг бүтлээ гэсэн үг.
 
-Та Хөгжим, бүжгийн коллежид хэдэн оноос багшилж байна вэ?
 
-Би Хөгжим, бүжгийн коллежийн дуулаачийн ангид 2004 оноос дуулах ур зүйн багшаар ажиллаж байна. Мэргэжлээрээ багшилна гэдэг үнэхээр сайхан. Багшлахад ур чадвар, дадал туршлага шаарддаг юм байна.
 
-Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд хэчнээн шавь бэлтгэв?
 
-Би30 гаруй шавьтай болсон. Ууган шавь минь Э.Чинчулуун гэж дуучин бий. Одоо Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгад ажилладаг.
 
-Ингэхэд таныг дуурийн замналд хөтөлсөн багш тань хэн бэ?
 
-Намайг урлагт хөтөлсөн хүн бол “Ардын элч”-ийн Ариунаагийн дүрээр мөнхөрсөн, Монгол Улсын гавьяат жүжигчин П.Цэвэлсүрэн гуай. Намайг Улаанбаатар хотод БарилгынIV ТМС-ийг сантехникч мэргэжлээр төгсөөд удаагүй байхад тэр хүн л Соёл, урлагийн дээд сургуульд шалгалт өгүүлсэн. Би1990 онд Соёл, урлагийн дээд сургуульд элсч, Ардын жүжигчин Д.Жаргалсайхан, Г.Хайдав нараар дуурийн урлаг, дуулаачийн эрдмийг заалгасан. Д.Жаргалсайхан гуай Г.Хайдав багшийн ууган шавь нь байлаа. Энэ агуу хоёр хүн л намайг дуучин болгосон.
 
-Г.Хайдав гуай бол Монголын дуурийн урлагийн эцэг. Дуурийн дуучдын олонх нь энэ хүний шавь байдаг. Та хэд дэх гавьяат шавь нь вэ?
 
-Би 2001 онд Монгол Улсын гавьяат жүжигчин болсон. Тэгэхэд багш минь “Миний шавь нараас чи 21 дэх гавьяат нь боллоо” гэж хэлж билээ. Манай багш Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, гавьяат дуучин олныг бэлтгэсэн хүн.
 
-Таны охиныг Дуурийн театрт концертмейстрээр ажилладаг гэж сонссон. Охиноо урлагийн хүн болоход та нөлөөлсөн үү?
 
-Миний охин Ү.Уртнасан Хөгжим, бүжгийн коллежийн төгөлдөр хуурын ангийг төгссөн. Дуурь, бүжгийн эрдмийн театрт 2014 онд концертмейстрээр ажиллаж эхэлсэн. Одоо Гнесиний нэрэмжит Москвагийн хөгжмийн академид суралцаж байна.
 
-Ярилцсанд баярлалаа.
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин