sonin.mn
XXI зуунд нэн эрчимтэй хийх ёстой нэг томоохон ажил бол яах аргагүй хийн мандлын үзэгдэл, процесст зориудаар нөлөөлөх. Тодруулбал, зориудын аргаар бороо оруулах, үүл сарниаж мөндрийн аюулаас урьдчилан сэргийлэх, мөн манан сарниах, хар салхины хүчийг сулруулах, хийн мандлын цахилгааны үзэгдлийг практикт ашиглах зэрэг асуудал өнөөдөр улам бүр хурцаар тавигдсаар...
 
Энэ нь Дэлхийн уур амьсгал дулаарч, хур тунадасны хуваарилалтанд сөргөөр нөлөөлж, тунадасны хэмжээ жилээс жилд татарч, эх газарт цөлжилт эрчимтэй явагдаж, оршин сууж буй газар нутгийнх нь уур амьсгалын таагүй огцом өөрчлөлтийн улмаас хүны эрүүл мэнд, цаашлаад амь насаа ч үй олноор алдахад хүргэж буйг мэргэжилтнүүд өнөөдөр “экоцид” гэж ярьж, бичиж, уг аюулаас хүн төрөлхтнийг хэрхэн аврах арга замыг тууштай хайж байна.
 
Монгол орны уур амьсгалын өөрчлөлт, дулаарал дэлхийн бусад оронтой харьцуулахад гурав дахин илүү эрчимтэй явагдаж байна. Үүний гол шалтгаан нь Монгол орон харьцангуй өндөрлөг газар оршдог, хүйтэн уур амьсгалтай зэргээр тайлбарладаг юм. Дулаарлаас болж Монгол орны мөнх цэвдгийн өмнөд хил хэдэн арван километрээр хойшоогоо шилжсэн байна. Мөн мөнх цаст уулын цасны эзлэх талбай багасаж, олон арван гол, горхи, нуур, цеөрөм ширгэж, бэлчээрийн ургамлын хомсдолд орж байгаагаас гадна, цөлжих процесс улам газар авч байгаль экологийн сүйрэлд хүрэхэд тун ойрхон очоод байгаа талаар судлаачид сануулсаар байгааг анхаарахгүй байж болохгүй юм.
 
Засгийн газрын 2007 оны 96 дугаар тогтоолоор “Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг 2015 он хүртэл хегжүүлэх хөтелбөр”-ийгбатлан гаргасан. Уг хөтөлбөр өнөөдрийг хүртэл гурван үе шаттай амжилттай хэрэгжиж байна. Манай Улсын ус цаг уурын албанд цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлын эхлэл 1980-аад оны дунд үеэс эхэлж, судалгаа, анхны туршилт, шинжилгээний ажлыг гүйцэтгэж байжээ.
 
Манай орны үүлний бичил бүтэц, үүлэнд зориудаар нөлөөлж, нэмэгдэл хур тунадас оруулах боломжийг судлах “Як-40 онгоц-лаборатор”-ийн Зөвлөлт-Монголын хамтарсан баг анх 1990 онд Мандалговь хотын ойролцоо 2-3 км голчтой нэлээд хөгжингүй бөөн үүлэнд орж, йодот мөнгөөр цэнэглэсэн нийт 13 пиропатронаар “буудаж” туршил хийсэн.
 
Энэ үед манай туршилтын онгоц-лаборатори Мандалговь хотоос баруун хойд зүгт, хориод километрийн зайд 3150 метрийн өндөрт нисэж явсан юм. Төдөлгүй уг үүлнээс гарч, эргээд үүлэн доогуур нисэж ажиглалт хийхэд бидний зориудаар нөлөөлсөн үүлнээс тунадасны зурвас доош бууж, бороо орж байв. Энэ бол Монгол оронд зохиомол аргаар бороо оруулсан анхны тохиолдол байлаа.
 
Энэ бүх ажлын үр дүн эдүгээгийн хийн мандлын үзэгдэл, процесст зориудаар нөлөөлөх үндсэн чиг үүрэгтэй ЦУОШГ-ын дэргэдэх “Хурын шим” төвийн суурь болсон бөгөөд, энэ төв хорь гаруй жил үйл ажиллагаа явуулж ирлээ. Өнгөрсөн хугацаанд тус төв нь дулааны улиралд орох хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх, таримал ургамлыг мөндрөөс хамгаалах, хөрсний чийг, гадаргын усны нөөцийг нэмэгдүүлэх, ой хөвчид гарсан түймрийг унтраахад туслах зорилгоор зориудаар хур тунадас оруулах чиглэлээр ажиллаж байна.
 
Хур тунадас нэмэгдүүлэх зорилгоор зайнаас үүл тандан судлах хөдөлгөөнт радарын станцыг 2007 онд Улаанбаатар хотод, 2008 онд Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Сүхбаатар, 2012 оноос Өвөрхангай, Хэнтий, Завхан, Сэлэнгэ аймагт ажиллуулж буй. Мөн 2010 оноос 20 аймгийн нутаг дэвсгэрт 30 экспедиц зориудаар хур тунадас нэмэгдүүлэх үйлчилгээ явуулж, эдгээрээс газар тариалангийн бүс нутагт “Атарын гурав дахь аян” хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх ажилд зургаан экспедиц, отрын бүс нутаг Хэрлэн-Баян Улааны бэлчээрийн ургацыг сэргээх зорилгоор нэг экспедиц ажиллуулжээ.
 
