sonin.mn
Шинжлэх ухааны академийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал, доктор Х.Цогтбаатартай ярилцлаа.
 
-Танай хүрээлэнгийн байрыг Баянзүрх дүүргийн прокурорын газарт шилжүүлэх тухай Засгийн газрын шийдвэр гарсан. Энэ шийдвэртэй холбогдуулж Засгийн газар хэлэлцээр хийх санал тавьсан гэсэн. Ямар үр дүнд хүрсэн бэ?
 
-Хэлэлцээр биш юм аа, Засгийн газар эрдэмтдийн хүсэлтийг хүлээн авч нааштайгаар шийдэж өгнө гэсэн хариу өгсөн. Тавдугаар сарын 23-нд манай хүрээлэнгийн барилгыг Баянзүрх дүүргийн прокурорын газарт шилжүүлэх Засгийн газрын 270 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолыг эрдэмтэн, судлаачид эсэргүүцэж, ШУА-ийн дэргэд түр хороо байгуулж, хэвлэлийн бага хурал зарлагдаад байсан. 
 
Өмнө нь ШУА-ийн удирдлагаас уг тогтоолоо эргэн хараач гэсэн хүсэлт хүргүүлсэн. Үүний дагуу бидэнд Засгийн газраас Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байрыг Баянзүрх дүүргийн прокурорт шилжүүлэх ажлын хэсгийн үйл ажиллагааг нэн даруй зогсоохыг холбогдох газарт хүргүүлсэн утга бүхий албан бичиг ирүүлсэн. 
 
Иймд хэвлэлийн бага хурлыг болиулж, түр хороо манай барилгатай холбоотой тэмцлээ зогсоогоод байна. Засгийн газар үүсээд байгаа нөхцөл байдалд зөв дүгнэлт хийж байгаад эрдэмтэн судлаачид талархаж байгаа.
 
-Ямар шалтгаанаар танай байрыг прокурорын газарт шилжүүлэх тогтоол гарсан юм бол?
 
-Бид шалтгааныг хэлж мэдэхгүй. Засгийн газраас тогтоол гарсан. Ийм зүйл байж болохгүй гэж бодож байна.
 
-Энэ газарт танай хүрээлэн хэр удаан үйл ажиллагаа явуулж байна вэ? 
 
-1974 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Манай палеонтологи, геологийн хүрээлэн хоёр байртай. Нэг нь лаборатори. Нэг байгууллага нэг байртай байх ёстой гэсэн зүйл байхгүй. Манайд Монгол улсын эртний амьтан ургамлын сан хөмрөгийг хадгалж байдаг. Тиймээс бидэнд илүүчлэх байр байхгүй. Харин ч үйл ажиллагаагаа өргөжүүлэх байр хэрэгтэй байна. Уг нь лабораторийн өргөтгөл хийх ёстой ч улс орны эдийн засгийн өнөөгийн байдалтай холбоотой түр хойшлоод байна.
 
-Гадаадын зарим оронд шинжлэх ухаандаа их хөрөнгө зарцуулдаг. Харин манай улсын хувьд энэ салбарт хэр анхаарал хандуулдаг вэ?
 
-Манай байгууллага 2014 онд 50 жилийн ойн баяраа тэмдэглэсэн. Монгол Улсын палеонтологи, тэр дотроо үлэг гүрвэлийн судалгаа бол дэлхийд эхний тавд багтдаг цор ганц шинжлэх ухааны салбар. Ийм том салбарыг төр засгаас анхаарах хэрэгтэй. Анхаарч байна гээд байр орон сууцаар нь оролдох хэрэггүй шүү дээ. 
 
Гаднын улс оронд шинжлэх ухааны салбарт маш их хөрөнгө зарцуулж байж хөгжүүлдэг. Гэтэл манай улсад эсрэгээрээ хөрөнгө мөнгө зарцуулалгүйгээр хөгжүүлэх гээд байдаг. Мөнгө өгдөггүй юм гэхэд бүрдүүлж бий болгосон бааз сууриар битгий оролдооч гэж хүсмээр байгаа юм. 
 
