sonin.mn
Би ардчилсан улс төрийн тогтолцоонд итгэдэг.  Харин итгэл алдрагчдаар энэ тогтолцоо дүүрсэн харагдана.  Муу нэртэй улс төрчид, бүлэглэлүүдээс шалтгаалж  тогтолцоог бүхэлд нь гажигтай хэмээн дүгнэж болохгүй юм.  Энэ бол тогтолцооны гажиг бус харин үзэгдэл юм.  Бид цэвэршиж байна. 
 
20-25 жилийн мөчлөгтэйгээр ардчиллыг сонгосон орнуудад үзэгдлийг гажиг мэтээр хүлээн авч, нуран унацгааж байна.  Илүү шударга, илүү тэгш тогтолцоог бий болгох амлалтад итгэн үргэлжийн мөргөлдөөн, дайн, тэмцэлд нийгмээ бүхэлд нь чирэн оруулж байна.  Илүү шударгаас туйлын шударга, илүү тэгшээс үнэмлэхүй тэгшийг амласан уриа нь хүнийг хүнээр солих, бүлгийг бүлгээр солихоос өөр юуг ч хийж чадахгүй бөгөөд энэ тойргийн хохирогчид нь жирийн иргэд, тухай улс орны тогтвортой хөгжил болсоор байна. 
 
Бид 20-25 жилийн мөчлөг дээр ирээд байна.  Үзэгдлийг гажиг гэж андуурч илүү бүхнийг сонгох, эцэст нь тайван амгалан, эрх чөлөөт байдлаа худалдах эсэх сонголтын өмнө ирээд байна.  “ИЛҮҮ” бүхний цаана бодитой юу ч байхгүй.  Энэ үг бол зүгээр л алдарсан нэгэнд найдвар өгөх гэсэн хоосон уриа.   Харин ардчилсан тогтолцоо бол бодитой.  Энэ тогтолцоо Чингис, Вашингтон-ийн хөрөгтэй цааснаас илүүтэйгээр тайван, айх аюулгүй амьдрах эрхийг, орчныг бидэнд өвлүүлж өгдөг. 
 
Шинэ үе ялах ёстой.  Шинэ хүмүүс, залуу улсууд ялах ёстой гэж хэлээгүй.  Харин тайван, айх аюулгүй, эрүүл нийгэмд амьдрах эрхтэй тэр үе ялах ёстой.  Тиймээс улс төрийн ардчилсан тогтолцоонд итгэж, түүнийг үргэлжлүүлэн хадгалах итгэл үнэмшилтэй тэр улс төрчид сонгогдох ёстой.  Харин баруун, солгойгүй шүүмжлэгчид, илүү бүхнийг амлагчдаас болгоомжил.  Бидэнд зарж, сольж болохгүй сонголт гэж байна.  Энэ бол хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг хөгжүүлэх зорилго бөлгөө. 
 
 
Д.Баяр