sonin.mn
УИХ-ын сонгууль болоход ганцхан сарын хугацаа үлдлээ. Намууд нэр дэвшигчээ энэ долоо хоногт багтаан эцсийн байдлаар зарлана. Энэ удаагийн сонгууль дотоодын эдийн засгийн таагүй цаг үетэй “давхцаж” байна.
 
Гэсэн хэдий ч нэр дэвшигчдийн сонгуульд зарцуулдаг мөнгөн дүн буурахгүй гэдгийг хөндлөнгийн судалгааны дүгнэлт бэлхнээ гэрчиллээ. Тэгвэл энэ их хэмжээний мөнгө хаашаа ордог вэ. Сульдсан эдийн засагт дэм болох уу гэсэн асуулт хариу нэхэн “торойх” болов. Үнэндээ дотоодын эдийн засаг яг одоогийн байдлаар мөнгөний хомсдолтой байна. Арилжааны банкууд зээл олголтоо хумьсан хэвээр.
 
 Дотоодын нийт хадгаламж 7.5 их наяд төгрөг байхад нийт зээл 11.9 их наядад хүрэв. Хадгаламж, зээлийн харьцаа нь 4.5 их наяд төгрөгөөр зөрнө гэдэг макро эдийн засгийн тэнцвэрт байдал алдагдсан гэсэн үг. Мөн банкны системийн чанаргүй, хугацаа хэтэрсэн зээл нийт 1.9 их наяд төгрөг давсан гэх мэт таагүй мэдээллийг мөр толгой холбож, шүлэг найраг шиг цувуулан бичиж болохоор байна.
 
Ийм үед сонгуулийн зардлын талаар эдийн засагч Х.Батсуурь “Сонгуульд оролцох намууд, нэр дэвшигчдийн зарцуулах мөнгө дотооддоо үлддэг гэж ойлгож болно. Гэвч яг ямар салбарт түлхүү ордог вэ гэдэг нь хэнд ч ойлгомжтой зүйл. Харин энэ удаагийн сонгуулийн улмаас улсын хэмжээний өр төлбөр нэмэгдэхээр байна. Тухайлбал, малчдын, орон сууцны гэх мэт зээлийн хүүг Засгийн газар сонгуульд зориулан буулгаж байна.
 
Үнэндээ энэ бүхнийг санхүүжүүлэх боломж манай эдийн засагт байхгүй. Тиймээс өр зээлийн хэмжээгээ нэмэх нь гарцаагүй” хэмээн дүгнэв. Одоогийн байдлаар манай улсын нийт гадаад өр 22 тэрбум ам.доллартай тэнцэж буй. Засгийн газраас гадаадын шууд хөрөнгө оруулалтыг “Чингис” бон­дын мөнгөөр нөхөж ирсэн боловч энэ нь урт хугацааг хамрах боломжгүй болсон.
 
Харин эдийн засагч Л.Бямбаа Монголын эдийн засгийн төлөв илтгэлдээ “Сонгуулийн сур­тал­чил­гааны зарцуулалт эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг ч улс ­­төрийн статус өөрчлөгдөх, бодлого шийдвэр гарахгүй удах, хугацаа алдахаас гадна томоохон төслүүдийн хувь заяанд нөлөөлдөг” хэмээн дурджээ.
 
Сонгуулийн жил буюу сонгууль явуулсан тухайн улиралд намууд зарцуулсан мөнгөнийхөө тайланг нэг сарын дотор СЕХ-нд мэдүүлдэг хуультай. Энэ мэдээллээс харахад 2012 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам 11.2 тэрбум, МАН 10.1 тэрбум төгрөг, намууд нийтдээ 35.7 тэрбум төгрөг зарцуулсан байх юм.
 
Мөн намуудын тайлан мэдээл­лээс үзвэл МАН-д 2525 хүн, Ардчилсан намд 3000, “Шударга ёс эвсэл”-д 1300 хүн хуулийн дагуу нэг сая хүртэл төгрөг хандивласан гэдэг. Энэ нь мэдээж 2008 оны УИХ-ын сонгуульд зарцуулсан зардлаас нэмэгдсэн хэмжээ болж байна.
 
Цөөн үгээр хэлбэл, сонгууль бүрт зарцуулах мөнгөн дүн нэмэгдсээр байгаа юм. Тэгвэл анх 2007 онд улс төрийн намуудын санхүүжилтэд “Нээлттэй нийгэм” форум, “Сон­гогчдын боловсрол төв”-өөс мониторинг хийж “Намуудын сан­хүүжилт хамгийн нууцлаг” гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг. Ажиг­лагчид ч энэ нууцлаг байдлыг одоо хүртэл дээрдээгүй гэж дүгнэх нь элбэг. Зөвхөн энэ дүгнэлтээр авч үзвэл 2012 онд улс төрийн намуудын зарцуулсан нийт хөрөнгө 35.7 төгрөг байсан гэдэгт ч эргэлзэж болох мэт.
 
Энэ байдалтай холбогдуулан сонгуулийн түүхийг сөхөж үзвэл УИХ-ын 2000 оны сонгуулийн санхүүжилтэд нийт намын дүн­гээр нэг тэрбум 841 сая 679  мянган төгрөг зарцуулсан гэсэн тооцоо байх юм. Харин 1996 оны сонгуулийн хувьд 209 сая 349 мянган төгрөг зарцуулжээ. Зөвхөн энэ хоёр сонгуулийн зайд л гэхэд мөнгөн дүнгийн хэмжээгээр “үсрэнгүй өсөлт” үзүүлсэн байна.
 
Харин өнөө цаг буюу 16 жилийн дараа гэхэд нэг тэрбум төгрөг захын нэр дэвшигчийн зарцуулдаг хэмжээ болон хувирчээ. Үүний зэрэгцээ УИХ-ын энэ удаагийн сонгуульд зориулж улсын төсвөөс 16 тэрбум төгрөгийг зарцуулахаар болсон. Энэ нь сонгуулийг “Хар хайрцаг”-аар тоолдоггүй байсан 2008 оныхтой харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт гэдгийг дурдах нь зүйтэй. Харин Сонгуулийн ерөнхий хорооны даргад 25.2 тэрбум төгрөг зарцуулах эрх олгосон байдаг. Энэ нь сонгуульгүй жилийн төсөвтэй харцуулахад 20 дахин их тоо юм.  
 
Тэгвэл эдийн засагч Д.Хосбаяр “Намууд, бие даагчид сонгуульд зарцуулж их хэмжээний мөнгө эдийн засагт оруулдаг. Гэвч хэвлэл мэдээллээс бусдаар чухам яг аль салбарыг дэмжсэн бэ гэсэн нарийн тооцоо одоо хүртэл байдаггүй. Энэ нь улс төрийн намуудын одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуультай холбоотой” гэв. Мөн тэрбээр сонгуульд зориулж зээлийн хүүгээр оролдох нь эдийн засагт эрсдэл үүсгэх магадлал өндөр байгааг сануулсан.
 
Энэ бүхнээс гадна сонгуулийн уур амьсгал инфляц хөөрөгдөх боломжийг бүрдүүлдэг тухай зарим шинжээч хэлж байна. Тухайлбал, 2012 оны эхний дөрвөн сард инфляц 8.2 хувьд хүрч байжээ. Энэ тухай Д.Хосбаяр “Яг одоогийн байдлаар төрийн данс улайчихсан. Засгийн газарт ямар ч мөнгө байхгүй. Цаашлаад хүн бүр мөнгөний хомсдолд орсон байдалтай байна. Тийм учраас сонгуультай хамааралгүй байсан ч инфляцийг дунд хугацаанд бага хэмжээгээр хөөргөнө.
 
Энэ нь мэдээж иргэдэд сөрөг нөлөөлөл үүсгэх нь ойлгомжтой” гэсэн юм. Үүнээс үзвэл дөрвөн жилд ганц болдог УИХ болон орон нутгийн сонгуулиар  хууль тогтоох дээд, дунд шатны байгууллагад гориглогсдын идэвх нэмэгдэж, сонгогчдын алерги хөдлөхийн зэрэгцээ мөнгөний эргэлт хурдасч, тэр хэрээр эдийн засагт бага боловч “халалт” үүсдэг гэж дүгнэж болохоор байна. Аз болоход энэ түр зуурын “халалт” сонгуулийн дүн гарсны маргаашаас өөрийн эрхгүй “хөрч” эхэлдэг билээ.
 
Д.Булган
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин