sonin.mn
Зах хязгаар нь үл харагдах цас мөсөөр хучмал хад хясаа, нуур намгаас өөр юмгүй Канадын хойд хэсэгт зөвхөн нутгийн үе залгамжилсан хэдэн цаатнууд л тэсэж амьдардаг.
 
Гренланд хэмээх агуу том мөсөн аралтай хил залгаа энэ нутаг 10-15 сая жилийн өмнө мөн л битүү мөсөн хучлагатай байсан аж. Тэнд нар зун нь бараг жаргадаггүй, уулын цаагуур дөнгөж далдарснаа толгодын цаагуур эргэж гарч ирээд өглөө үдэшгүй нөгөө Адраагийн маань дуулдаг шиг чамайг тойрон эргэлдээд байна. Тэгсэн мөртлөө өвөл нь өнөөх чинь хаашаа ч юм огт харагдаж үзэгдэхгүй нуугдаж алга болох учир үүр дөнгөж цайнгуут үдшийн  бүрийтэй шууд залган харанхуй нөмрөнө.
 
Өөрөөр хэлбэл тэндхийн хүмүүс тийм түнэр харанхуйд бүтэн таван сар амьдрана гэсэн үг.   Сарны гэрэл цасны туяанд ойж ангийн жимийг нь олоход тусалдаг тухай Жек Лондоны нэг өгүүллэгт багада уншсан санагдана. Цаатнуудын амь зуулгын эх үүсвэр нь одоо хүртэл ан гөрөө байдаг ба тэд цаа буга, далайн хаваа алж идэцгээнэ, дээр нь салмон гэж салахын аргагүй гоё махтай улаан загас байна.
 
Хэрвээ тэнд чукча нартай нь мөр зэрэгцээд цаа буганы махаар хооллоод  амьдраад үзье гэж зориглох юм бол Канадын засгийн газар таныг иргэнээрээ  дуртайяа бүртгэж хүлээн аваад зогсохгүй эхний ээлжинд 20 мянган ногоон тэтгэлэг болгож өгдөг гэнэ лээ.
 
Канадчууд өөрсдөө явж үзсэн гэж хамгийн их бахархан ярих дуртай газар бол миний дээр дурьдсан хойд мөсөн далай хүртэл үргэлжлэх цас мөс нь хязгааргүй цагаан баавгайн нутаг. Цагаан баавгай эх газрын бор түншүүдтэйгээ харьцуулахад биеэр зүйрлэшгүй том хоол тэжээлийн эрэлд гарч шаардлагатай бол мөстэй хүйтэн усанд 80 км сэлж чаддаг  гээд бод доо. Дархан цаазтай энэ амьтны тоо толгой жилээс жилд хорогдсоор байгаагийн нэг том шалтгаан бол өөрсдөөсөө болдог гэж нутгийн байгаль судлаач хүн ярихыг сонсоод гайхаж орхив. Тэгсэн чинь эр цагаан байвгай өвөл хоол нь ховордоод өлсөхөөрөө өөрийнхөө бамбаруушуудыг бариад идчихдэг юм байна. Энэ дэлхий дээр муухай муухай махчин амьтны тухай өчнөөн нь л үзэж харж сонсож суусан боловч өөрийнхөө үрсийг эхээс нь булааж аваад зооглочихдог амьтан гэж дуулаагүй юм байна.
 
Манай сайн эрүүд  хилийн дээсийг нь хуурч аргалаад шургаж чадвал Америк шиг  харлана энээ тэрээ гэж айлтгүй учир хулгай зэлгий хийж хэрэг төвөгт л орооцолдчихгүй бол гурав дөрвөн жилийн дараа байнгын оршин суугчийн үнэмлэхийг нь гардаад авчихдаг юм билээ. Элчин сайд Готов гуайн ярианаас үзэхэд өнөөдөр тэнд 600 гаруй монголчууд ажиллаж амьдарч байгаа ба ихэнх нь хамгийн их хүн амтай /6 сая/том хот Торонтод суурьшсан юм байна.
 
Өмнөд хэсэгтээ бол уур амьсгал эрс өөрчлөгдөж байдал тэс өөр. Кюбик, Онтариа мужуудад тархсан метрийн зузаантай хар-шороон хөрс нь  нөгөө манайхны хэлдгээр шар тос л гэсэн үг. Оросын эрдэмтэн Докучаев гуайн нээсэн гэх Оросын хар шороот хөрсний хэд дахин сайжруулсан хувилбар энд байна. Цаг уурын нөхцөл сайн, өвөл нь тасхийтэл хүйтэрдэггүй, зун нь шаттал халдаггүй, хур бороо элбэгтэй тул чухам тарьсан бүх нь л ургадаг аж.
 
Канад улс өнөөдөр үр тариа,  рапс, усан үзмийнхээ тариалалтаар дэлхийд эхний аравт цохиж явна. Газрын тос, шатдаг хийн асар их нөөцөөрөө Саудын Арабын дараа, ган үйлдвэрлэлт, уран олборлолтоороо болоод цөмийн эрчим хүч ашиглалтаараа дэлхийд эхний гуравт ордог аж. Урьд өмнө нь уул уурхайн үйл ажиллагаа явуулж байж байгаад нөхөн сэргээлт хийгдсэн гэх битүү модтой бөндгөр ногоон толгодыг хараад хэзээ нэгэн цагт Заамарын хөндий шиг газар байсан гэж итгэхэд бэрх. Баруун эргээс нь зүүн эрэг рүү нь зургаан цаг гаруй нисэж явахдаа онгоцноос хараад ой их шугуй онгон байгалаа хүний хөлд талхлуулалгүй өдий хүртэл аваад үлдсэн сүүлчийн орон бол Канад л болов уу гэж бодогдсон шүү. Нуур усны орон бол Канад. Дэлхийн цэвэр усны нөөцийн ихэнх нь энд байна. Хоёр сая гаруй нууртай ба дэлхийн бүх оронд байгаа цэнгэг нууруудыг талбайгаар нь бодоод нэмээд үзэхээр эднийхийг гүйцдэггүй юм билээ.  
 
                                               Олон үндэстний нутаг
 
Канадын оршин суугчдын 80 хувь нь АНУ-ын хилээс 200 км хүрэхгүй зурвас дагуу амьдардаг нь тэд сэм авхай нарт хайртайдаа биш энэ орчмын уур амьсгал нь  хүн амьдрахад хамгийн зохимжтой байдагт бөлгөө. Нутаг дэвсгэрээрээ ОХУ-ын дараа ордог энэ том гүрний эрх баригчид 9.9 сая хавтгай дөрвөлжин км нутагтаа 30-хан сая хүн хилээ хааж хашчихаад хэнбугайд ч амьдрах ажиллах боломж өгөхгүй  чангалаад хэвтээд байгаа нь арай онцгүйг төр засгийнхан нь саяхнаас ойлгосон бололтой. 2000 оноос эхлэн жилд ирэн суурьших хүнийхээ тоог Америкаас даруй 5-6 дахин нэмэгдүүлж, зөвхөн энэ жил 300-гаад мянган хүн гаднаас авахаар зарлаад байна. Угаасаа Канад гэдэг нь нутгийн иргэдийн хэлээр  хүн суурьших газар гэсэн үг аж.
 
Эндхийн хүн амын бараг хагас нь Канадад төрөөгүй, гаднаас ирсэн 40 гаруй үндэстэн ястны төлөөллүүд гээд бодохоор арга байхгүй олон үндэстний нутаг юм. Гэхдээ төрийн хэл нь англи, франц учир албан ёсны бүх үйл ажиллагаа энэ хоёр хэлээр явагдах ёстой юм байна. Энэ нь ядаж л шүүхийн үйл ажиллагаанд жаахан төвөгтэй юм шиг санагдсан. Гаднаас суурьшигчдийг дотор нь хэд хэдэн ангиллаар авч үздэг ба аль нэг оронд шүтдэг шашнаараа ч юм уу эсвэл ястан үндэстнээрээ бусад аль нэгэн хэлбэрээр гадуурхагдан хүчирхийлэлд өртсөн бол ямар ч татгалзалгүйгээр хүлээн авна.
 
Яг ийм шалтгаанаар сүүлийн хэдхэн жилийн дотор Шри Ланкийн хэдэн зуун мянган тамильчүүд дайнаас дүрвэн ийшээ гарчээ. Өнөөдөр тэд бүр даварчихсан Тамильчүүдийн эсрэг явуулж байгаа Шриланкийн засгийн үйл ажиллагааг эсэргүйцэхгүй байна хэмээн Канадын засгийн газраа  буруутгаж гудамжинд хэдэн арван мянгаараа гарч жагсан орилолдож байгаатай миний бие бас таарлаа.
 
