sonin.mn
Албан тушаалтнуудын 2015 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн байдлыг Төрийн мэдээлэл эмхэтгэлийн өчигдрийн дугаарт нийтэлжээ. Энэ удаа нийт 220 мэдүүлэг гаргагч болон тэдний гэр бүлийн гишүүдийн 2015 онд олсон орлого, эзэмшилд байгаа орон сууц, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, мал аж ахуй, газар, үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл, хадгаламж, бэлэн мөнгө, дансны үлдэгдэл, авлага, зээл зэрэг мэдээллийг нийтэлсэн байна. Эндээс орлого, машин, орон сууцны тоо зэргээр тэргүүлж буй баян гишүүдийн мэдээллийг тоймлов.
 
Төрийн гурван өндөрлөгийн хувьд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нийт орлого 88 сая 233 мянга, УИХ-ын дарга З.Энхболдынх 48 сая 816 мянга, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийнх 33 сая 401 мянга байна. Ерөнхий сайд ганц машинтай бол нөгөөх хоёр нь хувьдаа машингүй гэж мэдүүлжээ. Харин Ерөнхий сайд малгүй бол УИХ-ын дарга 13 сая төгрөгийн үнэ бүхий малтай, Ерөнхийлөгч 31 сая 700 мянгаар үнэлсэн мал бүртгүүлжээ.
 
УИХ-ын 76 гишүүнээс хамгийн их орлоготой нь Г.Батхүү. Тэрээр өнгөрсөн жил хөрөнгө орлогоороо тэргүүлсэн бол энэ жил ч бас 5.7 тэрбум  төгрөгийн орлогоор баян түшээдийн нэгдүгээрт бичигдлээ.  Түүний дараа УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 4.2 тэрбум төгрөгийн орлогоор удаалжээ. Тэдний араас УИХ-ын гишүүн С.Бямбацогт дөрвөн тэрбум, Сү.Батболд 2.9, М.Зоригт 1.5, Б.Чойжилсүрэн 1.3, Д.Зоригт 1.3 тэрбум төгрөгийн орлогоор баячуудын жагсаалт үргэлжилнэ.
 
Харин олон гишүүн хувьдаа машингүй гэж мэдүүлсэн бол хамгийн олон машинтай нь Б.Наранхүү. Тэрээр нэг тэрбум 185 сая төгрөгөөр үнэлсэн зургаан машин мэдүүлжээ.
 
Орон сууцныхаа тоогоор С.Одонтуяа гишүүн хамгийн эхэнд бичигдэв. Тэрээр таван орон сууцтай гэж мэдүүлсэн бол Л.Гантөмөр, Ё.Отгонбаяр нар тус бүр дөрвөн орон сууцтай гэжээ. Бусад нь гурав ба түүнээс цөөн аж.
 
Малынхаа тоогоор сүүлийн хэдэн жил манлайлж буй мянгат бол УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ. Түүнд  430 адуу, 60 үхэр, хурдан удмын адуу 20, ямаа 400, хонь 3000 бий.
 
Энд нэг зүйлийг онцлоход мэдүүлэг гаргагчдын гэр бүлийн гишүүдийн нийт орлогыг авсан бөгөөд УИХ-ын гишүүдээс Ш.Түвдэндоржийн гэр бүлийн орлого нийт 604 сая 600 мянга байгаа нь бусдаасаа хамгийн өндөр дүнтэй гарчээ.
 
 
М.ГАН
Эх сурвалж: