sonin.mn
Өвгөн найрагч би хадаг барьж гуйсны учир аа ханиасаа салалгүй жараад жил болж байна. Өргөдөл барьж орсны учир аа намаасаа урвалгүй 70 гаруй жил болж байна. Миний нам бол Монголын утга зохиол.
 
Удвал багшийн байгуулсан зохиолчдын ордон бол миний хоёр дахь гэр. Энд их утга зохиолын далай даян дархан аваргуудаас уруудуулаад, энэ жил найргийн наадамд зодог шуудаг өмсөж байгаа хүүхдүүд шүлэг өвөрлөн цугладаг. Нэг удаа “хороо" нэртэй хоёр дахь гэртээ очоод П.Бадарч дүүтэй авьяас хөглөж суутал нэг залуу орж ирвэй. Шилбийг нь могой ороовол тавхайгаа өргөж өргөж ганц дэвсээд тав хуваачихмаар том хөлтэй, ширээний өнцөгт ханхайн суугаа нь сүр бараатай, өтгөн улаан сахлын хуйхтай, шинжээд байна уу, сонжоод байна уу гэмээр ширтэмхий бас халирамхай харцтай тэр  хүү Ж.Баяржаргал байж билээ. “Та хоёрт нэг шүлэг уншиж болох уу” гэж аргадангуйхан асуух нь тасгийнхаа даргаас таван цагийн чөлөө гуйх шинэ цэрэг шиг тэвдэнгүйхэн байсан нь ахмад үеэ алд хүндэлдэг залуу зохиолчийн жудагт нэгэн санагдсаныг хэлэх үү “Гурван шүлэг унш” гэхүй нэг шүлэг уншиж билээ.
 
Тэр нь хайрын шүлэг байсан. Гэхдээ дүрсгүй дурлалын дүрсхийсэн сэрэл бус, хайрын жамыг тэр ч байтугай хорвоод мөнх юм үгүйг эвлэгхэн үзүүлсэн гүнзгий утгат хайлан байв. Сэтгэл нялхруулах увдист уянга гэхээсээ илүү монгол шүлэгтэй, сэтгэлгээний жигүүртэй залуу юм даа гэж олзуурхах сэтгэл төрж билээ.
 
Нэг залуу авьяастан олохдоо нэг алтан ембүү олсон шиг баярладаг нь утга зохиолын ахмад үеийнхний нандин зан чанар. “За, манай нутгийн залуу найрагчийн шүлэг ямар байна” гэж Бадарч асуух нь басах бус бардах уу аястай. П.Пүрэвсүрэнгийн “Аавын гар" шүлэг хуурамч гоо сайхны гүрэмч хийрхлийг няцаасан шиг Баяраагийн шүлэг хэгжүүн сэтгэлийг хөгжүүн аясаар хэнзлүүлэх увдистай нь олзуурхалтай байв. Он цаг хэдэнтээ улирав. Энэ зуур түүний уншигчдадаа хүргэсэн номын тоо нь урсаж өнгөрсөн он жилүүдийн тооноос цөөнгүй. 
 
Тэрбээр хүссэн бүхний алган дээр буудаггүй Болор цомтон. Хөөрөлхлийн бэлгэдэл болгож авьяасаа чөдөрлөсөнгүй. МЗЭ-ийн “Утга зохиол, урлаг” сониныг нийлж наргидаг хэдэн хүнийхээ нэрийн хуудас, зарлалын самбар болгосонгүй. Өөрөө од болж гялалзан харагдахын донгоор үзэг нэгт нөхдөө модны үртэс болгох хөрөө ирлэж оюун билгийн ой цэцэрлэгийг огтолсонгүй. Зохиолчдын эвлэлээс зохиодог бүх ажлын урд нь хошуучилж явдгаас ард нь хор найруулж суусангүй. Хамгийн бахархалтай нь алдар хүндлэлд пологтож, авьяас билгээ аргамжсангүй. Бүр олзуурхалтай нь буман хүн давхих дуртай засмал дардангаар бус буух, өгсөх аль аль нь бэрх хясаан жимээр бэдрэхээс хулчийсангүй.
 
Б.Галсансүх Бурханд зөвлөгөө өгдөг. Ж.Баяржаргал байтлаа мөнх тэнгэрээс алдаа хайж “Тэргэл сарнаа асгарсан шүлэглэх эрчим хүч минь Тэмдэгт хар нүх, сүүн замыг суллаж эхлэв ээ Элс, усны хаанчлал эсгий, өвсийг минь дарлах цаг ирнэ Эцэг тэнгэрийн царай яаж цонхийхыг мэдэрч байна...” гэж Ж.Баяржаргал халаглаж байна.
 