Түүнчлэн 2010 онд хур тунадас нэмэгдүүлэх зориулаптын газрын генератор аравыг Алтай, Хангай, Хэнтийн нуруунаас эх авсан гол, горхины усны ундаргыгтэтгэх, түүгээр тэжээгдэх нуур цөөрмийн усны түвшинг нэмэгдүүлэх, ой хөвчид түймэр гарахаас урьдчилан сэргийлэх, менх цас, мөсөн голын талбайн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Хэнтий аймгуудын нутагг байрлуулан ажиллуулав.
 
Монгол орны нутаг дэвсгэрт хийн мандлын үзэгдэл, процесст, тодруулбал үүлэнд зориудаар нөлөөлж, хур тунадас оруулах үйл ажиллагва 2008 оноос өргөжиж, өнөөдрийн байдлаар нийт 35 экспедиц идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь чамлахааргүй хүч, хөрөнгө зарж, улс орны эдийн засагт байгалийн үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, нийгэм, хүн ардын хувьд ус цаг уурын аюулгүй байдлыг хангахад төр засгаас авч буй дорвитой арга хэмжээ юм.
 
Ийнхүү эдгээр экспедицүүдийн идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд жилд орох хур тунадасны хэмжээг төвийн нутагт 10-25 хувь, дундажаар 17.5 хувь, зүүн зүгийн нутгаар 10-23 хувь, дундажаар 16.5 хувь нэмэгдүүлсэн юм. Харин говийн нутгийг төлөөлүүлж Дундговь аймгийн УЦУОШТ-ийн 2008 оноос эхэлж үүлэнд зориудаар нөлөөлсөн зургаан жилийн дүнг өмнөх зургаан жилийн дүнтэй харьцуулахад жилд орох тунадасны хэмжээ нэг суманд (Сайхан-Овоо) 6.6 хувь буурсан, бусад суманд 0.5...96.4 хувь хүртэл нэмэгдсэн гэсэн албан ёсны дүнг тев, орон нутгийн холбогдох мэргэжилтнүүд нь гаргасан.
 
Ер нь Монгол орны хэмжээгээр үүлэнд зориудаар нөлөөлснөөр жилд орох тунадасны хэмжээг 16.7 хувь нэмэгдүүлж байна гэсэн тооцоо гарч байгаа. Монгол орны уур амьсгалын нөхцөлд хаврын тариалалттай холбогдуулан бороо оруулж, тунадасны хэмжээг нэмэгдүүлэх ажлыг оны тавдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 15-ны хооронд эрчимтэй зохион байгуулах нь зүйтэй. Ингэж чадвал зургаадугаар сарын дундаас зуны борооны үе залгаж, тариа, ногооны талбай аяндаа услагдаж, тэр жилдээ ургац арвин авах таатай нөхцөл боломж бүрддэг.
 
Өнөөгийн байдлаар “Хурын шим” төвөөс хийн мандлын фронттой холбоотой процесст зориудаар нөлөөлж, орох хур тунадасыг нь эрчимжүүлэх хандлага зонхилж байна. Энэ нь байгалийн жамаар орох тунадасны хэмжээг нэмэгдүүлж буй маш сайн талтай. Энэ үүднээс тухайн орон, газар нутгийн үүлний нөөцийн судалгаа нарийн хийж, ажиллах шаардлагатай. Дэлхийн бөмбөрцгийн хэмжээнд үүлний нарийн судалгааг хийсэн байдаг. Уг судалгаанаас үзэхэд Дэлхийн хийн мандал дахь үүлний хэмжээ 5.5 балл, өөрөөр хэлбэл Дэлхийн бөмбөрцгийн тэн хагасаас ялигүй илүү хэсэг нь ямагт үүлэн бүрхүүлтэй байдаг аж.
 
Ер нь цаг уурын үүл гэдэг элемент нь огт учир шалтгаангүй үүсч хөлждөгтүй, тодорхой газар нутагт, тодорхой хуулийн дагуу үүсдэг гэдгийг олон судалгааны үр дүн харуулж байна. Тэгвэл Монгол орны нутаг дэвсгэр дээрх үүлний нөөцийн явц ч мөн ийм хуульд захирагдана. Тухайлбал, төвийн нутагт зуны зургаадугаар сард аадар, аянга цахилгаан, мөндрийн үүлний орон зайн тархалтыг Морин-Уулан дахь Допплерийн радарын ажиглалтын мэдээгээр гаргасныг нэгдүгээр зурагт үзүүлэв.
 
Зургаас харахад зуны зургаадугаар сард төвийн нутгийн үүлшил нь орон зайн тодорхой хуваарилалттай, мөн тодорхой хуульд захирагдан үүсэж, хөгждөг болохыг төвөггүй ажиглаж болно.
 
Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх ажилбарын үр дүн нь цацах реагентийн хэмжээнээс ихээхэн хамаардаг. Реагентийн хэмжээг тохируулан хэрэглээгүйгээс хур тунадас орохгүй, өөрөөр хэлбэл үүл задарч сарних, эсвэл их хэмжээний хүчтэй хур тунадас орж байгалийн гамшиг дагуулах зэрэг сөрөг үзэгдлүүд гарах магадлалтай.
 
Ийм тохиолдол гарсан байж болох зарим баримтыг цаг уурын мэргэжилтнүүд анзаарч, сэтгүүлчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж, нийгмийн анхаарал нэг бус удаа хандуулсан байдаг.
 
Газарзүйн ухааны доктор Х.Хангайсайхан