Гэхдээ энэ бол Засгийн газарт асуудлыг оруулж ирсэн албан тушаалтны хариуцлагагүй үйлдэл болов уу гэж бид таамаглаж байгаа. Шинжлэх ухаанд хамгийн гол нь хөрөнгө оруулалт шаарддаг. Япон, Америк зэрэг гаднын өндөр хөгжилтэй орны шинжлэх ухаанд зарцуулж буй хөрөнгийн тухай ярихад манай улс хаана нь ч хүрэхгүй. 
 
Шинжлэх ухааныхан юу ч хийхгүй байна гэж буруутгах гэдэг нь буруу юм. Төр, засаг шинжлэх ухааныханд хөрөнгө оруулахаа байг гэхэд дээрээс нь нэмж судалгаа шинжилгээний ажиллагаагаа явуулахад саад битгий болоосой гэж хүсмээр байна. Бид чинь мэргэжилдээ хайртай дуртай болохоор мөнгөгүй ч гэсэн зүтгээд л байдаг. 
 
Төр мөнгө өгөхгүй байна гээд айлын эрх хүүхэд шиг бид уйлаад суудаггүй. Үнэндээ энэ хоёр давхар байрыг барихад төр, засаг ямар ч тусламж үзүүлээгүй. Бид Япон улсад байдаг хөгжиж буй орны соёл урлаг, шинжлэх ухааны салбарт олгодог буцалтгүй тусламжид төсөл бичиж шалгараад энэ байрыг бариулах төсвөө олсон юм. Тухайн үед 100 гаруй орноос төсөл бичиж ирүүлсэн байсан.
 
-2015 онд Геологийн хүрээлэнтэй нэгдсэн. Хоёр өөр салбар нийлж нэг байгууллага болон ажиллахад хүндрэлтэй зүйл их гарч байна уу?
 
-Анхандаа маш их бэрхшээлтэй тулгарсан. Уг нь ямарваа нэгэн зүйл хөгжихөөрөө улам нарийсч салбарладаг байх. Гэтэл шинжлэх ухааны академийн 19 хүрээлэнг 10 болгон шинэчилсэн. Тийм олон харагдаад байсан юм байлгүй. Хүрээлэнгүүдийг нийлүүлэх тухай ярьж эхлэхэд манайхыг археологийнхонтой нийлүүлэхээр ярьж байсан юм. Би тэр үед ямар их сэтгэл зовж байсан бэ. 
 
Үнэндээ палеонтологи, археологи хоёр малтлага хийдгээрээ ижил болохоос бусад бүх зүйлээрээ тэс хөндлөн хоёр өөр салбар. Хэрвээ манайд энэ хоёр салбар нэгдсэн бол дэлхийд байхгүй тийм сонин содон зүйл болох байлаа. Тийм шийдвэр гарсан бол манай улсын шинжлэх ухааны нэр хүнд дэлхийд навс унах байсан шүү. 
 
Нийгмийн ухааны нэг хүрээлэнг байгалийн ухааны өөр хүрээлэнтэй нэгтгэвэл биднийг чинь одоо болтол энэ хоёр өөр салбарын учрыг олоогүй улс байна гэнэ биз дээ. Тиймээс бид арай ойр юм гээд геологитой нийлсэн. Ингэж нийлснээр бүх бүтэц зохион байгуулалтаа өөрчилсөн. Ингээд овоо учир зүйгээ олоод дөнгөж жил болж байтал ажлын байрыг минь өөр газарт өгөх тушаал Засгийн газраас гаргасан гэхэд нь үнэхээр гайхсан.
 
-Одоогоор танай хүрээлэнд хэдэн эрдэмтэн судлаач ажиллаж байгаа вэ? 
 
-Монголын палеонтологи бол дэлхийд танигдсан шинжлэх ухааны салбар. Тиймээс бид дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгэхээр манай ажилтан албан хаагчдын чадвар өндөр гэж боддог. Манайх нийт 83 ажилтантай, хоёр академич, 15 доктортой, залуу судлаачдын ихэнх нь магистр хамгаалсан.
 
-Палеонтологи гэж чухам ямар салбар болохыг манайхан сайн ойлгодоггүй. Энгийн үгээр мэргэжлийнхээ онцлогийг та хэрхэн тайлбарлах вэ?
 