Нээрээ ч шуналын бузраа хазаарлаж дийлэхгүй солиорсоор, ээж дэлхийгээ идэн сөнөөж байгаа хүн дүрт мангасууд бол бурханы буруу бүтээл. Ж.Баяржаргал өстөн үржүүлэгч биш анд арвижуулагч. Ахмад зохиолч бүрийг аав, ээж шигээ асарч, өсгөл залуу шүлэгчдийг өөрийн дүү шигээр найргийн цэцэрлэг зүг хөтөлнө. Тэгэхдээ бүр чин сэтгэлээсээ. 
 
“Тэнгэр алдалсан улаан тac 
Тэнэж тасарсан үүлсийн зулайг гишгэлэн ниснэ
Амраг хүүгийн ёсоор энх тунхыг лавлаж
Алсын уулсын үүрнээс үе үехэн ирнэ...” гэж уулгалсан нь сэтгэлийн нартай аадар юм даа. 
 
Зая бандидын абшигтан, Галдан бошготын цавчилтай гал дүрэлзмэл шүлэгч Хөөдөө Эрдэнэбаатар хэмээх Ховд нутгийн энгэрт Болор цом хадаж, тэнгэрт нь найргийн аянга цахилуулж яваа найрагчийг байтугай гурван нийхэмийн бэхэнд хордсон өвгөн намайг далайн аралд ч, талын Монголд ч аавдаа хайртай хүү шиг асарч явсныг яахан мартах. Гэвч энэ бол сүүн сэтгэлийнх нь хариуд шүлэг бүхнийг нь магтана гэсэн үг биш. 
 
Ээжийнхээ сүүтэй цуг хөхөж өссөн эх хэлээ бузарлах эрх хэнд ч үгүй, харин хамгаалах, онголох, улаалах, зузаалах үүрэг бидэнд бий. Ж.Баяржаргалын шүлгүүд уургын хуйв, гурамсан чөдөр, хусан гадастай аргамжаанд тогтох хүлэг биш. Үүнд би олзуурхнам. Түүний шүлэг зөвхөн Баяржаргалын орчихуйн орчил, оршихуйн бөөчлөл, сэтгэхүйн зөрчил, байнгын эрэл байдагт би олзуурхдаг. Эрэл үгүй бол олз үгүй. Олз үгүй бол шинэчлэл үгүй. Баяржаргалын ном бүр өмнөх түүврүүдээсээ онхи өөр. Шинэ шүлэг нь шинэвтэр шүлгээсээ өөр. Гэвч эцсийн шүншиг нь монгол сэтгэл, монгол мэдрэмж байдаг. Үүнд нь би олзуурхдаг.
 
“Мунхаг бурангуй нэгнээс зөнгөө барин тойр.
Муу дөл чамайг хөөднө, түлнэ, шатаана.
Мандмал цагийн хүмүүнтэй энхэр дотно нөхөрлө.
Маргашгүй гэгээ чамайг гийгүүлнэ, дулаацуулна.
Үзэн ядваас чи дайсныхаа хөлд үрэгдэнэ.
Өшрөн тэмцвээс өшөө хорсолдоо идэгдэнэ.
Алдар нэрэнд бүү дурла, атаа донгоо дар.
Алсдаа самуурч, алам нүх өмнөө ухуулна.
Тээрт хүмүүс тэсвэр алдмаар аяглавч
Тэнгэрийн дор өөртөө дурла, хүү минь.
Үлбэгэр хийгээд хэтэрхий бардам хүмүүс
Үнэнч анд чинь биш, дайсан ч байж мэднэ
Тэд магад чамайг ажиж, мэдэрч амжихгүй.
 
Тэмцлийн харгуйд хэзээ ч хань болохгүй” гэж 
 
Ж.Баяржаргал хүүдээ захиж байна. Энэ бол төрсөн хүүдээ биш, түүх мөрлөн урагшлах хойч үед сургаал болно. Уншигчид түүнээс ийм л найраг, тийм л үгэн үер хүлээж байна. Олон янзын -изм-д онож алдаж явах цаг ард үлдлээ. Одоо монгол найргаар дэлхийн дэвжээг бөмбөрдөх цаг “Мөнгөн үе”-ийнхэнд ирлээ. Тийм итгэлийн ачааг дааж ирээдүй зорих их хөсгийн идэр жинчний нэг нь Ж.Баяржаргал найрагч. Учир нь түүнд монгол буцалмал цус, монгол цалгимал сэтгэл, мөнх цагийг саравчилсан холч хараа, анх цагийг шүүсэн ухааны цараа, энх цагийг түүчээлэх авьяасын тэнхээ бий.
 
