sonin.mn
Аливаа үндэстэн өөрийн болон бусдын түүхийн сургамжаас байнга суралцаж, төрийн үйл ажиллагааны алдаа оноогоо дэнсэлсэн ой санамжтай байж, өөрийн орны төдийгүй гадаад орчны талаар бодитой мэдлэг мэдээлэлд тулгуурлан улс орны хөгжлийн алсын хараа, стратеги, төрийн бодлогоо тодорхойлж байж хөгждөг жамтай.
 
Монгол төрийн ой санамж ямар байгаа, өнгөрснөөс юуг сургамж гэж үзэх, өнөөдрийн төр ямар мэдээлэлд тулгуурлаж, Монгол Улсын алсын хараа, хөгжлийн бодлогоо тодорхойлох зэрэг олон асуултын хариулт хараахан тодорхой болоогүй л байна.
 
Үндэсний ой санамж гэдэгт Монголын түүх судлал бодитой бичигдсэн уү, эв нэгдлийг илэрхийлдэг байна уу, гадаад орчноо ялангуяа хоёр хөршөө хэр судалдаг, түүхэн сургамжаа төр, олон нийт хэрхэн ашигладаг, төрийн албан хаагчид төрийн ой санамж мөн үү, хэнээр, юугаар дамжиж төрийн бодлого үргэлжилдэг вэ гэдэг асуудлууд багтах учиртай.
 
Мэдлэг, мэдээлэл гэдэгт судалгаа, шинжлэх ухааны байгууллагуудаа санхүүжүүлдэг үү, тэд орчин үеийн шаардлага хангаж байна уу, иргэн, байгууллага, бизнес, хөрөнгө, ашигт малтмал, татвар, гааль, банкны мэдээлэл, мэдээллийн сан, сүлжээ ямар байна, хэр бодитой вэ гэдгийг тодорхойлно.
 
Төрийн залгамж бодлого алсын хараа, стратеги, орчин үеийн шаардлагад нийцсэн улс орны хөгжлийн алсын хараа, стратеги, төрийн бодлого Монгол Улсад бий юу? Ялангуяа, даяаршил мэдээллийн эринд нийцсэн бодлого байгаа эсэх хоёр хөршийн боломж, бололцоог төдийгүй “амбиц”-ыг тооцох, улс орноо хөгжүүлэх бодлогоо аюулгүй байдлын эрх ашигтайгаа нийцүүлэх зэрэг асуудлыг авч үзүүштэй.
 
Эдгээрийн хариулт шинэ стратеги боловсруулахад чухал ач холбогдолтой бөгөөд хариултыг нь өгч байж үндсэн асуудалдаа орох ёстой гэж судлаачийн хувьд үзэж байна.
 
Мэдээж, юуны түрүүн хоёр хөршийн манай талаарх бодлого үйл ажиллагааг ой санамждаа үргэлж ойрхон байлгах шаардлага жижиг орны хувьд байсаар байна.
 
Байгалийн нөөцийн эрэлт хэрэгцээ, эрчим хүчний нөөцийг эзэмшихийн тулд тэргүүлэх гүрнүүдийн өрсөлдөөний үр дүнд зарим жйжиг улс, үндэстний эрх ашиг хохирох, тэдний тэмцлийн золиос болох эрсдэлийг дагуулж байдаг нь Монгол Улсын хувьд өнөө үед анхаарах тулгамдаж байгаа асуудал боллоо.
 
Түүхэн - баримтуудаас Монгол Улс тусгаар тогтнолоо алдаж байсан (ялж дийлсэн биш) тэр түүхийн цаг үеийг сургамж талаас дахин дахин авч үзэж байх шаардлага үндэсний ой санамжийн суурь үндэс болох учиртай. Тэр цаг үед хөршүүд болон төвдүүд манай улсын талаар ямар бодлого, үйл ажиллагаа явуулсан, тэдний зарим бодлогын уршгаар монголчууд дотооддоо яаж бүтэлгүйтсэн талаарх түүхийн сэргэн мандал, уналтын үеүүдийг аюулгүй байдал талаасаа сайтар нягталж байж сонор сэрэмжийн талаар ярих үндэс бүрдэх учиртай.
 
Монголчууд, ялангуяа цэргийнхэн бид дэлхийн цэргийн түүхээс II дайны сургамжаас Польш, Чехийн сургамж, Хүйтэн дайны үеийн Фолькленд, Гренадын төлөөх дайн байлдаан, сүүлийн үеийн Ирак, Афганистан, Сирид болж байгаа үйл явдлыг нарийвчлан судалж байх ёстой. Тэрнээс.биш Курскийн танкийн тулаан зэргийг цэргийн урлаг талаас мэдэж байх болохоос бид судалж, сургамж гэж үзэх нь үндэсний эрх ашгийн түвшинд ач холбогдол багатай. 1911, 1919, 1921, 1939, 1945 оны үндэсний эрх чөлөөний тэмцэл, дайн байлдааны түүхийг ч шинээр харах, судлах шаардлага байгаа бөгөөд Р.Болдын “Зарлагдаагүй дайн” номонд дурдагдсан судалгааг үүнд жишээ болгож болно.
 
Монгол Улсын хувьд дээрх бүхнийг анхаарлынхаа төвд байлгаж, ялангуяа олон улсын хамтын нийгэмлэг болон бүс нутгийн хэмжээнд аюулгүй байдлаа цэрэг-дипломатын аргаар хангахад идэвхтэй хүчин чармайлт гаргах, шаардлагатай бөгөөд энэхүү зорилтын хүрээнд НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны оролцоогоо идэвхтэй үргэлжлүүлэх, ОХУ, БНХАУ-тай батлан хамгаалах салбарт хамтран ажиллахын сацуу бусад улс орнууд түүний дотор НАТО-той ч харилцах боломжийг хадгалах нь үндэсний стратегийн нэг чухал хэсэг байсаар байх болов уу.
 
Үндэсний стратегиа шинээр боловсруулахдаа улс орны түүхэн сургамжаас өөрийн орны онцлогийг тодруулж, дотоод хүчин зүйлээ тооцох, мөн түүнийгээ гадаад талаас цэргийн хэрэгт гарч байгаа онол, практикийн өөрчлөлт шинэчлэлтэй уялдуулан өөрийн хөрсөнд буулгах шаардлага байсаар байна.
 
Бригадын генерал Ч.Сосорбарам (Рh.D)