150.000 доллар Канадын засгийн газрын дансанд тушаачихвал  иргэн нь болж болно гэж зарласнаас 1997 онд Хонконгийг хятадууд нэгтгэж авахын өмнөхөн тэндээс хэдэн зуун мянган чинээлэг иргэд  Канад руу дүрвэн гарсан байна. Эдийн засгийн суурьшигчид гэсэн шинэ зүйл хуулиндаа оруулж байгаад ийм замаар Канад ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт татаж чаджээ. Доор хаяж 200 мянган хүн тэр үед нүүж очсон гээд тооцоход л 30 тэрбум ногоон болж байгаа юм даа.
 
Канадчууд өөрсдийгөө хамгийн баян орны азтай иргэд, америкуучдаас олон талаараа давуу амьдралтай гэж ярих дуртай юм билээ. Тэнд даатгал нь харьцангуй жаахан өндөр хүн боловч, даатгалтай л бол хүн бүрт эрүүл мэндийн үйлчилгээ, боловсрол бараг үнэгүй,  дээр нь тэтгэврийнхэн улсаас маш их хөнгөлөлт эдлэнэ.
 
НҮБ-ээс жил бүр гаргадаг хүний хөгжлийн индекс гэдэг үзүүлэлтээр  дэлхийн 180 орныг байр эзлүүлэхэд  эднийх эхний гуравт байнга жагсаж байдаг. Энэ нь хүн амын дундаж наслалт,  боловсрол, амьжиргааны түвшин гээд хамгийн чухал гурван үзүүлэлтээр нь нэгтгэж дүгнэдэг нарийн систем. /Нээрээ л АНУ, Герман, Франц гээд бидний сайн мэдэх өндөр хөгжилтэй орнууд эхний аравт ч ордоггүй л дээ/.
 
               Ертөнцийн гайхамшгуудын нэг “Ниагара хүрхрээ”
 
Америк, Канада хоёр улс Ниагара голоор хиллэдэг бөгөөд энэ голоосоо хамгийн их ашиг хүртэж байгаа орнууд гэж хэлж болно. Ниагара гол нь голын дундах жижиг арлаар түр салаалаад хоёр том хүрхрээ болж жаран метрээс  бууна. Канадын талынх нь “Морины тах”, нөгөөх нь “Америкийн хүрхрээ” гэсэн нэртэй. Үнэхээр морины тах хэлбэртэй энэ хүрхрээ рүү буух голын ус нь  800-гаад метр өргөнтэй, усны буулт нь ч маш хүчтэй.
 
Их усны нүргэлэх дуу чимээ үнэхээр сүрлэг, тээр дороос цацарсан ус нь нарны гэрэлд гайхамшигтай гоё солонгорох бөгөөд  60 метрийн өндрөөс өнгийж буй хүмүүс дээр  үе үе аадар бороо мэт асгана. “Америкийн” гэгдэх нөгөө тал нь харьцангуй нарийхан, гэхдээ л голын өргөн нь 300 метр юм билээ.  
 
Зөвхөн байгалийн энэ гайхамшигийг үзэхээр ирдэг жуулчдын тоо жилд 10 сая хол давдаг нь  2 тэрбум доллараас багагүй орлого олно гэсэн үг. 1 Секундад 6000 куб.м ус хаядаг энэ хүрхрээний дээхэн талд суурилуулсан 4.4 гегаватт хүчин чадалтай усан цахилгаан станцаас энэ улс хичнээн ашиг олдог нь тодорхой. Дээрх хэмжээний хүчин чадал нь манай улсын таван жилийн цахилгааны хэрэгцээтэй дүйж байгаа юм.
 
Төгсгөлд нь бяцхан түүх өгүүлсүү. 1901 онд АНУ-ын иргэн Анна Тейлор хэмээх 63 настай энэ эмгэн өөртөө нилээд бөх модон торх бэлдэж, ган төмрөөр янгинатал бүсэлж, доторлож аваад энэ хүрхрээ рүү үсрээд орхисон чинь ямар ч шарх сорвигүй эсэн мэнд амьд гарч ирж бөөн сенсаци дэгдээж гэнэ. Эмгэн орон орноор явж энэ тухайгаа лекц яриа зохион байгуулж чамгүй мөнгө босгож чаджээ. Үүнийг нь сонссон Бобби Лийч гэдэг болхидуу эр “тэр муу  эмээгээс юугаараа дутдагийм” гэж бодсон уу яасан гайгүй сайн ган торх бэлдүүлж аваад үсрээд орхисон чинь эрүү өвдөг хамаг юм нь хугарчихсан үхэхийн наагуур юм арайхийж амьд гарч ирсэн гэдэг.
 
Ш.Пүрэвсүрэн 2009-6-11