-Судлаач хүний нүдээр бол нэг амьтны өвөрмөц ясны хэлтэрхий байсан ч тэр бол судалгааны материалын хувьд олдвор гэж тооцогддог. Үүгээр нь тоолбол хэдэн арван мянга болно. Энгийн хүмүүст тоо чухал байдаг шиг байгаа юм. Бидэнд бол чанар чухал. Too яривал, би ганц жишээг энд дурдъя. Дэлхийд танигдсан 400 гаруй төрөл үлэг гүрвэлийн 80 гаруй төрөл нь Монголоос тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, бараг тавны нэг нь манай улсаас олдсон гэсэн үг. 
 
Ингэхээр манай палеонтологийн салбарын ололт амжилт ямар байгаа нь тод харагдаж байгаа биз. Монголд хэчнээн тооны олдвор, баялагтай гэж ярихаар надад нэг зүйл бодогддог. Зах зээл гарснаас хойш палеонтологийн олдворыг хөлсний хууль бус малтагч хулгайлагчид олшроод үнэт олдворыг гадаад руу их гаргасан. Төр, засаг уул уурхайн нинжа нараа дарж чадахаа больсон шиг хууль бус малтагч хулгайчдыг дийлэхээ больчихсон. 
 
Гэтэл гадаадад гаргачихсан олдворыг гадаадын хүчний байгууллагынхан илрүүлж, манай улсад буцаан олгож байна шүү дээ. Энэ бол манай улс ямар арчаагүй байгааг харуулж буй тод жишээ. Манай палеонтологичдийн мэргэжлийн ёс зүйд “Хулгайн олдворыг олбол судалгааны эргэлтэд оруулахыг хатуу хориглоно" гэсэн нэг зүйл байдаг. 
 
Тэгэхээр бид дийлдэхээ больсон хууль бус малтагч хулгайчдаас үргэлж нэг алхам түрүүлж байхыг хичээн ажилладаг. Палеонтологи бол хүмүүсийн ойлгож байгаа шиг хялбар амархан зүйл биш. Энгийн хүмүүс бидний ажлыг маш хялбараар ойлгодог. 
 
Тухайлбал, “Монголын говьд очиход л гараад ирчихдэг. Хулгайчид нь хүртэл олчихож байна” гэж ойлгодог. Гэтэл дэлхийн шинжлэх ухаанд батлагдахын тулд манай эрдэмтэд ямар их зүйл хийдэг гэж санана. Судалгаа шинжилгээнийхээ ажлыг олон шат дамжлага дамжуулж эцэст нь дэлхийн хэмжээний шинжлэх ухааны томоохон сэтгүүлд нийтлүүлснээр баталгаажина.
 
-Палеонтологи, геологийн хүрээлэнд Монголд төдийгүй дэлхийд гайхагдах ямар олдвор байна вэ?
 
-Манай улсад жирийн сонирхогч төдийгүй судлаачдыг алмайруулдаг олон олдвор байдаг. Тухайлбал, махан идэшт, өвсөн идэшт хоёр үлэг гүрвэл ноцолдож байгаад зууралдаж мөхсөн чулуужсан олдвор бий. Мөн өндгөө дарж байгаа юм шиг хадгалагдсан жижиг махан идэшт үлэг гүрвэл, өндөг дотор нь зулзагынх нь үр хөврөл хадгалагдсан зэрэг дэлхийд хаана ч олдоогүй ховор олдворыг дурдаж болно. 
 
Дэлхий нийтэд ямар нэгэн олдворын том жижиг нь тийм ч чухал биш болсон. Хүн үүсэхээс даруй 60 сая жилийн өмнө амьдарч байсан амьтныг яг одоогийн амьтад шиг сайн судалж мэдэхийг эрмэлзэж байна. 
 
Жишээлбэл, үлэг гүрвэл халуун цустай юу, хүйтэн цустай юу, өдтэй байсан уу зэрэг зүйлст анхаарлаа их хандуулах болж. Яагаад хүн төрөлхтөн үлэг гүрвэлийг сонирхоод байдаг вэ гэвэл үлэг гүрвэл нь дэлхий дээр амьдарч байсан эх газрын сээр нуруутай амьтны хөгжлийн хамгийн урт хугацаа буюу 150 сая жилийн турш хувьсан хөгжиж байсан юм. 
 