2005 онд Тайванийн Гаошиньд болсон яруу найргийн хурим дээр Баяржаргал “Би нэг урт шүлэг уншъя аа” гээд намын тайлан илтгэл шиг навсгар цаас барин гарч ирсэн. Тэгсэн атлаа дөрөвхөн шад уншаад ёсорхуу нь илэрхий аясаар гурвантаа ёслох чөлөөнд орчуулагчийн хөрвүүлсэн утгыг чагнасан танхим дүүрэн сонсогчид алган аадраа асгалсан төдийгүй
 
“Харанхуй нарийхан гудмаар явлаа, би
Харж хэн ч намайг тоосонгүй
Гэрэлт гудмаар гүйлээ, суулаа
Xэн ч намайг анзаарсангүй
Хээнцэр цэцэрлэгийн сандал дээр хэвтлээ
Xэн ч намайг хайхарсангүй
Зүдүүхэн гуанзны үүдэнд үхлээ
Зөндөө хүний анхааралд өртлөө” гэж монгол шүлэгчдийг гайхашруулсан Тайванийн нэрт яруу найрагч Зэн Жүн Мин Ж.Баяржаргалын шүлгийг “Жинхэнэ шинэ цагийн яруу найраг” гэж магтсан төдийгүй “Монгол найраг эх газар шигээ хүчтэй юм аа” гэж арлын эзэн шүүрс алдсан удаатай.
 
Биендээ “Монгол хүн мөн” гэсэн “тэнгэрийн тамга” хөх оортой атлаа сэтгэлээс нь, итгэлээс нь, ухаанаас нь монгол хүний ариун анхи, сэрүүн сэнхи сэвшээлдэггүй хүн бол ийм өндөр үнэлгээ сонсох азгүй. Унаган насандаа уяулж, даагандаа давтуулж, үрээ насандаа үсэргүүлж, соёолон үедээ сойлго нь таарч байгаа хөхөгтэй Ж.Баяржаргал, түүний үе тэнгийн найрагчдыг зүйрлэж болно.
 
Түүний нэг баталгаа нь яруу найрагчийн таны алган дээр дэлгэж байгаа “Дүрст чимгийн хас хүрдэн” хэмээх бүл шүлгийн түүвэр мөнөөс мөн. Номд багтсан 243 дөрвөн мертяавч Оросын четверостиши, дорнын рубай, Төвдийн субашид, миний “Жирмийн сүлжээ” биш. Араб азарганы монгол унага шиг онхи өөр шүлэг, онхи өөр хүлэг юм.
 
“Хэсүүл салхинаа хайраа хийсгэж наадгай жаргаж Хэтэрхий балан цүлэн аглагт тухлан амсхийгээд Сийрэг усны яралж тэнийх нам гүмхэн үдэш Олсон шуудайд аргал дүүргээд гэрийн зүг эргэв ээ”...
 
Аргал түүх нь хуучин монгол. Аргагүйн учир шуудай үүрэх нь шинэ монгол. “Хэсүүл салхинаа хайраа хийсгэж, хэтэрхий балан цүлэн аглагт амсхийхийг мэдэрсэн сэрэл, бичсэн сэтгэлгээг, яруу найрагчийг олзуурхахгүй
 
Байхын аргагүй. Түүний шүлэг шинэ мянганы шинэ эрлийн олз юм. Сэдэв нь монгол. Сэтгэл нь монгол найрагч юм даа гэдгийг
“Өвчүүн чанаддаа өвгийн гэрээсийг цуглуулан
Өндөр овооноо залбирлын үгээ шившин зүүе!
Хээрийн онги бууцнаас эсгий гэрээ буулгаж
Хэнхдэг дотроо улаан залаагаа хадгалъя!” гэсэн андгай батлах мэт ээ.
Энэ бол золбиншил (даяаршил)-д идэгдэх ч үгүй, зожигрол (дангааршил)-д хүлэгдэх ч үгүй байхын тунхаг юм.
Баяржаргалын бас түүний үе тэнгийнхний шүлгэн хүлгүүд төрийн их наадмын түмэн эхийн барианд туурайндаа галтай аянгалан айсуй. Үүнд өвгөн найрагч баярланам.
 
“Хүссэн хүсээгүй бид амьдарна, өнхөрнө
Хүнд хэрэгтэй үг л ашид үүрд мөнхөрнө” гэж өвгөн ах нь итгэсэндээ
“Эх орноосоо урваваас нар надад мөс болог
Эх хэлээ умартваас навчис бидэнд мэс болог" гэж бичсэн минь ч учиртай. Эх дэлхийн сартай оргил нь сүмбэрийн таг, эх хэлний нартай оргил нь яруу найраг. Дэлхийн дээвэрт бидний хүргэж чадаагүй авьяас билгийн соёмбот тугийг дээш дээш өргөн давшигч шинэ мянганы шинэ сэтгэл, шинэ сэтгэлгээтэй найрагч нарт би итгэдэг. Хурай, хурай, хурай!
 
Ардын уран зохиолч туульч өөлд Т.Галсан