sonin.mn
"Онги гол" хөдөлгөөний Ц.Мөнхбаяр, "Босоо Хөх Монгол" хөдөлгөөний Ж.Шинжээравдан, МАЧХ-ы тэргүүн Г.Баасан, хөхөө огтолж, тэмцэнэ гэж байсан Л.Өнөрчимэг нарын УИХ-ын 2016 оны сонгуульд бие даан нэр дэвшихээр төлөвлөж буй хэсэг иргэд хуралдан, дараах тунхаглалыг гаргажээ.
 
ТӨР ХУРАХЫН ТУНХАГЛАЛ
 
2016 оны 05 сарын 20 өдөр Төр Хурах
 
Монгол орон хүн төрөлхтөний түгээмэл чиг хандлага ардчилал, олон намын тогтолцоо, чөлөөт зах зээлийн харилцааг сонгоод 26 жил өнгөрлөө. Энэхүү сонголт нь нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчээр ард түмний амьдралыг өдрөөс өдөрт доройтуулж байна. Хэдхэн мянган айл өрх баян тарганы туйлд хүрсэн авч хүн амын үлэмж хэсэг үгээгүй ядуугийн эгнээнд шилжиж, улсаараа өрийн дарамтанд орж, ирээдүйнхээ өмнө асар том хар нүх ухаж байна. Улсын баялгийн тодорхой хувь оффшор дансанд нуугдаж, газар нутгийн нэг хэсэг нь харийнхны мэдэлд шилжиж, ард түмний мэдэлд байх ёстой баялаг гадагш урссаар байна. Монголд төрт ёс алдагдаж, шударга бус явдал газар авч, монгол хүний сэтгэлд жавар хургаж байна. 
 
Түүхэн ийм цаг үед төрийн эрх барих хүчнийг тодруулах УИХ-ын сонгууль хаяанд тулж ирлээ. Энэ удаагийн сонгууль бол ээлжит нэгэн шоу биш, тэсч гарч үлдэх эсэхээ шийдэх үлэмж том сорилт юм. Монголын ард түмэн түүхэн сонголтын өмнө зогсож байна. Чухам ийм эгзэгтэй цаг мөчид түмнээ нэгтгэж, төрөө цэвэрлэж, Монголоо мандуулах эрхэм зорилготой Эвлэн Мандуулах Хүч түмэн олондоо хандаж байна. Үүнд:
- Монгол улсад Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэсэн Үндсэн хуулийн заалтыг нотолж,
- сонгууль бол ардчилсан улс орны хувьд төрийн эрхэнд шургалсан үл бүтэх этгээд нам хүчнийг таягдан зайлуулах үндсэн арга мөн болохыг тэмдэглэж,
- талцал хуваагдлыг таслан зогсоох иргэдийн чин хүслийг илэрхийлж,
- 26 жилийн турш төрийн эрхийг барьж ирсэн АН, МАН болон сайд амласан хэнтэй ч хамаагүй нэгдэн нийлж, үзэл бодлоо гээж ирсэн хавчуурга намууд манай нийгмийн манлай хүчин биш гэдгийг ухааран нотолж, 
Доорхийг батлан тунхаглаж байна.
 
Нэг. Үндсэн хуулийг өөрчилж, төрийн тогтолцоог намын дарамтаас чөлөөтэй, ард түмний төлөөллөөс бүрдүүлэх зорилготой бие даан нэр дэвшигчдийг Эвлэн Мандуулах Хүч дэмжиж, түмнээ нэгтгэхээ тунхаглаж байна.
 
Хоёр. Ямар ч хулгайч төрд гараад үнэнч шударгаар ажиллахаас өөр аргагүй тунгалаг, хяналттай төрийн тогтолцоо бүрдүүлэх нь энэ удаагийн сонгуульд бие даан нэр дэвшигчдийн эрхэм зорилго болохыг нотолж, төрөө цэвэрлэхээ тунхаглаж байна. 
 
Гурав. “Эвлэн Мандуулах Хүч”-тэй Ёс зүй, хамтын хариуцлагын гэрээ байгуулсан, намын биш улс орон, ард түмний эрх ашгийг дээд эрэмбэ болгосон бие даан нэр дэвшигчдийг дэмжин төрийн жолоо атгуулахыг нийт сонгогчдоос чин сэтгэлээсээ уриалж байна.
 
Дөрөв. Чингисийн их төр үеийн үед эрхэмсэг ариун орших учиртайг монголын ард түмэн бид цаг ямагт санаж, энэ цагийн өнгөн дээр Монголоо мандан бадруулж явахаа тунхаглаж байна.
 
Бие даагчдын Анхдугаар хурилдайд оролцогчид