Энэ хугацаандаа эх газарт амьдарч байгаа амьтны бүх хувьсал хөгжлийн туршилтыг үлэг гүрвэл дээр байгалийн жамаар хийгдэж байсан. Мэдээж сээр нуруутны хамгийн хөгжингүй төрөл зүйл нь “homo sapiens” буюу ухаант хүн. Бас шинэ төрөл зүйлүүд судлаачдын хүч хөдөлмөрөөр гарч ирж байна. 
 
Өөр оронд бол шинэ төрөл зүйлийг нээнэ гэдэг нь одон орон судлалаар бол шинэ од эрхэс нээсэнтэй адил хэмжээнд тооцож, үнэлдэг. Шинэ нээлт гэж хүлээн авдаг. Харин манай эрдэмтэд жилд дор хаяж хоёр гурван шинэ төрөл зүйл нээж байна. Үүнийгээ бид ч тоодоггүй “юм үзсэн улс болохоороо”.
 
-Хамгийн сүүлд ямар олдвор хаанаас олдсон бэ?
 
-120-иод сая жилийн өмнө амьдарч байсан өвсөн тэжээлт амьтны нэлээн сайн хадгалалттай олдворыг олоод боловсруулалтын ажил одоо явж байна. Боловсруулалтын ажил нь гурван жил ч үргэлжилж болдог. Мөн урьд өмнө олдож байгаагүй их урт хумстай аварга том амьтны олдворыг судалж байна. Палеонтологийн ажил бол дуусдаггүй. Нэг судалсан зүйлээ дахин дахин судлах хэрэг гардаг салбар юм.
 
-Палеонтологийн салбараар дэлхийд дээгүүрт ордог гэхээр гаднын улс орны ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг улсаас хамтран ажиллах санал их ирдэг байх. Ямар байгууллагатай хамтран ажиллаж байна вэ? 
 
-Гаднынхантай хамтарч ажиллах зайлшгүй шаардлага бий. Бидэнд судалгаа шинжилгээ хийгээд явахад багагүй хөрөнгө мөнгө шаардлагатай. Энэ хөрөнгийг гаргахын тулд гаднын судлаачдад хамтран ажиллах санал тавьдаг. Дээр үед бол ганц ЗХУ-ын шинжлэх ухааны академийн палеонтологийн хүрээлэнтэй хамтын ажиллагаатай байлаа. Одоо бол АНУ, Япон, Канад, БНСУ, Австри, Польштой хамтран ажиллаж байна.
 
 
-Гадаад руу гаргасан олдворуудыг буцаан авчрахад энэ хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэг байх. Тийм үү? 
 
-Тэгэлгүй яахав. Дэлхийн Палеонтологичдын нийгэм бол нэг цул зүйл. Бидний судалж байгаа обьект аливаа улс орноор хязгаарлагдахгүй. Эртний шим ертөнцийн амьдралыг судлах нь дэлхий нийтийн асуудал. Тэр үеийн олдворууд нь газар бүрээс олдоно гэж байхгүй. Олдож байгаа газарт нь хамтран ажиллаж, судалгаа шинжилгээ явуулах нь чухал гэсэн үг. Тиймээс бид гаднын шинжээчидтэй хамтран ажиллахаас өөр аргагүй. 
 
Түүнчлэн олон улсын хамтарсан экспедиц байснаараа гадаадад гарсан Монголын үнэт олдворуудыг таньж мэдэх, эргүүлэн эх оронд нь авчрахад өндөр ач холбогдолтой. Тухайлбал, Тарбозавр Батаар байна. Үүнийг хэн нэгэн эрх мэдэлтэн олоод ирсэн юм шиг л ярьдаг. Үнэндээ манай палеонтологийн судлаачид Монголын үнэт олдвор наймааны хэрэгсэл болчихоод байгааг ярьж хэлдэг байсан. 
 
Эцсийн дүндээ гадаад руу гарсан тэр их үнэт олдвор олон орны эрдэмтдийн судалгаа шинжилгээгээр батлагдаж, эх орондоо ирж байгаа юм. Саяхан хүртэл би Солонгост олон олдворт судалгаа хийж, яах аргагүй Монгол Улсынх мөн гэдгийг нь баталчихаад ирлээ. Монголын олдвор гэдгийг үзмэр ч шиг очоод нүдээ аниад хэлэхгүй шүү дээ. Судалгаа шинжилгээ явуулж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр батална.
 
-Хууль бусаар ямар төрлийн олдвор хамгийн их гарсан байдаг бол?
 
-Хүн бүхний сонирхдог үлэг гүрвэлийн олдворыг олборлогчид хамгийн ихээр гаргасан байдаг. Мөнгөтэй л хүний захиалгыг биелүүлж байгаа нь тэр байх даа. Ер нь мөнгөтэй улс чинь мөнгөө үрэх аргаа олж яддаг, янз бүрийн зүйл хийдэг юм биш үү. Холливудын од Николас Кэйж хүртэл гэртээ үлэг гүрвэлийн толгойн олдворыг байлгаж байсныг нь тогтоож бидэнд буцаан олгохоор болоод байгаа. 
 
Тэр үнэт олдворыг мэргэжлийн хүн нь олсон бол хүн төрөлхтний оюуны мэлмийд ямар их зүйлийг судалж, тогтоож гаргаж ирэх байсныг таашгүй.
 
-Олддог газар цөөхөн гэлээ. Монголын аль бүс нутгаас их гардаг вэ?
 
-Янз бүрийн газраас олдоно. Үлэг гүрвэлийн буюу цэрдийн галавын үетэй холбоотой олдвор цуглуулга эрж хайя гэвэл говийн бүсэд элбэг байдаг. Хожуу үеийн шинэ төрмөлийн эриний дөрөвдөгч галавын арслан заан, савагт хирс зэрэг эртний амьтны олдвор Монгол орны умард хэсгээс олддог.
 
-Палеонтологийн судалгаа явуулахад технологийн бааз их чухал. Манай улсын эрдэмтдийн ашиглаж буй технологи хөгжлийн хувьд дэлхийн улс оронтой хөл нийлж чадаж байгаа болов уу?
 
-Өмнөх төсөлдөө бид урамшаад 2004 онд Япон Улсаас Монгол Улсад үзүүлж байсан Соёлын буцалтгүй тусламжийн хүрээнд лабораторийн тоног төхөөрөмжийг бас л судалгаан дээр үндэслэсэн төсөл бичиж, олон шат дамжлагыг давж байж олж авсан. Одоохондоо тэдгээр багаж, тоног төхөөрөмж маань дэлхийн бусад ижил төстэй эрдэм шинжилгээний байгууллагын түвшинд судалгаа, шинжилгээ хийхээр боломжийн л байна. 
 
Гэхдээ шинжлэх ухааны арга барил техник технологийн хөгжилтэй уялдаад маш эрчимтэй өөрчлөгдөж байна. Зөвхөн үлэг гүрвэлийн судалгаанд л гэхэд анатоми, морфологийн уламжлалт судалгааны аргаас гадна ясан биеийн бүтцийн гистологийн арга эрчимтэй нэвтэрч байна. Эртний амьтны гавлын ясны дотоод бүтэц (эндокаст)-ийн судалгааг их хийх болж. Энэ болгонд нарийн багаж төхөөрөмж шаардагдана.
 
-Энэ байгууллагадаа хэдэн жил ажиллаж байна вэ?
 
-1981 оноос хойш ажиллаж байна. Захирлаар ажиллахаасаа өмнө лабораторийн эрхлэгч байсан. Би чинь уг нь үлэг гүрвэл судлаач. Захирал болсноосоо хойш судалгааныхаа ажилд зарцуулах цаг хомс болсон шүү. Ер нь намайг явсны дараа захирал байсан гэхээс илүүтэй миний судалгааны ажил л баримт болж үлдэнэ. Тиймээс сүүлийн үед судалгааны ажил дээрээ анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж бодож байгаа.
 
Г.Нямсүрэн 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин